Малайзын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын зөвхөн 59 хувь нь авлигын эсрэг бодлогыг баримталдаг
- 2020-04-22
- Дэлхий
- 0
Тус улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт компаниудын зөвхөн 59 хувь нь авлигын эсрэг бодлогыг баримталдаг гэж Малайзын Үнэт цаасны хорооноос мэдэгджээ.
Малайзын Үнэт цаасны хорооны 2019 оны тайланд Малайзын Авлигатай тэмцэх хорооны 2009 онд батлагдсан хуулийн 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх компанийн хариуцлагын тухай заалт (17А3 хэсэг)-ын дагуу хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын авлигын эсрэг бодлогыг хянаж үзсэн талаар тусгасан тухай танилцууллаа.
Хяналтын явцад компаниудын 59 хувь нь авлигын эсрэг бодлогыг баримталж байгааг тогтоосон бөгөөд компаниудын дийлэнх нь эдгээр бодлогыг Ерөнхий сайдын Тамгын газраас гаргасан холбогдох журамд нийцүүлэх, боловсронгуй болгох шаардлагатай байна гэж үзжээ.
2019 онд хэрэгжүүлэх хамгийн чухал арга хэмжээний нэг нь Ерөнхий сайд асан Махатхир Мохамадын эхлүүлсэн “Авлигатай тэмцэх үндэсний төлөвлөгөө 2019-2023”-ийн дагуу Үнэт цаасны хороо болон хөрөнгийн зах зээлд авлигын эсрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх явдал байсан юм.
Авлигатай тэмцэх үндэсний төлөвлөгөөнд 6 тэргүүлэх чиглэл, 115 санаачилгыг тодорхойлсон бөгөөд эдгээрт нийтийн албаны үйлчилгээний үр өгөөжийг бэхжүүлэх, аж ахуйн нэгжийн сайн засаглалыг нэвтрүүлэх зэрэг асуудал багтаж байгаа юм.
Үнэт цаасны хорооны Авлигатай тэмцэх нэгж нь 2019 оны 4 дүгээр сарын 1-нд байгуулагдсан бөгөөд тус нэгж нь засаглал, шударга ёс, авлигын эсрэг арга хэмжээг бэхжүүлэх боломжийг тодорхойлох чиг үүрэгтэй юм.
Эх сурвалж: www.theedgemarkets.com
Сэтгэгдэл (0)