Өрхийн сарын дундаж нийт орлого өмнөх оны үеэс өсжээ

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Тодруулбал,

  • Өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6 (9.7%) мянган төгрөгөөр
  • Өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3%) мянган төгрөгөөр тус тус өсжээ.

Зураг 1. Нэг өрхийн сарын дундаж нийт орлого, мянган төгрөгөөр, 2020 оны эхний улирлаар

Дээрх графикаас харвал, нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт орлогын хэмжээ энэ оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.1 мянган төгрөгөөр буюу 12.6%-аар, өмнөх улирлаас 74.6 мянган төгрөгөөр буюу 6.6%-аар мөн өсжээ.

Судалгааны 2020 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлогын

  • 91.6 хувийг мөнгөн орлого,
  • 4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн,
  • 4 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.

Харин өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд

  • цалин хөлсний орлого 54.9 хувь,
  • тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.4 хувь,
  • хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.1 хувь,
  • хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7 хувь,
  • бусад орлого 10.6 хувийг тус тус эзэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 235.3 (20.5%) мянган төгрөгөөр өссөн байна. Үүнд,

  • цалин хөлсний орлого 144.3 (23.4%) мянган төгрөгөөр,
  • тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7%) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Түүнчлэн өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс

  • 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 15.6 мянгаар,
  • 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 13.0 мянгаар,
  • 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 41.0 мянгаар,
  • 700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 29.3 мянгаар,
  • 900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 6.7 мянгаар буурсан бол 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 24.8 мянгаар, 2.1-3 сая төгрөгийн орлоготой өрх 42.1 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 34.9 мянгаар нэмэгджээ.

ЗАРЛАГА

Харин нэг өрхийн сарын дундаж (үнийн нөлөөллийг арилган тооцсон) бодит нийт зарлагын хэмжээ 2020 оны эхний улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114 мянган төгрөгөөр буюу 10.1%-аар, өмнөх улирлаас 62.6 мянган төгрөгөөр буюу 5.3%-аар өссөн гэдгийг мөн мэдээлэв.

Өрхийн нийт зарлагыг өрхийн мөнгөн зарлага, өрхийн өөрийн аж ахуйгаас бэлтгэж хэрэглэсэн болон бусдаас үнэгүй авч хэрэглэсэн зүйлийн мөнгөн дүнгүүдийн нийлбэрээр тодорхойлдог.

Судалгааны 2020 оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж зарлагын

  • 91.9 хувийг мөнгөн зарлага,
  • 4.2 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн,
  • 3.9 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүний зарлага эзэлж байгаа юм.

Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл,

  • хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 67.9 хувь,
  • хүнсний бүтээгдэхүүний зарлага 21.5 хувь,
  • бусад зарлага 8.2 хувь,
  • бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 2.4 хувийг эзэлсэн байна.

Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын

  • 32.2 хувийг мах, махан бүтээгдэхүүн,
  • 23.8 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн,
  • 11.9 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг,
  • 7.6 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал,
  • 4.1 хувийг элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан тус тус эзэлжээ.

Зураг 8. Хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага, зарим нэр төрлөөр, төгрөгөөр, 2020 оны эхний улирлаар

Дээрх графикаас харвал хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 11.5 хувийг бэлэн хувцас, гутал эзэлж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)