Нийслэлийн хэмжээнд түймрийн улмаас 10 га газар шатжээ
- 2020-05-04
- Байгаль орчин
- 0
Өнгөрсөн сарын 24-нд Соёмботой ууланд гал түймэр гарч Онцгой байдлын албаныхан ажиллаж, бүрэн унтраасан билээ. Уг түймэрт нийт 4 га талбай өртөж шатсан. Мөн дөрөвдүгээр сарын 26-нд Богд ууланд дахин ой хээрийн түймэр гарч, 2.5 га газар шатсан. Ийнхүү хаврын хуурайшилт эхэлсэн өдрүүдэд Богд ууланд гурван удаа гал гарч, нийтдээ 8 га газар шатаад байна.
Дөрөвдүгээр сард нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 160 гаруй дуудлага ирж, нийтдээ түймрийн улмаас 10 га газар шатжээ. Он гарсаар 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор зэрэг 12 аймгийн 38 суманд нийт 59 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна.
Дээрх түймрийн улмаас урьдчилсан байдлаар 83413,5 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж урьдчилсан байдлаар нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Иймд, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)