Судлаач Ж.Төгсжаргал: УИХ-ын архивыг цахим болгосон нь энэ насны буян

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Сенаторын клубт Орос-Монголын хамтын ажиллагааны Комиссын дарга, НҮБ-ын Дунд хугацааны стратегийн баг “Дэлхийн философийн форум”-ын Монгол дахь Тэргүүн, Оросын Төрийн Думын дэргэдэх Парламентын клубын “Женское собрание” байгууллагын Монгол дахь Амбасодар, түүхийн ухааны магистр, PhDокторант, судлаач Ж.Төгсжаргалын ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

-Таны намтар тэр чигээрээ амьд түүх санагдлаа. Монгол улсын Их хурлын архивыг баргийн хүн эмхэтгээд байдаггүй байх. Энэ боломжийнхоо талаар?

Дээр дурдсанчлан миний мэргэжил түүхч, архивч. 2000-2003 онд НҮБ-ын Ардчилсан Парламентыг бэхжүүлэх төсөл, Хайнс-Зайдалын сантай хамтарч УИХ-ын архивыг цахим болгож, нээлтэй Парламентын үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг удирдан зохион байгуулж анх удаа Төрийн архивын баримт бичгийг цахим болгосон бөгөөд энэхүү зохиогчийн эрхийг миний бие эзэмшдэг. Мөн УИХ-Монголын Парламентын 1990-2000 оны түүхчилсэн лавлахыг бичсэн. 2000-2006 онд Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хувийн гаралтай архивын “Зориг сан” дээр үүсгэж цаасан болон фото архивыг хийж түүхчилсэн лавлах буюу түүхийг бичиж үлдээсэн. Дараа нь 2015-2018 онд УИХ-ын Цахим архив хариуцсан шинжээчээр ажиллаж байсан.

- Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн хувийн гаралтай архивыг бичиж үлдээсэн гэлээ. Энэ хэрэг нэгэнт олон нийтэд ил болж хэрэг шувтарч байна. Хувийн гаралтай архивыг хийсэн хүнд энэ хэрэг улс төрийн шалтгаантай байсан уу гэдэгт таньд таамаглал байх ёстой?

-Энэ хэргийг хийсэн болон захиалсан эзэд нь хэн бэ гэдгийг би ярихаасаа илүүтэй цагдаа шүүхийн байгууллага нь олон нийтэд дэлгэх байх. Бас нэмээд нэг зүйл хэлэх нь зүйтэй болов уу. Улсын сан хөмрөг, архивт ажиллаж байсан хүн нууцын зэргийг хадгалж байдаг. Тиймээс юуг ярих вэ, ярихгүй байх вэ гэдэг миний асуудал биш төрийн нууцтай холбоотой байдаг юм. Ямартаа ч энэ хүний архивыг хийж гүйцэтгэсэн, төрийн нууцаас гарсан хойно илүү нарийн тодорхой зүйлүүд ярьж болох байх.

-НҮБ-ын Дунд хугацааны стратегийн баг “Дэлхийн философийн форум”-ын Монгол дахь Тэргүүнээр ажилладаг гэсэн. Энэ стратеги багын зорилго юу юм бэ?

-Миний бие нь 2019 оны 10 дугаар сард Грекийн Афин хотноо болсон Дэлхийн философийн 10-р форумд оролцож “Монголын Эзэнт гүрний нүүдэлчдийн философи” сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлсэн. Уг илтгэл дэлхийн олон эрдэмтдийн анхаарлыг татаж Монгол улс яагаад дэлхийн эзэнт гүрэн болж өргөжиж чадсан, тэдний үзэл баримтлал, философи юунд байсныг зайлшгүй судлах ёстой юм байна гэдэг дээр санал нэгдсэн.

Тиймээс олон эрдэмтдийн саналаар Дэлхийн философийн форумын Монгол дахь салбарын Тэргүүнээр томилогдсон юм. Хоёр их гүрний дунд байгаа жижигхээн Монгол улс өнөөдрийг хүртэл өөрийн хэл, соёл, зан заншил, төрт улсаа цогцлоон бадрааж нэгэн цагт Дэлхийг эзэгнэж байсны нууц юунд байсныг, байгааг судлах бүхэл бүтэн баг ажиллаж байна.

Энэ судалгааг ч би өнөөдрийг хүртэл хийж явна.

2020.1.31.Москва хот, Кремль, Гостиный Двор ОХУ-н Төрийн Думын Сенатын клубын Монгол Оросын харилцааны Комиссын даргаар томилогдов.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)