Вьетнамын Барилгын яамны ерөнхий хянан шалгагч нарын хээл хахуулийн дуулиан

Өнгөрсөн жил доод албан тушаалтнууд нь хээл хахууль шаардсан хэрэгт холбогдсоны дараагаар Барилгын яамны одоогийн болон өмнөх Ерөнхий хянан шалгагч нар шийтгүүлээд байна.

Вьетнам Улсын Хянан шалгах төв хорооноос тус яамны Хяналт шалгалтын газрын Намын хороонд гарсан дээрх зөрчлийг шалгаж, холбогдох албан хаагчдад шийтгэл хүлээлгэх шийдвэр гаргаснаар тус 2 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ оногдуулсан талаар ням гарагт гаргасан мэдэгдэлд дурджээ. 

Намын нарийн бичгийн дарга, Барилгын яамны Хянан шалгах газрын дарга асан Пам Гиа Иенийг Коммунист нам дахь бүхий л албан тушаалаас нь чөлөөлсөн бол түүний залгамж халаа болох одоогийн намын нарийн бичгийн дарга, Барилгын яамны хянан шалгах хэлтсийн дарга Нгуен Нгок Туанд сануулах арга хэмжээ авсан байна.

Дээрх 2 албан тушаалтныг тус яамны хяналтын газрын намын хорооны зүгээс Барилгын яам, хяналт шалгалтын салбар болон намын нэр хүндэд сөргөөр нөлөөлж олон нийтийн итгэлийг алдагдуулсан зөрчил үйлдсэн гэж буруутгаж байгаа юм.

Барилгын яамны Хянан шалгах газрын Намын хороонд 2015–2020 онуудад гарсан зөрчлүүдэд арга хэмжээ авах ёстой талаар Хянан шалгах төв хорооноос шаардлага хүргүүлээд байна. Хяналтын газрын намын хэлтэс холбогдох дүрэм журмыг дагаагүй, хяналт шалгалтыг хийж гүйцэтгээгүй, зөрчил гарах боломжуудыг бий болгосон зэрэг олон алдаа дутагдал гаргаад байгаа гэж Төв хяналтын хорооны комиссоос дүгнэсэн байна.

Хээл хахуулийн хэрэгт холбогдуулан яамны хяналтын газрын албан хаагчид болох Ньюэн Ти Ким Ан болон Дан Хай Ан нарыг намаас хөөж, нэр бүхий 4 албан тушаалтанд сануулга өгсөн байна. Вьетнамын коммунист нам гишүүддээ донгодох /зэмлэх/, сануулах, тушаал бууруулах, намаас хөөх гэсэн 4 төрлийн /сахилгын/ арга хэмжээ авдаг юм.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр хяналтын газрын 6 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнгөрсөн жилийн 6 дугаар сард барилгын компанийн албан хаагчдаас 3900 ам доллар авч байгаад баригдсан бол мөн өдөр тэдний удирдах албан тушаалтнууд орон нутгийн төсөл хөтөлбөрийн 2 нягтлан бодогчоос хээл хахууль авч байгаад баригдсан талаар мэдээлсэн байна.

Дээрх 2 нягтланг тухайн өдөртөө баривчилсан бөгөөд 3 дахийг нь хэд хоногийн дараа баривчилсан байна. Цагдаагийн байгууллагын нэгжлэгээр тухайн барилгын компанийн байрнаас хэрэгт холбогдох файл, 14400 ам. долларыг илрүүлжээ. Тухайн хэргүүдэд өнгөрсөн оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эх сурвалж: e.vnexpress.net

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)