Райнхард Шнидрих: "Монголын говьд мянган тахь бэлчээхсэн" гэж мөрөөддөг

Олон Улсын Тахь Групп /ОУТГ/ нийгэмлэгийн ерөнхийлөгч Др. Райнхард Шнидрихтэй ярилцлаа. Уг нийгэмлэгийг 1999 онд Герман улсын иргэн Кристиан Освальд, Швейцар улсын иргэд Жан Пьер Зийгфрид, болон Дороттее Штамм нар анх санаачлан байгуулсан бөгөөд хувь хүмүүс, байгаль судлаач, зэрлэг амьтанд элэгтэй хүмүүсийн дэмжлэгээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм байна.

 

-Манай улс тахь сэргээн нутагшуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Танай нийгэмлэгийн түүх, зорилгоос ярилцлагаа эхэлье. Өнгөрсөн хугацаанд хэдэн тоо толгой тахь тээвэрлэн нутагшуулаад байна вэ?

 

-Олон улсын тахь групп нь Монгол Улсын Засгийн газартай урт хугацааны гэрээ байгуулсны үндсэн дээр тахийн уугуул нутаг болох Говийн их дархан цаазат газар /ГИДЦГ-ын “Б” хэсэгт тахийг сэргээн нутагшуулж байна. Энэ хугацаанд зуу гаруй тахийг Европоос Монгол руу тээвэрлэн авчирч нутагшууллаа. Уугуул нутагт нь авчирсны дараа тахийг сүргийн бүтцэд оруулдаг. Тахийн тээвэрлэлтийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж нутагшуулаад байна.

Нэгдүгээр шатанд Европ, Австралийн амьтны хүрээлэн, үржүүлгийн газраас нийт 89 толгой тахийг 1992-2004 онд тээвэрлэн авчирсан. Улмаар тахийн тоо толгой 150-д хүрээд байлаа. Харамсалтай нь 2009 оны өвөл ГИДЦГ-ын “Б” хэсэг, түүний орчны бүсэд байгалийн гамшиг, их зуд тохиолдсон юм. Зуднаар тахийн сүргийн 70-аас илүү хувь нь хорогдож, бид том сургамж авсан. Тиймээс хоёр дахь шатны тээвэрлэлтийг 2012 оноос эхлүүлж 39 тоо толгой тахийг дахин тээвэрлээд байна. Нөгөөтэйгүүр 2009-2010 оны зуд гэх байгалийн шалгарлыг даван туулсан тахь хурдан өсч, үржсэн билээ. Зүүнгарын говь, Алагнуурын говьд өдгөө 277 тоо толгой тахь сүрэглэн идээшлэж байна.

 

-Дэлхийд ховор энэ амьтныг зүй зохистой өсгөхөд байгалийн болон бусад хүчин зүйлсээс улбаатай бэрхшээл тохиолддог уу?

 

-Европоос тээвэрлэж авчрахад хүндрэлтэй зүйл бишгүй тохиолдоно. Гэхдээ энэ бол дулаан уур амьсгалтай орноос ирсэн тахь Монголын хуурай зун, хүйтэн салхитай өвөлд дасан зохицох байгалийн шалгуурын дэргэд жижиг асуудал. Хашаанаас нь гаргаж байгальд тавихад тахь төрөлх зөнгөөрөө идээшлэх газраа сонгодог.

Зэрлэг байгальдаа эргэн нутагшихад уур амьсгал, өвс тэжээл, халдварт өвчин, араатан амьтан гээд олон шалгууртай нүүр тулах нь жам ёсны асуудал. Үүнийг даван туулах нь зэрлэг байгальд оршин тогтнохын үндэс болдог. Тиймээс манай төслийн зорилго бол тахийн сүргийг байгалийн жамаараа өсч үржих нөхцөлөөр хангах явдал юм. 

 

-Тахийг нутагшуулах газраа сонгохдоо байгаль, цаг уурын нөлөөг тооцоолдог уу?

ОХУ, Хятадад тахь нутагшуулж байгаа. Гэхдээ Монголд нутагшуулснаараа ямар давуу талтай вэ?

 

-Монголд тахь нутагшуулах төслийг эхлүүлэхдээ далайцтай судалгаа хийсэн байдаг. Өнөөдөр дэлхийн хэмжээнд Монголд гурав Орост нэг, Хятадад хоёр газарт тахь нутагшуулж байна. Эдгээр орноос тахийг сэргээн нутагшуулах хүсэлтийг Монгол Улс анх гаргаснаараа онцлогтой. Мөн түүнчлэн тахь зэрлэг байгальдаа устахаасаа өмнө Монголд хамгийн сүүлд амьдарч байсан гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг. Оросын эрдэмтэд тахийг сэргээн нутагшуулах газруудыг 1980-аад оноос хайж бүх түвшинд судалсныг хэлэх хэрэгтэй. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэний дараа Европын судлаачид тахийн судалгааг гүнзгийрүүлсэн юм. Одоогоос хэдэн зуун жилийн өмнө тахь Евразийн талд дураараа идээшилж байв. Тахь сэргээн нутагшуулах боломжтой хэд хэдэн газрыг судалсны үндсэнд Зүүнгарын говийн Тахийн талыг сонгосон. Учир нь Тахийн тал бол энэ амьтны идээшлэж байсан сүүлчийн нутаг. Өөрөөр хэлбэл, тахь сүүлчийн удаа буюу 1960-аад оны эцсээр Тахийн тал орчимд харагдаж байжээ. Ер нь Зүүнгарын говьд Тахийн тал, Тахь ус, Тахийн шар нуруу, Тахийн цавчаал зэрэг уугуул нэршил нь тахьтай холбоотой газар нутаг олон бий. Тиймээс Зүүнгарын говь бол хамгийн олон тахь амьдрах боломжтой нутаг. Хустайн нуруунд ч тийм боломж хомс. Учир нь ойр орчимд нь газар тариалан эрхэлдэг учраас тахь дураараа идээшилж чаддаггүй. Цаашилбал, Олон улсын байгаль хамгаалах холбооноос гаргасан (IUCN /The International Union for Conservation of Nature)) зөвлөмж, зааварчилгаагаар манай төсөл хэрэгждэгээрээ онцлогтой. Энэ нь байгальдаа устаж үгүй болсон зэрлэг амьтдыг хэрхэн сэргээн нутагшуулах тухай зөвлөмж юм. Улмаар тахийг нутагшуулахын өмнө Монголын говьд дахин амьдрах чадамжтай эсэхийг судалсан. Ийнхүү сэргээн нутагшуулахдаа бусад зэрлэг амьтантай хэрхэн зохицон амьдрах зохилдолгоог харгалзан үздэг. Энэ бүх шаардлагыг хангасан газар бол Монголын говь. Хэрвээ Австралид тахь нутагшуулна гэвэл биелэхгүй мөрөөдөл. Учир нь тэнд тахь хэзээ ч нутаглаж байгаагүй учраас бусад амьтантай зохицон амьдарч чадахгүй.

 

-Тахь гэдэг амьтан устахад хулгайн ан нөлөөлсөн болов уу гэж боддог. Одоо үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн иргэдтэй хамтран ажилладаг уу?

 

-Олон улсын байгаль хамгаалах холбооноос тахийн байгальд сэргээн нутагшуулахаас өмнө устсан шалтгааныг судалсан байхыг шаарддаг. Эдгээр шалтгаан нь байгаа цагт тухайн амьтныг сэргээн нутагшуулахад эрсдэлтэй. XX зууны эхэн үед тахийг олноор агнаж байхад хулгайн ангийн тухай хуулийн зохицуулалт бараг байгаагүй. Тэр үед тахийг орон нутгийн иргэдээс илүү казахууд агнадаг байсан. Мөн Хятад улс руу хил давсан тахийг агнах тохиолдол элбэг байв. Малын тоо толгой өсөхийн хэрээр тахьтай нутаг бэлчээр давхцаж байсан нь энэ амьтан устахад нөлөөлсөн. Бид тахийг нутагшуулахын өмнө Монголчуудын адууг дээдлэх уламжлал, заншлыг өдөөсөн юм. Ингэснээр тахийг хайрлаж бахархах сэтгэлээр хандаж, хууль бусаар агнахаа больсон. Ус, бэлчээрийн төлөөх тэмцлийг малчдад зөвөөр ойлгуулахыг хичээсэн юм. Дархан цаазат газарт орчны бүс байгуулахын тулд орон нутгийн иргэдтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, асуудлаа  амжилттай шийдсэн. 

Орчны бүсийн менежментийн төлөвлөгөөг боловсруулснаар малчдын өвөлжөөг зохицуулж чадсан.

 

-Дэлхийд ховор энэ амьтныг нутагшуулснаар тухайн сум орны хөгжилд эергээр нөлөөлж байна уу?

 

-Тэгэлгүй яах вэ. Монголын нэгэн бахархал болох зэрлэг адууг орон нутагт нь сэргээн нутагшуулсанд сумын иргэд баярладаг. Энэ бол мөнгө биш, бахархах сэтгэл гэдэг утгаараа бүхнээс эрхэм. Бид орон нутгийн иргэдийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор хамгаалалтын захиргааны ажилтан, байгаль хамгаалагчдаа тухайн орон нутгаас нь сонгож авахыг хичээдэг. Түүнчлэн орон нутагт эко аялал жуулчлал хөгжүүлж эдийн засгийн чадамжаа сайжруулах зорилт тавьсан. Энэ хүрээнд гэр бааз байгуулах, дэд бүтцийн зарим асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.

 

-Зэрлэг амьтад, зуд, ган гачиг зэрэг байгалийн гамшгаас гадна халдварт өвчнөөр тоо толгой нь хорогдох тохиолдол бий юү. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцин тарьдаг уу?

 

-Европын амьтны хүрээлэнгээс тээвэрлэх тахийг урьдчилсан үзлэгт оруулж, вакцин хийдэг. Монголд авчирсан тахийг нэг жил орчим дасгах хашаанд нутагшуулж орон нутгийн цаг агаар, бэлчээрийн ургамалд дасгадаг. Тэднийг хашаанаас гаргаж унаган байгальд нь тавихын өмнө зарим шаардлагатай үзлэгт хамруулдаг. Харин байгальд идээшилж эхэлснээр хүний оролцооноос бүрэн гардаг юм.

 

-Байгальд тоо толгой нь цөөрсөн учраас цус ойртох, адуутай эрлийзжих тохиолдол гардаг уу?

 

-Мэдээж цөөхөн тоотой сүрэглэн амьдардаг амьтан тул цус ойртох тохиолдол бий. Тахь байгальд устсаны дараа Европын амьтны хүрээлэнд нийт 13 толгой л үлдээд байсан. Тэр 13-аас л одоо дэлхийн хэмжээнд байгаа 2000 гаруй тахь үржсэн юм. Бид цус ойртолт байхгүй тахийг судалж Монголд нутагшуулдаг. Байгальд хүчтэй нь үлддэг зарчим үйлчилдэг. Товчхондоо, энэ асуудлыг байгаль эх зохицуулдаг гэж ойлгож болно. Үүнээс гадна тахийн сүрэгт Монгол адууны цус орчихвий гэдэг айдас бий.Тахь гэрийн адуутай үржилд орж, биологийн хувьд эрлийзжих боломжтой. Тиймээс эрлийзжихээс зайлсхийсэн бодлого баримтлах шаардлага гарч ирсэн. Гэхдээ говьд тахь байгалийн жамаар эрлийзжих нөхцөл харьцангуй бага.

 

Тахийн сүрэгт адууны генийн мэдээлэл орвол энэ амьтан устаж, бидний нөр их хөдөлмөр бүрмөсөн замхарна. Тахь хэмээх Монголын нэгэн бахархалт амьтан онгон зэрлэг хэвээрээ үёийн үед өсөн төлжих учиртай.

 

-Амьтны хүрээлэнгээс авчирсан тахийг байгальд тавихдаа хэрхэн бэлтгэдэг вэ?

 

-Нутагшуулалтыг дотор нь хатуу ба зөөлөн суллалт гэж хоёр хуваадаг юм. Бид энэ хоёр аргыг аль алийг нь ашигласан байдаг. Амьтны хүрээлэнгээс авчраад шууд байгальд нь суллах, дасгах хашаанаас алс цэг рүү зориудаар туух, тээвэрлэхийг хатуу арга гэж хэлээд байгаа юм. Энэ арга нь тийм ч тохиромжгүй гэдэг нь шинжлэх ухааны үндэслэл, практикаар ч батлагдсан. Нөгөө талаас, зөөлөн суллах аргаар буюу зөвхөн дасгах хашааны хаалгаар нь гаргаж байгальд нь нутагшуулсан нь амжилттай болсон юм. Зөөлөн суллалт гэдэг нь ихэвчлэн эхний нэг жил хашаанд байлгаж цаг агаар, ус, бэлчээр гээд бүх зүйлд нь дасгаж, хавар цас хайлж, өвс ногоо ургасны дараа нутагшуулахыг хэлнэ.

 

-Танай төслийнхөн аль улсын амьтны хүрээлэнгийн захиргаатай хамтран ажилладаг вэ. Тахь ийнхүү Европын амьтны хүрээлэнд тархсан түүхээс сонирхуулна уу?

 

-Тахь дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд тархсан түүхийн эхлэл гунигтай ч сайхан үйл явдлаар төгсдөг. Зуу гаруй жилийн өмнө хүмүүс гадны орнуудаар аялах боломж маш бага байсан учраас ховор, үзэсгэлэнтэй, өөр тивд амьдардаг амьтдыг зөвхөн амьтны хүрээлэнгээс л хардаг байлаа. Энэ үед зэрлэг ан амьтны худалдаа илүү ихээр хөгжсөн. Тодруулбал, байгалийн зэрлэг ан амьтдыг амьтны хүрээлэнд худалддаг байв. Оросын офицер Николай Пржевальскийн овгоор тахийг шинжлэх ухаанд нэрлэдэг нь учиртай. XIX зууны сүүлчээр Оросын судалгааны ангиуд Монголд ирж тахь гэдэг амьтны тухай анх мэдээлсэн. Тухайн үеийн амьтны хүрээлэнгүүд хаана ч байхгүй тахь гэдэг амьтныг худалдаж авч нэр хүндээ өсгөхийг зорьж байсан. Тиймээс Монголын говьд тахийн сүргийг хоморголон авласан. Ингэхдээ нас бие гүйцсэн тахийг устгаж, унагануудыг нь авч явсан байдаг. Тахийн унагыг Европ хүртэл хол замд тээвэрлэхдээ гүүний сүүгээр угждаг байсан гэдэг. Хүнд бэрх замын ая даалгүй олон унага замдаа үрэгдэж, цөөн хэд нь Европт хүрсэн. Зуун жилийн өмнө одоогийнх шиг зэрлэг ан амьтан, байгалийг хамгаална гэдэг ойлголт байгаагүй нь харамсалтай. Хүний буруутай үйлдлээс болж 1970-аад он гэхэд зэрлэг тахь байгальдаа бүрэн устаж зөвхөн амьтны хүрээлэнд л үлдсэн гунигт үйл явдал нь өдгөө сайхан түүхийн эхлэлийг тавьсан байдаг юм. Хэрвээ тахь амьтны хүрээлэнд үлдээгүй бол Евразийн талд энэ амьтан дахин онгон зэрлэгээрээ сүрэглэн амьдрахгүй байсан нь гашуун үнэн. Бид “Та нар тахийг онгон байгалиас “хулгайлж’’ чадсан шигээ унаган нутагт нь сэргээн нутагшуулах үүрэг хүлээх ёстой” гэсэн шаардлагыг амьтны  хүрээлэнгийн захиргаанд тавьсан. Швейцар, Герман, Австри, Чех, АНУ, Австрали, Украины амьтны хүрээлэн, үржүүлгийн газраас авчирсан тахийг Зүүнгарын говьд нутагшуулсан. Нарийн хэлж мэдэхгүй ч дэлхийн 20 гаруй амьтны хүрээлэнд тахь байдаг.

 

-Олон улсын тахь групптэй хамтран ажиллах болсон шалтгаан тань юу байв?

 

-Бёрны их сургуульд сурч байхдаа 1984 онд ховордож буй адууны овгийн зүйлүүдийг үржүүлэх төвд дадлага хийсэн юм. Тэр үржүүлэх төвд тахь байсан. Миний амьдрал адуутай салшгүй холбоотой. Манайх адуутай айл байсан бөгөөд би морьт цэргийн ангид алба хаасан. Африкийн нэгэн зүйлийн зэрлэг илжигний тухай дипломын ажил бичиж, ууланд амьдардаг зэрлэг амьтдын талаарх судалгааны ажлын үр дүнгээр эрдмийн зэрэг хамгаалсан юм. Зэрлэг илжигний тухай судалгаа хийж байхдаа Олон улсын тахь группийн судлаачидтай холбоо тогтоосон. Тэд 2006 онд надад хамтран ажиллах санал тавьсан.

Би Монголын тал нутагт тахь сэргээн нутагшуулж буй тухай олонтаа сонсч байв. Адуунд хайртай учраас энэ төсөлд дуртайяа нэгдсэн. Миний холын зорилго бол Монголын говьд мянган тахь идээшлэхийг харах. 

 

-Байгальдаа мөхсөн амьтныг сэргээн нутагшуулсан тохиолдол олон байдаг уу?

 

-Ийм түүх тун цөөхөн. Жишээлбэл, Өмнөд Америкт зарим төрлийн сармагчныг сэргээн нутагшуулсан байдаг. Амьтныг сэргээн нутагшуулахад амаргүйгээс гадна асар их санхүүжилт шаарддаг. Тиймээс сэргээн нутагшуулахаас илүү зэрлэг амьтан, байгалиа устгалгүй авч үлдэх хэрэгтэй. Төв Азийн улс орнуудад, тэр тусмаа уул уурхай, зам тээвэр хөгжихийн хэрээр зэрлэг амьтдын эрх дураараа бэлчээрлэх боломж хомсддог. Энэ утгаараа сүүлчийн онгон зэрлэг байгалийг хамгаалахын тулд Засгийн газар нь тухайн нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллагатай хамтран шийдвэр гаргах хэрэгтэй гэж би уриалмаар байна.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (31.13.145.57)

    2020-04-29

    70 хэдэн онд аав маань хамгиин суулчиин тахииг идрэнгиин нуруунд харсан гэж ихл гунигтаи ярьж бж билээ танд маш их баярллаа тахиин сурэг мянга мянга болно гэдэгт итгэлтэи бна