Герман улсад зарим ангийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн байна
- 2020-05-15
- Дэлхий
- 0
ХБНГУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж буй талаар тус улсад суугаа манай ЭСЯ-наас мэдээлэл ирүүлсэн байна.
ХБНГУ-д коронавирусийн тархалтын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс зогсоосон. Сурагчид гэрийн даалгавар, цахим хичээл хийж, сургалтын хөтөлбөрийн дагуу гэртээ суралцаж байна.
Холбооны Засгийн газраас 2020 оны 4 дүгээр сард нэн шаардлагатай сурагчдын хичээлийг үе шаттайгаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, дунд сургуулийн ахлах 10-р ангийн сурагчид 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс төгсөлтийн шалгалт өгөхөөр хичээлдээ орсон бол 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 6, 9 ба 12-р ангиуд (гимназийн 11 анги) -ын хичээл эхэлжээ.
Холбооны Канцлер ба муж улсын Ерөнхий сайд нар 5 дугаар сарын 7-ны өдөр коронавирусийн цар тахлын тархалтыг зогсоох зорилгоор хэрэгжүүлж буй хөл хориог 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгахаар тогтсон. Гэвч КОВИД-19 тахлын тархалт удааширсантай холбогдуулан хөл хорионы зарим арга хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс сулруулахаар шийдвэрлэсний хүрээнд бага, дунд сургуулийн зарим ангийн хичээлийг эхлүүлэхээр болоод байна.
Дээрх шийдвэрийн дагуу бага, дунд сургуулийн 1, 5 ба 7 дугаар ангийн сургалтыг богиносгосон цагаар эхлүүлж, мөн урлагийн сургуулиудад ганцаарчилсан эсвэл жижиг бүлгийн сургалт явуулахыг зөвшөөрчээ. Түүнчлэн гэрийн нөхцөлд сурах боломжгүй сурагчдад анги харгалзахгүйгээр 5 дугаар сарын 11-ний өдрөөс сургуульд явах боломжийг олгосон. Тухайлбал, гэрийн даалгавар хийх техник, төхөөрөмжийн боломжгүй, гэр бүлийн хүндрэлтэй нөхцөл байдалтай, хэлний дутмаг мэдлэгтэй, эсвэл тусгай сургалт шаардлагатай сурагчид танхимын сургалтыг эхлүүлж болох эсэхийг сургуулийн удирдлага, багш нар дор бүрнээ шийдвэрлэх боломжтой юм байна.
Уг шийдвэрийг гаргахдаа бага сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид суурь мэдлэг авах шаардлагатайг харгалзан үзжээ. ХБНГУ-ын бага сургууль 1-6 ангитай бөгөөд сурагч 6 ангиа төгсөхөд авсан дүнгээс шалтгаалан энгийн дунд сургууль эсхүл гимназид (гүнзгийрүүлсэн сургалттай гимназийн төгсөгчид ихэнхдээ их, дээд сургуульд суралцдаг бол энгийн сургуулийн төгсөгчид мэргэжлийн боловсрол эзэмшдэг) суралцах эрх авдаг. Учир иймд, энэ удаагийн шийдвэрээр сурагчдын ирээдүйг тодорхойлох 6 дугаар ангид амжилттай суралцах боломжоор хангах үүднээс 5 дугаар ангийн хичээлийг эхлүүлэх шийдвэр гаргасан байна.
Бага сургуулиас гимназид суралцах эрх авсан сурагчдын хувьд 7 дугаар анги нь туршилтын жил гэж үздэг бөгөөд амжилттай суралцсан тохиолдолд гимназид үргэлжлүүлэн суралцдаг. Иймд, дунд сургуульд дасан зохицох, туршилтын жилдээ амжилттай суралцах боломжийг олгох үүднээс ийнхүү шийдвэрлэсэн байна.
Сургууль тус бүр коронавирусийн тархалтыг зогсоох зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний дагуу гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гаргаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тодруулбал, сургууль нь өөрийн нөөц, бололцоо, сурагчдын тоо зэргийг харгалзан, дээрх арга хэмжээнд тохирсон төлөвлөгөө боловсруулна. Ихэнх сургуулиуд нэг ангийг 2 бүлэгт хувааж, бүлгүүд долоо хоногоор ээлжлэн, мөн өглөөний болон үдээс хойш ээлжээр сургуульд явж байна. Мөн бүлгүүдийн хичээл, завсарлага эхлэх цагийг зөрүүлж, сургуулийн барилга дотор бөөгнөрөл үүсгэхгүй байхаас гадна зарим тохиолдолд зөвхөн тоо, герман хэл болон бусад хичээлийг заах арга хэмжээ авч байна.
Сургуулиудад 1, 5, 7 дугаар ангиас бусад анги, бүлгийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс нэмэлтээр эхлүүлэх эсэх шийдвэрийг гаргах эрхийг олгосон. Тухайлбал, Панков дүүргийн Хазенгрунд бага сургуулийн удирдлага, багш нарын зөвлөлийн шийдвэрээр 2 дугаар ангийн хичээлийг эхлүүлжээ. Харин Лихтенберг дүүргийн нэгэн сургууль 7 дугаар ангийн хичээлийг 11-ний өдрөөс эхлүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яам
Сэтгэгдэл (0)