Греко-оос ковид-19-ийн үеийн авлигын эрсдэлийг анхааруулав
- 2020-04-28
- Дэлхий
- 0
Европын зөвлөлийн авлигын эсрэг байгууллага болох ГРЕКО-оос Ковид-19-ийн тархалт “авлигын эрсдэлийг нэмэгдүүлж” байгааг мягмар гарагт анхааруулж гишүүн улс орнууддаа зориулан удирдамж[1] гаргасан байна.
Засгийн газрууд болон байгууллагууд эрүүл мэндийн үйлчилгээн дэх хээл хахууль болон худалдан авах ажиллагааны системд тусгайлан анхаарал хандуулах ёстой болохыг Европын зөвлөлийн Авлигын эсрэг улсуудын бүлэг (ГРЕКО)-ийн тэргүүн Марин Мрчела мэдэгдлээ.
Мөн түүний мэдэгдэж байгаагаар улс орнууд шинэ бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлттэй холбоотой авлигаас урьдчилан сэргийлэх, Ковид-19 тэй холбоотой төр, хувийн хэвшил дэх луйврын эрсдэлээс зайлсхийх, эрүүл мэндийн салбар дахь шүгэл үлээгчийн хамгаалалтыг нэмэгдүүлэх асуудалд анхаарах ёстой юм.
Эрүүл мэндийн салбарын эрсдэл нь эмнэлгийн хэрэгслийн яаралтай хэрэгцээ, худалдан авах ажиллагааны журмыг хялбарчлах асуудал болон эмнэлэг, эрүүл мэндийн ажилчдын ачаалал зэргээс болж нэмэгдэж байна.
ГРЕКО-оос гаргасан дээрх удирдамжид улсын болон бүс нутаг, орон нутгийн байгууллагууд цар тахлын эсрэг тэмцэл явуулахдаа ил тод байх, мөн өөрсдөө хяналттай, хариуцлагатай байх асуудлыг тусгасан байна.
“Ковид-19 бидний ил тод, хариуцлагатай байх үнэт зүйл, стандартыг алдагдуулахыг бид хүлээн зөвшөөрөх ёсгүй. Ил тод байдлыг хангахад чиглэсэн портал буюу дижитал мэдээллийн платформыг бий болгох нь авлигаас урьдчилан сэргийлэх, мөн хууль дээдлэх ёсыг хамгаалах чухал арга хэрэгсэл болно” хэмээн Мрчела мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.occrp.org
Сэтгэгдэл (0)