Г.Эрдэнэ: Энэ жил залуучуудын сонгуулийн идэвх өндөр байх магадлалтай

Судалгаа, зөвлөх үйлчилгээний “SICA” байгууллагын судалгааны газрын захирал Г.Эрдэнэтэй ярилцлаа. Тус байгууллага залуучуудын улс төр, сонгуулийн идэвх оролцоог дүгнэсэн судалгааг явуулжээ.

-Цагаа олсон судалгааг танай байгууллагаас хийжээ. Яагаад залуучуудыг онцлон судалгаа явуулсан бэ?

-Манай байгууллага өмнө нь “Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох нь” судалгааг хийж үр дүнг нээлттэйгээр олон нийтэд танилцуулсан. Энэхүү судалгаагаар 1995 оноос хойш төрсөн 18-25 насны залуусыг “шинэ үеийнхэн” хэмээн тодорхойлсон. Уг судалгааны үргэлжлэл болгон “Шинэ үеийнхний улс төр, сонгуулийн идэвх, оролцоо” хэмээх судалгааг хийж гүйцэтгэлээ.

 

Анх удаа болон хоёр дахь удаа сонгууль өгөх шинэ үеийнхэн 2020 онд сонгууль өгөх нийт сонгогчдын 17.2 хувийг (379.1 мян) эзэлж байгаа юм. Иймд эдгээр насны залуусын идэвх оролцоо сонгуулийн үр дүнд тодорхой хэмжээнд нөлөөлөл үзүүлнэ.

 

 

 

Сонгуулийн Ерөнхий Хорооны мэдээллээс харахад энэ үеийнхэнд сонгуулийн идэвх маш тааруу байдаг. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд л шинэ үеийнхний 50 орчим хувь нь л саналаа өгсөн байсан. Тиймээс бид энэ насныхны сонгуулийн идэвх, ялангуяа энэ жилийн хувьд идэвх оролцоо хэр байх, ямар нэр дэвшигчдийг сонгох вэ гэдгийг урьдчилан судаллаа.

 

-1000 залууг хэрхэн сонгож, судалгаагаа хэрхэн явуулсан бэ? 

 

-Улаанбаатар хот, 21 аймгийн 1000 шинэ үеийн төлөөллийг судалгаанд хамруулсан. Мөн шинэ үеийнхний улс төр, сонгуулийн оролцоо, улс төрийн сэтгэл ханамж, үнэт зүйлс, итгэлцэл, мэдлэг зэрэг өмнө нь манайд хийгдэж байгаагүй олон шинэ судалгааны сэдвүүдийг хөндсөн. Судалгаагаар шинэ үеийнхний сонгуулийн идэвхээс гадна төр засгийн талаарх санаа бодол, УИХ-ын сонгуульд хэрхэн оролцох, урьдчилсан байдлаар мэдэгдэж буй сонголт, сонгуулийн хүлээлт зэргийг тодруулсан.

 

-Судалгааны үр дүн хэр бодитой гэж үзэж байна вэ. 1000 залуу нийт залуучуудын төлөөлөл болж чадна гэж үзэх үү?

 

-1000 орчим хүнтэй түүврийн аргаар хийсэн судалгааны үр дүн боломжийн хэмжээнд гэж дэлхий нийтэд үнэлдэг. Дүгнэлтийн алдаа мадгийн хувьд тав орчим хувиас багагүй байдаг.

 

-Судалгаагаар энэ жилийн сонгуулийн хувьд залуусын идэвх, оролцоо хэр байхаар гарсан бэ?

 

-Судалгаанд оролцсон залуусын 80 хувь нь сонгуульд оролцож, саналаа өгнө гэсэн. Тиймээс энэ жилийн хувьд өмнөх сонгуулиудаас илүү залуучуудын идэвх өндөр байх магадлалтай байна. 

 

-Сонгуульд оролцож, саналаа өгөхгүй гэсэн залуус хэдэн хувийг эзэлж байсан бэ? 

 

-Судалгаанд оролцогчдын зургаан хувь нь сонгуульд оролцохгүй гэж байсан. Тэд улс төрийн идэвхгүй, мэдлэггүй хэсэг бүлэг байгаа юм. Харин 14 хувь нь хараахан шийдээгүй буюу тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж шийдвэр гаргах хандлагатай байлаа. Судалгааны үр дүнгээр шинэ үеийн сонгогчдыг 2020 онд ямар үзэл, хандлагын үүднээс хэрхэн оролцох гэж байгааг тандан кластерийн шинжилгээ хийж нийт есөн бүлэгт ангилан авч үзсэн. Улмаар тэрхүү бүлэг тус бүрийн төр засгийн болон сонгуулийн талаарх санаа бодол, улс төрийн оролцооны төлөв байдлын онцлогуудыг гарган тавихаар оролдсон. Ингэхдээ дараах байдлаар бүлэгт хуваарилан дүгнэлт хийсэн. Үүнд, 2016 онд сонгууль санал өгсөн оролцогчид энэ удаа дахин сонгууль өгөхөөр бол нэгдүгээр бүлэг, санал өгөхөө шийдээгүй бол зургаадугаар бүлэг, сонгуульд оролцохгүй бол долоодугаар бүлэгт тус тус хуваасан.

 

-Ер нь залуучууд ямар нэр дэвшигчид саналаа өгөхийг хүсэж байгаа бол?

 

 

 

-Судалгаанд оролцсон шинэ үеийнхний хувьд сонгогдоосой гэж хүсэж буй нэр дэвшигчийн хүйсийг чухалчилж авч үзээгүй. Харин 78 хувь нь 25-40 хүртэлх насны нэр дэвшигчийг дэмжих хандлагатай байсан. Тухайлбал, 25-35 настай залуу нэр дэвшигчийг шинэ үеийнхний 51 хувь нь дэмжих хандлагатай байна.

 

 

 

Мөн судалгаанд оролцогчдын хувьд улс төрийн ердийн мэдлэгийг тодорхойлсон. Ингэхдээ түгээмэл хэрэглэгддэг арга болох улстөрчдийн нэрийг асууж тооцсон. Шинэ үеийн залуучуудаас Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга, Ерөнхий сайд, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэрийг асуусан. Мөн түүнчлэн дэмждэг болон дургүй улстөрчдийнх нь талаарх санаа бодлыг тодрууллаа. Шинэ үеийнхний 59.6 хувь нь дэмждэг улстөрч байхгүй эсвэл нэрлэж мэдэхгүй байсан бол 70 хувь нь “дургүй улстөрч байхгүй”, “нэрлэж мэдэхгүй байна” хэмээн хариулж байсан. Энэ нь шинэ үеийнхний 60 хувьд нь улс төрийн орчны талаар эерэг, сөрөг ямар ч мэдрэмж байхгүй, иргэний хувьд улс төрийн хариуцлагын талаарх төсөөлөл үгүй байгааг харуулж байна.

 

 

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)