Агуу эзэндээ мөргөн залбирч, Засгийн газраа дэмжин ажиллацгаая

Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачлагаар хэрэгжүүлж буй “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, барилгын ажлын шав тавих ёслолыг хийж байгаа нь Монголчууд бидний зүй ёсны баяр бахдалыг төрүүлж байна. Энэ сайхан музей нь Их эзэн Чингис хаан дэлхийн хүн байсныг харуулахаас гадна сайн цагийн эхлэл, сайхан үйлсийн үргэлжлэл болж, үр хүүхдүүддээ түүхээ үлдээж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их ажлын эхлэл хэмээн бид үзэж байна. Уг музей нь их эзэн Чингис хааны түүх соёлыг харуулсан музей байхаас гадна судалгааны төв ажиллахын хамт эрдэмтдийн зөвлөл байгуулагдсан нь их эзэн хааны үүх түүх, судалгааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулж, хэлсэн үг сургаалын өнөө цагт үнэт өв болон ирсэн байх юм.

Чингис хааны зарим үг сургаалаас эш татвал:

Үзэгдэхийн сайнаар тоогдоно 

Ухааны сайнаар хүндлэгдэнэ 

Сэтгэлийн сайхнаар ханьсаж 

Үйлсийн сайхнаар алдаршина 

Сээр нуруундаа бяцхан нэгэн үедээ алдаршина 

Сэтгэл оюундаа бяцхан түмэн үедээ алдаршина 

Хүний биеийг хураахаас сэтгэлийг нь хураагтүн 

Сэтгэлийг нь хураавал бие нь хаа одох вэ?

Бие баатар боловоос нэгэн үеийн баатар 

Билэг баатар боловоос түмэн үеийн баатар

Өргөн далайг гатал 

Өдөр уулыг зорь

Давшгүй даваа байна гэж бүү сэтгэ 

Давъя хэмээвээс давтугай 

Гэтэлшгүй мөрөн байна хэмээжүхэй 

Гэтлэе хэмээвээс гэтэлсүгэй

Хатагтай хүнд гурван эр бий 

Анхны эр нь алтан төр 

Дараах эр нь ариун нэр 

Удаах эр нь авсан эр 

Алтан төрийг хатуужин дагавал 

Ариун нэр бэпэн болно 

Ариун нэрийг бэхлэвэл 

Авсан эр ангид үл одно гэх мэт нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Өөрийгөө элээж, өрөөлийг хурцалсан, Өнжүүлийн цэнхэр билүү" гэдэг шиг өөрөө сурч, бусдыг сургаж, уриалж ирлэж явсан байгаа юм. Гэтэл урьд дэлхийн хаад ноёдоос Чингис хаан шиг ингэж амьдралын гүнрүү орж, хэдэн зууны турш хэлсэн үг, сургааль нь олонд гайхагдан яригдаж ирсэн нь хэд билээ. Өнөөдрийн ээдрээ төвөгтэй цаг үед дэлхийг төвхнүүлсэн Чингис хааны үзэл санаа, Их засаг хуулийн зүйл заалтууд онцгой ач холбогдолтой гэдгийг дэлхийн олон орны удирдагчид хүлээн зөвшөөрч, судалгаа шинжилгээний өргөн хүрээтэй ажлыг өрнүүлсээр байна. Их эзэн Чингис хааныг дэлхийн мянган жилийн суут хүнээр өргөмжилсөн. Одоогоос 20 шахам жилийн өмнө дэлхийн том улс гүрнүүдийн удирдагчид Бээжинд цугларан хийсэн хурал дээр АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон “Өнөөгийн дэлхий ертөнцийн хүрсэн түвшин орчин ахуй мөхөл хямралд орж, зогсонги байдалд хүрч, эмх замбараагүй тал руугаа хэлбийж байна. Иймд дэлхийн талыг эзэгнэсэн эртний Монголын XIII зууны үеийн Чингис хааны суу ухаан, үг сургаалууд цаг тутам шинэ зүйлийг сурч, амьдралаар баяжуулж зөвхөн өөрөө мэдээд хадгалаад яваад байх биш, сурсан зүйлээ Монголын эзэнт гүрний оюун ухааны үзүүр толгойд тавьж бодлогынхоо гол цөмд нь оруулж, эзэнт гүрний цөөхөн Монголчуудыг үүгээрээ зөв залж чиглүүлж, удирдаж байсан. Нөгөөтэйгээр талын Монголчуудын нүүдэлчдийн амьдрал ахуй бол нийгмийн үе шат бүрт хэнээс ч хараат бус чөлөөт сэтгэлгээнд тулгуурласан, үндэсний өвөрмөц онцлогоо өөрсдийн амьдрал ахуйдаа баяжуулж, чадварлаг хэрэгжүүлж, байгаль орчинтойгоо харьцаж байгаа зэрэг нь хүн төрөлхтний өмнө одоо ч ач холбогдолоо алдаагүй бүр ч сонирхол татах хэмжээнд ойлгогдож байна. Тиймээс Чингис хаан, түүний Их засаг хууль, Монголчууд, нүүдэлчдээс сурах зүйл их байгаа. Үүнийг судлан амьдрал ахуйдаа хэвшүүлэх, хөгжүүлэх, судлах асуудал бид бүхний өмнө тавигдаж байна гэж үзсэн байна. Түүнчлэн дэлхийн орнуудад сахилга журамгүй, эмх замбараагүй явдал газар авлаа. Үүнийг 13-р зууны талын Монголчууд зөв шударгаар шийдвэрлэж байсан юм. Тиймээс дэлхийн улс орнуудад үлгэр загвар болсон олон жил амьдрах чадвартай, төрийн тогтолцоог зөвхөн Монголчууд л байгуулж чадна хэмээн найдаж байна” хэмээн өгүүлсэн байдаг.

 

Түүнчлэн эртний дорно дахин, төв Азийн өндөрлөг цээжинд оршин амьдарч байсан дэлхийн талыг эзэлсэн их эзэн Чингис хааны оюун бодлоос гарсан ухаалаг сургааль номлолууд дэлхий нийтийн анхаарлыг татаж чадаж байсан учраас АНУ-ын Массачусейтсийн Их Сургуулийн багш доктор, профессор Жек Веатерфорд 2004 онд “Өнөөгийн дэлхий ертөнцийг эзэгнэгч Чингис хаан” номын туурвин бичиж, дэлхийд түгээж, Монголд орчуулагдан эрдэмтэн мэргэд, судлаач нарын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Нэрт эрдэмтэн, Антропологи судлалын профессор Жек Веатерфорд энэ ном дээрээ үндэслээд Чингис хааны байлдааны арга барил, стратеги тактик, хэлсэн үг сургаалыг нь түгээн дэлгэрүүлснээс гадна төрийн тухай, төрт ёсны тухай уламжлалын хэлхээ холбооны бүтэц, антропологи судлалаар улам задлан хөгжүүлж, олон арван ном товхимол, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл зэргийг бүтээн туурвиж, энэ талаараа олон улсад нэрд гарсан эрдэмтэн гэдгээ батлан харуулсан юм.

“Аливаа зовиур нүдүүр аюул түгшүүрийг үл хайхран эрэлхэг баатарлаг хатан зориг гаргаж намайг тойрон бүлгэмдэн нэгдэж, баяр зовлонг хамтаар эдэлж, эрхэм дээд үр бүтээлийг бүрэлдүүлсэн их улсын ард иргэд минь энэ ертөнц дээр буй олон улсын дотор хамгийн аугаа их ард түмэн болно” хэмээн найман зууны тэртээ их эзэн Чингис хаан алтан сургаалаа хайрлажээ. “Аугаа их түүхтэй ард түмэнд асар их ирээдүй бий” гэсэн мэргэн үг байдаг.

 

Бид эх түүхээсээ сургамж авч, улс гэрээ өөд татаж чадвал Монголчуудад асар их ирээдүй бий. Монгол хүн бүр Чингис хаан шиг хүн чанартай, өндөр ёс суртахуунтай, хатуу зарчимтай, хүний ач тусыг мартдаггүй, аав ээж, ахан дүүсээ хүндэлдэг, үерхэл нөхөрлөлдөө үнэнч, хань нөхөддөө халамж түшигтэй, өвөг дээдсээ асардаг, өнчин ядуусыг тэтгэдэг, ажилсаг хөдөлмөрч, тэвчээр хатуужилтай, итгэл үнэмшилтэй, өөдрөг ариун сэтгэлтэй болж,төлөвшихөд чиглэгдэх учиртай.

 

Мөнх нар, мөнгөн сар, од эрхсийн ивээлд оршдог ховорхон хувь заяатай, дэлхийн зулайд мэндэлсэн Монголчууд бидний их эзэн Чингис хааны ундаалж явсан ус голууд урсаж, бишрэн сүсэглэж, тахиж шүтэж явсан уул овоо сүмбэрлэж, монгол ахуй мал сүрэг нь бэлчиж, мөнх хөх тэнгэрийн хишиг буян хур бороо орж, ээрэм талын эгшиглэнт салхи жавар нь үлээж, эцэг өвгөдийн маань оюун санааны орчлон болсон хязгааргүй цэнхэртэх агаарын орон зай оршиж, мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмэн өөдлөн мандахын бэлэгдэл ерөөлтэй учир эцэг өвгөдийнхөө нэр алдрыг бодож сайн ажиллаж сайхан амьдрах хэрэгтэй.

 

 

 

Тэр үед гарсан “Эртний сайхан” дуунд ард түмнээ “тэнгэр мэт заяатай, тэгш таван оюунтай, тэнүүн уужим заяатай тэнгэрийн минь үр сад билээ” гэж магтсан байдаг. Энэ нь Монголын ард түмэн хүнд хүчир цагт засаг төрдөө түшиг тулгуур болсоор ирсэн учраас ингэж бичсэн хэрэг. Дээр нь нэмж хэлэхэд Германы гүн ухаантан, Философич Гегель “Монголчууд хүн төрөлхтөнд оюун ухаан бэлэглэсэн” гэж хэлсэн нь үүнийг давхар гэрчилж байна. Монгол Улс 1992 оноос хойш 30-аад жилд хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 567 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан, мөрдөж ажиллажээ. Тэдгээрээс амьдрал дээр бодит үр шимээ өгсөн нь бараг үгүй. Учир нь хөгжлийн олон хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилт нь туйлын хангалтгүй, хоорондын уялдаа холбоо тааруу байсан. Ингэж байтал дараагийн Засгийн газар гарч ирээд урьдахаа үгүйсгээд өөрийнхөө хөтөлбөрийг яриад суусаар байтал хамаг цаг нь явчихсан байдаг. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гаргаж Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийж, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох, боловсруулах ажлын хэсэг байгуулж, салбарын эрдэмтэд, судлаачид, бусад олон талын санал дүгнэлтэд тулгуурлаж “Алсын хараа 2050" бодлогын баримт бичгийг ажлын хэсэг нь боловсруулж, оны эхээр ерөнхий сайдад өргөн барьсан. Улмаар УИХ-д өргөн барьж, Ерөнхийлөгчид баримт бичигээ гардуулж, мөн улс төрийн бүх намын удирдлагуудад бас тараан өгчээ. Ерөнхийлөгч Х.Баттулга “Алсын хараа 2050”-ын гол онцлог бол МУ-ын хувьд өнгөрсөн 30 жилд алдсан алдаагаа давтахгүйгээр дараагийн 30 жилээ харах нь чухал учраас энэ бүхнийг бүхэлд нь багтаасан бодлогын баримт бичиг гарсанд олзуурхаж байна” гэсэн. “Бид ирэх 30 жилд улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж намчирхалгүйгээр хөгжлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг болсон учраас бодлогын баримт бичгийг боловсруулсан" гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ онцлон дурдсан. Иймээс Монгол улсын хөгжлийн загвар бусдаас өөр байх ёстой, уламжлал шинэчлэлээ хадгалсан, үндэсний онцлогоо тусгасан эдийн засгийг солонгоруулах чиглэлд дорвитой өөрчлөлт гаргах, интернет цахим ертөнцөд суурилсан бусдаас өвөрмөц маягийн хөгжил дэвшлийн чухал баримт бичиг болсон гэж үзэж байна. 

 

Одоо бидэнд тулгараад байгаа нэг зорилт бол залхуугаасаа салж, ажиллах бас дахин ажиллах хэрэгтэй байна. Найман настай балчраасаа эхлэн наян настай азай буурал гэхээсээ илүү хөдөлмөрийн насны хүн бүр толгой дараалан хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Сая Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Хөдөлмөрийн насны хүн хөдөлмөрөөс өөрийгөө чөлөөлнө гэдэг гэмт хэрэг мөн” гэсэн заалт оруулъя гэтэл буйртай суурьтай авч үзсэнгүй шивдээ. Юунаас нь айдаг байнаа. Ингэж байж бид үй түмэн архичид гудамжинд ундуй сундуй, хаа л бол хаа архи уугаад уначихсан энэ архичдийг цөөлөх хэрэгтэй байна. Үүнд улсын хэмжээгээр аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, багийн Засаг дарга нар нарийн төлөвлөгөө гаргаж цагдаагийн байгууллагын хяналтан дор ажиллуулах саналтай байна. Хөдөлмөрлөх нь хамаг сайн сайхан зүйлийн эх үндэс бөгөөд, хүсэл мөрөөдөлдөө хүрэх хамгийн дөт зам юм. 

 

У.Хүрэлсүхийн Засгийн газар хамаг чадлаараа ажиллаж байна. Харамсалтай нь урд Засгийн газрын тавьсан өрийг дөрвөн жил тасралтгүй төлж, дээрээс нь дэлхийн нийт хүн төрөлхтнийг айлгасан, сэтгэл санааг нь түгшээсэн цар тахал гарсан нь нийт улс оронд, ард түмэнд албан байгууллагуудад, иргэдэд эдийн засгийн асар их хэмжээний дарамт шахалт, хор хохирол болж бууж байна. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газар олон арван жил яригдсан газрын тосны үйлдвэр, гангын үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, усан цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр одоо бас Найлайхын цаана баригдаж байгаа, саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, орон сууцны хороолол, дэд бүтэц, авто зам, хурдны зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж амжилттай хэрэгжүүлж байна.

 

Хамгийн гол нь бие даасан хараат бус, олон тулгуурт эдийн засагтаа хөгжлийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр Монгол улсад бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүллээ. Ийнхүү улс орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээрээ зогсож байна гэж хэлж болохоор байна. Дашрамд дурдахад салбарын эрдэмтэн мэргэд болон сурган хүмүүжүүлэгч, иргэдийн ярианаас сонсвол УИХ-ын хуралдаан, Байнгын хорооны хурал, намын бүлгийн хурал, Засгийн газрын хуралдаан, гадаад дотоодод томилолтоор явах зэрэг их ажлын хажуугаар уулзах хүмүүсээ цаг зав гарган хүлээн авч, тэдний санал хүсэлтийг сонсон дор бүр нь шийдвэрлэж байсан сайд асан Ц.Цогзолмаа, сайд Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Байнгын хорооны дарга Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Д.Гарамжав, УИХ-ын гишүүн, Азийн нэрт эдийн засагч Б.Баттөмөр, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр нар сайн ажиллалаа. Учур нь энэ таван залуу багагүй хугацаанд тэмцэн босч, Салхитын мөнгөний ордыг улсын мэдэлд авч, олон мянган хөгшчүүлийн тэтгэврийн зээлийг тэглэж, тэдний магнайг тэнийлгэн баяр талахрлыг нь хүлээгээд байна. Аюулт өвчин, түгшүүр нүүрлэсэн энэ цаг үед ард түмэн маань эрвийх дэрвийхээрээ хичээж байна. Хүн төрөлхтөн коронавирустэй дайн зарлаад байна. Дэлхий биднийг гайхан харж, зарим нь бахархаж байна. Монголын ард түмэн эрх тэгш ёс суртахуунтай шударга нийгмэд ажил орлоготой эх орондоо үнэ цэнэтэй, сэтгэл тэнүүн сайхан амьдрах гарааны нөхцөл байдал бүрдэж байна. Одоо бид улс төрийн хийрхэл, талцалаас татгалзаж, эв санааны нэгдлийг эрхэмлэн, хүчээ нэгтгэх цаг иржээ гэж ойлгогдож байна. Мөнх хөх тэнгэр, Чингис хаан биднийг ивээн тэтгэх болтугай. Сайн үйлс урган соёолж, цэцэглэн хөгжиж, улам дэлгэрэх болтугай.

 

 

Б.ТҮНЭРЭВ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)