Шинэ коронавирус /сovid-19/-т халдвартай холбоотой олон улсын нөхцөл байдал

Олон улсын валютын сангаас гаргадаг “World Economic Outlook” тайланд “Covid-19”-ийн улмаас дэлхийн эдийн засаг урд өмнө байгаагүйгээр хямралд орно гэдгийг онцолжээ. Дэлхийн ДНБ энэ жил 3 хувиар агшиж, ирэх жилд 5.8 хувиар өснө гэх тооцооллыг гаргаж байгаа ч коронавирусний тархалтаас шалтгаалж 2020, 2021 онуудад дэлхийн ДНБ нийт 9 их наяд ам.доллар буюу Япон, ХБНГУ-ын эдийн засагтай тэнцэх хэмжээний алдагдал хүлээх, өндөр хөгжсөн эдийн засагтай улс орнууд 6.1, хөгжиж буй орнуудын эдийн засаг 1 хувиар тус тус агших тооцооллыг гаргаад байна. Харин БНХАУ болон Энэтхэгийн эдийн засгийн эрч саарах хэдий ч 1.2-1.9 хувийн  хооронд өсөх таамаглал дэвшүүлж байна.

Цар тахлын улмаас Зүүн өмнөд Ази, цаашлаад Ойрхи Дорнод, Африкт хүнсний хомсдол үүсэх нөхцөл байдал бий болж байна. Улс орнууд хилээ хаасны улмаас ажиллах хүчний урсгал зогсож, зарим улс дотоодын хүнсний хэрэгцээгээ хангах үүднээс тодорхой нэр төрлийн хүнсний экспортоо зогсоож нөхцөл байдал хүндэрчээ. Тухайлбал, нийт хүнсний хэрэглээний 90 орчим хувийг импортоор авдаг Сингапур улсын хэмжээнд хүнсээ хангалттай нөөцөлсөн гэж байгаа ч Худалдаа, үйлдвэрлэлийн яамнаас “Экспортлогч орнуудад тогтоосон хөл хорионы улмаас хүнсний хангамжид саатал гарч болзошгүй”-г мэдэгдсэн байна. Мөн ОХУ 7 дугаар сарын 01-нийг хүртэл үр тариа, гурил будааны экспортоо зогсоосон нь Булангийн орнуудад томоохон цохилт болов. Тус бүс нутгийн орнуудын дотоодын хүнсний хэрэгцээний 80-90 хувь нь импортоос хамааралтай, түүний дотор Египет, Иран улсууд голлон импортлогчийн хувьд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний стратегийн нөөцийг бүрдүүлэх шаардлагатай тулгарчээ.

БНХАУ хилийн чанадаас дамжин орж ирэх халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлж, хяналт тавих ажлыг сайжруулах, боомт бүхий хотуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хүн хүч, шинжилгээ, эмчилгээ хийх тоног төхөөрөмж, халдварын эсрэг материал, хэрэгслийг нэмэгдүүлэхээр болов.

Бээжин хотын Биеийн тамирын хорооноос эхний ээлжид задгай талбай дахь бүх төрлийн теннисний спортын газрууд, улмаар халдварын тохиолдол илрэхгүй бол бусад задгай болон дотор орчин дахь спорт, фитнесийн газруудыг 5 дугаар сарын 7-ноос өмнө шат дараатайгаар нээхээр болов. Гэхдээ үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн мэдээллийг бүртгэж, урьдчилан захиалсан цагийн хуваарийн дагуу, биеийн халууныг хэмжсэний үндсэн дээр нэвтрүүлэх аж.

Хубэй мужийн Ухань хотод өнгөрсөн 3 дугаар сараас эхлэн “Covid-19”-өөр өвдөн эдгэрсэн хүмүүст нөхөн сэргээх эмчилгээ хийх Хятадын уламжлалт эмчилгээний эмнэлэг нээгдэн ажиллаж байна. Мөн “Covid-19”-өөр өвдөн эдгэрсэн иргэдийг Ухань хотод 14+14 буюу 14 хоног төвлөрсөн тусгаарлалтад, дахин 14 хоног гэрийн тусгаарлалтад байлгах дэглэмийг мөрдөж байна.

 

АНУ-ын Сенат жижиг бизнес эрхлэгчдийн зээлийн сан, эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт болон “Covid-19”-ийн эсрэг оношлуур худалдан авахад зориулсан 484 тэрбум ам.долларын багц батлав. Жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Холбооны засгийн газраас олгосон 349 тэрбум ам.долларын санхүүжилт богино хугацаанд дуусч, эрэлтийг хангаж чадаагүй тул зээлийн санг дахин санхүүжүүлэх болжээ. Конгресс ойрын хугацаанд нэмж 1 их наяд ам.долларын багц гаргах эсэх асуудлыг хэлэлцэхээр зэхэж байна. Тус улсад ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах хүсэлттэй иргэдийн тоо өнгөрсөн сарынхаас 4 саяар нэмэгдэж нийт 26 саяд хүрчээ.

 

ОХУ-ын Хорио цээрийн алба бага насны хүүхдүүд “Covid-19”-өөр хөнгөн хэлбэрээр өвдөж, хурдан эдгэж байгаа ч насанд хүрэгчдээс илүү удаан хугацаанд халдварын эх үүсвэрийг тээн, бусдад халдааж байгааг онцолсон байна. Халдварын эхний шатанд улирлын томуутай төстэй хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрдэг тул иргэд үүнийг үл тоон өвчнөө хүндрүүлэх тохиолдол их байгаа аж.

Тус улсын уушгины өвчлөлийн ерөнхий эмч А.Чучалин, шинэ төрлийн коронавирусний мөчлөг нь 3.5-4 сарын хугацаатай, вирус ОХУ-д 2 дугаар сараас тархаж эхэлсэн тул өвчлөл 6 дугаар сараас буурна гэсэн бол  “Сбербанк”-ны дүн шинжилгээний мэргэжилтнүүд, өвчний оргил үе ОХУ-д 5 дугаар сарын 05-наас 10-ны өдрүүдэд үргэлжилж, үүнээс хойш буурна гэсэн тооцоог математик загварчлалаар гаргажээ.

Москва хотын захиргаа амьсгалын замын халдварт өвчин туссан болон өвчтөнтэй хамт амьдарч буй иргэдийг тусгаарлаж, байршил тогтоогчийн тусламжтайгаар хянаж, иргэд хоорондын зайг 1.5 метр хэмээн тогтоож, олон нийтийн газар төдийгүй нийтийн тээвэрт уг зайг зөрчвөл 5,000 рублийн торгууль ногдуулж байна. Хязгаарлах дэглэм тогтоосон нь тус хотын гудамж, талбайд үйлдэгдэх гэмт хэргийн гаралтыг 9.5 хувиар буурахад хүргэв.

Өвчний дэгдэлтээс сэргийлэхээр тогтоосон “өөрийгөө хязгаарлах” дэглэмийн улмаас ЖДҮ болон үйлчилгээний салбарт ажилладаг 25 сая иргэн санхүүгийн хүндрэлд орсон бөгөөд дэглэмийг сунгавал нөхцөл байдал улам хүндрэхээр байна. ОХУ-ын эдийн засаг энэ жил эерэг тохиолдолд 3.8 хувь, сөрөг хувилбараар 10.2 хувь агших тооцоо байгаа бөгөөд энэ нь 2.5-8 сая иргэн ажлын байраа алдах эрсдэл дагуулж байна.

 

БНКазУ-ын Нур-Султан, Алматы, Шымкент зэрэг томоохон хотуудад халдварын өсөлт 7 хувиар буурсан ч тархалт бага байсан бусад газруудад нэмэгдэх хандлагатай байна. Өвчлөл гарсан муж, хотуудад тогтоосон онц байдлын дэглэм үргэлжилж байгаа ч зарим үйлдвэр, барилга байгууламж, нотариат, банк зэрэгт байнгын халдваргүйжүүлэлт, ариутгал хийсний үндсэн дээр 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрлөө. Тус улсын Төв банк халдвар тархахаас сэргийлж 6 дугаар сарын 01-ний өдрөөс ААН-үүдэд бэлэн мөнгө олгохыг түр зогсоохоор боллоо.

 

БНФУ, Польш, Латви, Румын, Словак, Унгар зэрэг орнууд эм, эмнэлгийн хэрэгслийн экспортдоо хориг тавьсан нь Евро бүсийн бусад оронд нэн шаардлагатай зарим нэр төрлийн эмийн хомсдолыг бий болгов. Европын Комисс экспортын хоригоо цуцлахыг санал болгоход Словак, Польш хүлээж авсан бол Франц хоригоо чангаруулж чихрийн шижин өвчтэй хүмүүсийн өргөн хэрэглэдэг инсулинийг хоригт оруулав. Одоогийн байдлаар БНФУ антибиотик, өвчин намдаагч, тайвшруулах, булчин сулруулах үйлчилгээтэй эм, түүнчлэн коронавирусний халдварыг эмчлэх боломжтой гэгдээд буй remdesivir, hydroxychloroquine, lopinavir, ritonavir эмийн экспортыг зогсоосон. Гэхдээ тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ хориг эм үйлдвэрлэлийн магнат Санофи компанийн бүтээгдэхүүнд үйлчлэхгүй. Булчин сулруулах эмийг амьсгалын аппарат залгуулсан хүнд өвчтөнд хэрэглэж байгаа бөгөөд  Итали, Нидерланд, Бельги зэрэг оронд нэн шаардлагатай байгаа аж.

 

Ирланд Улсад коронавирусний халдвар авсан хүний тоо 16,040 хүрсэн тул 5,000-аас дээш тооны хүн оролцсон арга хэмжээг 8 дугаар сар дуустал хориглох, бусад хязгаарласан арга хэмжээг 5 дугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болов.

 

Египетийн парламент лхагва гарагт “Covid-19” цар тахалтай тэмцэх зорилгоор улсын Онцгой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж тодруулбал, сургуулиудын үйл ажиллагааг зогсоох, олон нийтийн цуглааныг хориглох, гадаадаас буцан ирж буй иргэдийг тусгаарлах, зарим нэр төрлийн барааны экспортыг хориглох, худалдаа болон тодорхой бүтээгдэхүүний солилцоонд хязгаарлалт тавих, хувийн эмнэлгүүд, тэдний эмч мэргэжилтнүүдийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд тодорхой хугацаагаар дайчлах зэрэг эрхийг төрд олгов. 

 

Япон Улсад дотоодын Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох асуудал хөндөгдөж байна. Тодруулбал, цар тахалтай холбоотойгоор вакцин, эм болон амьсгалын аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудыг Үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж үзэн хуульд нэмэлтээр оруулахаар судалж байна.  

 

БНАСАУ-д “Covid-19” өвчний тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй ч “Онц байдал”-ын дэглэм хэвээр үргэлжилж байна. Эрх баригчдын зүгээс цар тахлын дэгдэлт цаашид даамжирна гэдгийг хүлээн зөвшөөрч 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, улсын төсвийг батлахдаа вирусний халдвараас сэргийлэх, ард түмний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт гэдгийг тодорхойлов.

 

БНЭУ-ын Засгийн газар эмч, сувилагч зэрэг эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалах тухай журмыг танилцуулав. Тус журамд, эмч, эмнэлгийн ажилтнуудад ямар нэг байдлаар халдсан хүнийг 7 хүртэл жил хорих, 500 мянган рупи (6,516 ам.доллар)-ээр торгохоор тусгасан байна.

Тагнуулын ерөнхий газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)