Т.Баярхүү: ТЕГ 948 хүнд холбогдох 700 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан
- 2020-05-30
- Үнэн
- 0
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль хэрэгжээд удаж буй. Хуульд зааснаар Тагнуулын ерөнхий газар хэлмэгдэгсэдийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. Тус газрын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүтэй энэ талаар ярилцлаа.
-Дээрх хуульд заасан өргөдөл, гомдол хүлээн авах хугацаа энэ онд дуусна. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийг анх 1998 онд баталж хилсээр хэлмэгдсэн иргэдээ цагаатгаж, ар гэрт нь нөхөн олговор олгож эхэлсэн. Хууль батлагдсанаас хойш цагаатгуулах, гомдол гаргах хугацааг гурван удаа, нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн удаа сунгаж байв. Тодруулбал, хэрэгжүүлэх хугацаа 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд дуусаж, өргөдөл, гомдол хүлээн авах эрх зүйн орчин байхгүй болсон. Ингээд хэсэг хугацаанд завсарлаад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2018 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдсанаар сунгасан хугацаа нь энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болох юм.
-Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн хугацаанд хэчнээн хэргийг мөрдөн шалгасан бэ?
-Улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн болон баривчлагдан мөрдөгдсөн этгээдийг цагаатгуулах тухай гомдлын дагуу хэрэг үүсгэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулна гэж заасан. Үүний хүрээнд Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлаар үүсгэн ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байна. 1939-2020 он хүртэлх хугацаанд 31 654 хүнд холбогдох 10 264 хэргийг цагаатгаж, тэдний нэр төрийг сэргээсэн. Үүний дагуу иргэдэд нөхөн олговорт 16.4 тэрбум, орон сууц түүнтэй дүйцэх мөнгөн олговорт 3.5 тэрбум төгрөгийг олгуулсан байдаг. Мөн тагнуулын байгууллагаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажлын чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр, төсөл, санал боловсруулахад тухай бүр идэвх санаачилгатай оролцож ирсэн. Тодруулбал, Цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зургаан удаагийн ажлын хэсэгт орж ажилласан билээ.
-Хилсээр хэлмэгдсэн иргэдийг 1998 оноос өмнө цагаатгаж эхэлсэн юм биш үү. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Түүхэн талаас нь авч үзвэл анх ДЯЯ-ны сайдын 1939 оны зургадугаар сарын 16-ны 229 тоот тушаалаар одоогийн Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын суурь тавигдсан. Энэ газар нь эх орноосоо урвах, хорлон сүйтгэх гэх мэт үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг шалгахын зэрэгцээ мөрдөн байцаалтын ажилд гарсан алдаа, дутагдлыг засаж сайжруулах зорилгоор өмнө нь шийдвэрлэсэн болон мөрдөн байцаалт явагдаж байгаа хэргүүдийг шалгадаг байсан. Тодруулбал, ДЯЯ-ны дэргэдэх Тусгай комиссын хурлаар шалгасан хэргийг хэлэлцүүлэн хэрэгтнийг холбогдолгүй бол суллах, ногдуулсан ялыг нь хөнгөрүүлэх зэргээр алдаа завхралуудыг засаж эхэлсэн. Үүнийг цагаатгах ажлын эхлэх гэж үздэг. 1939-1945 онуудад Онц бүрэн эрхт комисс болон Тусгай комиссын тогтоолоор хорих ял шийтгүүлсэн 2015 хүний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгасан байдаг. Мөн Гэндэн, Дэмид нарын 14 хүний хэрэг, түүнээс хойш баригдсан зарим хэрэгтний материалуудтай танилцаж, хувьсгалын эсэргүү гэх хэргээр баривчлагдсан бүх хүний хэргийг нягтлан шалгасан юм билээ. Уг хэлтэс нь 1957-1962 оны хоёрдугаар сар хүртэл ажиллахдаа 566 хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 530 хүнд холбогдох хэргийг цагаатгаж, 36 хүнд холбогдох хэргийг цагаатгах үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. 1988 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны V хурлаар 1930-1940-өөд оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудлыг дахин шалгаж үзэх, иргэдийн шаардлага хүсэлтийг харгалзан хэлмэгдэгсдийг цагаатгах ажлыг дахин сэргээн эхлүүлэхээр болсон. Ингээд 1990-1997 онд 23 900 хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шийдвэрлэсэн гэх мэт ажлууд хийсэн байдаг. Товчхондоо ийм.
-Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс 2018 оноос хойш хэр үр бүтээлтэй ажилласан бэ?
-2018 оны хоёрдугаар сарын 19-нөөс хууль хэрэгжиж эхэлсэн. 2020 оны тавдугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 948 хүнд холбогдох 700 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 879 хүнд холбогдох 644 хэргийг шийдвэрлэсэн байна. Ингээд 72 хүнд холбогдох 32 хэргийг шүүхэд шилжүүлж, цагаатгуулах саналтай, 83 хүнд холбогдох 61 хэргийг прокурорын тогтоолоор хэлмэгдсэнд тооцох саналтай шилжүүлсэн байна. Мөн 391 хүнд холбогдох 253 хэргийг тухайн гэмт хэргийн хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр үндэслэлээр, 333 хүнд холбогдох 292 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай прокурорт тус тус шилжүүлжээ. 2018 оноос хойш Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын хэсэгт тагнуулын байгууллагын төлөөлөл ажиллаж, 1922-1966 оны 4377 эрүүгийн хэрэг, 140 хадгаламжийн нэгж, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоолтой танилцаж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.1-1 дэх хэсэгт хамаарах эрүүгийн хэрэг, шүүхийн шийтгэх тогтоолыг тусгай архивт татаж авах судалгаа хийлээ.
-Түүхийн эх сурвалжид тухайн үеийн ДЯЯ-ныхан ч хэлмэгдэж байсан гэдэг?
-Улс төрийн хэлмэгдүүлэлт бол манай улсын түүхэнд хараар бичигдсэн харамсалтай үйл явдал. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, гадаад дотоод олон хүчин зүйл их нөлөөлсөн гэдэг. Тухайн үед ажиллаж байсан зөвлөлтийн зааварлагч нарын шахалтаар ДЯЯ-ны сайд, Дотоод хамгаалах газрын даргаар ажиллаж байсан хүмүүсийн 80 хувь, ДЯЯ-ны орлогч сайд, Дотоод хамгаалах газрын орлогч даргаар ажиллаж байсан хүмүүс 100 хувь, газрын даргаар ажиллаж байсан хүмүүс 70 хувийн хилмэгдүүлсэн. Мөн хэлтсийн даргаар ажиллаж байсан 45, тасгийн даргаар ажиллаж байсан 12, гүйцэтгэх ажилтан 30 хүн хэлмэгдсэн. Эдгээрээс 35 хүнийг ЗХУ-д аваачиж тэндхийн хуулиар шийтгэсэн байдаг. Харин одоо үед тагнуулын байгууллагын үе үеийн удирдлагууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах ажилд их ач холбогдол өгч ирсэн. Иргэд ч мөн ихээр хандаж, цагаатгах, нэр төрийг нь сэргээлгэх хүсэлтийг олноор ирүүлдэг.
-Цагаатгах, нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй хүн олон ханддаг гэлээ. ТЕГ хэр ачаалалтай ажиллаж байна вэ. Өдөрт, сард хэчнээн хүсэлт өргөдөл ирдэг бол?
-Цагаатгалын хуулийн хуулийн 7.1-д зааснаар хүн хуулийн этгээдээс ирүүлсэн цагаатгуулах тухай гомдлыг УЕПГ-аас хянан үзэж шинээр илэрсэн нөхцөл байдлаар үүсгэсэн хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. 2020 оны эхний таван сарын байдлаар 238 хүнд холбогдох 194 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс УЕПГ-аас хүн, хуулийн этгээдийн өргөдөл хүсэлтийг хянан үзээд шинээр илэрсэн нөхцөл байдлаар үүсгэсэн 20 хүнд холбогдох 18 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шийдвэрлэсэн.
-Хүнийг цагаатгахийн тулд аль эртний хэргийг буцааж сөхөн мөрдөн шалгах хэрэгтэй болно. Хүндрэл учирдаг уу. Жишээ нь, ЗХУ-д цаазлуулсан иргэдийн мэдээллийг авч чаддаг уу?
-Монгол улсын хэдэн иргэн ЗХУ-д хэлмэгдсэн тоо судалгаа байхгүй. ОХУ-аас 348 хүнд холбогдох баримт авчирсан, эдгээр 348 хүний хэрэг бүгд цагаадсан. Мөрдөн шалгах ажлын явцад хүндрэл гардаг. Гол нь хүсэлт гаргагчид цагаатгуулах гэж байгаа хүнийхээ овог, нэр, нас, оршин сууж байсан газар, баривчлагдсан он, ямар хэрэгт холбогдсоныг мэдэхгүй ихэвчлэн бусдаас дам сонссоноо бичсэн байдаг. Зарим тохиолдолд таамгаар тухайн цаг үед ямар нэг хэрэгт холбогдож байсан эсвэл сураггүй алга болсон юм уу, өөрөө мэдэхгүй л бол хэлмэгдүүлсэн гэж үзэж гомдол гаргадаг. Гэтэл энэ нь өөр шалтгаантай байж таардаг. Мөн орон нутгийн архивын баримтууд байгалийн болон хүний хүчин зүйлээс хамаарч устаж алга болсон байдаг. Энэ бүгд нь тухайн хүнийг улс төрийн хэрэгт холбогдсон эсэхийг тогтооход хүндрэлтэй болгодог.
-Хуулийн хэрэгжих хугацаа арвандугаар сарын 31-нд дуусгавар болно гэлээ. Манай улс өнгөрсөн хугацаанд улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн бүх хүнээ цагаатгачихсан уу?
-Хууль хүчин төгөлдөр байна. Гол нь хүн, хуулийн этгээдээс улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа хүнийг цагаатгуулах гомдлыг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор хүлээж авах заалт юм. Харин ТЕГ-ын Тусгай архив болон, орон нутгийн архивуудаас судалгаанд авсан өмнө шалгаагүй эрүүгийн хэргүүдийг цагаатгуулах гомдлыг Цагаатгалын хуулийн 6.1-д зааснаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос хуулийн хугацааны дотор гаргасан. Дээрх хэргүүдийг цагаатгах эсэхийг шалгаж шийдвэрлэх ажил явагдаж байна.
-Цагаатгалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэгт танайх байнга оролцдог. Ажлын хэсэгт орсны хувьд цагаатгах хууль эрх зүйн орчин бүрдсэн үү, хэлмэгдсэн иргэдийн нэр төрийг бүрэн утгаар нь сэргээж чаддаг уу, мөнгөн төлбөр өгөөд л орхиж байна уу?
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулах хууль 1998 онд батлагдан гарснаар эрх зүйн орчин бүрдсэн. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гэж төрийн орон тооны бус байгууллага байдаг. Энэ байгууллага нь хуулийн хэрэгжилтэд улсын хэмжээнд, аймаг нийслэлийн хэмжээнд салбар комисс, сум, хорооны хэмжээнд тухайн засаг дарга хяналт тавина гэж хуульд заасан. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээх, тэдэнд болон үр хүүхдүүд нь нөхөх олговор олгох, хэлмэгдэгчийн дурсгалыг хүндэтгэх, улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг бусад үр дагаврыг арилгах хуульд заасан чиг үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ жил тус байгууллагын 30 жилийн ой тохиож байна.
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5.1-1 дэх хэсэгт хамаарах эрүүгийн хэрэг, шүүхийн шийтгэх тогтоолыг тусгай архивт татаж авах судалгаа хийсэн гэсэн, энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын ҮАБЗ-ийн 2014 оны зөвлөмжид заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж дуусгах зорилтын хүрээнд 2015 онд ЦАУЗБУК, ТЕГ, УЕПГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж тодорхой ажлыг хэрэгжүүлж ирлээ. Ажлын хэсэг 2017-2018 онд 18 аймгийн Шүүхийн тамгын газрын архив, Прокурорын архив, Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасаг буюу Төрийн архив нийт 54 архивт ажиллаж 12 аймгийн 313 хүнд холбогдох 261 эрүүгийн хэргийг Тусгай архивт бүрэн татаж төвлөрүүлсэн. Судалгаанд авсан дээрх эрүүгийн хэргүүдийг шалгаж шийдвэрлэх ажил хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн үргэлжлэн явагдаж байна.
-Ах дүү төрөл төрөгсөдөө цагаатгуулах хүсэлтэй иргэн хаана ямар журмаар хандах ёстой вэ?
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдлыг УЕПГ-т гаргах ёстой.
Сэтгэгдэл (0)