Олон улсын хэмжээнд 2020 оны дөрөвдүгээр сард авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн хамгийн чухал 10 үйл ажиллагаа
- 2020-05-18
- Дэлхий
- 0
Хуулийн Моррисон ба Фоерстер компаниас энэ оны дөрөвдүгээр сард болж өнгөрсөн авлигатай тэмцэх чиглэлийн үйл ажиллагаануудаас хамгийн чухал ач холбогдолтой арвыг нь онцлон нэрлэж байна.
Нэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас авлигын эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулав.
Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тус байгууллагын Хээл хахуулийн асуудлаарх Ажлын хэсгээс “Коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж байгаа дэлхий нийтийн хүчин чармайлт нь хээл хахуулийн улмаас саарах ёсгүй. Энэхүү цар тахал нь авлигад таатай хөрс суурь болж байна. Одоогоор мэдэгдээд байгаа хил дамнасан олон тооны авлигын хэргүүд эрүүл мэндийн салбарт гарсан. Хээл хахуулийн улмаас хүн амын эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл хүрэх ёстой газартаа хүрч чадахгүй байгааг анхааралдаа авах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд болон эмийн түгээлтийн үйл ажиллагаанд хууль дүрмийг чандлан сахиж, ил тод байдлыг хангах шаардлагатай байна” гэж мэдэгдсэн.
Хоёр. Италийн газрын тосны компани хээл хахуулийн хэргээ шийдүүлэх тохиролцоонд хүрэв
Италийн газрын тосны Ени С.п.А компани нь Гадаад дахь авлигын хуулийн нягтлан бодох бүртгэл болон дотоод хяналттай холбоотой заалтуудыг зөрчсөн зөрчлөө шийдвэрлүүлэхээр АНУ-ын Үнэт цаас, арилжааны комисстой тохиролцоонд хүрсэн талаар тус комиссоос 2020 оны 4 дүгээр сарын 17-нд мэдэгдэл хийлээ.
Комиссын шийдвэрт дурдсанаар Енигийн охин компани нь Алжир Улсын төрийн өмчит газрын тосны компанитай гэрээ байгуулахад тусалсан зуучлагчид 2007 оноос 2010 оны хооронд ойролцоогоор 198 сая еврог шилжүүлжээ. Энэ мөнгөний тодорхой хэсэг Алжирийн төрийн албан тушаалтанд очсон нь Италийн компанийг буруутгах үндэслэл болсон байна.
Гурав. Үнэт цаас, арилжааны комиссоос санхүүгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал асныг хээл хахуулийн хэрэгт татав
Англид байрлан үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал асан Асанте Берко нь Гадаад дахь авлигын хуулийн хээл хахуулийн эсрэг заалтууд болон холбооны үнэт цаасны хуулиудыг зөрчсөн тул хэрэгт татагдаж байгааг АНУ-ын Үнэт цаас, арилжааны комиссоос 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зарлав.
Гана Улсад цахилгаан станц барих тендерийг авахад нь Туркийн эрчим хүчний компанид туслахын тулд Берко нь 2015 – 2016 онд Ганийн Засгийн газрын албан тушаалтнуудыг хахуульдах үйл ажиллагааг санаачлан зохион байгуулжээ.
Дөрөв. Эрчим хүчний компанийн борлуулалтын менежер асан гадаадын төрийн албан хаагчийг хахуульдсан хэрэгт ял сонсов
Эрчим хүчний Алстом компанийн Коннетикут муж дахь салбарын бүс нутгийн борлуулалтын менежер асан Ларри Пукетт 100 цагийн нийтэд тустай ажил хийх болон 5000 доллараар торгох ялаар шийтгүүлэв. Тэрээр Алстом компанийн гүйцэтгэх захирал асан Лоренс Хоскинс болон бусад хүмүүстэй хамтран Индонезийн Засгийн газраас зарласан цахилгаан станцын тендерт ялахын тулд тус улсын төрийн албан тушаалтнуудыг хахуульдахаар үгсэн хуйвалдсан буруутай гэдгээ 2013 онд бүрэн хүлээн зөвшөөрсөн юм.
Пукетт нь шүүх хурал дээр хамт хэрэг үйлдсэн Хоскинсийн талаар мэдүүлэг өгснөөр 2019 оны 11 дүгээр сард Хоскинсод 15 сарын хорих ял оноох боломжтой болсон юм. Коронавирусийн цар тахлын дэгдэлтийн улмаас Пукеттийн шүүх хурлыг зайнаас видеогоор явуулжээ.
Тав. Олон улсын хөлбөмбөгийн холбооны хээл хахуулийн хэрэг дээр зарим шийдвэрүүд гарав
Олон улсын хөлбөмбөгийн холбооны хээл хахуулийн хэрэгт хэвлэл мэдээлэл, спортын маркетингийн компаниудын албан тушаалтнууд нэмж татагдан, банкууд, үндэсний хөлбөмбөгийн холбоодуудын албан тушаалтнуудтай холбоотой шийдвэр гарлаа.
АНУ-ын 21 дүгээр зуун Фокс Инк компанийн Спортын маркетингийн захирал асан 2 хүн, Испанийн мэдээллийн компанийн гүйцэтгэх захирал асан, Уругвай Улсын спортын маркетингийн компанийн гүйцэтгэх захирал асан хүмүүс мөнгө угаасан, залилан мэхэлсэн болон авлигын бусад хэргээр шалгагдаж эхлэв.
Израилийн хамгийн том банк болох Банк Напоалим Б.М. болон түүний Швейцарь дахь салбар нь спортын маркетингийн компаниудаас Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан тушаалтнуудыг хахуульдахийн тулд ашигласан 20 сая долларыг угаасан хэрэгт буруутай болохоо хүлээн зөвшөөрч 20.7 сая долларыг хураалган, 9.3 сая доллараар торгууллаа.
Зургаа. Лондонгийн шүүхээс Улс төрд нөлөө бүхий этгээдийн өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэр гаргав
2018 оны 1 дүгээр сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хууль бус санхүүжилтийн тухай 2017 оны хуулиар Их Британи, Нэгдсэн Вант Улсын нутаг дэвсгэр дэхь эх үүсвэр нь тодорхой бус хөрөнгөний эх үүсвэрийг тайлбарлуулах, ингэж чадахгүй бол хураах шийдвэр гаргаж болох зохицуулалтыг бий болгосон юм.
Авлигийн хэрэгт холбогдсон этгээдээс хөрөнгөний эх үүсвэрээ тайлбарлахыг шаарддаг энэхүү зохицуулалт нь улс төрд нөлөө бүхий этгээдэд холбогдох 50 мянган фунтээс дээш хэмжээний хөрөнгөнд хамаардаг.
Энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш хэд хэдэн тохиолдол дээр хэрэглэсэн байна.
2020 оны 4 дүгээр сарын 8-нд Лондонгийн шүүхээс Английн Эрүүгийн хэрэг мөрдөх газраас гаргасан захирамжийг хүчингүй болгожээ. Энэхүү захирамжийг Казакстан улсын Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевийн хамаатнуудтай холбоотой Лондон дахь гурван үл хөдлөх хөрөнгийг эзэмшдэг компаниудтай холбогдуулан гаргасан байсан юм. Хууль сахиулах байгууллагын зүгээс нийт 80 сая фунтын үнэ бүхий эдгээр үл хөдлөх хөрөнгө нь хууль бус эх үүсвэртэй гэж үзсэн боловч шүүхийн зүгээс нотлох баримт хангалтгүй байна гэж үзжээ.
Долоо. АНУ-ын Хууль зүйн яам Малайзын баялгийн сангийн 300 сая долларыг улс оронд нь буцаан шилжүүлэх шийдвэр гаргав
Хууль зүйн яам 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр Малайз Улсын Хөгжлийн сангаас хууль бусаар завшсан 300 сая долларыг буцаан өгч байгаагаа зарлав. Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар Малайзын Хөгжлийн сангаас ашиглан завшсан нийтдээ 1 тэрбум орчим долларыг хөрөнгийг АНУ-ын нутаг дэвсгэрт илрүүлэн битүүмжилсэн бөгөөд үүнээс 600 орчим сая долларыг Малайзад эргүүлэн өгсөн байна.
Найм. Интер-Америкийн Хөгжлийн банк Бразилийн барилгын компанид хориг тавив
Интер-Америкийн Хөгжлийн Банкны санхүүжилттэйгээр Бразилд хэрэгжүүлсэн дөрвөн төслийг гүйцэтгэх явцдаа авлигын шинжтэй үйл ажиллагаа явуулсан тул Андраде Гүтиеррез Енженариа С.А компанид тус банкнаас 37 сарын хориг тавилаа. Төслийг гүйцэтгэгчийн эрхийг олж авахын тулд Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн гэдгээ компанийн зүгээс хүлээн зөвшөөрсөн бөгөөд хахуулийн хэмжээ нь 60 сая долларт хүрч магадгүй байна.
Энэ компани нь энэхүү хууль бус үйл ажиллагаанаасаа гадна өөр хэргүүдэд холбоотой бөгөөд тухайлбал “Машин угаалга” ажиллагааны дүнд илэрсэн авлигын хэрэгт холбоотой юм. 2018 онд тус компанийн өмнө үйлдсэн авлигын хэрэг дээрээ торгууль төлөх тохиролцоонд хүрч Засгийн газарт 381.5 сая доллар төлж байсан.
Ес. Азийн хөгжлийн банкнаас Авлигатай тэмцэх үйл ажиллагаа ба шударга байдлын 2019 оны тайлангаа гаргалаа
Азийн хөгжлийн банкны Авлигатай тэмцэх ба Шударга байдлын газраас 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр 2019 оны жилийн тайлангаа нийтэд танилцуулав.
Тайланд тусгаснаар АХБ-аас 2019 онд тус банкны Авлигын эсрэг бодлогыг зөрчсөн үндэслэлээр 69 компани болон 62 хувь хүнд хориг тавьжээ.
Арав. Колумб Улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад албан ёсоор нэгдэн орлоо
Колумб Улс 2012 оны 1 дүгээр сард Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хээл хахуулийн эсрэг конвенцид нэгдэж, Хээл хахуулийн асуудлаархи ажлын хэсгийн гишүүн болоод байсан. Гэхдээ тус улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын бүрэн хэмжээний гишүүнчлэлийн эрхтэй болоогүй байв.
Колумб Улс 37 дахь гишүүн улсаар болснийг тус байгууллагаас 2020 оны 4 дүгээр сарын 28-нд албан ёсоор зарлав. Ингэснээр Мексик, Чилийн дараа Латин Америкийн гуравдах улс тус байгууллагын гишүүн болж байна.
Сэтгэгдэл (0)