“Ковид-19” цар тахлын үед арилжааны банкуудад хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааны тухай хуулийн тайлбар
- 2020-06-07
- Эдийн засаг
- 0
Монгол Улсын Их Хурлаас баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн зарим зохицуулалттай холбогдуулан хэрхэн хэрэгжүүлэх тухай танилцуулж байна.
Монголбанкнаас валютын зохицуулалтын хүрээнд богино хугацааны ханшийн хэлбэлзлээс ашиг олох арилжааны үйл ажиллагааг хязгаарлах, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх агуулгаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “Гадаад валютын мөнгөн хадгаламж” гэж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “үнэ тогтоох” гэсний дараа “мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх” гэж тус тус нэмэх хуулийн төслийн саналыг УИХ-д уламжилсан болно.
Мөн банкны бусдаас татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хүү нь зээлийн хүүний 65 орчим хувийг бүрдүүлдэг тул банкны эх үүсвэрийн зардлыг, улмаар зээлийн хүүг бууруулах зорилгоор Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Харилцах дансанд хүү тооцохыг хориглоно.” гэж нэмэх саналыг УИХ-д мөн уламжилсан. УИХ-ын зүгээс эдгээр саналыг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.4 дэх хэсэгт тусгасан байна.
Иймд дээрх хуулийн 10.4 дэх хэсгийн зохицуулалтыг түүний үндэслэл, зорилгыг харгалзан, Иргэний хуулийн 217 дугаар зүйлд заасан “мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуультай уялдуулан хэрэгжүүлнэ.
Банкны харилцах дансанд хүү тооцохгүй талаар
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 19.1. дэх хэсэгт “Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан тул 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй. Өөрөөр хэлбэл, банкнаас харилцагчид үзүүлж байгаа төлбөрийн үйлчилгээний гэрээ, хэлцэл нь уг хуульд нийцсэн байх шаардлагыг хангаж, хүчин төгөлдөр бус болох эрсдэлээс сэргийлэх шаардлагатай юм.
Иймд цар тахлын улмаас санхүүгийн зуучлал тасалдах, хүртээмж буурах эрсдэлээс сэргийлэх, зээлийн эх үүсвэрийн зардлыг нэмэгдүүлэхгүй байх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор батлагдсан тус хуулийн 3.1 дэх хэсэгт “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах”-аар заасны дагуу 10.4 дэх хэсгийг хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх харилцаанд мөн адил хамруулан, харилцагчтай байгуулсан гэрээний нөхцөлд холбогдох өөрчлөлтийг оруулах ёстой гэж үзсэн билээ.
Энэхүү арга хэмжээг харилцах дансыг хугацаагүй хадгаламжид хөрвүүлэхээс зайлсхийж, банкууд харилцан ойлголцож, нэгдсэн стандарт мөрдүүлэн хэрэгжүүлнэ.
Гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй талаар
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу хууль хэрэгжих хугацаанд гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй буюу даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхгүй. Харин Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул гадаад валютын хадгаламж нь хадгаламжийн даатгалын хураамжаас чөлөөлөгдөхгүй.
Иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх талаар
Иргэний хуулийн 217.1. дэх хэсэгт “Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ.”, 217.2 дэх хэсэгт “Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно.”, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.”, 4.4 дэх хэсэгт “Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно.” гэж тус тус заажээ.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.4 дэх хэсэгт заасан “Иргэн, хуулийн этгээд хоорондын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх” гэсэн заалт нь Иргэний хууль болон Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуультай нягт уялдсан бөгөөд дээр дурдсан тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанаас бусад иргэн, хуулийн этгээдийн мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг “төгрөгөөр” гүйцэтгэх агуулгаар хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдэх иргэн хуулийн этгээд хоорондын (иргэн, иргэн хооронд болон хуулийн этгээд, хуулийн этгээд хооронд мөн адил хамаарна.) бараа, ажил, үйлчилгээний үүргийн гүйцэтгэлийг “төгрөгөөр” гүйцэтгэнэ. Харин банк хуулийн хэрэгжилтийг хангахдаа харилцагчаас гүйлгээний зориулалт нь ямар зориулалттай болохыг нягтлан, харилцагчид Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил үйлчилгээний төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг мэдэгдэн, холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай юм.
Mонгол банк
Сэтгэгдэл (0)