Шовенизм дэлхийг хамарч эхэллээ

АНУ-ын Цагдаагийн алба хаагч Шовен афро америк гаралтай Жорж Флойдтой зүй бус харьцаж, үхэлд хүргэсэн нь тус улсыг хамарсан бослого үймээн дэгдэх шалтгаан болсон. Цагдаагийн харгислал, арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэл дээрэм, хулгай, хүчирхийлэл болж зүүн эргээс баруун эрэг, Мексикийн булангаас Канадын хил хүртэл өргөжиж байна. Бослоготой тэмцэхийн тулд 21 муж улсад Үндэсний гвардын цэргийг байрлуулжээ. Түүнчлэн Батлан хамгаалах яам нь 1600 орчим цэргийн алба хаагчаа АНУ-ын нийслэл Вашингтон хот орчимд байрлуулжээ.

Цэргүүдийг Вашингтон хот орчмын цэргийн баазуудад байрлуулсан хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффман мэдэгдсэн байна. Нью-Йорк хотод өнгөрсөн даваа гарагт 700 орчим хүнийг баривчилжээ. Жагсаал, эмх замбараагүй байдлыг цэрэг армийн хүчээр зогсооход бэлэн" гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс үүдсэн жагсаал 1968 онд Мартин Лютер Кинг бусдын гарт амиа алдсанаас хойш ийм өргөн цар хүрээнд анх удаа болж байгаагаараа онцлогтой. 

Миннеаполис хотноо өнгөт арьстан Жорж Флойд дэлгүүрээс хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийхийг оролдсоны дараа баривчлагдсан юм. Энэ үеэр түүний биеийн байдал хүнд байсан ч цагдаа нар хүч хэрэглэсэн хэвээр байсан бичлэг олон нийтийн шүүмжлэлд өртжээ. Эмх замбараагүй байдлын үеэр дор хаяж 11 хүн амиа алджээ. Мөн Лас-Вегас хотод өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны үеэр цагдаагийн ажилтны толгой руу буудсан хэрэг гарчээ.

 

YOUTUBE "ХАР ХУВЬСГАЛ"-Д НЭГДЛЭЭ

Шовенизм гэгдэж байсан эсэргүүцлийн хөдөлгөөн "Хар хувьсгал" болж эхэлсэн. Цагдаа нар хүн рүү буудах, амийг нь хөнөөх тохиолдолд афро америкчууд хохирогч болох нь олонтаа гардаг. Тухайлбал, 2009 онд цагдаа нар сэжигтний амийг бүрэлгэсэн 1000 орчим тохиолдлын 23 хувийг африк гаралтай америкчууд эзэлжээ. Харин АНУ- ын хүн амын 14 хувийг афро америкчууд бүрдүүлдэг байна. Цагдаа нарын гарт амиа алдсан африк гаралтай иргэдийн тоо 2017 оноос хойш бараг л өөрчлөгдөөгүй бол цагаан арьстнуудын тоо буурчээ. Энэ тэмцэл хэрхэн төгсөхийг тааварлахад эрт байна. Оросын анхны хувьсгал эзэнт гүрэнд ихээхэн хохирол авчирсан. Хамгийн чухал зүйл бол "Хар хувьсгал"-ын харгис шинж чанар юм. Гэхдээ хувьсгал бол шинэ зүйл биш. 1789-1794, 1830, 1848 оны Францын хувьсгалууд бүгд дээрэм, хүчирхийллийг дагуулсан. Хувьсгалын он жилүүдэд Парист дээрэм тонуул, галдан шатаах явдал хэвийн үзэгдэл байлаа. Бусад оронд ч ялгаагүй эерэг үр дагавар авчраагүй. Өдгөө АНУ-д өнгөт арьстнууд дур зоргоороо авирлан, Молотовын коктейлиэр гал тавьж, дэлгүүрүүдийг тонож эхэлсэн бол Америкийн цагаан арьст либералууд хуучин уламжлалынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэг болсон Миннесота мужийн захиргаа хүний эрхийн асуудлаар мужийн Цагдаагийн газрын эсрэг гомдол гаргажээ. Мөн Сенатын шүүх энэ сарын 16-нд Жорж Флойдын хэргээр сонсгол явуулахаар товлосон байна. Өнгөт арьстнуудын эрхийн төлөөх "Харууд амьдрах эрхтэй" хөдөлгөөн АНУ- ын 70 гаруй хот, Австрали, Израил, Франц, Нидерланд, Герман, Швед зэрэг Европын улсад өрнөж байгаа аж. Түүнчлэн “Apple”, “Spotify”, "YouTube” компани энэхүү жагсаал хөдөлгөөнд нэгдэж байгаагаа илэрхийлжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөнөөс үүдэн “Sony" болон “AirBNB” компани виртуал арга хэмжээнүүдээ хойшлуулсан байна. Мөн “Google” компани “Android 11” үйлдлийн системийн танилцуулгаа хойшлуулжээ. Олон сар хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээ хэрэгжсэний дараа эмх замбараагүй байдал үүссэнээс бизнесүүд эргэн үйл ажиллагаагаа сэргээхэд хүндрэлтэй тулгараад байна.

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)