Цар тахал ямар асуудлыг ил болгов
- 2020-04-29
- Дэлхий
- 0
Москвагийн “Сколково” Удирдлагын ухааны сургуулийн Боловсролын шинэчлэлийн төвийн судалгааны багийн ахлагч Дара Мельник дэлхийн хэмжээнд коронавирусний дэгдэлт улс, орнуудын дээд боловсролын салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Үүнд:
Өнөөгийн хямралын үр дагаврыг харах гурван өнцөг байна. Эхний бөгөөд ойлгоход хамгийн хялбар өнцөг бол КОВИД-19 нь сургалтыг цахим хэлбэрт шилжихэд хүргэж, дижитал технологийг эзэмшигч болон дэмжигч нарын хувьд алтан үеийг бий болголоо. Хичээлийн жилийн явцад зохион байгуулагддаг аливаа ёслолын арга хэмжээ, явцын, төгсөлтийн болон элсэлтийн шалгалт гээд бүхий л арга хэмжээ цахим хэлбэрт шилжив. Зарим их, дээд сургуулиуд багш нараа онц байдлын горимд яаралтай сургалтад хамруулж, өндөр хурдны дижитал тоног төхөөрөмж худалдан авч, зайны сургалтад шилжсэн бол зарим сургуулиуд компьютер болон интернетийн хүртээмж тэгш бус байдлыг бий болгоно гэж үзээд намар болтол сургалтаа зохион байгуулахаас татгалзлаа. Гэхдээ л ихэнх их, дээд сургуулиуд хичээлийн жилийн хуваарьтаа өөрчлөлт оруулсан байна.
Хоёр дахь нь – цар тахал нь ноцтой боловч хязгаарлагдмал хугацааны гамшгийн жишээ гэж харах өнцөг бөгөөд энэ нь ийм төрлийн цочролд их, дээд сургуулиудын бэлэн байдлыг үнэлэх боломжийг бий болголоо. Их, дээд сургуулиуд нь хэдэн жилийн түүхтэйгээсээ үл хамааран ийм төрлийн хямралд бэлэн биш байна гэдэг нь тодорхой болоод байна. Тэдэнд онцгой байдлын төлөвлөгөө огт байхгүй эсхүл тэр нь хэрэгждэггүй бөгөөд тэд стратеги төлөвлөлт хийх бусад хэрэгслийг ашигладаггүй юм байна.
Эцэст нь буюу гурав дахь өнцөг – өнөөгийн нөхцөл байдал нь дээд боловсролыг бодитоор оношлох боломжийг үүсгэлээ. Ширүүн бороо ороход дээврийн аль хэсгээр дусаал гоожиж буй нь ил болж, асуудалтай байгаа талбайг бүхэлд нь харах боломжтой болдог.
Эрсдэлийн бүс
Алив эрсдэл эмзэг бүлэгт хүндээр тусдаг. Энэ удаад цахим технологи нэвтрээгүй, дутуу санхүүжилттэй дээд боловсролын тогтолцоо (жишээ нь Сахарын цөлөөс урагш бүсийн Африкийн орнууд), “аюулгүйн дэр”-гүй их, дээд сургуулиуд, карьерийн хувьд шилжилтийн үе шатандаа яваа багш, судлаачид, бага орлоготой гэр бүлээс гаралтай оюутнууд болон гадаад оюутнууд хамрагдаж байна.
Бага орлоготой гэр бүлээс гаралтай оюутнууд болон “уламжлалт бус оюутнууд” гэж нэрлэгдэж ирсэн эчнээгээр эсхүл мэргэжлээ солихоор буцаад сургуульд элсэн орсон оюутнуудын нэг хэсэг нь амьдралын хэрэгцээнээс болж дээд боловсролоос татгалзана. Энэ нь юуны өмнө дээд боловсролын өртөг өндөртэй орнууд (АНУ, Их Британи, Австрали гэх мэт)-ын оюутнуудад хамааралтай юм.
Их, дээд сургуулиуд өөрийн оюутнуудад дэмжлэг үзүүлэх ёстой юу, үгүй юу? Хэрэв үзүүлэх ёстой бол, яаж? гэсэн асуудлыг зарим улс орнууд хэлэлцэж байна.
Африкийн их сургуулиуд өөрийн оюутнуудад компьютер бэлэглэх, түрээсээр авч өгөх эсхүл интернет ашиглах эрхийг санал болгож байгаа бол АНУ-ын өндөр зэрэглэлийн судалгааны сургууль болох Чикагогийн их сургууль 2020/21 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон оюутнуудад үзүүлдэг бусад үйлчилгээний төлбөрийг нэмэхгүй гэж амласан байна. Тайландын 52 их, дээд сургууль болон Арабын Нэгдсэн Эмират Улсын хэд хэдэн их сургуулиуд сургалтын төлбөрөө бууруулжээ. Эдийн засгийн өсөлт саарч байгааг болон цаашид нэмэгдэх оюутнуудын хүсэлтийг харгалзан сургалтын төлбөрөө бууруулж байгаа сургуулиудын жагсаалт үүгээр дуусахгүй байх хандлагатай байна.
Сайн оюутнуудаа тогтоож барихын тулд их, дээд сургуулиуд оюутнуудад тэтгэлэг санал болгох, сургалтын төлбөрөө уян хатан болгох эсхүл бууруулах бодлого баримтална. Энэ нь чадварлаг боловсон хүчнийг дэмжих болон нийгмийн тэгш байдлыг хангахад хэрэгтэй боловч нөгөө талаас их, дээд сургуулиудад нэмэлт санхүүжилтийг улсаас нөхөн олгох асуудлыг үүсгэж байгаа юм.
Хорио цээрийн үеийн хямрал нь сургалтын төлбөрөөс хамааралтай, тэр дундаа гадаадын оюутнуудын сургалтын төлбөрөөс багагүй хамаардаг хувийн их, дээд сургуулиудад хүнд цохилт болж байна. Тухайлбал, Австралийн их, дээд сургуулиудын төсвийн 20 хувийг гадаад оюутнуудын сургалтын төлбөр бүрдүүлдэг. Австрали болон АНУ-ын Засгийн газрууд ийм сургуулиудад багагүй хэмжээний санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ.
Олон улсын дээд боловсролын шинжээч Саймон Маргинсоны үзэж байгаагаар, сүүлийн жилүүдэд хурдацтай өсөж байсан олон улсын оюутан солилцооны хөтөлбөрүүд буцаад сэргэхэд доод тал нь таван жилийн хугацаа шаардагдах нь. Нидерландын Studyportal нэртэй платформ олон улсын оюутан солилцооны хөтөлбөрийн нөхцөл байдлыг ажиглах хяналтын самбар ажиллуулж эхэлсэн байна. Уг хяналтын самбарын мэдээллээр 4 дугээр сарын дунд үе гэхэд олон улсын солилцооны хөтөлбөрийн оюутнуудын 40 хувь нь сургалтын төлөвлөгөөгөө өөрчилж, цахим сургалтын хөтөлбөрүүдийг идэвхтэй хайж эхэлжээ.
"КОВИД-19"-ийн хоёр дахь давлагаанаас эмээж байгаа Итали болон Европын орнуудад суралцаж буй гадаад оюутнууд, мөн Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцаж байгаа африкийн оюутнууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдах үзэгдэл ихэслээ. Энэ нь цаашид гадаад улсад боловсрол эзэмших хүсэлтэй оюутнуудын шийдвэрт ихээхэн нөлөөлөх хүчин зүйл болно. Зарим улсуудад (жишээ нь АНУ) гадаад оюутнуудад дэмжлэг үзүүлэх сангуудыг яаралтай байгуулсан бол ОХУ-д гадаад оютнуудыг дотуур байрнаас хөөхийг хориглосон байна. Их, дээд сургуулиуд ч өөрсдийнхөө оюутнуудад шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх баримт бичгийг дотуур байранд хүргэж өгөх, тогтмол сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх цахим уулзалт зохион байгуулах зэргээр дэмжлэг үзүүлж эхэлжээ.
Сүүлийн дурдсан арга хэмжээ өмнө дурдсан арга хэмжээнүүдээс илүү чухал ч байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл, хүний хүчин зүйл тогтолцоонд нэвтрэн орж байна гэсэн үг. Дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиуд оюутан, багш нартаа сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр сэтгэлийн түгшүүр, айдас, ганцаардлыг даван туулах сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээг онлайн хэлбэрээр нэвтрүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Энд ийм төрлийн үйлчилгээг үзүүлдэггүй орос, хятадын сургуулиуд илүү эмзэг байх хандлагатай. Мэдээж хэрэг тэнд ч, энд ч ганц нэг газар оюутнуудад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх оролдлогыг хийж байна. Гэхдээ санаачлагч нь оюутнууд л байна одоогоор.
Солилцооны хөтөлбөр зогссон тул ажил хайж байгаа залуу судлаач багш нар ч эрсдэлийн бүсэд байна. Шинээр багш ажилд авахгүй гэсэн их, дээд сургуулиудын жагсаалтад шилдэг, тэргүүний сургуулиуд нэмэгдсээр байгаа төдийгүй мөн багш нарын орон тоог багасгасан, эсхүл цалинг бууруулсан сургуулиуд ч нэмэгдэн орсоор байна.
Судлаач эмэгтэйчүүдийн академик амжилтад угаас багагүй нөлөө үзүүлж байдаг “ээжийн тэн” 2020 онд илүү хүнд болж иржээ. Судалгаа, шинжилгээний ажил урт хугацааны хичээл зүтгэлийг шаарддаг. Гэтэл хэн нэгэнд мөн таны байнгын анхаарал хэрэгтэй байх үед судалгааны ажил хийх хэцүү. Үүний зэрэгцээ, ихэнх улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад өтгөс нялхасаа асран халамжлах зэрэг гэрийн ачааны хүндийг үүрдэг нь тогтоогдсон байна.
Дээр дурдсан бүх бүлэг эрсдэлийн бүсэд өмнө ч байсан. Тэднийг тойрон дээд боловсролын эрх тэгш, шударга байдлын талаарх маргаан өрнөсөөр ирсэн. Гэхдээ өнөөдөр эдгээр асуудлууд илүү тод болж, үл ойшооход улам хэцүү болж байна. Хямрал бидэнд шинэ зүйл авчраагүй, харин асуудлыг улам хурцатгаж, даван туулах үйл явцыг илүү хурдасгах болов уу.
Эх сурвалж: БСШУСЯ
Сэтгэгдэл (0)