В.В.Путин Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай захирамж гаргажээ
- 2020-06-10
- Үнэн
- 0
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг энэ оны 6 дугаар сарын 8-ны өдөр гаргасан байна.
Үүнээс өмнө буюу 5 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар ОХУ-ын Засгийн газар уг гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжих тухай гаргасан шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгчид танилцуулж, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думд өргөн мэдүүлэхээр тогтсон билээ.
Монгол Улсын Их Хурал дээрх гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, соёрхон батлах тухай хуулийг баталсан бөгөөд хоёр тал батламж жуух бичиг солилцсон өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.
Дээрх гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хооронд тогтоосон уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбар, чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцлийг бүрдүүлэхээр тохиролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-г байгуулж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж байсан.
Түүнээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевын 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хоорондын стратегийн түншлэл эрчимтэй өрнөж, хөгжлийн шинэ шатанд гарч буйг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд” гарын үсэг зурж байсан түүхтэй.
Сэтгэгдэл (0)