Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилтийн явц /эхлэл/

МОНГОЛ, ОРОС, ХЯТАД ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОРЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ /ЭХЛЭЛ/

Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хэмээх тус тусын бодлогоо Монгол, Орос, Хятад гурван тал хооронд нь уялдуулан холбож, эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр 2016 онд тохиролцсон билээ. Үүний дагуу эдийн засгийн коридор (ЭЗК) байгуулах хөтөлбөр байгуулсан ба тус хөтөлбөрийн гол биежилт нь ЭЗК-ын 32 төсөл билээ. Даяаршил хумигдах хандлагатай өнөөгийн нөхцөл байдалд бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаа илүү чухал байх хандлагатай. Иймээс манай улсын хоёр хөрштэйгөө хэрэгжүүлж буй ЭЗК-ын төслийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.

Эдийн засгийн коридорын хэрэгжилтийн явц

Хөтөлбөр ба 32 төслийн тухай: ЭЗК-ын хөтөлбөр үндсэн хэсэг болон хавсралт хэсгээс бүрдэх бөгөөд үндсэн хэсэгт хөтөлбөрийн зорилго, хамтын ажиллагааны чиглэл, зарчим, төслүүдийн санхүүжилт, хэрэгжүүлэх механизм зэргийг тусгасан.Хавсралтад нийт 32 төслийг тусгасан юм. Үүнд:

  • Зам, тээврийн салбарын төсөл – 13
  • Аж үйлдвэрийн салбарын төсөл – 2
  • Хил, гааль, хорио цээрийн чиглэлийн төсөл – 5
  • Эрчим хүчний салбарын төсөл – 1
  • Байгаль орчны салбарын төсөл – 3
  • Шинжлэх ухаан, технологи, боловсролын салбар төсөл – 3
  • Хүмүүнлэгийн чиглэлийн төсөл – 3
  • Хөдөө аж ахуйн салбарын төсөл – 1
  • Эрүүл мэндийн салбарын төсөл – 1 байдаг. 

ЭЗК-ын хөтөлбөрийн зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оршино хэмээн тодорхойлсон.

ЭЗК-ын механизм: “Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо хооронд “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-т 2018 оны 9 дүгээр сард гарын үсэг зурснаар гурван талын хамтын ажиллагааны механизмыг албан ёсоор байгуулав. Санамж бичгийн дагуу хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг хариуцах Ажлын хэсгийг гурван улс байгуулсан бөгөөд ажлын хэсгийн дарга нар нь Монголын талаас Гадаад харилцааны дэд сайд, Оросын талаас Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, Хятадын талаас Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга юм. Гурван талын Ажлын хэсгийн дарга нарын уулзалтыг одоогоор хийгээгүй байна.

Өдгөө 2016 оноос хойш гурван талын хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлж, нийт 10 эргэм механизм ажиллаж байна.

Монгол, Орос, Хятадын ЭЗК-ын механизм

Механизм Давтамж Гол үүрэг
  Төрийн тэргүүн нарын уулзалт   Жил 1 удаа Дээд түвшний тохиролцоонд хүрэх
  Гурван талын Ажлын хэсэг Жилд 1 удаа ЭЗК-ийн хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах
  Гадаад харилцааны дэд сайд нарын уулзалт Жилд 1 удаа Төрийн тэргүүн нарын уулзалтын асуудлыг хэлэлцэх, ЭЗК-ын хөтөлбөрийн хэрэгжилтийг  хэлэлцэх
  Шинжээчдийн түвшний уулзалт /ГХЯ-ны газрын захирлын түвшний/ Жилд 1-2 удаа Төслүүдийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх
  Хөрөнгө оруулалтын судалгааны төв Байнгын Төслийн ТЭЗҮ, хөрөнгө оруулалтын судалгаа хийх
  Зам тээврийн сайд нарын уулзалт   Салбарын хамтын ажиллагааг хэлэлцэх
  Аялал жуулчлалын сайд нарын уулзалт Жилд 1 удаа Салбарын хамтын ажиллагааг хэлэлцэх
  Гаалийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн уулзалт Жилд 1 удаа Салбарын хамтын ажиллагааг хэлэлцэх
  Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт Жилд 1 удаа Гурван улсын ААН-үүдийн хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн танилцуулга, гэрээ хэлэлцээр байгуулах, бизнес платформ болох
  Тинктанкуудын холбоо: ЭШ-ний хурал Жилд 1 удаа Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, судалгааны мэдээлэл солилцох

Гурван талын шинжээчдийн түвшний гуравдугаар уулзалтаар тэргүүлэх ач холбогдолтой төслүүдийг хэлэлцэн тохиролцсон бөгөөд хөтөлбөрийн хавсралтад тусгагдсан 32 төсөл дотроос дараах 3 төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

  • Төмөр замын төв коридор (Улаан-Үүд – Наушки – Сүхбаатар – Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Улаанцав – Жанчхүү – Бээжин – Тяньжин)- ыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийг судлах;
  • Азийн авто замын сүлжээний АН-3 (Улаан-Үүд – Хиагт/Алтанбулаг – Дархан – Улаанбаатар – Сайншанд – Замын-Үүд/Эрээн – Бээжингийн гаднах тойрог – Тяньжин) чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах;
  • Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах зэрэг болно[1].

Үндэсний ажлын хэсэг: Гурван талын хамтын ажиллагааг дэмжих дотоодын байгууллагуудын үйл ажиллагааны зохицуулалтыг хангах үүднээс манай талд Ерөнхий сайдын захирамжаар Гадаад харилцааны дэд сайдаар ахлуулсан Үндэсний ажлын хэсэг мөн  байгуулжээ. Үндэсний ажлын хэсэгт Гадаад харилцааны яамнаас гадна Зам тээвэр хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Үндэсний хөгжлийн агентлаг, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг бусад холбогдох байгууллагын төлөөлөл багтаж байна.[2]

Ийнхүү ЭЗК-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талын ажлын түвшнээс төрийн тэргүүний түвшинд шат шатны механизм бий болсны зэрэгцээ дотоодын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, зохицуулах бүтэц байгуулагдаад байна.

ЭЗК-ын хэрэгжилтийн үр дүн

ЭЗК-ийн төслүүдийг батлан хэрэгжүүлж эхэлсэн боловч бодит үр дүн хараахан гараагүй байна. Монголын гадаад худалдаан дахь эерэг үр дүнгүүд нь гурван талын хамтын ажиллагаанаас бус хоёр талын худалдаанаас ирсэн өгөөж байгаа юм.

Гадаад худалдааны үзүүлэлт: Манай улс гадаад худалдааны нийт эргэлт ЭЗК-ын хөтөлбөрийг баталсан 2016 онд 8.2 тэрбум ам.доллар байсан бол 2019 онд 13.7 тэрбум ам.доллар болж 67 хувиар өсчээ.

Эх сурвалж: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

Манай улс гадаад худалдааныхаа 77 хувийг хоёр хөрш улстай хийсэн (2019 оны байдлаар). Үүнээс Хятадад 64 хувь, ОХУ-д 13 хувь ногддог.[1]

Хүснэгт 3. Монгол Улсаас ОХУ, БНХАУ-тай хийсэн худалдааны хэмжээ /1000 ам.доллар/

Улс 2016 он 2017 он 2018 он 2019 он
ОХУ 55,769 67,661.07 85,936 68,093.3
БНХАУ 3,901,619.6 5,307,431.8 6,542,824.8 6,789,765.2

Эх сурвалж: Статистикийн мэдээллийн нэгдсэн сан

                Монгол Улсын гадаад худалдааны нийт хэмжээ 2016-2019 онд 67 хувиар өссөн шалтгаан үндсэндээ Хятадтай хийж буй худалдаа, нүүрсний экспорт нэмэгдэж буйтай холбоотой. Оростой хийж буй худалдаа дорвитой нэмэгдээгүй. Өөрөөр хэлбэл гурван талын хамтын ажиллагааны үр дүнгээс биш Монгол, Хятад хоёр талын худалдааны үр дүнгээс ирсэн өсөлт юм. 

Ложистикийн гүйцэтгэлийн индекс: ЭЗК-ийн хөтөлбөрт дэд бүтцийн чиглэлээр хамгийн олон буюу 13 төсөл байдаг. Энэ 13 төсөл дотроос 3 төслийн хэрэгжилт хангалтгүй, бусад 10 нь тодорхой хэмжээнд ахицтай урагшилж буй. Гэвч Дэлхийн банкнаас гаргадаг Ложистикийн гүйцэтгэлийн индексээр (LPI) Монгол Улс 2018 онд нийт 163 орноос 133-т орсон, энэ нь өмнөх 2016 оны 108 дугаар байрнаас ухарсан үзүүлэлт юм. Ингэж ухарсан нь ЭЗК-ын дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхэлсэн боловч ашиглалтад орж үр дүнгээ өгөх цаг хараахан болоогүйтэй холбоотой.

Санхүүжилт ба ААН-үүдийн оролцоо: ЭЗК-ын тухай хэлэлцээрт санхүүжүүлэх эх үүсвэрүүдийг зааж өгсөн. Коридорын төсөл, арга хэмжээнүүдийг төр-хувийн хэвшлийн түншлэл, мөн олон улсын санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрээс, түүний дотор Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан, Азийн хөгжлийн банк, БРИКС-ийн Хөгжлийн шинэ банк, ШХАБ-ын Банкны нэгдэл зэрэг санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Өдгөө ЭЗК-ын дагуу хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилтийг харвал:

  • Монгол Улсын төсөв,
  • Олон улсын санхүүгийн байгууллага: АХБ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк,
  • Хятадын банк: Экспорт, импортын банк
  • Хятадын хөнгөлөлттэй зээл, тусламж гэсэн төрлөөр хэрэгжиж байна.

Төслүүдийн санхүүжилтэд Хятадын Торгоны зам сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, төр-хувийн хэвшлийн түншлэлийн загварын санхүүжилтийг хараахан ашиглаагүй байна. Түүнчлэн 32 төсөл 2016 онд батлагдсан боловч, зарим төсөл нь үүнээс өмнө эхэлсэн, санхүүжилт нь шийдэгдсэн төслүүд ч бий. Тиймээс цаашид санхүүжилтийн эх үүсвэрийн олон төрлийг бүрэн ашиглах талаар ажиллах шаардлагатай.

Санхүүжилтээ аваад хэрэгжиж буй дэд бүтэц, боомтын бүтээн байгуулалтын төслүүдийн гүйцэтгэгч нь гол төлөв БНХАУ-ын ААН-үүд байгаа. Учир нь Хятадын банк, хөнгөлөттэй зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдэд тавигдах шаардлагын дагуу Хятадын компаниуд технологи, туршлага ур чадвартаа түшиглэн давуу эрхээр оролцдогтой холбоотой. Монголын ААН-үүд туслан гүйцэтгэгч байдлаар зарим төсөлд оролцож буй. Тиймээс цаашид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгжиж буй ЭЗК-ын төсөл дээр Монголын ААН-үүдийг түлхүү оролцуулах, ашиг хүртээх, туршлага суулгах талаар дэмжлэх үзүүлэх шаардлагатай. Төслийн санхүүжилтэд төр хувийн хэвшлийн загварыг түлхүү ашиглавал Монголын ААН-үүдийн оролцоо, эзэмшлийг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болно.

Тагнуулын ерөнхий газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)