Америкийн профессор Венесуэлийн авлигачдын 2 сая долларыг угаасан хэрэг дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөв

Вэнэсуэлийн төрийн албан тушаалтны авлига, хээл хахуулийн сүлжээний үйл ажиллагаанаас олсон 2 сая гаруй ам. долларыг Флорида дахь компани болон хувийн дансаа ашиглан угаасан хэрэгт ял сонсоод байсан Миамигийн Их сургуулийн профессор Брюс Багли гэм буруугаа хүлээн зөвшөөрөв.

Хар тамхи, мөнгө угаах асуудлаар олон улсын хэмжээний эрдэмтэн гэгддэг Багли нь 2019 оны 11 дүгээр сард баривчлагдсаныхаа дараа буруугүй болохоо илэрхийлж байсан ч өнгөрөгч 3 дугаар сард мэдүүлгээ өөрчлөх тухай өргөдөл гаргаад байсан юм.

“Хар тамхины худалдаа, зохион байгуулалттай гэмт хэргийн асуудлаар ном бичсэн Брюс Багли гэмт хэргээ хүлээн зөвшөөрлөө” хэмээн АНУ-ын Нью-Йорк хотын Өмнөд дүүргийн прокурор Жеффри С.Берман хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

73 настай профессорт ял оногдуулах шүүх хурал 10 дугаар сарын 1-ний өдөр товлогдсон байсан бөгөөд мөнгө угаасан хэрэгт тус бүрт хамгийн ихдээ 20 жилийн хорих ял оногдуулах боломжтой.

“Өнөөгийн Америк дахь мансууруулах бодисын худалдаа, зохион байгуулалттай гэмт хэрэг, хүчирхийлэл” зэрэг хэд хэдэн ном бичсэн Багли өөрийнхөө байгуулсан компанийн дансаар Швейцар, Арабын Нэгдсэн Эмират улсаас сар бүр 200.000 ам.долларын хадгаламж хүлээн авч байсан хэмээн шүүхийн баримтад дурдсан байна.

2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын хооронд түүний компанийн дансанд гадаадаас ойролцоогоор 2.5 сая ам. доллар шилжин оржээ.

 

Эх сурвалж: www.bakersfield.com

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)