С.Төмөрдулам: Тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад хотын стандартыг мөрдүүлэхэд анхаарч байна

Нийслэлээс 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд бүхий л салбарт стандартыг мөрдүүлэх ажлыг жилийн турш зохион байгуулах юм. Энэ талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламтай ярилцлаа.

-Аливаа хот өөрийн дүрэм, журам, стандарттай байж хөгждөг. Бүхий л салбарт, бүх түвшинд хэм хэмжээ тогтоодог стандартын баримт бичгийг батлаад орхих биш амьдралд хэрэгжүүлэх нь чухал. “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн зорилго ч үүнд чиглэж байгаа болов уу гэж бодож байна?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулсан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 5000 алба хаагчид оролцсон энэ зөвлөгөөнөөр Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийн тогтолцоог бий болгох, улмаар мөрдүүлж, хэвшүүлэх талаар санал солилцож, шийдвэр гаргасан. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа 6300 гаруй стандарт байна. Манай Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар нутгийн захиргааны байгууллагуудад холбогдох стандарт, норм дүрмийг судалсан. Нийслэлийн Засаг даргын харьяа 88 агентлаг, дүүргүүд болон цэцэрлэг, сургууль, нийслэлийн өмчит газрууд гээд нийт 1200-гаад байгууллага байдаг. Тэдгээр байгууллага дээрх 6300 стандартаас хэдийг нь өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, мөрддөг юм бэ гэдгийг судалж үзэхэд 702 стандартыг нь л нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд норм дүрэмдээ ашиглаж байна гэсэн дүгнэлт гарсан. Барилгын норм, дүрэм, стандартууд ч энэ дотор орж байгаа. Ингээд эдгээр стандартыг судлаад үзэхээр 1970-1980 оны стандартууд ч байна, 1990-ээд оных стандарт ч байна. Ийм хуучирсан стандартууд өнөөгийн Улаанбаатарт тохирч байна уу, үгүй юү гэдгийг ч эргэж харах шаардлагатай болсон. Ингээд бид ямар дүгнэлтэд хүрсэн гэхээр яалт ч үгүй Улаанбаатар хотын хувьд нутгийн захиргааны байгууллагуудын мөрдөж байгаа стандарт, норм, дүрмийг сайжруулж, шинэчлэх ёстой юм байна гэдэгт санал нэгдсэн. Хотын стандарт гэдэг бол хэм хэмжээ. Төлөвлөлтийн стандартаас эхлээд бүх шатанд стандарт байх ёстой. Тэр бүгдийг сайжруулж, шинэчилж, амьдрал дээр буулгахгүй бол стандартуудыг мөрдөж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон тал анзаарагдсан.

Тиймээс “Нэг хот-Нэг стандарт” зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэл нь нийслэлд мөрдөж буй 702 стандартаас хуучирснын нь шинэчлэх, өөрчлөх ажлыг зохион байгуул гэсэн. Энэ хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллага өөрсдийн үйл ажиллагаанд мөрдөж байгаа стандарт, норм дүрмээ судалж, шинэчлэх ажлыг хийсэн. Үндэсний стандартуудаас гадна олон улсын стандартуудыг ч оруулж ирэх чиглэлээр ажиллаж байна. “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийж байгаа гол ажил энэ байгаа юм.

Хоёрдугаарт, төрийн байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдөх ёстой ISO 9001: MNS9001-2015 буюу чанарын удирдлагын менежментийн тогтолцооны стандарт гэж бий. Үүнийг нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллага энэ жил бүрэн дүүрэн нэвтрүүлнэ. Энэ бол зорилтот жилийн нэг томоохон ажил.

-Жилийн ажлынхаа зорилго, зорилтыг тодорхойлсны үндсэн дээр хийх ажлуудаа төлөвлөсөн байх. Тухайлбал, нэгдүгээр улиралд ямар ажлууд хийв?

-“Нэг  хот-Нэг стандарт” жилийн ажлын төлөвлөгөөг 11 бүлэг, 88 заалттайгаар гаргасан. Энэхүү төлөвлөгөөний дагуу нэгдүгээр улирлын ажлууд хийгдсэн. Байгууллагуудаас ирүүлсэн тайлантай ажлын хэсэг танилцаж байгаа. Манай Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар чиг үүргийнхээ хүрээнд газар дээр нь явж судалгаа хийсэн. Үүний гол зорилго нь бид хаанаа алдаад байна вэ, төлөвлөлтөндөө алдаад байна уу, бичиг баримт боловсруулах шатандаа алдаад байна уу, эсвэл үнэхээр сайн стандарт байхад мөрдөхгүй байна уу гэдгийг тодруулахад чиглэсэн. Нэлээд олон үе шаттай судалгаанууд хийж үзсэний үндсэн дээр тодорхой чиглэл гаргасан. Юуны өмнө 2020 онд улсын болон орон нутгийн  хөрөнгө оруулалтаар хийх хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад стандартын бичиг баримтыг ягштал мөрдүүлнэ. Бид эхний ээлжид явган болон дугуйн замын, барилгын, гадна орчны, хогийн савны, хашааны, нийтийн тээврийн гээд төрөл бүрийн стандартын 14 бичиг баримтыг гаргаад байгаа. Тэгэхээр 2020 онд “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийгдэх хот тохижилт, бүтээн байгуулалтын бүх ажилд дээрх стандартуудыг мөрдүүлнэ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын захирамж  гарч бүх хороо, дүүрэг, нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлсэн байгаа.

Хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад стандартуудыг мөрдүүлэхэд бид хяналт тавьж ажиллана.

Нийслэлийн Засаг даргаас баримталж байгаа нэг бодлого бол хороодын хэсгийн ахлагч нарыг олон нийтийн байцаагч болгож ажиллуулахаар болсон. Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа 1700 хэсгийн ахлагч нар бидэнтэйй хамтарч ажиллана. Тэд бол хороо, хэсгийнхээ хаана юу байдаг, ямар газарт нь стандарт зөрчигдөж, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулахаар болоод байгааг сайн мэднэ. Стандартыг мөрдүүлнэ гэдэг ганц байгууллагын хийх ажил. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал. Хотын иргэн ямар байх ёстой вэ, хэрхэн биеэ авч явах вэ, хотын соёлыг хэрхэн хэвшүүлэх вэ гэдэг ч хүртэл өөрөө стандарт юм. Энэ талд дээр хэсгийн ахлагч нарыг бид арга зүйгээр хангаж ажиллана. Тэдэнд зориулсан онлайн сургалтуудыг хийж, стандартын бичиг баримтуудыг танилцуулж байгаа.

Жилийн ажлын төлөвлөгөөнд орсон өөр нэг онцлох ажил бол нутгийн захиргааны байгууллагууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 34 агентлаг стандартыг мөрдөх ажлыг оройлон ажиллана. Эдгээр агентлагынхан өрөөн дотроос ажлаа хийх бус газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, орчинтой нь танилцаж ажиллах юм. Ингэж эргэх холбоотой ажиллаж байж үр дүнд хүрнэ. Иргэдийнхээ амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө энэ бүх ажлыг хийж байгаа юм.  “Нэг  хот-Нэг стандарт” жилийн ажлын төлөвлөгөөнд байгууллагуудын эргэх холбоог чухалчилж оруулсан. Жишээ нь авто зам тавихад нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж төлөвлөлтөөс нь эхлээд бүх ажилд иргэдийн санал бодлыг авна. Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгддэг ажилд иргэд, оршин суугчдын саналыг авдаг шиг төлөвлөлт, гүйцэтгэлийн шатны бүх станарт дээр иргэдийн санал бодлыг сонсох ёстой. Иргэдийн оролцоон дээр тулгуурлан, тэдний саналыг үндэслэн яг хэрэгцээтэй газар нь явган хүний зам тавьж өгнө. Хэрэгцээтэй газар нь авто замыг орчны тохижилттой нь иж бүрнээр нь тавина. Ингэж бүх шатанд стандартыг хангуулна.

Цаашид жилийн турш хийх ажлуудаа бид дэс дараатай төлөвлөсөн. Нэгдүгээр улиралд газар дээр нь судалж, танилцах, стандартын бичиг баримтуудаа боловсруулах, төлөвлөх ажлуудыг хийсэн. Одоо хоёрдугаар улиралд  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд ид эхэлж байна. Гуравдугаар улиралд энэ ажлуудыг хүлээж авна.

-Дөрөвдүгээр сард бүтээн байгуулалтын ажлууд эхэлдэг. Үүнтэй уялдуулаад барилгын аюулгүй байдлын стандартыг шалгаж байгаа гэсэн. Энэ салбарт стандартын зөрчил дутагдал хэр гарч байна вэ?  

-Манай байгууллагаас 379 барилгын байршил дээр хяналт, шалгалт хийн ажиллаж байна. Олон жилийн өмнөөс хашаа бариад барилга угсралтын ажил эхлээгүй газрууд олон байна. Барилгынхаа суурийг ухаад л орхичихсон, бүтээн байгуулалт хийгээгүй газрууд ч байна. Барилга нь баригдаж байгаа аж ахуйн нэгжүүд ч байна. Барилгуудын хувьд үнэхээр орчны стандарт алдагдсан. Иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй, хашааны болон саравчны стандартыг мөрдөөгүй барилгууд олон байна. Барьж буй барилгын зургаан давхраас дээш торон хашлага татаж явах ёстой. Гэтэл үүнийг мөрдөхгүй байх жишээтэй. Энэ бол хэзээ ч, хэний ч толгой дээрээс юм унах аюултай гэсэн үг. Тиймээс бид гуравдугаар сарын 14-нөөс дөрөвдүгээр сарын 04-ний хооронд 289 барилгын талбайгаар орж танилцаж аюулгүй байдлыг хангах стандартын бичиг баримтыг гардуулж өгсөн. Мөн зааварчилгаа, зөвлөгөө өгч, арга зүйгээр хангаж ажиллаж байгаа. Манай байгууллагаас өгсөн уриалгыг аж ахуйн нэгжүүд ойлгож, их сайхан хүлээж авсан. Бидний өгсөн шаардлагын дагуу  тавдугаар сарын сарын 01 гэхэд барилгын хашаануудаа стандартын дагуу сольж, өнгө үзэмжийг нь сайжруулах үүрэг хүлээгээд байгаа. Стандартын бичиг баримт гэдэг ганцхан хэм хэмжээг заахаас гадна өнгө үзэмж, чанарыг ч мөн тодорхой зааж өгдөг. Тиймээс барилгын компанижд дур дураараа янз бүрийн хашаа бариад байж болохгүй. Хамгийн гол нь иргэдийн аюулгүй байдлыг хангасан байхыг бид аж ахуйн нэгжүүдээс шаардаж байгаа. Тавдугаар сарын 01 гэхэд нийслэлийн хэмжээнд байгаа 379 барилга шалгалтаар илэрсэн зөрчлүүдээ арилгаж,  хашаа, хамгаалалтаа стандартын дагуу хийж дуусах байх гэж бодож байна.

-Орон сууцны барилга баригдах бүрт л хүүхдийн тоглоомын талбайн асуудал хөндөгддөг гэж хэлж болно. Нийслэлд байгаа тоглоомын талбайнуудын судалгааг танай байгууллага хийсэн юм билээ. Ямар дүгнэлт гарсан бэ?

-Барилгын орчны аюулгүй байдал нийслэлд хамгийн тулгамдсан асуудал. Үүний дараа хүүхдийн тоглоомын талбай орж байна. Бид урьдчилсан байдлаар дүүргүүдээс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын жагсаалтыг авч үзсэн. Тохижилт, бүтээн байгуулалтын олон төрлийн ажлуу төлөвлөсөн байна. Гэрэлтүүлгийн ажлууд нэлээд байна. Хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажил бас нэлээд байна. Тэр бүхэн дээр гүйцэтгэгч, захиалагч нарт манайхаас гаргасан стандартын бичиг баримтууд хүргэгдэж очсон. Тиймээс хаа хаанаа нэг стандартаар бүтээн байгуулалтын ажлуудаа гүйцэтгээд явах нөхцөл бүрдсэн.

Хүүхдийн тоглоомын талбайн хувьд бид ер нь анзаардаггүй юм билээ. Гэтэл яг хүүхдээ харж байгаа эцэг, эхчүүд ч юм уу, ахмад настнууд хүүхдийн тоглоомын талбай ямар байдаг вэ, аюулгүй байдлыг хангаж чадсан уу гэдгийг сайн мэддэг. Манай Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс судалгаа авч үзсэн. 2017-2019 онуудад тоглоомын талбай дээр тоглож байгад гэмтэж бэртсэн хүүхдийн тоо жилээс жилд өссөн дүн мэдээ байна. Энэ бол маш аюултай. Ингээд судалгаа хийж нийслэлийн хэмжээнд 370 гаруй байршилд байгаа хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу шинэчлэх, сайжруулах шаардлагатай гэж үзсэн. 1970-аас 1980-аад оны үеийн төмөр хийцтэй тоглоомын талбайнууд нэлээд байна. Тоглоомууд нь хуучраад муудчихсан. Сэргээн засах шаардлагатай болсон тоглоомын талбай зөндөө байна. Гэхдээ тэр бүгдийг хот засна гэхэд хөрөнгө мөнгө ч хүрэхгүй. Хүн хүч ч хүрэлцэхгүй. Тиймээс энэ жил 33 хүүхдийн тоглоомын талбайг стандартын дагуу шинэчлэхээр төлөвлөсөн.

Дээрээс нь оршин суугчид, СӨХ-д өөрсдөө хүүхдийн тоглоомын талбайгаа засч тохижуулах хэрэгтэй санагддаг. Энэ бол өөрсдийнхөө амьдарч байгаа орчин, үр хүүхдүүдийнхээ аюулгүй, тав тухтай орчныг л бүрдүүлж байгаа хэрэг шүү дээ.  Түүнээс биш бүгдийг хот, дүүрэг хийнэ гээд хүлээгээд суугаад байвал амжихгүй. “Нэг хот-Нэг стандарт” гэж зорилтот жил зарласан нь бүгдийг төр хийнэ, хот хийнэ гэсэн үг биш. Иргэдийн оролцоо чухал. Төр захиргааны байгууллагаас стандартыг нь бэлэн болгоод өгчихлөө. Уг стандартыг хангасан орчинг иргэд өөрсдөө бүрдүүлэх боломжтой.

-Тоглоомын талбайн стандарт хүүхдэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой байдаг байх?

-Хүүхдийн тоглоомын талбайн хувьд нэг онцлог нь насны ангиллаар өөр өөр байна. 2-4 настай хүүхдийн тоглох тоглоомын талбай, 6-10, 10-14 настай хүүхдийн тоглоомын талбай гэх мэтээр насны ангиллаар стандарт гаргасан байдаг. Наад зах нь гулсуур гэхэд доор нь хатуу цемент байвал хүүхэд гулсаад буухдаа түүн дээр унана. Тиймээс үүнийг ямар материалаар хийх вэ гэдэгт стандарт хэрэгтэй. Одоо ихэнх гулсуурын шалны хэсэг нь хатуу резинэн материал байна. Тэр бол стандарт материал биш. Хүүхэд дээр нь унахад хатуугаас гадна өвлийн улиралд  хөлдөөд хагарчихаж байна. Тиймээс байгальд ээлтэй, хүүхдэд аюулгүй гэдгээр нь гулсуурын дооор хайрга, элс дэвсэх ёстой гэдэг стандарт гаргах жишээтэй. Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг аюулгүй байдал талаас нь харах нь чухал. Хашаа хашлага л гэхэд хүүхэд завсраар нь толгойгоо хийчихгүй байх ёстой, өндөр нь мөн хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон байх ёстой гэх мэт. Мөн өнгөтэй үзэмжтэй байх ёстой. Материалын чанар ч бас чухал. Манай улсад БНХАУ-аас оруулж ирдэг тоглоомын талбайн тоглоомууд өвөлдөө хөлдөж, хагараад хүүхдийн биеийг гэмтээхүйц болдог. Үүнд анхаарахгүй бол болохгүй. Хэсгийн ахлагч нар тухайн хорооны орчноо сайн мэддэг тул хаана хүүхдийн тоглоомын талбай стандарт бус байна вэ гэдгийг бидэнд мэдээлэх  юм. Стандартын зөрчлийн талаар хэсгийн ахлагч нар http://manaikhoroo.ub.gov.mn/ сайтад шууд мэдээлэх боломж бүрдсэн. Энэ мэдээллиийг бид шууд хүлээж авна. Зөвхөн тоглоомын талбай гэхгүй. Иргэдийн амьдрах орчны олон зүйлд стандарт маш чухал. Барилгын орчны аюулгүй байдал, хашаа, явган болон авто зам, хог хаягдал гээд бүх чиглэлээр стандарт зөрчигдсөн мэдээллийг дээрх сайтаар хүлээн авна. Тухайн мэдээллүүд харьяа дүүргийн удирдлага болон ажил хариуцсан агентлагуудад ч мөн шууд очно. Стандартын зөрчлийг арилгахын тулд нийслэлийн Засаг даргын харьяа 34 агентлаг болно нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд ажиллах болно.  Энэ нь өөрөө “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн гол ажил юм.

-Миний бодлоор бол стандарт гэж бичиг баримтууд батлагдаад л байдаг. Түүнийг хаана хаанаа мөрддөггүйд хамаг учир байх шиг санагддаг. Уялдаа холбоогүй гэмээр ч юм уу?

-Тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын тендерийн ажлуудад тусгах стандартын бичиг баримт, норм дүрэм гэж байгаа. Гэтэл стандартууд яагаад хөрсөн дээрээ буухгүй байна гээд судлаад үзэхээр захиалагч, гүйцэтгэгч талуудын хооронд ажлын уялдаагүй, ойлголцлын зөрүү гараад байна. Захиалагчаас ирсэн стандарт, норм дүрэм хотын зүгээс тавьж стандарт шаардлага хоорондоо зөрчилдөх жишээтэй. Харин одоо бол стандартын баримт бичгийг нь бид ойлгомжтой болгоод нэг хавтсанд оруулчихаар асуудал их амархан болж байгаа. Захиалагч, гүйцэтгэгч, тендер зарласан худалдан авах ажилагааны байгуулллага аль аль нь стандартын бичиг баримтуудаа манайхаас аваад л, түүнийгээ баримтлаад ажлаа хийнэ. Тендерээ зарлана. Энэ тал дээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба манайхтай маш сайн хамтарч ажиллаж байгаа. Тэднийх нийслэлд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж ажилладаг. Манай мэргэжилтнүүд Захирагчийн ажлын албаныхантай гадуур судалгаанд хамт  явж байгаа. Мөн стандартын баримт бичиг дээрээ ч хамтарч ажиллаж байгаа. Гаргасан стандартуудаа мөрдүүлэх тал дээр бид есдүгээр сар хүртэл хяналт тавьж ажиллана. Ямарч байсан нэгдүгээр улиралд нийслэлийн нутгийн захиргааны болон мэргэжлийн байгууллагууд маань нэг стандарттай, нэгдсэн ойлголттой болж чадсан. Мөн хэсгийн ахлагч нарыг зохион байгуулалтад оруулж, сургалтад хамруулж, мэдээллээр хангалаа. Хотын стандартын эхний 14 бичиг баримтыг бүх байгууллагуудад хүргүүллээ. Цаашид маш олон бичиг баримт гарна.

-Стандартуудыг иргэдэд таниулах, ойлгуулах тал дээр юу хийх  вэ. Стандартыг мөрдөх ажлын нэг тал нь иргэд өөрсдөө шүү дээ?

-Иргэддээ стандартуудыг танилцуулах, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ. Манай Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан ёсны сайт дээр стандартын бичиг баримтууд бүгд тавигдсан байгаа. Тэндээс татаж аваад үзэх боломжтой. Ер нь стандартын талаар иргэдийн мэдлэг, ойлголт сул байгаа нь үнэн. Гудамж талбайд биеэ зөв авч явахаас эхлээд хотын соёлтой холбоотой асуудлууд хүртэл стандарттай холбоотой. Хотод амьдарч байгаа л бол стандартыг мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл  хэм хэмжээнд захирагдана. Тиймээс бид хотын оршин суугч ямар байх вэ гэдэг талаар судалгаа хийж, энэ талын стандарт боловсруулах бичиг баримт дээр ид сууж байгаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)