Ч.Хашчулуун: Хар жагсаалтад орсноор Монголд хэрэгжих ямар ч төсөл Европын холбооноос санхүүжилт авч чадахгүй
- 2020-05-12
- Эдийн засаг
- 0
-“МҮҮДИС” МАНАЙ ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУЛГАСАН НЬ ТОДОРХОЙ ШАЛТГААНТАЙ. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХЫГ УРЬДЧИЛЖ САНУУЛСАН ХЭРЭГ-
Эдийн зaсагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Саарал жагсаалтад орлоо гэж баахан шуугьсан, гэтэл хар жагсаалтад орчихлоо. Тэгэхээр саарал жагсаалтаас гарах нь битгий хэл хэцүү зүйл болчихов уу?
-Тэглээ. Европын холбооны хар жагсаалт ФАТФ-ын саарал жагсаалтаас ялгаатай. Хоёр байгууллага хоорондоо тодорхой хэмжээгээр холбоотой ч ФАТФ нь сайн дурын олон улсын байгууллага.
Хориг тавих чадваргүй, зөвлөмж маягийн жагсаалт гаргадаг. Европын комиссын хувьд Европын холбооны дэргэдэх санхүүгийн хяналтын зөвлөл. Тэд тодорхой, шууд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргадаг. АНУ, Япон улс Монголд хориг тавьж байгаагаас ялгаагүй гэсэн үг.
-Европ зүгийн хөрөнгө оруулалт, бизнесийн харилцаа асуудалтай болчихлоо гэсэн үг үү?
-Тийм. Дэлхий даяар ажилладаг компаниуд Монголд хөрөнгө оруулалт хийхдээ Европын холбооноос ямар ч санхүүжилт авч чадахгүй гэсэн үг. Европын холбооны шийдвэрийг харьцангуй гэнэтийн гэж хэлж болно.
-Герман улс саяхан Монголд хэрэгжүүлж буй зарим төслийнхөө санхүүжилтийг зогсоох мэдэгдэл хийлээ. Ийм шийдвэрүүд шил дараалаад байгаагийн цаад шалтгааныг хэрхэн харж байна?
-Европын холбооны санхүүгийн хяналтын зөвлөлийн баримтуудаас харахад энэ оны хоёрдугаар сарын 18-н хүртэл Монгол Улсын статус өөр байсан. Тодруулж хэлбэл, хамтран ажиллаж байна гэсэн статустай явсан. Яагаад ийм гэнэтийн шийдвэрүүд гараад байна вэ гэдэг асуултад хариулахад хэцүү.
Европын холбоо ганцхан Монголд биш, дэлхийн 92 орныг шалгаж дүнгээ тавьдаг. Хамтран ажиллахын тулд тодорхой шаардлагуудыг биелүүлэх ёстой гэсэн албан санал хүргэдэг.
Зарим улс тэр шаардлагыг нь хүлээж аваагүй бол зарим нь хүлээж авсан. Бидний сайн мэдэх Вьетнам гэхэд шаардлагыг нь хүлээж аваад биелүүлсэн. 2017 оны арванхоёрдугаар сард саналыг нь хүлээж аваад жилийн дотор шаардлагатай арга хэмжээнүүдийг авчих жишээний. Вьетнамыг сая хар жагсаалтаас бүрмөсөн гаргасан нь тийм учиртай. Турк том улс. Европын холбоотой хил залгаа гэсэн онцлог талтай.
Жишээ нь, Туркэд Европын комиссоос хар жагсаалтад орно шүү гээд мэдэгдчихсэн байгаа. Европын комисс жилд хоёр удаа үнэлгээ хийдэг. Хоёр дахь үнэлгээ нь ирэх намар болно. Тодорхой арга хэмжээ авахгүй бол Турк улс ирэх намраас хар жагсаалтад орно гэсэн үг.
-Европын хар жагсаалтад авлига хэр нөлөө үзүүлдэг вэ?
-Авлига тодорхой хэмжээнд яригдах ч гэлээ гол шаардлага нь татварын мэдээллийг автоматаар солилцдог байя гээд байгаа юм.
-Энэ шалгуурыг нь биелүүлэхийн тулд бид яах ёстой вэ?
-Манай хувьд энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Ер нь бол энэ асуудлыг хуульчлах шаардлага бий. Хуулиндаа тусгах хүртэл одоогийн байдал хэвээр үргэлжлэх байх.
-Манай улстай холбоотой бас нэг таагүй мэдээлэл өнөөдөр (өчигдөр) цацагдлаа. Мүүдис манай зээлжих зэрэглэлийг сөрөг ангилал руу уруудуулаад буулгачихлаа. Яг ямар үндэслэл шалтгаанаар ийм шийдвэр гаргачихав?
-Мүүдис агентлагийн хувьд дэлхийн зах зээл дээр хөрөнгө босгож байгаа бүх улс орныг шалгаж, үнэлж тухайн улс орны төлбөрийн чадвар хэр явааг тогтоодог газар.
Ер нь дэлхий даяар бүх улс орны байдал муудаж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд байдал өөр л дөө. Валютын нөөц нь хүчтэй, мундаг технологи, аж үйлдвэртэй. Иймд давуу талуудтай учраас хямралаас гарчихна гэж бодож суугаа.
Харин манайх шиг харьцангуй сул, жижиг эдийн засагтай орнуудад хямрал хүндээр бууна. Хүндээр буухаар эргэн төлөх чадвар муудаж таарна. Тэр утгаараа эрсдэлтэй гэж хараад үнэлгээгээ буулгалаа гэж харж байна. Монголын эдийн засаг хямрах нь ээ гэдгийг урьдчилаад хэлж байна гэсэн үг.
-Коронавирусийн дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөө, манайд нөлөөлөх хугацаа, хүрээ царааг хэрхэн харж байна?
-Өмнө нь ийм том хямрал болсон түүх байхгүй. Испанийн ханиадтай зүйрлэж болох ч маш том ялгаатай. Одоогийн хямрал санхүүгийн ч биш аж үйлдвэрийн ч биш, тэс өөр шинэ төрлийн хямрал. Тийм учраас цар тахлаас үүдэх хямралын үр дагавар, цараа нөлөөг нь хэн ч тооцож чадахгүй байна.
Эдийн засгийн хувьд асар өндөр хохирол амсах нь тов тодорхой болчихлоо.
Бүхэл бүтэн салбаруудыг унагааж байна. Тухайн салбаруудад ажиллаж буй бүх хүнийг ажилгүй болгож байна. Хамгийн эрсдэлтэй нь яаж, хэр хугацаанд үргэлжлэх нь ойлгомжгүй байна л даа. Хэзээ дуусах вэ гэдгийг нь хэн ч мэдэх арга алга.
Европын холбоо ганцхан Монголд биш, дэлхийн 92 орныг шалгаж дүнгээ тавьдаг.
Цар тахлаас үүдсэн хямралын нөлөө манайх шиг жижиг улсад тэр дороо мэдрэгдэж байна. Оны эхээр нүүрсний экспорт зогссон, өнөө жил аялал жуулчлал гэж байхгүй нь тодорхой болсон, хүмүүсийн худалдан авалт эрс багассан, соёл спортын салбар тэр аяараа зогссон гэж ирээд яривал өчнөөн жишээ дурдаж болно.
Хямралын нөлөө энэ янзаараа хэр удаан үргэлжлэх вэ гэсэн асуултад хариулах аргагүй байгаа нь хамгийн том аюул. Европын холбоо хямралын нөлөөг зөөллөж, хямралын эсрэг бодлого гаргаж ажиллахыг хичээж байна.
Ганц зүйлийг онцлоход бидний мэддэг хорвоо өөрчлөгдсөн гэдэг нь л бодит үнэн болчихлоо. Дэлхий ертөнц эргээд хэвэндээ орно гэсэн ойлголт лав алга болсон.
-Цар тахлын үед Монголын хувьд макро эдийн засаг талаасаа ямар эрсдэлүүд ажиглагдаж байна вэ. Нөгөө талаас хямралыг боломж болгох гэдэг утгаараа ашиглаж болохоор давуу талууд гэвэл та юуг онцлох вэ?
-Давуу талаас нь эхэлье. Маш олон жилийн турш эдийн засгийн сөрөг тал, дутагдал гэж бодож явсан зүйлс маань одоо давуу тал болж хувирч байна.
Дэлхийн эдийн засаг сүүлийн тавин жилд маш хурдацтай өөрчлөгдсөн. Улс орнууд бие биетэйгээ үйлдвэрлэл, ложистик, худалдааны маш том сүлжээгээр холбогдсон. Өөрөөр хэлбэл дэлхийн аж үйлдвэрлэлд даяарчлал жинхэнэ утгаараа хэрэгжсэн.
Монголын тухайд өөрсдийгөө даяаршсан гэдэг ч сая онцолсон олон улсын үнэ цэнийн сүлжээнд бараг л ороогүй. Тэр утгаараа манайд дэлхийн том компаниудын үйлдвэрлэл бараг байхгүй. Гаднаас тоног төхөөрөмж авчраад их хэмжээний үйлдвэрлэл явуулж экспортолдог бараа бүтээгдэхүүн ер нь алга.
Товчхондоо үйлдвэрлэгч орон биш л дээ. Цөөн тооны экспортын бүтээгдэхүүнтэй, ихэнх зүйлсээ гаднаас авч хэрэглэдэг улс. Түрүүний хэлсэнчлэн олон улсын сүлжээнд орсон улсын хувьд маш хүчтэй хямарч байгаа. Хаа нэг газар, жишээ нь Азид ложистикийн асуудал үүсэхэд л үйлдвэрлэлийн сүлжээ тэр чигтээ зогсож байна.
Жишээлбэл, гар утасны үйлдвэрлэл гэхэд бүх л процесс нь ганц асуудлаас болоод хойшлогдоно гэсэн үг. Дэлхийн компьютерийн үйлдвэрлэл гацаанд орж байна. Сэлбэг, эд ангиуд нь олдохгүй байна. Засвараа хүртэл хийж чадахгүй асуудал ажиглагдаж эхэллээ. Америк, Европыг жишээлээд харъя.
Европын комиссын хувьд Европын холбооны дэргэдэх санхүүгийн хяналтын зөвлөл. Тэд тодорхой, шууд нөлөө үзүүлэхүйц шийдвэр гаргадаг.
Уг нь биотехнологи хөгжсөн улсууд. Энгийн маск ч юм уу, эм үйлдвэрлэх гэхээр түүхий эдийн асуудалтай нүүр тулчих жишээний. Түүхий эдээ Хятадаас авдаг учраас үйлдвэрлэл нь гацаж байна л даа.
Харин Монгол Улс ийм сүлжээнд ороогүй болохоор дэлхийн улсуудыг бодвол байдгаараа байгаа гэсэн үг. Дэлхийн зах зээлтэй шууд холбогдох салбар гэвэл аялал жуулчлал л байна.
Монголын экспортын гол салбар гэгдэх уул уурхай дэлхийн зах зээлтэй холбоотой боловч бүтээгдэхүүнийхээ ихэнхийг ганц улс руу гаргадаг онцлогтой. Хятадад байдал дажгүй бол уул уурхайн бүтээгдэхүүнээ яаж ийгээд борлуулаад аж төрөөд явна.
Эдийн засгийн голлох хоёр дахь салбар бол хөдөө аж ахуй. Корона байсан ч байгаагүй ч мал нь үржээд өсөөд байх давуу талтай.
Ямар эрсдэл байна вэ гээд харахаар тэгтлээ гутранги өнцөг бол алга. Манайх шиг хүн ам цөөн, тархмал суурьшилтай улсад корона дэгдлээ гэхэд тархац нь удаан байх магадлалтай. Харин жирийн хүмүүст гадагш явах, хуралд суух, сургалт судалгаанд оролцох гэх мэтээр хувь хүний хувьд дэлхийтэй харилцахад хэцүү болчихлоо.
-Хөрөнгө оруулалт тасарчихлаа. Оюу толгойгоос өөр гялайх төсөлгүй гучин жил боллоо гэчихэд хэтрүүлсэн болохгүй байх. Хөрөнгө оруулалт тасарсан гол шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал. Ирэх сонгуулиар аль ч нам ялсан улс төрийн тогтворгүй байдал Монголын сул тал хэвээр үргэлжилнэ гэсэн таамаг, төсөөлөл бий. Энэ том эрсдэл биш үү?
-Оюу толгойгоос өмнө манай улсад гадаадын хөрөнгө оруулалт гэж ер нь байгаагүй.
Оюу толгой ганц том хөрөнгө оруулалт гэдэг үнэн л дээ. Улс төрийн тогтворгүй байдлын нөлөөгөөр энэ том төсөл зогсвол эргээд гадаадын ямар ч хөрөнгө оруулалтгүй гэсэн хэцүү байдал руугаа орно.
Энэ утгаараа улс төрийн тогтворгүй байдлаас болж гадаадын хөрөнгө оруулалтгүй орон болчихвол маш том эрсдэл.
Улс төрийн хүчнүүд Оюу толгойг шүүмжилдэг ч гэлээ бодит байдлыг ойлгодог байх гэж найдаж байна. Гэрээ хэлэлцээрийн үед янз бүрийн асуудал яригддаг боловч төсөл үргэлжлээд яваа онцлог бий.
-Өнгөрсөн гучин жил ганцхан том төсөлтэй явсаар өнөөг хүрлээ. Сая Таван толгой дээр IPO хийнэ гэж байснаа засаг ухралт хийчихлээ. Энэ янзаараа бол том төслүүд явахааргүй зураг харагдаж байна. Том төслүүдээ урагшлуулах бодитой гарц гэвэл танд санаа шийдэл байна уу?
-Том төслүүдийн тухайд маш олон яам тал талаасаа оролцдог. Ийм оролцоо байх нь зөв ч хоорондынх нь уялдааг сайжруулж зангидахгүй бол ажил урагшлахгүй. Уялдааг хангах гарц нээгдсэн.
Тавдугаар сарын 20-ноос хойш Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам гэж байгуулагдах ёстой. Үндсэн хуулиар ийм боломж нээгдэж байгаа. Энэ яамны хувьд харьцангуй том төслүүдийг хариуцах болов уу гэж харж байна.
Манай улсад яам нь нэг талаасаа салбарын бодлого тодорхойлж хэрэгжүүлдэг байгууллага юм шиг, нөгөө талаасаа улс төрийн нөлөөнд ажилладаг юм шиг харагддаг.
Тэр утгаараа нэг том төсөл дээр гэхэд л маш олон төрлийн улс төр, бизнесийн сонирхлууд холилдоод байдаг. Өнөөдүүл нь хэл амаа ололцохгүй бол төсөл урагшилдаггүй. Тэгэхээр аль нэг шатанд энэ сонирхлуудыг нэгтгэх, зохицуулах, аль нэгийг нь зөвшөөрөхгүй байх хатуу гар хэрэгтэй болчихоод байгаа юм.
-Хөгжилд нөлөөлөхүйц төслүүдийг хариуцсан намаас үл хамаарсан бүтэц бий болгох хэрэгтэй гэх мэт санаа оноо дуулддаг. Таныхаар ийм боломж бий юү?
-Байхгүй. Сүүлийн үед зөвхөн Монголд биш дэлхий даяар мега төслүүд хэцүү болсон л доо. Хэвлэл мэдээлэл, сошиалын хөгжлөө дагаад олон ашиг сонирхлууд ил тод гараад ирчихсэн. Өмнө нь ийм зүйлийг хүчээр дардаг, эсвэл мэддэггүй гэх мэт асуудал байсан.
-Аль аль талын ашиг сонирхлыг хангах гэсэн том асуудалтай нүүр тулсан гэж үү?
-Тэгж ойлгож болно. Сүүлийн үед мега төслийг хэрэгжүүлэхийн тулд бүх талын ашиг сонирхлыг нэгтгэх нь чухал гэж ярьдаг болсон.
-Сүүлийн асуулт. Саарал, хар жагсаалтаас гарах хугацааг хэзээ гэж харж байна вэ?
-Сонгуулиас өмнө бол амжихгүй.
Шинээр бүрдсэн УИХ тодорхой хуулиудад зохих өөрчлөлтийг оруулбал энэ жилдээ аль аль жагсаалтаас нь гарах боломж техникийн хувьд бололцоотой. Хар жагсаалтын тухайд гэхэд Европын комиссоос наймдугаар сарын 31-н гэхэд шийдвэрээ гаргаарай гэж мэдэгдсэн байна лээ. Тэгэхээр энэ хугацаанд нь амжиж шийдвэрээ гаргавал боломж байгаа гэсэн үг.
Сэтгэгдэл (0)