Домбонд хийсэн цайны орц жигд тархдаг онцлогтой

Нүүдэлчин Монголчуудын ахуй амьдралд аль эртнээс хэрэглэгдэж ирсэн эд хэрэгслийн нэг нь домбо юм. Домбыг ихэвчлэн ус даах чадвар сайтай хар модоор хийх бөгөөд гадуур нь зэс, гуулиар таван бүслүүртэй хийдэг байжээ. Энэ нь домбоны хэрэглээний хугацааг уртасгадаг байна. Үүний үр дүнд үе дамжин уламжлагдаж, 20-30 жил хэрэглэсэн домбо ч байдаг аж. Түүний нэг нь Ховд аймгийн музейн үзмэрийн танхимд өнөө хэр хадгалагдаж, олны хүртээл болж буй Дарви сумын Дэлгэрийн хийдэд ашиглаж байсан зэс домбо юм.

Айл өрхийн ахуйн хэрэглээнд ашигладаг домбо 3-5 литрийн багтаамжтай байдаг бол дээрх домбо нь 16 литрийн багтаамжтай бөгөөд 20 кг жинтэй гэж музейн тайлбарлагч танилцуулжээ. Түүнээс гадна өндрөөрөө 63.5 см буюу сууж буй хүнтэй зэрэгцэхүйц уг домбоны бөх батыг сайжруулахын тулд цоргоны хэсгийг оролцуулан зургаан бүслүүртэй хийсэн байна. Энэ домбыг Дэлгэрийн хийдийн лам нарыг ном хурах үед тэднийг цайлахад зориулан ашигладаг байжээ.

Домбо урлалын хувьд Ховд аймгийн захчин түмэн алдартай бөгөөд одоо ч уран дархчуудын удам тасраагүй байна.

 

Мөн тус аймгийн Манхан, Зэрэг сумын зарим айлд удам дамжсан домбоо хэрэглэсээр байдаг аж. Домбонд хийсэн цай удаан хугацаанд халуунаа барихаас гадна тавлаж чанасан цайны орц нь жигд тархдагаараа онцлогтой гэнэ.

 

Домбо хийх арга барил, ур хийц нь нутагт бүрт өөр байх боловч ерөнхий хэлбэр дүрс нь адилавтар байдаг аж. Гэхдээ түүний технологи нь тодорхой нууцыг агуулж байдаг. Энэ тухайд эртний нэг хууч яриа одоо хүртэл олны дунд хадгалагдан үлджээ. Дээхнэ үед нутаг усандаа баян хэмээн яригддаг ч маш харамч нэгэн айл байж гэнэ. Гэрийн эзэн нутгийн дархан өвгөнд захиалга өгч, дархан ч хүсэлт ёсоор домбо хийж өгчээ. Гэтэл ирсэн, орсон айлчин гийчин, адуу малын эрэлчинд цай аягалахаар тонгойлгох болгонд өнөөх домбо нь "Боль, боль" гэж дуугараад байх юм гэнэ. Баян эр нутгийн дарханд очиж, “Үүнийг болиулж өгөөч” гэж хүсчээ. Бас үүнээс хойш, түүнээс цааш хүн зоноос аливааг харамлахгүй, олны жишгээр амьдрах ам тангаргаа ч өгсөн байна. Өвгөн дархан үүнийг сонсоод домбоны дээд хэсэгт ганцхан нүх гаргаж өгснөөр домбоны “амыг барьсан” ажээ. Энэ нь дархан хүний бурхан ухаанаас гадна домбоны өвөрмөц хийц, нарийн технологийг илтгэх эрт цагийн хууч яриа билээ.

 

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Lkhagwaa (202.9.46.99)

    2021-09-04

    Howdin modon domboni utas bnuu