Дунд боловсролын салбар дахь авлигын асуудалд хийсэн дүн шинжилгээ
- 2020-05-05
- Дэлхий
- 0
“Transparensy International Kazakhstan” олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар боловсролын салбар нь авлигад өртөмтгий “шилдэг” 5 салбарын тоонд орсон байна.
Атырау мужийн төсвөөс жил бүр боловсролын салбарт дунджаар 72 тэрбум тенге (2018 онд 62,6 тэрбум тенге, 2019 онд 87 тэрбум тенге) зарцуулж байгаа нь тус мужийн нийт төсвийн 1/5 болж байна.
Харамсалтай нь Атырау мужийн Авлигатай тэмцэх албаны статистик мэдээллээр боловсролын салбар нь авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн үзүүлэлтээр дээгүүр байранд байна.
Тус мужид сүүлийн хоёр жилийн хугацаанд авлигын эсрэг хууль зөрчсөн 65 (2018 онд 15, 2019 онд 50) хэрэг бүртгэгдснээс 64 (2018 онд 10, 2019 онд 54) хэргийн хэрэг бүрдэлт дууссан, 62 (2018 онд 10, 2019 онд 52) хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүхээс 6 (2018 онд 1, 2019 онд 5) албан тушаалтны буруутай нь тогтоогдсон. Учруулсан хохирлын хэмжээ нь 136,2 сая тенге болсон бөгөөд 134,3 сая тенгегийн хохирлыг барагдуулж 26,7 сая тенгегийн эд хөрөнгийг хураан авсан байна.
Их, дээд сургуульд элсүүлэх зорилгоор авлига авах, хийгдээгүй ажил, үйлчилгээг хууль бус гарын үсэг, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хийсэн болгох, туршилт шинжилгээг хууль бусаар явуулах, төсвийн хөрөнгөөр хийх худалдан авалтаас мөнгө завших зэрэг үйлдлүүд түлхүү гарсан байна.
Авлигатай тэмцэх албанаас Атырау мужийн нийт 195 дунд сургуулийн 10 сургуульд нь авлигатай холбоотой асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийсэн байна.
Сургуулиудын үйл ажиллагаанд хийсэн дүн шинжилгээгээр элсэлтийн комиссын үйл ажиллагаанд эрх зүйн зохицуулалт байхгүй, сургуулийн удирдлагаас баталсан үйл ажиллагааны дотоод дүрэм журамд боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэхдээ дураараа аашлах боломжийг удирдлагуудад нь олгосноороо сул орон тоон дээр шудрагаар өрсөлдөх эрхийг хаасан, дунд боловсролын байгууллагын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын эрх зүйн зохицуулалтад хийдэл оруулж маргаан үүсгэх боломжийг санаатайгаар бий болгосон зэрэг авлига гарч болзошгүй эрсдэлүүд илэрсэн байна.
Тухайлбал Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 57 тоот “Дунд боловсролын байгууллагын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын журам батлах тухай” тушаалд: Удирдах дээд шатны байгууллагаас дараах тохиолдолд сонгон шалгаруулалтыг явуулна гэж заасан байна. Үүнд “тухайн сургуулийн удирдах албан тушаалтны орон тоо сул байвал, удирдах албан тушаалтан нь уг албан тушаалдаа таваас дээш жил ажиллаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт зохион байгуулж болно” гэж заасан байна.
Дээрх сонгон шалгаруулалт зохион байгуулах тухай заалт нь Казахстан Улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 139 дүгээр зүйлийн 2-т заасан “Сул орон тоо байгаа төрийн болон шуурхай удирдлагын байгууллага нь сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулна” гэсэн эрх зүйн зохицуулалттай зөрчилдөж байна.
Дээр дурдсан журамд сонгон шалгаруулалтын явц түүний үр дүнг ямар аргаар дүгнэх талаар заагааүй, мөн шалгаруулалтын чухал хэсэг болох ярилцлагын шалгалтын талаар тусгаагүй байна.
Авлигын дүн шинжилгээний явцад дунд сургуулын захирлууд нь тухайн албан тушаалд 3-аас 35 жил ажиллаж байгаа дүн гарчээ. Тухайлбал Еркинкалиний дунд сургуулийн захирал нь 35 жил, Абайн нэрэмжит сургуулийн захирал 21 жил захирлаар ажиллаж байна. Энэ нь сургуулийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд захирлын ажиллах хэм хэмжээ, хугацааг заах талаар холбогдох дүрэм журамд тусгаагүйтэй холбоотой байна.
Дунд сургуулийн захирлыг томилох үйл ажиллагаа нь 4 үе шатаас бүрддэг байна. Журмын 25 дугаар зүйлд зааснаар сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшигч нь тухайн мужийн боловсролын байгууллагаас зохион байгуулдаг хууль зүйн мэдлэгийн шалгалтад орох ёстой.
Нэр дэвшигчдэд сонгон шалгаруулалт явагдах газар, хугацааны талаар зохион байгуулж буй байгууллагаас мэдэгддэг. Дурын сургуулийг сонгон аудио, видео бичлэг хийх төхөөрөмжөөр ханган шалгаруулалтыг явуулах ёстой. Гэвч уг шалгаруулалтыг ёс төдий явуулах эрсдэл байдаг.
Сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд Боловсролын байгууллагаас томилогдсон сонгон шалгаруулалтын комисс шалгаруулалт оролцсон хүмүүсийн шалгалтын үнэлгээ, уг албан тушаалд томилуулахаар санал болгож буй этгээдийн талаарх хүсэлтээ итгэмжлэгдсэн зөвлөлд ажлын 2 өдрийн дотор хүргүүлдэг байна.
Атырау мужийн дунд сургуулийн итгэмжлэгдсэн зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон эцэг эхчүүдээс авсан асуулгаар тэдэнд сургуулийн удирдах албан тушаалд нэр дэвшигчдийн ирүүлсэн бичиг баримтуудыг танилцуулдаггүй, мөн сургуулийг хөгжүүлэх төлөвлөгөөг үзүүлдэггүй байжээ.
Судалгааны үр дүнгээр дунд сургуулийн захирлуудын сонгон шалгаруулалт, томилогоо нь нэр төдий явагддаг болох нь тодорхой болжээ.
Мөн судалгааны явцад сургуулийн захирлаар 15-20 жил ажиллаж байгаа хүмүүсийн дунд тэтгэврийн насны хүмүүс цөөнгүй байсан байна. Тухайлбал нэг сургуулийн тэтгэвэрт гарсан захирал тухайн сургуульдаа биеийн тамирын багшаар давхар ажилладаг байсан бөгөөд энэ нь ашиг сонирхлын зөрчил үүсгэжээ. Долоо хоногт 18 цагийн ачаалалтай байхад захирал гэдэг утгаар нь илүү ажилласан цагийн мөнгө олгох нөхцөл байдал үүссэн байна.
Дараагийн нэг асуудал бол дунд сургуулиудад “амьгүй албатууд” бий болсон явдал байна. Жишээлбэл нэг сургуулийн захирал өөрийн хүүгээ сургуулийнхаа программчаар ажиллуулж сул цалин өгдөг байжээ. Мөн нэг захирал өөрийн танил компанийн захирлыг лоббидож сургуулийн өдрийн цайны хөтөлбөрт 3 жил дараалан шалгаруулсан байна.
Дээр дурдсан жишээнүүдээс сургуулийн захирлуудын эрх мэдэл өргөн цар хүрээтэй нь харагдаж байна.
Боловсролын байгууллагын удирдлагуудын баталсан дотоод дүрэм журамдаа боловсон хүчний бодлого хэрэгжүүлэхдээ эдлэх эрх мэдлийг маш өргөнөөр тусгадаг байна. Тухайлбал сургуулийн захирал нь хүмүүсийг өөрийн үзэмжээр, сонгон шалгаруулалтгүйгээр ажилд авч байна. Мөн багш нарыг ажлаас чөлөөлөх, илүү цагийн мөнгө олгох, хуваарь гаргах, жижүүрээр томилох, анги даасан багшаар томилох зэрэг нь захирлын шийдвэрээр шийдэгддэг байна.
Бас нэг асуудал бол сургуулийн сурагчдын тоо юм. Б.Насанбаевийн нэрэмжит дунд сургууль нь 600 сурагчдын багтаамжтай боловч 1300 хүүхэд, 1200 сурагчтай байх ёстой 30 дугаар гимназид 2090 сурагч хичээллэж байна.
Энэ нь Казахстан Улсын Эрүүл мэндийн яамны 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 611 дугаар “Боловсролын байгууллагад тавигдах эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага”-ыг зөрчиж байна. Уг тушаалд дунд сургуулийн нэг ангид 25-аас дээш тооны сурагч суралцах ёсгүй бөгөөд үүнийг зөрчсөнөөрөө хүүхдүүдийн боловсрол эзэмших нөхцлийг алдагдуулж байна.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх тодорхой арга замууд байж болохоор байна. Тухайлбал хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн баримтыг даган мөрдөж, авлигын шалтгаан нөхцлийг тогтоох, авлига үүсэх эрсдлийг арилгах шаардлагатай байна.
Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд саад тотгор болж байгаа албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулах, захиргааны байгууллагын хүнд суртал, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг арилгах хэрэгтэй юм.
Олон улсын авлигатай тэмцэх үйл ажиллагааны туршлагыг судлан үндэсний хэмжээнд тохирох шилдэг туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай байна.
Эх сурвалж: dknews.kz
Сэтгэгдэл (0)