Авлигын хэргийн улмаас олон арван төрийн албан хаагчийг баривчлав
- 2020-05-18
- Дэлхий
- 0
Алеппо хотын засаг захиргаанаас асар их хэмжээний хөрөнгө мөнгийг авлига, итгэл эвдэх замаар ашиглан завшсан олон тооны албан тушаалтнуудыг саяхан баривчиллаа.
Эрүүгийн цагдаагийн газраас одоо авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 26 хүн дээр нэмээд нэгэн дүүргийн захирагчийг баривчилснаас гадна дөрвөн өөр дүүргийн захирагч нарыг эрэн сурвалжилж байна.
Эрүүгийн цагдаагийн газраас хэд хэдэн дүүргийн захирагч нарыг коронавирус тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх ариутгалын материал, хөрөнгө мөнгө хулгайлсан, барилга барих хууль бус зөвшөөрөл олгосон зэрэг асуудалд буруутгаж буй юм.
Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газраас авлигын асуудалд холбогдсон хүмүүстэй холбоотой цахим хуудсууд болон нийгмийн сүлжээний аккаунтуудыг хааж өмчлөгчдийг баривчилжээ. Цахим сайт эзэмшигчдийн зарим нь Сирийн сөрөг хүчнийхэнтэй мөн холбоотой байжээ.
Өнгөрөгч есдүгээр сард Сирийн Засгийн газраас гурван зуун тавин тэрбум сири паундтай тэнцэх хэмжээний авлигын хэрэгт холбогдсон боловсролын сайд асан Хазван ал-Ваз болон түүний эхнэрийн өмч хөрөнгийг хураан авсан бөгөөд мөн 87 төрийн албан хаагчтай холбоотой авлигын хэргийг шийдвэрлэсэн.
Сирийн Засгийн газар авлигатай тэмцэнэ хэмээн тунхаглаж хөтөлбөр, төлөвлөгөө гаргадаг ч үр дүнг нь олон нийтэд мэдээлэхгүй өнгөрдөг.
Транспарэнси интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн жил бүрийн судалгааны үр дүнгээр Сири Улс нь араасаа дэд байр эзэлж зөвхөн Сомали Улсын өмнө орсон.
Эх сурвалж: www.iaac.mn
Сэтгэгдэл (0)