Шинэ коронавирус /сovid-19/-т халдвартай холбоотой олон улсын нөхцөл байдал
- 2020-05-11
- Дэлхий
- 0
АНУ-д өвчний халдвар авсан хүний тоо 1.3 сая дөхөж 24 цагийн дотор 29,531 шинэ тохиолдол бүртгэгджээ. Зарим судлаачдын үзэж буйгаар БНХАУ, хожим Европын чиглэлд хийх нислэгийг цуцлах Цагаан ордны шийдвэр Америк иргэдийн гэнэтийн буцах нүүдлийг үүсгэж өвчний тархалтыг хурдасгасан байж болзошгүй аж. Тодруулбал, хилийн боомтуудад 01-03 дугаар сард нутаг буцсан 250,000 орчим америк иргэний 10 хувьд л биеийн дулааны хэмжилт хийжээ.
АНУ-д 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэд хэдэн муж хөл хорионы дэглэмээ сулруулж байна. Гэвч улс төрийн намууд болон тэднийг дэмжигч иргэд хөл хориог сулруулах талаар харилцан адилгүй байр суурь илэрхийлж зөрчилдөөнтэй байна. Тодруулбал, Иллинойс болон Мичиган мужуудад улс төрийн тэмцэл ширүүсч, Ардчилсан намаас сонгогдсон мужийн захирагчийг эсэргүүцсэн жагсаал болов. Техас муж 26 сая иргэнийхээ гэрийн хорионы дэглэмийг цуцалсан, Өмнөд Каролина мужид олон нийтийн газрууд аажмаар нээгдсэн, Иова мужийн удирдлага хөл хорионы дэглэмийг хэсэгчлэн сулруулсан зэргээс үзэхэд энэ долоо хоногт мужуудын тэн хагаст хөл хорионы дэглэм тодорхой хэмжээнд сулрах төлөвтэй. Харин судлаачид хөл хорионы дэглэмийг сулруулах нь өвчний тархалтын хоёр дахь давлагаа үүсгэх аюултайг анхааруулсаар байна.
Тус улсын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас 06 дугаар сарын 01 гэхэд АНУ-д шинэ төрлийн коронавирусний улмаас хоногт нас барах хүний тоо 3,000-д хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. Холбооны Онцгой байдлын удирдах агентлаг буюу “Federal Emergency Management Agency” Засгийн газарт зориулан гаргасан уг тооцоогоор энэ сарын эцэс гэхэд хоногт 200 мянган халдварын шинэ тохиолдол тус улсад бүртгэгдэх аж. Уг тооцоо, судалгааг АНУ-ын ихэнх мужид эдийн засгаа сэргээх үүднээс хөл хорионы дэглэмийг цуцалж, бизнесийн үйл ажиллагааг эхлүүлж буйтай холбоотойгоор хийсэн байна. Засгийн газрын агентлагаас гадна их дээд сургуулиуд, хувийн эрүүл мэндийн судалгааны газрууд ч АНУ-д нас баралтын тоо нэмэгдэх болно гэж үзэж байна.
ОХУ-д “Covid-19”-ийн халдвар авсан хүний тоо 177,160 хүрснээр Франц, Германы өмнө буюу 5 дугаарт бичигдэх болов. Манай улстай хил залгаа Буриадын БНУ-д 518, Өвөрбайгалийн хязгаарт 262 хүн өвчилсөн байна. Тус улсад эмнэлэгийн байгууллага, өндөр настны асрамжийн газар, цэргийн анги зэрэг иргэд олноор төвлөрдөг газруудад халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд гэр бүлийн гишүүд нэг нь нөгөөдөө вирус халдаах нь их байгаа талаар ЭМЯ-аас мэдээллээ. Уг халдварын улмаас нас барах хүний тоо харьцангуй бага буюу 1 хувь орчим байгаа нь цаг алдахгүй оношилгоо эмчилгээ хийж байгаатай холбоотой гэжээ.
Оросын мэргэжилтнүүд 05 дугаар сар өвчлөл өндөртэй хамгийн хүнд сар болно хэмээн үзэж байгаа бөгөөд ЭМЯ-ны орон тооны бус Халдвар судлаач эмч Е.Малинникова, халдвар анх илэрснээс хойш 3 сарын дараа оргилдоо хүрэх ёстой, ОХУ-д анхны тохиолдол 03 дугаар сард бүртгэгдсэн тул халдвар 06 дугаар сар хүртэл идэвхтэй тархах болно гэв. Засгийн газар өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах, орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор 2 тэрбум рубль, шаардлагатай эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл худалдан авахад зориулж 10 тэрбум рубль гаргахаар боллоо. Харин Москва хотын захирагч С.Собянин энэ сарын 12-ны өдрөөс үйлдвэрийн газрууд болон барилгын компаниудыг үйл ажиллагаагаа эхлүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд нийтийн тээвэр, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг иргэдэд үүрэг болгосон байна. Түүнчлэн иргэдийг гэрээсээ гарахыг зөвшөөрсөн цахим үнэмлэхийг өдөр бүр олгож байсан ч өнөөдрөөс 7 хоногийн 2 өдөр олгохоор болжээ.
Одоогийн байдлаар Европын холбоо шинэ төрлийн эмчилгээ, оношилгоо, вакцин, эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх судалгаа, инновацийн ажилд 380 сая евро зарцуулаад байна. Тэгвэл Европын Комисс дэлхийн хэмжээнд коронавирусний алдвартай тэмцэхэд зориулж 7.5 тэрбум евро босгох зорилгоор 05 дугаар сарын 04-нд цахим хурал зохин байгуулсан нь амжилттай болов. Цахим хуралд Герман, Норвеги, Франц, Их Британи, Итали, Япон, Саудын Арабын төрийн тэргүүнүүд, Хятад Улсаас Европын Холбоонд суугаа Элчин сайд оролцсон бол АНУ төлөөлөгч оролцуулсангүй. Их хэмжээний хандив амалсан орнуудаас дурдвал, Европын Комисс 1 тэрбум евро, Франц 500 сая евро, Герман 252 сая евро, Норвеги 1 тэрбум ам.доллар, Итали 100 сая евро, Испани 125 сая евро, Швейцарь 378 сая евро, Нидерланд 192 сая евро, Хятад 50 сая ам.доллар, Япон 830 сая ам.доллар, Канад 600 сая ам.доллар бол Турк Улс өгөх хандивынхаа хэмжээг 05 дугаар сарын 23-ноос хойш мэдэгдэнэ гэв. Хандивын аян 05 дугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд цугларсан мөнгийг оношилгоо, эмчилгээ, вакцин гэсэн гурван чиглэлд зарцуулна.
Коронавирусний халдвар Европ тивд тархаж эхлэхэд Их Британи дэлхийн хэмжээнд коронавирусний цар тахалтай тэмцэх, эдийн засгийг сэргээхэд 744 сая фунт стерлинг зарцуулахаар төлөвлөснөөс вакцин бүтээх судалгаа шинжилгээ, оношлуур, олон улсын эрүүл мэндийн хөтөлбөрт 388 сая фунт стерлинг зарцуулна гэж нэлээн өндөр дүн амалж байсан. Өнөөгийн байдлаар Оксфордын Их Сургуулийн вакцин бүтээх төсөлд 20 сая, Лондонгийн Эзэн хааны коллежийн клиник туршилтад 22.5 сая фунт стерлингийг тус тус олгосны зэрэгцээ дотооддоо амьсгалын аппарат, эмнэлгийн хамгаалалтын хэрэгсэл, зарим тоног төхөөрөмжид бүтээхэд голлон зарцуулж байна.
Их Британийн Засгийн газар 05 дугаар сарын 01-нээс эхлэн өдөрт 100,000 хүнийг оношилгоонд хамруулахаар ажиллаж байгаа ч зорилтот хэмжээнд хүрээгүй хэвээр буюу 05 дугаар сарын 08-ны байдлаар 86,583 байна. Засгийн газар Үндэсний эрүүл мэндийн газрын цаашдын хүчин чадал, нөөц бололцоо бэлэн эсэх; нас баралт тогтмол буурч байгаа эсэх; цаашид халдварын тархалтыг тогтоон барьж чадах түвшинд хүрсэн эсэх; оношлуур болон хамгаалалтын хувцас хэрэгсэл хүрэлцээтэй эсэх; 2 дахь давлагааг эрсдэлгүй давах боломж зэргийг харгалзан хөл хориог сулруулах боловсронгуй төлөвлөгөөг ням гарагт танилцуулахаар зэхэж байна. Засаг захиргааны нэгжүүд болох Шотланд, Уэльс, Хойд Ирланд нь тус тусын нөхцөл байдалтай уялдуулан зарим өөрчлөлттэйгээр мөн төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Их Британийн хэмжээнд коронавирусний хоёр дахь давлагааны үед R хүчин зүйл буюу коронавирусний халдвартай нэг хүнээс халдвар тархах эрсдэлийн үзүүлэлтийг 1-ээс хэтрүүлэхгүй байхад анхаарч байгаа бөгөөд одоогийн байдлаар энэ үзүүлэлт 0.6-0.9 хооронд хэлбэлзэж байна.
Францын Засгийн газар хөл хориог 05 дугаар сарын 11-нээс сулруулах төлөвлөгөөг танилцуулсны дараа иргэд уг асуудлаар санал хуваагдсаны зэрэгцээ тус улсын Эрүүл мэндийн сайд Оливер Веран, коронавирусний халдварын тархалт өндөр байгаа зүүн хойд хэсэг болон нийслэл Парис орчимд хөл хориог халдварын болон үхлийн тохиолдол буурах эсэхийг харгалзан сулруулах, цаашид 2 сарын хугацаанд эрүүл мэндийн онц байдлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин Засгийн газар нийт нутаг дэвсгэрээ улаан-халдварын тархалт өндөртэй, ногоон-халдварын тархалт бага гэсэн 2 бүсэд хувааж тодорхой нөхцөлтэйгээр 05 дугаар сарын 11-нээс шат дараалан сулруулах байдлаар хэвийн байдалд шилжиж, эдийн засгаа дэмжих төлөвлөгөөг эцэслэв.
Хөл хориог цуцлахтай холбоотойгоор коронавирусний халдвартай хүнийг хаана, хэнтэй уулзаж байгааг тогтоох “StopCovid” нэртэй аппликейшнийг 06 дугаар сарын 02-ны өдрөөс ашиглана. Тус аппликейшнийг iPhone загварын утсанд суулгасан хэрэглэгчийн Bluetooth тохиргоог байнга “On” болгож тохируулахыг Францын Засгийн газар “Apple” компаниас хүссэн ч татгалзсан хариу авсан байна. Европын холбооны орнууд, Шенгений бүс нутаг болон Их Британиас бусад орноос тус улсад ирж буй бүх хүнийг 14 хоног тусгаарлахаар болов.
Францад коронавирусний халдварын анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдэхээс сарын өмнө буюу 2019 оны 12 дугаар сард илэрсэн гэсэн мэдээлэл гарав. Учир нь Парисийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 2019 оны 12 дугаар сар болон 2020 оны 01 дүгээр сард ханиад, хатгаа, амьсгалын замын эмгэг шинж тэмдгээр хэвтэн эмчлүүлсэн 24 өвчтөний дээжид дахин шинжилгээ хийж үзэхэд 1 өвчтөн коронавирусний халдвартай байсан нь батлагдсан байна. Иймд дурдсан хугацаанд бусад хот, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн дээжид дахин шинжилгээ хийж эхэлжээ.
Испани Улсад хөл хориог сулруулж 05 дугаар сарын 02-ны өдрөөс гадуур чөлөөтэй зорчиж, биеийн тамирын дасгал, хөдөлгөөн хийж эхэлсэн бөгөөд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт заавал зүүх журам үйлчилж, үсчин, гоо сайхан зэрэг үйлчилгээний газрууд ганцаарчилсан үйлчилгээ үзүүлж байна. Засгийн газар хөл хориог 2 сарын хугацаанд 4 үе шаттай бууруулах төлөвлөгөө боловсруулсан бөгөөд тархалтын нөхцөл байдал хүндрэлгүй байж, төлөвлөгөө хугацаандаа хэрэгжсэн нөхцөлд 06 дугаар сарын эцсээр олон нийтийн үйлчилгээний газрууд нээгдэх боломжтой болно. Энэхүү төлөвлөгөө мужуудад харилцан адилгүй хугацаа, нөхцөлтэй хэрэгжинэ.
БНХАУ-ын академич Жун Наньшань шинж тэмдэг илэрдэггүй халдвар тээгчийг дөрөв ангилсан байна. Үүнд:
- Халдвар далд үедээ буюу шинж тэмдэг хараахан илрээгүй үеийн тээгч. Өвчтөн халдвар авснаас хойш 3-7 хоногийн дараа халуурч, ханиалгаж эхэлдэг. Гэхдээ эдгээр өвчтөнийг шинж тэмдэг илэрдэггүй тээгч гэсэн ангилалд оруулах нь өрөөсгөл;
- “Covid-19” өвчний зовиургүй хэдий ч, бага зэрэг ядрах, бие сульдах, нойрмоглох, булчин чинэрэх зэрэг шинж тэмдэгтэй хөнгөн хэлбэрээр өвчилсөн халдвар тээгч;
- Шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарласан ч ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй халдвар тээгч байх бөгөөд энэ төрлийн тээгч нарыг аль болох эрт илрүүлэх шаардлагатай;
- Нуклейн хүчлийн эхний шинжилгээ эерэг гарсан хэдий ч сарын турш шинжилгээний хариу сөрөг гардаг тээгч. Энэ нь түгээмэл тохиолдол биш боловч өвчтөнд эсрэг биет үүсэхгүй бөгөөд халдвар тараах эрсдэлтэй аж.
Япон Улс “Covid-19”-ийн улмаас тогтоосон онц байдлын хугацааг 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгав. Уг шийдвэрийг гаргах болсон шалтгааны нэг нь оношлуур хангалтгүй байгаатай холбоотой аж. Бусад томоохон эдийн засаг бүхий орнууд 100 мянган хүн тутамд 1,000 гаруй шинжилгээ хийсэн бол Япон Улс 187.8 шинжилгээ хийсэн байна.
БНСУ-ын эдийн засаг энэ оны эхний 3 сард 1.4 хувиар буурсан нь 2008 оноос хойшхи хамгийн доод үзүүлэлт болж байна. Тус улсын Засгийн газар коронавирусний тархалтын улмаас ажилгүй болсон хүмүүст 1.5 их наяд вон (1.2 тэрбум ам.доллар)-ы тэтгэмж олгох бөгөөд Үндэсний Ассамблей үүний санхүүжилт болох 12.2 их наяд воны нэмэлт төсвийг баталсан байна. Мөн нийт 930 орчим мянган түр хөдөлмөр эрхлэгчид тус бүрт 1.5 сая вонын нэг удаагийн тэтгэмж олгох аж. Тус улс өвчний тархалтыг дотоодод тогтоож чадсан гэж дүгнэж буй тул хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж байна.
БНЭУ орон даяар тогтоосон хөл хорионы дэглэмийг 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл сунгаж, хот суурин газруудыг халдварын зэргээс шалтгаалан “Улаан”, “Улбар шар”, “Ногоон” бүсэд ангилж, халдварын тархалт бага “ногоон”, “улбар шар” бүсүүдэд хөл хориог сулруулав. Улмаар дэлгүүр, зарим үйлчилгээний байгууллагыг нээж, иргэдийг гэрээс гарахыг зөвшөөрсөний улмаас иргэд архи, согтууруулах ундаа борлуулдаг дэлгүүр, үйлчилгээний газруудад олноор цугларч, урт дараалал үүсгэж эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Вьетнам Улс хөл хорионы хатуу дэглэм, олныг хамарсан шинжилгээний үр дүнд коронавирусний тархалтыг зогсоож чадсанд тооцогдож байна. Тус улсад “Covid-19” халдварын 271 тохиолдол бүртгэгдэж, хүн нас бараагүй, сүүлийн хоёр 7 хоног дотоодын халдвар бүртгэгдээгүй. Хөл хорионы дэглэмийг 04 дүгээр сарын 23-наас бууруулж, томоохон хотууд хэвийн горимд шилжсэн бөгөөд харин бар, караоке зэрэг үйлчилгээний газруудын үйл ажиллагааг сэргээгээгүй хэвээр байна. Дотоодод нөхцөл байдал хэвийн болсон ч улсын ДНБ-ий 6 хувийг бүрдүүлэх аялал жуулчлалын салбар бүрэн зогссоноос үүдэн эдийн засаг нь хүндэрч байна. ОУВС-гаас 2020 онд тус улсын эдийн засаг өнгөрсөн оны 7 хувиас буурч 2.7 хувьд хүрэх бөгөөд 10 гаруй сая иргэн ажилгүй болно гэж тооцоолжээ.
Эх сурвалж: ТЕГ
Сэтгэгдэл (0)