Ж.Алтайбаатар: Манай улсад шашин хоорондын үл ойлголцол үүсэх шалтгаан байхгүй

МУИС-ийн Шашин судлалын салбарын анхны төгсөгчдийн нэг, “Шашин судлаачдын Монголын нийгэмлэг” ТББ-ын гүйцэтгэх захирал, доктор (Ph.D) Ж.АЛТАЙБААТАРТАЙ ярилцлаа.

-Монголчууд Буддын уламжлалт шашныг шүтдэг ард түмэн боловч сүүлийн үед гаднын шашны урсгал маш ихээр нэвтэрч байна. Үүний гол учир шалтгаан нь юу гэж бодож байна вэ?

-1990-ээд оноос эхэлсэн нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн нөлөөгөөр хүмүүсийн шүтэн бишрэх эрх чөлөө нээлттэй болсон. Үүнээс өмнө хийсэн ШУА-ийн Философийн хүрээлэнгийнхний судалгаагаар олон түмний 70-80 хувь нь шашингүй үзэлтэн гэж гарсан байдаг юм билээ. Гэвч хүний шүтэн бишрэх эрх чөлөө нээлттэй болсонтой холбогдон Буддын шашны сургаал номлолыг ил тод болгосон, гадаад ертөнцтэй харилцах Монгол Улсын цонх нээлттэй болсонтой уялдан гаднын бусад шашин, урсгал орж ирэх, манайхан гадаад улстай харилцах зэргээр шинэ соргог үзэгдэл бий болсон. Улмаар 1994 онд Цэдэндамба багшийн хийсэн судалгаанаас харахад өмнө нь хаалттай байсан бурхны шашны сургаал номыг дагадаг, шүтэн биширдэг нийгмийн олонх ил гарсан гэж харж болохоор байдаг.

 

-Монголд одоогоор гаднын шашны хэчнээн урсгал байна вэ. Түүнд хамрагддаг хүний тоо гэх зэрэг нарийн тоо баримт байдаг уу?

 

-Судалгааны дүнгээс харахад 70 орчим шашны чиглэл байна гэж үзсэн. Тэдгээр нь үндсэндээ таван бүлэгт хуваагддаг. Тодруулбал, Будда, бөөгийн шашин буюу тэнгэр үзэлт шүтлэгийн хэлбэр, 1990-ээд оноос хойш Монголд дэлгэрсэн Христ, үндэсний цөөнх казахуудын шүтдэг Исламын шашин болон бусад урсгал чиглэл гэж ангилж болмоор байгаа юм. Үүний дотор Буддын шашин гэхэд шар, улаан гэдэг ч юмуу Христийнх нь протестант, католик, үнэн алдартны гэхчлэн задраад явахад 70 орчим урсгал болчихдог.

 

-Шинэ шашны урсгал гэж чухам алийг нь хэлээд байгаа юм бэ?

 

-Шашин шүтлэг нь нийгмийн хөгжлөө дагаад өөрчлөгдөж байдаг процесс юм. Энэ хугацаанд өөрийн эх сурвалж, үндэс болсон үзэл номлолоо өөрөөр тайлбарлах, “өрх тусгаарлах” зэргээр чиглэл, зорилго нь өөр болоод явчихдаг нь хувь хүний харизм (манлайлах, тэргүүлэх гэсэн зорилго)-тай холбоотой ч байдаг. Зарим тохиолдолд нийгмийн хэрэгцээ шаардлагыг дагаад үзэл баримтлалаа шинээр тайлбарлах оролдлого ч байж болох юм. Ийм байдал шашны түүхийн явцад олонтаа гарсан байдаг. Тухайлбал, Христийн шашинтны түүхэнд протестантууд нь давамгайлаад ирэхээр католикууд нь даган дуурайх маягаар хөгжсөн түүх бий.

 

 

 

Бидний судалгаандаа авч үзсэн шашны урсгалууд нь ихэвчлэн XIX зууны дунд үеэс үүссэн шинэ шашнууд байгаа юм. Нэн шинэ үеийн ч гэж хэлж болох байх. Тухайлбал, бахай, хожим үеийн гэгээнтнүүдийн сүм буюу морманизм зэргийг авч үзсэн. Мөн Монголын дотоодод бий болсон бөө мөргөл, буддизмын элементүүдийг хооронд нь сүлэлдүүлсэн шүтлэгийн зарим хэлбэр ч багтаж байгаа юм.

 

 

 

-Монголд одоо гадна, дотнын шашны хэчнээн байгууллага байдаг юм бэ?

 

-Бидний тооцоолсноор шашны 50 орчим урсгалд хамрагдах 150 гаруй хуулийн этгээд байна. Үүнд Хожмын гэгээнтнүүдийн сүм гэхэд 20 гаруй салбартай байх жишээтэй. Зарим шашны урсгал нь өөрийн байр савгүй боловч хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа ч олон нийтэд хүргэж буй үзэл санаа нь аль нэг шашныг сурталчилсан байх маягтай. Үүнээс гадна шинэ шашныг зарим тохиолдолд гаж урсгал гэж олон нийт хүлээж авах нь элбэг байдаг. Шинжлэх ухааны үүднээс бид үүнийг судалдаг 4 буруу, зөв гэж шүүж дүгнэх эрх байхгүй. Хувь хүний шүтэн биширч байгаа шашин шүтлэгийг бид шүүж тунгаах, буруушаах нь нийгмийн үл ойлголцлыг бий болгох, ялгаварлан гадуурхалтыг үүсгэх сөрөг үр дагавартай. Цаашлаад олон нийт гаж гэж үзсэн шашны урсгал нь бусдаасаа тусгаарлах, даамжирвал түүнийгээ өөр хурц байдлаар илэрхийлэх ч магадлалтай. Ийм үзэгдэл 1970-аад оны үед дэлхий дахинд их илэрч байсан.

 

-Шинэ шашны гээд байгаа сүүлийн үеийн урсгалууд нь хаанаас эх үүсвэрээ авч байна вэ. Эсвэл зэлүүд газарт барилга барих шиг гэнэт босоод ирдэг юмуу?

 

-Олонх нь тодорхой нэг шашнаас эх үүсвэр авдаг боловч хов хоосноос фантастик маягаар эсвэл философийн ямар нэг сургаалд суурилаад босч ирэх явдал ч байна. Тэр нь шашны аливаа зан үйлтэй холбогдож, шашны үзэл санаа болж “амилсан” тохиолдол ч байдаг. Энэ нь нийгмийн үзэл баримтлал, санаа бодолтой зөрчилдөөд ирэхээрээ гаж буруу харагдаж, нийгэмд ад үзэгдэх нь бий. Бас шинэ шашны урсгал нь нийгэм, олон түмэнд ямарваа хор хөнөөл учруулдаг гэж үздэг хэсэг ч байна.

Ер нь дэлхий дахинд 5000-6000 орчим шинэ шашны хөдөлгөөн байна гэж тооцоолсон. Энэ бүхний дотроос нийгэмд хор хөнөөлтэй гэж бүртгэгдсэн нь цөөхөн. Тухайлбал, “Хүмүүсийн сүм” гэж шашны байгууллага АНУ-ын Жонс таун хотод 900 гаруй хүнийг амиа хорлоход нөлөөлсөн тохиолдол байдаг юм билээ.

 

Мөн 1990-ээд оны эхэнд Токиогийн метронд хүний амьсгал боогдуулах хий тавьсан “Аун синдико" гэж бүлэг шинэ шашны муу үлгэр жишээ болж тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь хэдийгээр Буддын шашнаас эх үүсвэрээ авсан ч удирдагч нь харизм хөөсөн нөхөр байжээ. Ийм цөөхөн урсгал байдаг ч олонх нь бүх нийтийн эв нэгдэл, энх амгалан байдлыг эрхэмлэдэг гэж хэлж болно. Жишээ нь, бахайн шашин гэхэд хоорондын зөрчил тэмцэлгүй, зэрэгцэн оршиж, эвлэлдэн нэгдэхийг уриалдаг.

 

-Саяхныг хүртэл “Шашин бол хар тамхи” гэх үзэл суртлыг баримталж ирсэн Монголчууд одоо өөрийн итгэл үнэмшлээр шашин шүтлэгээ сонгож, шүтэж биширдэг болжээ. Олонх нь уламжлалт буюу Буддын шашнаа шүтдэг, бөө мөргөлийг дээдэлдэг. Гэхдээ шашны янз бүрийн урсгал цөөн хүн амтай манай улсад нэвтэрснээр шашин хоорондын мөргөлдөөн, тэмцэл гарахгүй гэх баталгаа байна уу?

 

-Монголын их гүрний үед ч олон шашин нэг дор оршин тогтнож байсан уламжлал бидэнд бий. Мөн Монгол хүний оюун санааны ойлголт өндөр учраас иймэрхүү байдлыг хүлээн зөвшөөрөх потенциал бидэнд одоо ч байна. Дээр нь зөрчил тэмцлийн шалтгаан болохуйц шашны гаж урсгал манайд байхгүй учраас айж болгоомжлох зүйл алга. Гэхдээ тухайн улс үндэстний үнэт зүйлээр дамжин эв нэгдэл нь хангагдаж байдаг учраас анхаарлын гадна орхиж болохгүй сэдэв байх ёстой.

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)