Европын холбооны хар жагсаалт яагаад богино юм бэ?

Европын хууль дүрмийг сахин мөрддөг нэгдсэн зах зээлд мөнгө угаах аюултай гэж үзэж буй нүгэлт 20 улсын улсын хар-цагаан түүхийг өнгөрсөн долоо хоногт Европын Холбоо гаргаж ирэв. Гэтэл Европын Холбооны мөнгө угаах бодит түүх бол илүү түвэгтэй юм.

Гэмт хэргийн эсхүл терроризмын хөрөнгийг европын зах зээлд нэвтрүүлэх өндөр эрсдэл бүхий 20 улсыг Европын холбоо 5 дугаар сарын 7-ны өдөр нэрлэн зарлав. Эдгээрт героины тэргүүлэгч экспортлогч Афганистаныг оруулсан байна. 2016 онд Панамын баримт бичгийг дэлгэж байсан Панам Улсыг Европын холбоо мөн жагсаалтад оруулжээ. Бусад 18 гэмтнүүдэд: Багамын арлууд, Барбадос, Ботсван, Камбож, Гана, Ирак, Ямайк, Маврик, Монгол, Мьянмар, Никарагуа, Пакистан, Сири, Тринидад ба Тобаго, Уганд, Вануату, Йемен, Зимбабвэ оржээ. Энэ нь эдгээр улсын шилжүүлгийг Европын холбооны банкууд нарийн шалгана гэсэн үг юм. 

Энэхүү жагсаалтаас Европын холбооны 27 улсыг буюу процессыг зохицуулж буй Европын холбооны хуулийн дагуу Исланд, Лихтенштейн, Норвег зэрэг улсыг автоматаар хассан юм. 59 хуудас бүхий техникийн аргачлалд үндэслэн хар жагсаалтыг гаргасан хэмээн албаныхан мэдэгдсэн. Түүнчлэн Парист төвтэй мөнгө угаахтай тэмцэх Засгийн газар хоорондын бүлэг - ФАТФ-ын шийдвэр, аргачлалд үндэслэсэн гэсэн. Гэхдээ Европын холбооны хар жагсаалт жил бүр шинэчлэгддэг, цэвэр нотолгоонд үндэслэгддэг гэдэг нь өнгөрсөн жил улс төрийн шалтгааны улмаас Саудын Арабыг хассан шийдвэрээр үгүйсгэгдсэн. Комисс дэлгэрэнгүй, албан хэрэгцээний баримтад үндэслэн өнгөрсөн нэгдүгээр сард нефтийн хаант улсыг жагсаалтад оруулах шаардлагыг хангасан гэж үзсэн боловч хэдэн долоо хоногийн дараа Европын холбооны улсууд өрнөдийн геополитикийн түншээ хамгаалах үүднээс энэхүү шийдвэрт вето тавьсан. Мөн тэд дэлхийн тавцанд Европын зарчмын гол холбоотон АНУ буюу америкийн Самоа, Гуам, Пуэрто Рико, Виржиний арлуудад мөн вето тавьжээ.

Улс төрийн нөлөөлөл үүнээс ч цааш үргэлжлэх аж. Комисс 2018 онд 54 улсад эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан. Энэхүү урт жагсаалтад БНХАУ, хятадын Хонгконг болон Макао, ОХУ, АНУ-ыг өөрийг нь буюу АНУ-ын санхүүгийн диваажин гэгдэх Делавер муж зэрэг багтдаг. Английн ивээлд багтдаг Английн Виржинийн арлууд, Кайманы арлуудаас гадна Европын холбооны ойрын нөхөд болох Андорра, Монако, Сан Марино, Щвейцари зэргийг нэрлэсэн. Мөн Европын холбооны газрын тосны нийлүүлэгч болох Азейрбежан Улс болон АНУ-ын холбоотон болох Сингапурыг нэрлэсэн. Эцэст нь Европын холбооны хэлж буйгаар аргачлалын шалтгааны улмаас эдгээрийн нэгийг ч жагсаалтад оруулаагүй юм.

Гэтэл энэ салбарын мэргэжилтнүүдийн дунд эдгээр улс нь мөнгө угаах халуун цэгүүд гэгддэг. Европын холбооны бараг бүх мөнгө угаахтай холбоотой шуугиан ОХУ болон хуучин ЗСБНХОУ-ын бүс нутгаас гаралтай хэмээн Английн Лестерийн их сургуульд эдийн засгийн ухаан заадаг, Кипр Улсын Төв банкны ерөнхийлөгч асан Паникос Деметриадес Еврообзерверт өгсөн ярилцлагадаа дурьдав. Лондон хот, Лихтенштейн зэрэг нь мөнгө угаах халуун цэгүүд байсныг ФАТФ-ын шинжээч асан, одоо мөнгө угаахтай холбоотой ном бичиж буй Мишель Коутоузис тэмдэглэсэн.

“Хэрэв санхүүгийн системийг цэвэрлэх нь гол зорилго бол Европын холбооны жагсаалт нь сул бөгөөд ач холбогдолгүй юм” хэмээн английн Хермитаж Капитал хедж[2] сангийн ерөнхий захирал Бил Браудер ярив.

 

Хачирхалтай түүх

Европын холбооны улс өөрсдийгөө энэхүү жагсаалтаас автоматаар хассан нь нэг зүйл өгүүлж буй юм хэмээн шинжээчид онцолсон. Австри, Кипр, Эстон, ХБНГУ, Латви, Литв, Люксенбург, Голланд, Мальт зэрэг улсын банкны салбар мөн л мөнгө угаадаг гэгддэг. “ОХУ-аас гарч буй мөнгөний урсгал ихэнхдээ Кипр, Балтын тэнгисийн орнуудаар дамжин өнгөрдөг” хэмээн ОХУ-аас шамшигдуулсан 200 сая еврогийн мөрөөр мөшгих явцад Европын холбооны түүхэн дэх хамгийн том мөнгө угаасан схем буюу 2018 оны Дойче банкны 200 тэрбум еврогийн хэрэгт хүргэснийг Браудер тэмдэглэсэн. 

Европын холбооны хар жагсаалт “сул” байсны нэг шалтгаан нь зорилго байгаагүйнх хэмээн ФАТФ-ын шинжээч асан Коутоузис онцолсон. Жагсаалтыг “санхүүгийн системийг сайжруулах бус харин хар тамхины мөнгөний урсгалын крантыг бага зэрэг хааж жижиг улс орнуудад дарамт үзүүлэх” зорилготой боловсруулсан хэмээн тэрээр онцолсон. “Хэрэв та бүхэн хар тамхи болон бие үнэлэх асуудалтай тэмцэхэд бага зэргийн хүчин чармайлт гаргавал бид санхүүгийн луйврын асуудал буюу санхүүгийн диважингийн сонголтыг, тухайлбал, английн Виржиний арлуудад, өгч буй юм” гэжээ. Мөн “бид жижиг худалдаачдын бус том компанийн мөнгийг угаах боломж олгож буй юм. Зарим нь энэ тоглоомонд оролцдог, зарим нь үгүй юм.” хэмээн тэрээр нэмж ярив. “Европын холбооны жагсаалтад ОХУ-ыг хэзээ ч оруулахгүй юм. Учир нь залгихад дэндүү том бөгөөд оросын банкууд дэлхий даяр ажиллаж байна.” хэмээн Коутоузис онцолсон. “Яагаад Хонконгыг нэрлэж болохгүй гэж? яг л ижилхэн яагаад гэвэл бид БНХАУ-тай дайтахыг хүсэхгүй” хэмээн тэрээр ярив. Европын холбооны болон ФАТФ-ын хар жагсаалтын сул байгаагийн үндсэн шалтгаан нь системийн шинж чанартай гэж франц шинжээч үзэж байна. Бодит гэмт хэргийн мөнгөний мөрийг мөшгих боломжгүй, эсхүл үнэт цаасны зах зээлээс болж жагсаалтыг ашиглахгүй байх боломжгүйг тэрээр онцлов.

Европын холбооны улс төдийгүй БНХАУ, ОХУ, эсхүл АНУ-д ч тэр эдгээр улсын эдийн засагт санхүүгийн чөлөөт урсгалыг хангах санхүүгийн бүс нутгууд шаардлагатайг тэрээр онцолсон.  Үнэт цаасны зах зээл дэх луйвар хэрхэн явагдах вэ? гэвэл БНХАУ дахь банк хууль ёсны хэдэн сая долларыг хар тамхины орлогоос олсон гэмт хэрэгтнүүдийн мөнгөтэй холин корпоратив болон бие даасан үнэт цаас худалдан авдаг. “Банк шинэ пот[3] байгуулдаг ба ингэх явцад сангуудын бүрэлдэхүүн хэсгүүдийн өвөрмөц шинж чанарыг алддаг” хэмээн Коутоузис ярив. Банк нь азийн санхүүгийн зах зээл дээр холимог пот/хувьцааг бусад санхүүгийн хэрэгслүүдээр солих нөхцөлд мөнгөний мөрийг мөшгих бүр хэцүү байдаг. Ойрхи дорнодын зах зээл сэрэнгүүт эдгээр хэрэгслүүдийг худалдаж, дахин нар мандахаар мафийнхний сангийн дуртай газар болох Лондонд арилждаг. 

Том санхүүгийн диваажингийн бүс нутгуудыг хаах бүү хэл эдгээр нь дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаанд дэндүү чухал юм хэмээн Коутоузис ярив. “Оффшор банкны төвүүдийг мафи, мөнгө угаагчид бус улс орнууд байгуулсныг та бүхэн санах ёстой. Эдгээр бүс нутгаар дамжиж буй мянга мянган тэрбум ам.доллар нь хэвийн эдийн засагт буцаж орж болно” гэж тэрээр онцлов. “Бид бий болгосон зүйлээ мафийнхан ашигласнаас болж буруутгаж болохгүй” гэж тэрээр нэмж ярисан болно. “Хэрэв бидэнд бодит хар жагсаалт (мөнгө угаах) байсан бол дэлхийн улс орнуудын тэн хагас нь түүнд байх байлаа” гэв. Мөнгө угаах нь дэндүү хэвийн, дэндү ашигтай тул банкууд жилийн төсвөөс хэсгийг нь торгууль төлөх зорилгоор хадгалж байдаг ба нотлох баримттай баригдсан ч олон нийтэд энэ нь хамаагүй байдаг соёлын систем Европын холбооны зарим улсад бий болжээ. “Ихэнхи газарт бид нүлээ аниад, банкууд торгуулиа төлөөд бүгд аз жаргалтай. Ямар нэгэн банкийг мөнгө угаасан асуудлаар торгууль ногдуулсан нь голландчуудад сонирхотой гэж та бодож байна уу?” гэж Коутоузис ярив.

Кипр Улсын Төв банкны ерөнхийлөгч асан Деметриадес нь Коутоузистэй ерөнхийдөө санал нэг буйгаа илэрхийлэв. 2013 онд оросууд эргэлзээтэй мөнгө Европын холбоонд буюу Киприйн банкаар дамжуулан сэжигтэй гүйлгээ хийх гэсэн сонирхолтой байхад нь тэрээр эсэргүүцэхэд Кипр Улсын Ерөнхийлөгч Никос Анастасиадес утасдаж байсантай таарч байсан түүхтэй. Ерөнхийлөгч Анастасиадес тухайн үеийн төв банкныхаа ерөнхийлөгч рүү утас цохиж “дарамт үзүүлж” гүйлгээг хориглоод байгааг болихыг “тодорхой нэр томьёолол ашиглан илт заналхийлсэн” хэмээн Деметриадес Euобзерверт мэдэгдсэн. “Мөнгө угаах жинхэн бодит асуудал нь Европын холбооны гишүүн улс орнуудын түвшинд оршдог” хэмээн тэрээр ярив.

Европын холбооны санхүүгийн засаглалын талаар шинжлэх ухааны нийтлэл бичсэн Деметриасын хувьд бол улс төрийн болон системийн хүндрэлүүдийг үл хамааран аль болох олон хүн хариуцлагад татдаг байсан бол бага ч болтугай цэвэр байх байсан. Хуулийн үйлчлэлд банкны ажилтнуудыг хамааруулахыг бодолцон тэрээр “Хувь хүнд хариуцлага ногдуулдаг хуулийг бид ашиглах хэрэгтэй” гэв. “Хэрэв банкууд үүнд илүү мөнгө төсөвлөөд хийж байсан зүйлээ үргэлжлүүлээд байвал томоохон санхүүгийн байгууллагуудад торгууль ногдуулах нь ямар утга учиртай юм бэ?” гэж тэрээр нэмж ярив. “Санхүүгийн хямралд (2008 он) буруутгагдаж байсан хүн хангалтгүй байсан. Хэрэв бид хувийн хариуцлагатай байсан бол бид арай бага асуудалтай байх байсан.” хэмээн Деметриас хэлсэн.

Европын холбоо зорилготойгоор санхүүгийн диваажин бус гэмт хэргийн мөнгөний мөрөөр явах хандлагыг барих ёстой талаар Коутоузис зөвлөсөн. Мөн авлигын асуудалд холбогдсон гадаадын этгээдэд виз олгохыг хориглох, хөрөнгийг нь царцаахыг Браудер онцолсон. Нөгөө талаас комисс “мөнгө угаахтай тэмцэх Европын холбооны зохицуулалт ихээхэн амжилтад хүрсэн, ялангуяа Хойд Европ, Балтын орнууд ч зарим нэг сул талууд байгааг хүлээн зөвшөөрсөн” байгааг тэмдэглэв.

Европын холбооны өнгөрсөн долоо хоногийн хар жагсаалтыг комиссар Владис Домбровски зарласан ба тэрээр өөрөө нөхцөл байдлыг цэвэрлэх гэж оролдсон хэмээн комисс мэдэгдсэн юм. Гэтэл хариуцлагатай удирдлагыг уриалж буй Домбровскигийн өөрийнх нь ажил хөдөлмөрийн намтар төдийлөн Европын холбооны гялалзсан баатар шиг бус юм. 48 настай тэрээр Латвийн ерөнхий сайдын албыг 2009-2014 оны хооронд хашиж байсан. Оросын мафитай холбоотой зээлдэгч Парекс банкны маргаантай асуудлын ажиглагч байсан. Үүний дараа Латвийн төв банкны ерөнхийлөгч оросуудаас хээл хахууль авсан гэсэн асуудал Домбровскийг алба хашиж байхад гарч байсан. Ямартаа ч 2008 оноос 2014 оны хооронд Латви Улсаар дамжин оросын гэмт хэргийн 200 сая евро Европын холбоонд орсон гэдгийг Браудер банкуудын баримт бичигт үндэслэн тооцсон байна. Хэн ч Домровскийг ямар нэгэн асуудалд буруутгаж байгаагүй.

Эх сурвалж: euobserver.com

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)