Kоронавирусийн вакцин гаргаж авах магадлал өндөртэй таван компанийн нэрийг удахгүй зарлана
- 2020-06-04
- Дэлхий
- 0
Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхий дахинд судлагдаж буй эм болон вакцины талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "ДЭМБ-аас Hydroxychloroquine буюу хумхаа өвчний эмчилгээний эмийн туршилтыг үргэлжлүүлэн хийх шийдвэр гаргасан.Өмнө нь буюу тавдугаар сарын 25-ны өдөр тус байгууллагаас Hydroxychloroquine эмийн аюулгүй байдлын үнэлгээг хөндлөнгийн шинжээч нараар дахин хийлгэж, дүгнэлт нь гарах хүртэл туршилтыг зогсоогоод байсан юм.Тэгвэл ДЭМБ-ын Аюулгүй байдал, хяналтын хорооноос дээрх эмийг үргэлжлүүлэн турших шийдвэр гаргасан байна.
Эргэн сануулахад, Галансэйс сэтгүүлд дээрх эмийг хэрэглэсэн тохиолдолд нас барах эрсдлийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэсэн нэгдсэн судалгааны дүн хэвлэгдсэн байсан.
Мөн өчигдөр олон улсын анагаах ухааны нэр хүндтэй нэгэн сэтгүүлд Hydroxychloroquine эмийг халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэх нь ямар нэг үр дүнгүй болох тухай өөр нэг судалгааны дүн нийтлэгдсэн байна.
Нийтлэлд бичсэнээр уг эмийг урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй эсэхийг судлах зорилгоор гэр бүлийн гишүүн нь халдвар авсан болон халдварын эрсдэлд өртсөн 821 хүнийг судалгаанд хамруулжээ.
Ингэхдээ тэднийг хоёр бүлэгт хувааж:
- Эхний бүлэгт Hydroxychloroquine эмийг,
- Нөгөө бүлэг витамин C болон цайрын бэлдмэлийг хэрэглүүлж үзжээ.
Харин үр дүнд нь Hydroxychloroquine эмийг хэрэглэж байсан хүмүүсийн 12 хувьд нь COVID-19 халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн бол витамин уулгасан хяналтын бүлгийн 14 хувьд нь халдвар батлагдсан аж.
Өөрөөр хэлбэл, витамин болон Hydroxychloroquine эмийг хэрэглэсэн хүмүүст онц ялгаа гараагүй юм.
Тэр бүү хэл, дээрх эмийг хэрэглэсэн хяналтын бүлгийн хүмүүсийн 40 хувьд нь дотор муухайрах, гэдэс өвдөж суулгах зэрэг гаж нөлөө илэрч байжээ. Нөгөө талаас зүрхний хэм алдагдах гаж нөлөө илрээгүй гэж судалгааны дүнд танилцуулсан.
Түүнчлэн, АНУ-ын Засаг захиргааны зүгээс шинэ коронавирусийн вакцин гаргаж авах магадлал өндөртэй таван компанийн нэрийг удахгүй зарлана гэсэн мэдээлэл байна.Үүнд, Модерна, Оксфордын их сургууль, эм үйлдвэрлэлийн Жонсон ба Жонсон зэрэг компани багтаж магадгүй аж.
Эдгээрээс Модерна, Оксфордын их сургууль, Астрагийн түншлэлийн хөгжүүлж буй вакцин эмнэл зүйн сүүлийн шатны туршилтаа долоодугаар сард эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)