Дэлхийд данстай дипломатч

ОХУ-н Гадаад Хэргийн Сайд Сергей Викторович Лавров нь ЗХУ-ын мөн Оросын дипломатч, төрийн зүтгэлтэн дэлхий дахинд танигдсан нэр хүнд бүхий эрхэм юм. ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Дипломат албаны хүндэт ажилтан цолтой тэрбээр 2004 оны 3-р сараас хойш өнөөг хүртэл хойд хөршийн Гадаад Хэргийн Сайдаар хэд хэдэн Засгийн Газар дамжин ажиллаж байна.

 

Саяхан 2020 оны 3-р сарын 17ны өдөр буюу түүний 70 насны ойн баяраар нь ОХУ-н Ерөнхийлөгч В.Путин түүнд улс орныхоо өмнө хүлээлсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн, гадаад харилцааны чиглэлд үр бүтээлтэй он удаан жил ажиллаж хөдөлмөрлөж байгааг нь үнэлж ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан

 

Сергей Лавров 1950 оны 3-р сарын 21-нд Москва хотод төрсөн. Эцэг-Виктор Калантарян армян үндэстэн Тбилисээс гаралтай. Ээж-Калерия Борисовна Лаврова орос (дараа нь Сергей Викторович түүний овгийг авсан) Москвагийн ойролцоох Ногинск хотод төрсөн ЗХУ-ын Гадаад Худалдааны Яамны ажилтан байсан. Сергей Лавровын паспортын тэмдэглэгээнд Орос Үндэстэн гэж бичсэн нь бий. Тэрээр "Би Тбилисээс гаралтай Учир нь миний аав тэнд төрсөн миний судсаар Армен цус урсаж байгаа гэхдээ энэ цус тийм чухал гэж үү... ажил албанд ямар ч хамаагүй." гэж нэгэн ярилцлагадаа хэлсэн нь бий. Аав ээж хоёр нь ЗХУ-ын Гадаад Худалдааны Яаманд ажилладаг гадаадад олон удаа явдаг байсан учир ээжийнхээ талын өвөө, эмээ хоёр дээрээ өссөн ба тэд түүнийг өсгөж хүмүүжүүлсэн гэдэг.

  Өвөө Борис Николаевич Лавров, Ногинск хотын төмөр замын өртөөний дарга байсан эмээ нь хотын эмнэлэгт сувилагчаар ажилладаг байжээ. Түүнийг Москвагийн ойролцоох Ногински хотын В.Короленкийн нэрэмжит Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тусгай дунд сургуульд оруулсан. Хожим нь эцэг эх нь түүнийг Москвад аваачин мөн англи хэлний гүнзгийрүүлэн сургалттай 607 дугаар сургуульд оруулсан тэнд сурч төгссөн. 

Тэрээр Москвагийн дунд сургуулийг мөнгөн медальтайгаар төгссөн бөгөөд англи хэлийг гүнзгийрүүлэн судалсан байна. Дунд сургууль төгсөөд шууд МГИМО эсвэл МИФИ гэсэн хоёр их сургуульд элсэх эрхтэй бичиг баримтаа өгсөн ч тэрээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг сонгон элсэн оржээ. 

 

Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн дорно дахины салбарт суралцаж 1972 онд төгссөн бөгөөд Англи, Франц, Сингаль хэл сурч эзэмшсэн байна. 

Сергей Лавров сургуулиа төгсөөд 1972-1976 онд Бүгд Найрамдах Шри-Ланка улсад ЗХУ-ын Элчин сайдын яаманд дадлагажигч, атташегийн албанд ажиллаж байсан. 

1976-1981 онд ЗХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн харилцан туслах хэлтсийн гурав, хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байв. 

1981-1988 онд-Нью-Йорк хот дахь НҮБ-ын дэргэд ЗХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга, зөвлөх, ахлах зөвлөх. 

1988-1992 онд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын эдийн засгийн байгууллагууд хариуцсан хэлтсийн орлогч, нэгдүгээр орлогч дарга, даргаар ажиллаж байсан.

Тэрээр 1991 он хүртэл ЗХУ-ын коммунист намын гишүүн байсан бөгөөд намаасаа татгалзан. 

1991-1992 онуудад ЗСБНХУ-ын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагуудтай харилцах Тамгын газрын дарга. 

1992 онд ОХУ-н Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагууд бүс нутгийн асуудал хариуцсан хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан. Гадаад харилцааны яамны газрын даргын хувьд тэрбээр Орос орны эдийн засгийн хөгжлийг хангахын тулд олон тулгуурт гадаад бодлого явуулах шаардлагатайг уриалан маш идвэх санаачилгатай ажилладаг байжээ.

1992 оны 4-р сарын 3-нд Оросын Гадаад хэргийн сайдын орлогчоор томилогдсон. 

Энэ албан тушаалд С.Лавров олон улсын хамтын ажиллагааны асуудал мөн ТУХН-ийн асуудал хариуцсан хэлтэс, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны ажлыг удирдан чиглүүлдэг байжээ.

Тэрээр энэ албан тушаалд 1994 оны 1-р сар хүртэл ажилласан ба 1993 оны 3-р сараас эхлэн НҮБ-дахь байнгын төлөөлөгчийн газарт ОХУ-ын төлөөлөх комиссын орлогч дарга. 

1993 оны 11-р сараас ОХУ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцуулах ажлыг зохицуулах албаны комиссын даргаар ажиллаж байсан. 

1994-2004 онуудад НҮБ-ын Аюулгүй зөвлөлд ОХУ-ын байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан.Тэрбээр НҮБ-буюу Нью-Йоркт ажиллах хугацаандаа олон улсын хүрээний том том асуудлуудыг сайтар судлаж шийдвэрлэхэд оролцож маш их туршилга хуримтлуулсан, олон танилууд найз нөхөдтэй болсон гэдэг. 

 

С.Лавров НҮБ-ын дэргэдэх Аюулгүйн зөвлөлд Оросын төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа зориг шийдэмгий дипломатч, зарчимч шудрага хүн гэдгээ харуулсан бөгөөд олон улсын дипломат ажилтануудын дунд нэр хүндтэй нэгэн байсан юм.

 

НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн хуралдаанууд дэлхийн олон тулгамдсан асуудлууд тэр дундаа хуучин Югослав, Ойрхи Дорнод, Кипр, Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг шийдвэрлэх үед С.Лавров өөрийн санал дүгнэлтийг хэлдэг хамгаалдаг идэвхтэй оролцдог байжээ. 

2001 оны 9-р сарын 11-нд АНУ-д болсон террорист халдлагын дараа дэлхийн даяар дипломат харилцааны хамгийн их тулгамдсан асуудлын нэг болоод байсан Афганистан, Иракд явуулсан цэргийн ажиллагаа терроризмтой тэмцэх талаар зарчимын хатуу байр суурь баримтлан асуудлыг зүй зохистой шийдвэрлүүлж чадаж байсан. Тэрээр Аюулгүй зөвлөлийн хуралдааны үеэр Оросын байр суурийг тууштай хамгаалаж олон удаа хатуу байр суурь баримтлсан мэдэгдлүүд хийдэг байжээ. Жишээлбэл, С.Лавров 2000 онд НҮБ-н Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Балканы хойгийн асуудлаар хэлэлцүүлэгт оролцохыг зөвшөөрөөгүйн улмаас Аюулгүй зөвлөлийн хуралдааныг орхиж байсан явдал ч бий. 

 

Сергей Лавров “НҮБ-70 жил" баримтат кинонд 1990-ээд оны дунд үед ОХУ-ын НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан хамгийн хүнд хэцүү үеийн талаар дурсан ярихдаа..... АНУ ба Кубын хоорондын зөрчлийн тухай мөн Кубын цагаачдын асуудлаар хэрхэн яаж хандаж ажиллаж байсан тухайгаа. Мөн Кубын дээгүүр жижиг онгоцоор нисэн ухуулах хуудас тараадаг байсан Кубын агаарын орон зайн хилийн зөрчвөл хариуд нь эрх чөлөөний арлын эрх баригчид хил зөрчигчийг устгах болно гэж олон дахин анхааруулдаг байсан. Кубын талаас хил зөрчсөн нэг онгоц буудан унагаасан яг тэр үед Москвад гүн шөнө болж байсан тухай ярьсан байдаг. 

    

Тэр үед АНУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч М.Олбрайт Аюулгүй зөвлөлийг яаралтай хуралдуулаж Кубын засгийн газрын террорист үйлдлийн төлөө буруушаахыг шаардлаж мэдэгдэх хуудас бичигт хамгийн хатуу арга хэмжээ авах тухай тусгасан байсан. 

НҮБ-ын Аюулгүй зөвлөл дахь манай төлөөлөгчийн газрын ажилтнууд мөн Хятадын төлөөлөгчид бусад хөгжиж буй орнуудаас ирсэн гишүүд төлөөлөгчид асуудалд эрүүл ухаанаар хандаж мэдэгдэх хуудсыг зүй зохистой үг найруулалтай бичих талаар ажилласан юм. Болсон явдлыг мөрдөн шалгах болон үнэнийг тогтоох үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож саад болохгүй хэн нэгнийг ямар нэг үндэслэлгүйгээр буруутгахгүй байхыг шаардсан. 

Бид мэдэгдлийн агуулгыг зүй зохистой боловсруулж чадсан бөгөөд дараа нь Кубын Засгийн Газар түүнийг сайшаан дэмжсэн юм.  Миний санаж байгаагаар бид энэ үйл ажиллагаанд зориулаж маш олон цаг ажилласан ба М. Олбрайт Вашингтон руу залгахаар оролдсон боловч эцэст нь бид "түүнийг шахаж чадсан юм" гэж тэрбээр хэлсэн байдаг. 

 

Тэрбээр "НҮБ нь Дэлхийн 2-р дайнаас үлдсэн үнс нурман дээр байгуулагдсан бөгөөд хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн цуст үйл явдал болсон ийм явдал дахин гарч болохгүй үүний тулд НҮБ байгуулагдсан юм” гэж түүнд хэлж байжээ.

 

Энэхүү байгууллагыг үндэслэн байгуулсан 3 орны нэг бол Зөвлөлт Холбоот Улс байсан бөгөөд Беловежских хэлэлцээр байгуулагдсаны дараахан (РСФСР) ЗСХБНОУ нь ОХУ болсон.

Тухайн үед ОХУ-ын дипломат харилцааны хамгийн анхны бөгөөд чухал алхмуудын нэг нь НҮБ-ын дүрмэнд хуучин ЗХУ бүх үүргийг Орос улс залгамжлагч гэж хүлээн зөвшөөрүүлэх үйл явдал байлаа. Энэ шийдвэрийг тухайн үед дөнгөж шинээр бий болоод байсан Тусгаар Тогтносон Улсуудын Хамтын Нөхөрлөлийн орнуудын төлөөлөгчид болон НҮБ-н бүх гишүүд бүрэн дэмжиж байсан юм. Тиймээс бидний санал Манай улс НҮБ-ын Аюулгүй зөвлөлд байнгын гишүүнээр элссэн орох ба Орос улсыг НҮБ-ын үүсгэн байгуулагч гэж хүлээн зөвшөөрүүлэх явдал байлаа гэж Сергей Лавров дурсан ярьжээ. Тэр энэ үүргээ ч амжилттай биелүүлсэн чадварлаг төлөөлөгч тэр дундаа НҮБ ба олон улсын байгууллагуудад 10 гаруй жил ажилласан хашир туршлагатай, мэргэжлийн дипломат ажилтан байсан юм.

НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын тэргүүнээр С.Лавров ажилласан он жилүүд Оросын хувьд олон улсын тавцанд хамгийн үр ашигтай амжилттай ажилласан жилүүд байсан гэж үздэг. Энэ жилүүдэд янз бүрийн асуудлаар гаргасан Оросын олон тооны санаачилгыг НҮБ байнга дэмжиж ажилласан байдаг. Тэрээр дипломат үйл ажиллагаатай холбоогүй энгийн ахуйн асуудлыг ч хөндөж байжээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанд Нью Йорк хотын захирагчтай тохиролцсоны дагуу НҮБ-н төв байранд тамхи татахыг хориглох шийдвэр гаргасан бөгөөд уг хориг удаан хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байжээ. 

Хэдий тийм ч НҮБ-д суугаа Оросын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн архаг тамхичин, С.Лавров тамхи татахаа багасгаж чадахгүй энэ шаардлагыг биелүүлэхийг хүсээгүй бөгөөд К.Аннаныг эрс шүүмжилжээ. Тэрбээр "Энэ байшин нь ганц түүний эзэмшлийн бус НҮБ-ын бүх гишүүдэд харьяалагддаг, ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг эзэн биш зөвхөн менежер юм" гэж мэдэгдэж байсан. Гэрч нарын мэдүүлснээр тэр цагаас хойш С.Лавровд зориулсан үнсний сав төв байранд тавьж эхэлсэн ба Ерөнхий ассемблейн шийдвэрээр тусгайлан зааж өгсөн газруудад тамхи татахыг үргэлжлүүлэх болсон гэдэг. 

 

НҮБ-дахь Оросын дипломат албаны тэргүүн Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээнд оролцсон мөн Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Европт байрлуулахыг идэвхтэй эсэргүүцэж байсан Косовод тусгаар тогтнол олгохыг эсэргүүцсэн гээд Оросын байр суурийг хатуу хамгаалдаг байжээ.

 

Зарим их сурвалжад ерөнхийлөгч В.Путин 2000 онд Нью-Йоркт болсон Мянганы дээд хэмжээний уулзалтын үеэр Лавровыг анзаарчээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тухайн үед Лавров олон улсын болон Оросын улс төрчидөд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн нэр хүнд бүхий дипломат ажилтан байсан бөгөөд НҮБ-д олон жил ажилласан туршлагатай ажилтаны хувьд олон талт дипломат харилцааны асуудлаар бусдаас илүү байлаа. 

Түүнийг 2004 оны 3-р сарын 9-нд Ерөнхийлөгч  В.Путин ОХУ-ын Гадаад хэргийн сайдын албан тушаалд томилсон мөн Ерөнхийлөгч Дмитрий Медведев албан тушаалдаа орсоны дараа түүнийг 2008 оны 5-р сард дахин томилсон гэх мэтээр хэд хэдэн засгийн газар дамжин энэ албанд ажиллаж байна. 

С.Лавров ОХУ-н ГХЯ-ны тэргүүнээр ажиллах энэ олон жилийн хугацаандаа олон улсын янз бүрийн асуудалтай тулгарч байсан бөгөөд тэр бүгдийг харилцан ойлголцол хүндэтгэлийн хүрээнд диполмат аргаар барилаар шийдвэрлэхийг эрмэлзэж ирсэн. С.Лавров Балтийн орнуудтай газар нутгийн маргаантай асуудлыг шийдвэрлэх, Өмнөд Осетия ба Абхазийн орчим дахь зөрчлийг шийдвэрлэх, ТУХН-ийн орнуудын шинэ эрх баригчидтай найрсаг энгийн харилцаа тогтоох зэрэг олон асуудлыг шийдвэрлэж байсан. Мөн Орос, Гүржийн харилцаа муудаж 2008 оны 8-р сард зэвсэгт мөргөлдөөн болсон Их Британи-Оросын харилцаа эрс хүйтэрч элчин сайдын яамны ажилтнуудаа харилцан хөөж гаргахтай холбоотой дипломат дуулиан шуугиан болж байсан гээд олон асуудлууд бий.

 

ОХУ-н хувьд Сирийн асуудлаар бусад орны улс төрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй гэсэн хатуу байр суурь баримтлаж ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрын талыг дэмжих болно олон удаа заралсан. 

Оросын судалгааны байгууллагын (ВЦИОМ) хийсэн судалгаагаар Сергей Лавров ОХУ-ын Засгийн газрын хамгийн үр бүтээлтэй гурван сайдын нэг гэж тогтоосон байдаг.

 

Их Британийн “Daily Telegraph” сонины 2008 оны 9-р сарын дугаарт Сергей Лавровын тухай эгдүүцсэн баримт нийтлэж байсан. 

Нийтлэлд бичсэнээр С.Лавров Их Британийн ерөнхийлөгч Д.Милибандтай хийсэн ярилцлагын үеэр 2008 оны 8-р сард Өмнөд Осетид гарсан зөрчил маргааныг шийдвэрлэхтэй холбоотой асуудлаар сэтгүүлчид хариулахдаа зүй бус үг хэллэг хэрэглэсэн «Who are you to fucking lecture me?»"Чи надад лекц уншдаг хэн юм?" гэсэн байна. Тухайн үед С.Лавров сэтгүүлчдэд түүний ярианы талаар тайлбар хийхдээ "Милибандтай өвөрмөц орчинд танилцсан тэр надтай Европын холбооны өгсөн заавар зөвлөмжийн дагуу харилцан ярилцсан тэр үед би түүнд Саакашвилигийн талаар "fucking lunatic"» фанатик амьтан гэж хэлсэн бодит байдал тийм юм чинь гэжээ. 

Харин Ерөнхийлөгч Милибанд 9-р сарын 15-нд BBC-н сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа "Энэ уулзалтын тухай мэдээлэл худал байна ..."тэр намайг “долбаным-дүүрсэн тэнэг "гэж хэлсэн нь худал мэдээлэл гэж хариулсан байдаг. 

 

Ер нь Сергей Лавров хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө нээлттэй чөлөөтэй харилцаж сэтгүүлчдийн асуултанд чинь сэтгэлээсээ шудрагаар хариулдаг зориг шийдэмгий дипломатч юм. Сергей Лавровын хэлсэн үг ишлэлүүдэд Орос ба АНУ-ын харилцааны талаар "Вальс бүжиг бол байрандаа эргэх хөдөлгөөн юм тиймээс вальс тохиромжгүй байх нь бий, Харин танго бүжиг илүү сайн байж болно гэвч түүнд бас огцом хөдөлгөөнүүд байдаг, Бидэнд твист аль хэдийнэ байсан, Тиймээс хоёр алхам урагшаа нэг алхам ухрах хөдөлгөөн үйлддэг, Хандлага нь эерэг гардаг” гэж хэлсэн нь бий.

 

Түүний хэлсэн үгүүдэд :  "АНУ тэргүүтэй барууны орнууд ардчилал, хүний эрх, хууль эрх зүй улс орнууд тэгш эрх, тусгаар тогтнолыг дэмжэнэ гэдэг харин олон улсын тавцанд яг эсрэг байр суурь баримтлан НҮБ-ын дүрэмд тусгагдсан улс орнуудын тусгаар тогтнол тэгш эрхийг хангах ардчилсан зарчмыг үгүйсгэж энэ бүх үнэт зүйлийн эсрэг шийдэхийг хичээдэг”, 

“Вашингтон хэт нэг талыг баримтлан өөрийн ашиг сонирхлыг хамгаалхын тулд цэргийн хүчийг хаана ч хэрэглэх эрхтэй гэж ил тод зарладаг”,

 "Олон улсын харилцаа нь харилцан ойлголцол, тэгш эрх, уян хатан харилцаа холбоон дээр суурилдаг энэ зарчимаар явагдах ёстой",

"АНУ-ын бодлого олон улсын харилцааны бүхий л үнэт зүйлийг тогойг нь хөлрүү харуулах гайхалтай чадвартай.",

"Улс төрд Та өөрт чинь юу тустай байгааг олж харах хэрэгтэй, Өөртөө ашиггүй хамааралгүй зүйлийг анзаарахгүй байх гэсэн дүрэм ч байдаг”,

"Оросууд бид хэн нэгнийг албадахгүй, бид хэн нэгнийг доромжлохгүй, заналхийлдэггүй ... Бид эелдэг ёс журамтай хүмүүс юм ..." 

"Оросуудын хувьд Крым нь Фолклендын арлын төлөө Британий үйлдсэн халдлагатай харьцуулашгүй асар их утга учиртай зүй ёсны явдал юм" гэх мэт олон өвөрмөц хурц мэдэгдэл ишлэлүүд байдаг бөгөөд хэвлэл мэдээллээр цацагдан олон нийтэд дуулиан шуугиан тарьж байсан явдал ч олон бий.  

 

Ер нь хүйтэн дайнд ялалт байгуулсандаа эрэмшсэн АНУ- түүний холбоотнууд дэлхий дахинд хүний эрх, эрх чөлөө, ардчилалыг сэргээн баталгаажуулах, чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцааг түгээн дэлгүүрлэх тухай зааж сургах, тулган хүлээлгэх гэх мэтээр аашилж байгаа нь нууц бишээ....

 

Энэ үед ОХУ, БНХАУ-аар тэргүүлсэн олон улсын харилцааны олон туйлт төв төлөвших хандлага идэвхижсэн нь хүйтэн дайн дууссанаас хойш тогтсоор ирсэн олон улсын дэг журам, аюулгүй байдлын системд ноцтой нөлөө үзүүлж эхэлсэн  үүнд чухал үүрэг гүйцэтгэж буй хүн бол С.Лавров хэмээн судлаачид үздэг. 

Үүнтэй холбоотойгоор хүчний шилжилт хөдөлгөөн эрчимжиж, дахин хувиарлалт явагдаж байна. Тиймээс хүйтэн дайн дууссаны дараах үе төгсгөл болж шинэ хүйтэн дайн эхэлсэн  гэж үзэж болно. 

Арабын хавар, Сирийн иргэний дайн, ОХУ- Крымийн хойгийг Украйны оролцоогүйгээр өөртөө нэгтгэсэн үйл явц, үүнээс улбаатай эдийн засгийн хориг арга хэмжээ, АНУ-ын ерөнхийлөгчийн гадаад дотоод бодлогын шинэ параметрүүд, BREXT, Европыг интеграцийн сорилт, ШХАБ-ны өргөжилт, Евро-Азийн эдийн засгийн холбооны тэлэлт, Хятад Америкийн худалдааны дайн, “Нэг бүслүүр нэг зам” санаачилга, Хойд Солонгос, Ираны цөмийн хөтөлбөр гээд олон асуудлыг шийдвэрлэхэд том гүрний гадаад хэргийн сайдын хувьд тэрбээр оролцдог.

Түүнээс гадна С.Лавров нэг туйлтай ертөнцийн загвар нь амьдрах чадваргүй бөгөөд олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдэхдээ бүс нутгийн хэмжээнд улс орнуудын эрх тэгш харилцаан дээр тулгуурлан шийдэх ёстой. Ийм нөхцөлд Орос улс дэлхийн улс төр, эдийн засгийн амьдралд идэвхтэй, бүрэн эрхт "тоглогч" болон эргэн ирэх нь онцгой ач холбогдолтой байх болно гэж мэдэгдсэн байдаг.

 

С.Лавровыг ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельциний тушаалаар 1998 онд "Эх орны төлөө хүндэтгэл үзүүлэх" IV зэргийн одонгоор шагнасан. Түүнээс гадна түүнд засгийн газрын хэд хэдэн шагналууд бий мөн түүнийг 2005 онд 55 насны ойгоор нь  Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар ОХУ-н гадаад бодлогыг чиглэлд олон жилийн үр бүтээлтэй ажилласныг үнэлэж "Эх орны төлөө" III зэргийн одонгоор шагнасан. ОХУ-н ерөнхийлөгч асан Дмитрий Медведев түүнд 2010 онд "Эх орны төлөө хүндэтгэл үзүүлэх" II-р зэргийн одон шагнаж байсан мөн энэ онд ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан гэж дээр бичсэн.

 

С.Лавров морь унах, уулын голоор завиар сэлэх дуртай мөн хөлбөмбөгийн хорхойтон төрөлх Москва хотынхоо "Спартак" багийн дэмжигч төдийгүй өөрөө ч тоглох дуртай. Түүний нэг муу зуршил нь тамхи их татдаг, хэзээ ч түүнээс татгалзаж чаддаггүй ажээ.

Түүний бас нэг хобби шүлэг бичиж, гитар тоглох дуулах дуртай түүний бичсэн шүлэг Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль төгсөгчидийн холбооны сүлд дуу болон дуулагдаж байна. Үүний зэрэгцээ эрхэм сайд рафинг сонирхдог бөгөөд ОХУ-н Сэлүүрт завины холбоог тэргүүлдэг.

    С.Лавровын хувийн амьдралын хувьд их сургуулийн 3-р курсэд байхдаа ирээдүйн орос хэл, уран зохиолын багш Мариятай гэрлэсэн тэр хоёр амьдралаа холбосноос хойш 40 гаруй жилийг хамтдаа туулж байна. Гэргий Мария Александровна багш мэргэжилтэй их сургууль төгссөн дээд мэргэжил эзэмшсэн ч дипломатчийн эхнэр тул мэргэжлээрээ ажиллах боломж гараагүй, зөвхөн нөхөр, хүүхэд гэр бүлдээ бүхнээ зориулсаар ирсэн гэдэг

Мариягийн хувьд Сергей Лавровд анхны харцаар дурласнаа ярьдаг: 

"Би Серёжаг тэр дор нь анзаарсан царайлаг, өндөр залуу үдэшлэг дээр гитараа аван Высоцкийн дууг гайхамшигтай дуулж эхлэхэд охидууд галзуурах шахаж байсан юм, Тэр яруу найраг сонирхож, шүлэг гайхалтай сайхан уншиж, гитар тоглон дуулдаг, басхүү сонирхолтой залуу байлаа” хэмээн дурсан ярьжээ. Сергей Викторович одоо ч яруу найраг сонирхдог, шүлгээ бичиж, гитар тоглон дуулдаг хэвээрээ байгаа. 

Эхнэр Мария Александровна ухаалаг, даруу нэгэн бөгөөд олны нүдэнд бага өртөхийг хүсдэг ч шаардлагатай үед нөхөртэйгөө хамт байхыг эрмэлздэг байна. Загварлаг хувцасладаг түүний талаар найз нөхөд, ойр дотнынхон нь ам сайтай байдаг бөгөөд “Мария Александровна ухаалаг, боловсролтой, нөхрөө бүхий л талаар дэмжиж, найдвартай ар тал нь болдог” хэмээн магтан ярьдаг байна. 

 

Тэрбээр нөхрийн хамт хэсэг хугацаанд Нью-Йорк хотод амьдрахдаа НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газрын номын сангийн менежерээр ажиллаж байсан төдийгүй нөхрийнхөө “нөмөр”-т байхыг хичээдэг. Мария амьдралд идэвхтэй байр суурь баримтлан дипломатуудын эхнэрүүдийг нэгтгэн "Эмэгтэйчүүдийн клуб" байгуулж байжээ. 

 

Энэхүү байгууллагын ачаар гадаадад гэр бүлтэйгээ очсон эмэгтэйчүүд амьдралын шинэ нөхцөл байдалд илүү хурдан, зүй зохистой дасан зохицох чадварт суралцаж байсан ба гадаадын дипломатуудын эхнэрүүдэд хүний нутагт биеэ хэрхэн зөв авч явах, хүмүүстэй зөв харилцахад нь зөвлөгөө өгч тусалдаг байжээ. Тус “Эмэгтэйчүүдийн клуб”-ын нэр хүнд маш хурдан өсч, гишүүд нь өнөөдрийг хүртэл Мария Александровнад талархан, түүнийг сайн сайхнаар дурсан ярьдаг гэсэн. 

Тэдний цорын ганц охин Катя Лаврова Сергей Викторовичийг НҮБ-ын ЗХУ-н байнгын төлөөлөгчийн газарт ажиллаж байхад Нью Йорк хотод мэндэлсэн. Охин нь Манхэттэны ахлах сургууль, Колумбийн их сургууль төгссөн. Катя Лондон хотод сурч байхдаа эмийн магнатын хүү Кембриджийн төгсөгч Александр Винокуровтой танилцаж тэд 2008 онд гэрэлсэн. Тэд хүү охин хоёртой бөгөөд эрхэм сайд зээ нартаа халамжит өвөө  нь гэсэн.

Сайдын хүргэн нь одоо Сумма Групп холдингын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа бөгөөд Новороссийскийн арилжааны далайн боомт ХК-ийн ТУЗ-ийн гишүүн юм байна. 

Сергей Лавров, гэргий Мария, охин Екатерина нарын хамт

Диломатч охин Екатеринагийн хамт

Монгол Улсын Зөвлөх Инженер:  Д.Отгонбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)