ФАТФ-ын жагсаалт Европын Холбооноос хамаардаггүй
- 2020-05-10
- Эдийн засаг
- 0
Европын Холбооны Комиссоос 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж байна. Энэ хүрээнд тус холбооноос “стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлдээ Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай орон”-ы жагсаалтад багтсан улсыг шууд Европын холбооны жагсаалтад оруулах зохицуулалтын төслийг боловсруулсан талаар дурдсан байна.
Европын холбооноос боловсруулж байгаа бодлогын баримт бичиг нь одоогоор төслийн түвшинд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Европын Парламент болон Зөвлөлөөр 1-2 сарын хугацаанд хэлэлцэж баталснаар албан ёсны шийдвэр болох юм. Ийнхүү төслийг баталсан тохиолдолд Европын холбооны жагсаалт албан ёсны шийдвэр болж 2020 оны 10 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхийг мэдэгдэлд дурдсан болно.
Монгол Улсад 2015 онд хийсэн Харилцан үнэлгээнд үндэслэн ФАТФ-ын мөнгө угаахтай тэмцэх стратегийн дутагдалтай улсын жагсаалтад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр оруулснаас хойш өгөгдсөн үүрэг даалгаврын 50 хувийг амжилттай биелүүлсэн болохыг ФАТФ-ын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хурлаар баталгаажуулсан билээ. Одоогоор Монгол Улс 5 дугаар сард болох Ази, Номхон далайн хамтарсан бүлгийн хурлаар үлдсэн ажлын тайлангаа хэлэлцүүлж, хамгаалахаар ажиллаж байгаа бөгөөд хурлаар үлдсэн ажлуудыг амжилттай хамгаалснаар 2020 оны 10 дугаар сард багтаан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орны жагсаалтаас гарах нөхцөл бүрдэнэ.
ФАТФ-ын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дүрэм, журам, бодлогын шийдвэр гаргах үйл явц болон хяналтын үйл ажиллагаа нь бие даасан, хараат бус байдаг. Өөрөөр хэлбэл Европын Холбооноос хамаардаггүй болохыг Монгол Улсад албан ёсоор мэдэгдсэн тул саарлаас хар жагсаалтад орсон, эдийн засаг болон санхүүгийн харилцаа зогсох мэтээр мэдээллийг гуйвуулан, олон нийтийг төөрөгдүүлэх зэргээр аливаа зүй бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.
Цаашид Монголбанк мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, олон улсын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны бүхий л мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллах болно.
МОНГОЛБАНК
Сэтгэгдэл (0)