Ц.Энхбат: Малчид малын хулгайчдын дарамтад байна гэхэд хилсдэхгүй

Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ц.ЭНХБАТТАЙ ярилцлаа.

-Танай нийгэмлэгт өнгөрсөн жил малаа хулгайд алдсан гэсэн хүмүүс хэр хандсан бэ. Ер нь сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг буурах байдал ажиглагдаж байна уу?

-Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийг анх 1992 онд яруу найрагч Зундуйн Дорж гуай байгуулсан. Ингээд өнгөрсөн оны аравдугаар сард шинээр Улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаагаа үргэлжпүүлэн явуулж байна. Энэ хугацаанд бид алдсан малын зар хүлээж авах утас ажиллуулсан. Ингэснээр малчид мал сүргээ хулгайд алдсан тухайгаа манай 90107107 дугаарын утсанд мэдэгдэж, мөн нийгэмлэгийн нэртэй фэйсбүүк хуудсанд их хандаж байна. Өнгөрсөн хугацаанд 1000 гаруй малчин холбогдож алдсан малаа зарлуулах, олж өгөх, хүсэлтээ ирүүлсэн. Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг буурах биш харин ч өсөх хандлагатай байна.

 

-Малчдад алдсан малаа олоход нь та бүхэн хэрхэн тусалдаг вэ. Ер нь нэгэнт хулгайд алдсан малыг эргүүлж олох боломж хэр байдаг вэ?

 

-Хулгайд алдсан малыг олоход манай нийгэмлэгийн зүгээс дээр хэлсэнчлэн алдсан малыг нь олон нийтийн сүлжээ болон зарим телевизээр зарлуулах, цагдаагийн байгууллагад хандах, хамтарч ажиллах, машин техникээр хангах ажлыг зохион байгуулж байна. Хулгайд алдсан малыг эргүүлж олох боломж тун бага байна. Малчид малаа хулгайд алдчихаад тэр даруйд нь цагдаагийн байгууллагад ханддаггүй, өөрсдийн хүрээнд эрэл хайгуул хийдэг. Энэ нь цаг хугацаа алдах, ул мөр бүдгэрэх зэрэг хүндрэл учруулдаг. Нөгөө талаар цагдаагийн байгууллагад шуурхай хандсан ч хүн хүч, машин техник, бензин шатахуун дутмаг байдаг нь хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй болгож байна. Бас нэг шалтгаан нь мал, мах зөөж тээвэрлэх, шилжилт хөдөлгөөнд тавих хяналт механизм муу байна. Зарим малчны хэлж байгаагаар цагдаагийн байгууллага малын хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд хойрго ханддаг гэх гомдол байна. Тэгэхээр нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй.

 

-Гэмт хэрэгтнүүдэд ногдуулах ялыг бодитоор хэрэгжүүлдэг болов уу.Малын хулгайн гэмт хэргээр ял зэм хүртсэн этгээд хэр олон байдаг бол. Өнгөрсөн жилүүдийн бодит жишээнээс дурдвал?

 

-УИХ-аас Эрүүгийн хууль дахь малын хулгайн гэмт хэрэгтэй холбогдох заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, ялын бодлогыг чангаруулсан. Хууль хэрэгжиж эхлээд удаагүй байна. Өмнөх хуулийн “цоорхой”-г ашиглаж малын хулгай нэмэгдсэн гэхэд хилсдэхгүй. Одоо харин хуулийг бодитоор хэрэгжүүлэх нь чухал байна.

 

Мөн малын хулгайн гэмт хэрэгт холбогдогсдыг нотлох баримт, гэрч байдаггүй гэх шалтгаанаар ихэвчлэн хэрэгсэхгүй болгож байна. Манай нийгэмлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойших хугацаанд 2020 оны эхээр Хэнтий аймгийн шүүхээс нэр бүхий зургаан хүнд 2-9 жилийн хорих ял оноосон байна.

 

-Өнгөрсөн жилд малын хулгайн гэмт хэрэгт ногдуулах ялын хэмжээг чангатгасан. Энэ нь хэр үр дүнтэй шийдэл болсон бол. Ингэж ялыг нэмэгдүүлснээр малын хулгайн тоо буурах боломж байгаа гэж харж байна уу?

 

-Малын хулгайчдад ногдуулах ял шийтгэлийг чангатгасан нь зохих үр дүнд хүрнэ гэж бодож байна. Гэхдээ хууль цаасан дээр буух нэг хэрэг. Энэ хуультай нийцүүлж холбогдох бусад хууль тогтоомж, журам зааварт зохих шинэчлэлт зайлшгүй хийх шаардлага байна. Тухайлбал, цагдаагийн байгууллага малын хулгайн хэрэгт холбогдсон этгээдийг олж илрүүлээд мөрдөн байцаалт явуулъя гэхээр хорьж цагдах ямар ч боломж байдаггүй. Тухайн хэргийг гэрчлэх этгээд олддоггүй. Үүнээс болж, ихэнх тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож, байгаа юм.

 

Төвлөрсөн томоохон хүнсний захуудад нийлүүлж буй мал, махны гарал үүслийн гэрчилгээ тодорхойгүй, хяналт тавих боломжгүй зэрэг нь үүнд ихээхэн нөлөөлж байна. Зөвхөн хуульд өөрчлөлт оруулснаар малын хулгайн тоо буурах боломжгүй. Хууль хөрсөн дээрээ бууж, бодитоор хэрэгжиж, малын хулгайчдад тохирох ял шийтгэлийг өгснөөр цаашид энэ төрлийн гэмт хэрэг буурах боломжтой гэж харж байна.

 

-Малын хулгайг өөр нутгийн иргэд бус зэргэлдээ хөрш айлын хэн нэгэн үйлдэх тохиолдол их гэж сонссон. Мянгат малчин хүртэл хөршийнхөө малыг хулгайлаад газар дээрээ баригдсан гэсэн?

 

-Малын хулгай хийж байгаа этгээдийг тухайн орон нутгийн иргэд, малчид мэддэг. Гэхдээ тэдгээрийг гэрчилж чаддаггүй. Зарим тохиолдолд мянгат малчин, аймгийн алдарт уяач хүртэл мал хулгайлж буй мэдээлэл байна. Үйлдэл дээрээ баригдсан тохиолдол ч бий. Мөн аймаг, сум дамжиж малын хулгай хийдэг, бүлэг сүлжээ ч бий болсон байна. 

 

-Монголчуудын уламжлалт соёл мал аж ахуйтай салшгүй холбоотой. Гэтэл хулгайч нар хулгайлсан малаа нядлаад хэрэггүй гээд гэдэс дотрыг нь голын ус руу хаячихсан тохиолдлыг ч зурагтаар харуулж байсан. Ер нь малын хулгайн энэ мэтийн гэмт халдлагаас буянт сүргээ малчид хэрхэн хамгаалах вэ?

 

-Ийм тохиолдол гарсан. Олон тооны адууг хулгайлж нядлан гэдэс дотор, арьс шир, толгойг нь Тамирын годын мөсөн доогуур хийсэн байсныг Эрүүгийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх алба, Архангай аймгийн цагдаагийн байгууллага, манай нийгэмлэг хамтран ажилласны дүнд илрүүлж, баримт нотолгоотой нь гаргасан. Харамсалтай нь, энэ хэрэг одоо бүдгэрч байгаа дуулдсан. Малчид мал сүргээ хулгайн гэмт халдлагаас хамгаалах бүхий л боломж бололцоог хайж байна. Зарим аймаг, суманд малчдын бүлэг байгуулж, техник технологийн дэвшлийг ашиглах эрэл хайгуул хийж байна. Малчин шөнийн дурантай болох, бод малдаа чип суулгах саналыг ярьдаг. Мөн малаа байнгын хариулга маллагаа, хараа хяналттай болгох тал дээр анхаарч байна.

 

-Малын хулгай тэр аймаг, суманд их гарч байна гэсэн судалгаа танайд байдаг уу?

 

-Одоогоор ийм судалгаа байхгүй. Гэхдээ улсын хэмжээнд төвийн бүсийн аймгууд, дэд бүтэц илүү хөгжсөн газруудад малын хулгай зонхилон гарч байна. Тухайлбал, Хэнтий, Архангай, Төв, Булган, Өвөрхангай аймаг малын хулгайн гэмт хэргээр тэргүүлж байна. 

 

-Ер нь хөдөөний малчид малаа хэн хулгайлсныг нь бараг мэдчихээд хуулийн дагуу явах талдаа хойрго ханддаг болов уу. Ганц үхэр, адууныхаа араас явахаас зарим малчин залхаж, түвэгшээдэг байх. “Тэр л манай адуу үхрийг авсан. Гэхдээ одоо яая гэхэв. Малаа хараагүй нь миний буруу” гээд суух малчин таардагуу. Ийм яриаг малчдын амнаас сонсож байсан юм. Энэ нь малын хулгайчдыг өөгшүүлээд байдаг юм болов уу?

 

-Ер нь малчид малаа хэн хулгайлсныг гадарладаг. Гэвч тодорхой нотлох баримт гаргаж чаддаггүй. Ганц нэг үхэр, адуу алдсаныгаа цагдаад мэдэгдэлгүй орхидог тал бий. Хэрвээ мэдэгдсэн тохиолдолд олон удаа очиж байцаалт өгдөг, зардал их гаргадаг байдлаас үүдээд малчид халширч орхидог тал байдаг байх. Энэ нь үнэхээр хулгайчдыг өөгшүүлж байна. 

 

-Зарим тохиолдолд ижилхэн мал маллаж байна. Малын хулгайн гэмт хэрэгтнийг нэг нутаг усных, ах дүүс гээд өмөөрч худал мэдүүлэг өгч, гэрч болохгүй байх тохиолдол байдаг болов уу?

 

-Нутаг ус ах, дүүс гэхээсээ илүүтэйгээр хулгайн гэмт хэргийн гэрч болохгүй гэдэг хандлага багагүй байна. Гэрчилсэн тохиолдолд гарч ирээд миний, манай малыг хулгайлна гэж айж эмээдэг биз. Нөгөө талаар малчид малын хулгайчдын дарамтад байна гэхэд хилсдэхгүй.

 

Танай нийгэмлэг аймаг орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулна уу?

 

-Манай нийгэмлэг Баянхонгор, Булган аймгийн цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, малын хулгайн хэд хэдэн удаагийн гэмт хэргийг илрүүлэх, хулгайд алдсан малыг эздэд нь хүлээлгэж өгөх ажлыг зохион байгууллаа. Тухайлбал, Булган аймгийн Сэлэнгэ, Хялганат сумаас 50-аад тооны үхэр алдагдсаныг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэрээс олж 41 үхрийг эздэд нь олж өгсөн. Мөн Хэнтий аймагт 24 удаагийн үйлдлээр 204 бод мал хулгайлсан есөн холбогдогч, 24 хохирогчтой хэргийг илрүүлж ажиллалаа. Архангай аймагт олон удаагийн үйлдлээр 400 гаруй адууг хулгайлж нядалж зарсан хэргийг илрүүлсэн.

 

-Танай нийгэмлэг хэчнээн салбартай вэ. Дан ганц малын хулгайн гэмт хэрэг бус малчдад туслах боломжийг хэрхэн эрэлхийлж байна вэ?

 

-Одоогоор манай нийгэмлэг Дорнод, Баянхонгор, Булган аймагт салбараа байгуулсан. Нийгэмлэгийн идэвхтэн гишүүдийг сонгон томилж, дээрх аймгуудын Засаг дарга, багийн дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. нийгэмлэгийн үйл ажиллагааг малчин олон  түмэн талархан дэмжиж байгаа. Нийгэмлэгийн дүрэмд зөвхөн малын хулгайн гэмт хэрэг төдийгүй, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэл бүхий, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөх, бүтээгдэхүүн болгох, малын шилжилт хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулахад чиглэсэн цахим бүртгэлийн систем бий болгох зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Хэдхэн хоногийн өмнө Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. 

 

-Малчид малын хулгайн гэмт хэрэгт ногдуулах ялын тухай мэдлэг хэр байдаг вэ. Малчдыг мэдлэгжүүлэхийн тулд танай байгууллагаас хэрхэн анхаарч байна вэ?

 

-Манай нийгэмлэгийн хийж гүйцэтгэх нэг гол ажил нь малчдад хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэл түгээх явдал юм. Энэ оны гурав, дөрөвдүгээр сард Архангай, Булган аймгийн малчин өрхүүдээр явж малчдад Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийгтаниулах, малын хулгайгаас урьдчилсан сэргийлэх тухай мэдээлэл өгч байна. Цаашдаа ч энэ ажил үргэлжилнэ.

 

-Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг малчдад хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх хуульч ажиллуулах болсон гэсэн.Үүнтэй холбогдуулан танайд малчид хэр хандаж байна вэ. Малчдын хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь малын хулгайн гэмт хэргийг бууруулах нэг гарц ч байж болох юм?

 

-Малаа хулгайд алдсан малчин өмгөөлөгч аваад тэр бүр хуулийн байгууллагаар явж чаддаггүй. Манай нийгэмлэгийн зүгээс малчдын эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр өмгөөллийн баг бий болгон ажиллахаар төлөвлөж байгаа. Мэдээж хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь малчдад ач холбогдлоо өгнө гэж бодож байна.

 

 

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.55.191.194)

    2020-06-02

    Малчид малын хулгаач нарын дарамтанд байгаа бол Монголын ард иргэд юуны дарамтанд байна гэж бодож байна.... Төсвийн мөнгийг хулгаалдаг дээдсийн дарамтанд байдаг юм..

  • (59.153.84.139)

    2020-05-01

    Малруугаа гэтсэн хулгайчдыг газар дээр нь буудаж устгацгаая