Д.Батжаргал: "Төрдөг даам"-ын төрдөг чанар тоглолтыг маш гүн оюуны эргүүлэгт оруулдаг

“Дэлхийн оюуныг дэмжигч” уриатай “Төрдөг даам’’-ын зохиогч, инженер Д.БАТЖАРГАЛТАЙ ярилцлаа. Тэрбээр “Сэн-Лизэ” хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бүрэн дунд сургуульд багшилдаг юм. 

-Хүүхэд яагаад “Төрдөг даам” тоглох ёстой вэ?

-Интернэт, цахим ертөниийн эрин үец бид амьдрах боллоо. Минут хүрэхгүй хугацаанд ихээхэн мэдээлэл авчих боломж байна. Хүүхдэд дуртай тоглоомоо татаад, сонгоод хэдэн арван цагаар тоглох боломж нээлттэй. Тэгвэл эдгээрийг хэрхэн зөв, тэнцвэртэй ашиглах вэ гэдгээс хувь хүн болоод Монгол Улсын ирээдүй шалтгаалах цаг үе ирээд байна.

 

Хүүхдийн тархи дөнгөж төрснөөс эхлэн тодорхой хугацаанд хүртэл байгалийн жамаараа тэлэх буюу хөгжсөөр дараачийн шатанд шууд бус утгаараа зогсолтод тулж очдог. Байгаль хийх ажлаа 100 хувь хийж гүйцсэнээ сануулж, хэлж байгаа хэрэг. Зогсолтод ямар нэг байдлаар саад хийх элемент хэрэгтэй болж байна. Хэрэв зогсолтод саад хийх элемент гарч ирэхгүй аваас өнөөдрийг хүртэл хөгжсөн хүүхдийн тархи буцаад агшиж эхэлдэг. Үүнийг зориудын бус оюун ухааны агшилт, цаашилбал оюун ухааны хомсдол ч гэж хэлэхэд болно.

 

-Энэ нь юу гэсэн үг вэ. Саад хийгч элемент гэснээ тодруулна уу?

 

-Саад хийгч элемент гэдэг нь хүн төрөлхтний олон мянган жилийн туршид оюун ухаан, хүч хөдөлмөрөө шингээж батлагдаж, нотлогдсон ахуй амьдралдаа байнга хэрэглэдэг бүхий л зүйлийн ололт буюу шинжлэх ухааны бүтээлүүд юм. Өөрөөр хэлбэл, хүүхдийн оюун ухаанд зогсолт бий болгохгүйн тулд сургууль, цэцэрлэгт оруулж боловсрол эзэмшүүлдэг. Нөгөөх зогсолтод саад хийгч элемент маань боловсрол байх нь. Боловсрол эзэмшинэ гэдэг бодох, сэтгэхээс эхэлдэг. Тэгвэл бодох, сэтгэх тэр тусмаа гүн сэтгэхийг шаарддаг энэ утгаараа шинжлэх ухаан ч гэж хэлж болох тоглоом, спортыг хүн төрөлхтөн бодон олж нутагшуулж чадсан. Эдгээрийн нэг бол даам гэх хөлөгт тоглоом. Дэлхий нийтэд зуун буудалт даамыг түгээмэл хэрэглэдэг.

 

-Тэгвэл та “Төрдөг даам”-ын шинж чанар, онцлогийг тайлбарлаач?

 

-Өмнө миний бие хэвлэлийн хуудаснаа хоёр удаа ярилцлага өгч “Төрдөг даам”-ын мөн чанар, онцлогийн тухай олон нийтэд хүргэсэн. Энэ удаад өмнөхөө давтахгүйгээр арай өөр чиглэл барин яривал зүгээр гэж бодож байна. “Төрдөг даам”-д шатарлаг шинж чанар сууж өгсөн нь гаднаасаа ч, тоглолтын явцад ч ажиглагддаг. Даам бол нэг дүрсийн хөлөгт тоглоом. Шатар бол өөр. Олон дүрсийн хөлөгт  тоглоом. Нийт зургаан ангид дүрс давхардсан тоогоор оршдог. “Төрдөг даам-д гурван өөр зурлагатай, нэг зурлагагүй дүрс тус тус давхардсан тоогоор сууж өгсөн. Өөрөөр хэлбэл, дөрвөн өөр дүрсийн хөлөгт даам гэж хэлнэ байх. Цаашилбал, “Төрдөг даам"-д нэг тал ердөө 14, зуун буудалт даамд 20 даамаар тоглодог. Тооны зөрүү хоёр даамд багагүй харагдаж байна. Гэтэл энэхүү чанарууд эл даамуудыг оршин байх боломж нөхцөлийг бүрдүүлж өгдөг гол зүйл бололтой, нэг талаас.

 

-Тоглож байгаа хүүхдүүд “Төрдөг даам”-ын нүүдэлд гүн автаж, их л сонирхолтой байдлаар тоглодог болохоор хөлөгт тоглоомын агуулга нь юундаа оршиж байгааг л сонирхоод байна. Энэ талаар зохиогч хүний хувьд та юу хэлэх вэ?

 

-Магадгүй та анзаарсан ч байж болох. Зуун буудалт даамд нэг онцлог байдаг. Юу вэ гэхлээр, талууд идэлцээнд харьцангуй хурдан ордог. Энэ нь тактик боловсруулах, комбинац хийхэд тийм ч таатай нөхцөл болдоггүй. Тэгвэл зуун буудалт даамын эл шинж “Төрдөг даам"-д ажиглагдахгүй. Энэ нь зуун буудалт даамын эсрэг талуудын хоорондох хэвтээ шугам /каналь/-ын тоотой хамааралтай юм байна. Зуун буудалт даамд энэхүү хэвтээ шугамын тоо хоёр, “Төрдөг даам”-д гурав, цаашилбал шатарт эл хэвтээ шугамын тоо дөрөв байх жишээтэй. Тэгэхлээр эндээс талуудын хоорондох хэвтээ шугам /каналь/-ын тоо нэмэгдэхийг хирээр тоглогчид комбинац хийх боломж, нөхцөл илүү болж өгнө. Энэ утгаараа “Төрдөг даам”-д комбинац хийх, тоглолтыг удирдах эзэлхүүнлэг чанар зуун буудалт даамаас хувь илүү байж чаддаг. Мэдээж энд “Төрдөг даам”-ын гол шинж болох төрдөг чанар нэмэгдсэнээр тоглолт маш гүн оюуны эргүүлэгт ороод явчихдаг. Эл харьцангуй гүн оюун ухаан шаардагдцаг чанарыг зарим хүүхэд анзаарч чаддаг.

 

Өөрөөр хэлбэл, “Төрдөг даам тоглох цаанаа л нэг өөр шүү...” гэж хэлэх нь бий. Энэ үгийн цаана ямар агуулга байна аа. Бодох, сэтгэхийн гайхамшгийг анзаарч, амталж эхэлснийг хэлээд байгаа юм.

 

 

-Цахим тоглоомын хор хөнөөл их. Үүнээс хүүхдээ яаж аварч үлдэх вэ. Та үр дүнтэй саналаасаа эцэг эхчүүдэд хэлж өгнө үү?

 

-Таны хувьд хүүхдээ аливааг гүн сэтгэж, нухацтай дүгнэлт хийж чадцаг болгох зорилготой. Гэтэл бодож, сэтгэх гэдэг чинь хамгийн яршигтай зүйл гэж ярьдаг. Гэхдээ үүнийг хялбар болгох арга зам та бидний яг хажууд оршин байдаг нь гайхалтай. Энэ бол даам, шатар шүү дээ. “Төрдөг даам” тоглолтын туршид тоглогчийн хувь энергийг байнга өргөж тэтгэж явдаг шинж чанарыг өөртөө агуулдаг. Цахим тоглоом байна, хүүхэд сав л хийвэл үүгээр тоглодог. Гэтэл цахим тоглоом гээд байгаа энэ зүйл чинь зүгээр л нэг программ шүү дээ, эхлэл, бас төгсгөл нь тов тодорхой оршин байдаг. Сонирхолтой тоглоом гэдэг ч хүүхдийг бодож сэтгэхэд сургахгүй. Харамсалтай нь, энэ төрлийн элемент өчүүхэн төдий ч байхгүй. Энэ утгаараа нөгөөх тэлэлт, хөгжил хүсдэг тархийг эсрэгээрээ хумигч, агшаагч нэгэн юм. Цахим тоглоом их тоглодог хүүхдийн гадаад байдал андашгүй. Харц гөлрөмтгий, хөдөлгөөн удаан, шинэ мэдрэмж бага, ярьж хөөрөлдөхөд хариултыг бүтэн өгүүлбэрээр бус ганц нэг үгээр тийм, үгүй, за гэх мэтчилэн хэлэх загварт өөрийн эрхгүй шилжчихсэн байдаг. Энэ бол тухайн хүүхдийн тархи цэнэглэгдэх бус буцан агшиж эхэлсний илрэл. Яваандаа цахим тоглоом үйлвэрлэгчдэд хариуцлага  тооцох, зогсоох цаг үе ирнэ. Гэхдээ энэ хугацаа хол. Яагаад гэхлээр, үүнээс олж байгаа ашгаас ихээхэн хэмжээний хөрөнгө  босгодог улс, засаг төр бодитоор оршиж байгаа болохоор мөдцөө зогсоож чадахгүй. Зарим нэг судалгааны үр дүнг сонсоход цахим тоглоомын хор хөнөөл хүний ген, хоромсомын бүтцэд аль хэдийнэ нөлөөлөөд эхэлчихсэн байна.

 

-Яаж эхэлсэн гэж?

 

-Хөгжлийн агуулга хоёрдмол шинжтэй болчихсон гэдгийг эцэг эхчүүд олж харах хэрэгтэй. Энэ утгаараа хүүхэдтэйгээ ажиллах цагаа нэмэгдүүлэх ёстой. Их мөнгө олоод өндөр төлбөртэй сургуульд сургах гол биш. Хүүхдийнхээ дотор хүнтэй ярилцахыг хичээж ажиллах хэрэгтэй. Үүнд хүрэх хамгийн гол арга зам тоглоом наадгай. Аливааг хийхээсээ өмнө хүүхдэд бодцог, сэтгэдэг оюунлаг чанар суулгаж өгөх хэрэгтэй. Эл чанарыг даам, шатар суулгаж өгдөг. Шатрыг хүүхэд бүр тавиад байдаггүй. Харин даам бол хүүхэд нэг бүрийн сонирхон тоглох боломжтой массын тоглоом. Төрдөг даамыг хүүхэд бүр сонирхон тоглох дотоод чанартай. Юу гэхлээр төрдөг даамын төрдөг шинж юм. Хүүхэд сонирхон тоглох хийгээд бодож тооцоолох мөн чанар төрдөг даамд хадгалагдан байдаг. Аливааг бодож сэтгэхээс халширдаггүй, үр дүнд хүрч чадах ажилсаг чанар, тэвчээр хатуужилтай болох тэр л чадварыг хүүхэд, залууст даам, шатар гэх оюуны хөлөгт тоглоом өгч чаддаг.

 

Б.ДААРИЙМАА

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)