Хууль бус,"хулгай"-н хүн тээвэр үхлийн аюул дагуулж байна
- 2020-06-12
- Үнэн
- 0
-БАТАЛГААТАЙ, ГЭРЭЭТ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЭХ НЬ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСЫГ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛНА-
Урин дулаан зун цаг ирж, хөдөө орон нутгийг зорих иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ цаг үед бид нийслэл, орон нутгийн иргэдийн олноороо үйлчлүүлдэг “Драгон” авто вокзалаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Өдрийн цайны цагийн дараа гэхэд энд хөл хөдөлгөөн их байв. Автобусны буудлаас буумагц л цээж нүцгэн, том гүзээтэй залуус тамхи баагиулсаар өөдөөс “Хаашаа явах вэ, Эрдэнэт рүү нэг хүн аваад гарлаа, Дарханы хоёр хүн аваад явлаа” гэсээр угтана. Тэд бол хууль бус хүн тээвэр буюу гэрээгүй тээврийн үйлчилгээ эрхлэгчид юм. “Хулгайн тээвэр” гэх нэршилтэй хууль бус тээвэр нь хүн ба ачаа тээвэрлэх журмыг зөрчин даац, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил дутагдал гаргадаг. Энэ нь эргээд иргэдийн амь нас, эрүүл мэндэд болзошгүй аюул учрах эрсдэлийг нэмэгдүүлж байдгийг албаныхан байнга анхааруулж буй юм. Гэтэл иргэд баталгаатай, гэрээт тээврийн хэрэгслээр тогтмол үйлчлүүлж сураагүй л байна. Иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулсан сонголтыг хийсээр л...
“Драгон” авто вокзалын зогсоолоор ормогц дээрхээс ч илүү чих дөжрөм байдал биднийг угтлаа. Эгнэсэн олон жижиг тэрэгний дэргэд хууль бус, хулгайн хүн тээврийнхэн болох залуус зогсон, ийшээ, тийшээ явлаа гээд орилж, ачаагаа өргөн явах хүмүүсийг хаашаа явахыг асуун зогсоно. Тэд бүр зарим оюутан залуусыг автобуснаас буумагц хаашаа явах гэж буйг асуугаад үнэ тохиролцон үүргэвчтэй зүйлийг нь булаах шахам аваад машиныхаа ачаанд хийж харагдана. Бензин бага иддэг гэх шалтгаанаас болоод ч тэр үү, энд “Приус" маркийн авто машин олон байв. Өнгөрсөн онд орон нутгийн замд 390 осол гарч 430 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл байна. Үүнээс нас баралтын 21.5 хувь нь хууль бусаар хүн тээврийн үйлчилгээ эрхэлдэг иргэдийн үйлдсэн зам тээврийн осолтой холбоотой аж.
Хууль бус, гэрээгүй, хулгайн тээврийг сонгон орон нутагт зорчигчдын хувьд цагдаа хүчнийхэн зогсооход “Гэр бүлээрээ явж байна" хэмээн худал хэлдэг бөгөөд ослын дараа үнэнээ хэлдэг байх юм. Хулгайн тээврийг сонгосон гэмгүй олон иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол бодит жишээ байгааг албаныхан онцолж байв. Жишээлбэл, хууль бус, гэрээгүй, хулгайн тээврийн жолооч орон нутагт хурдаа хэтрүүлснээс үүдэн нэг дор зургаан хүн газар дээрээ амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан аж.
Биднийг сурвалжилгаа бэлтгэх явцад хэд хэдэн жижиг тэрэг Дархан, Эрдэнэтийг зорин хөдөлж байв. Эдгээр машин дотор нутгаа зорьсон өндөр настан, аав ээжийгээ дагаж яваа алдрай бяцхан үрс ч харагдана. Иргэд баталгаатай, гэрээт тээврийн хүрэлцээ хангалттай байхад өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ дэнчинд тавин байж хууль бус тээврийг нь харамсмаар.Хайртай хүмүүс, гэр орон руугаа удаан ч гэсэн амьд очих нь чухал шүү дээ. Гэтэл иргэд хурдан түргэн, олон хүнтэй нэг дор явахгүй, хямдхан гэх зэрэг шалтгаанаар хууль бус тээврийн хэрэгслээр хөдөө орон нутгийг зорьдог. Хэдий болтол амь насаараа дэнчин тавьж орон нутгийн замд зорчих вэ.
М.МЯГМАРСҮРЭН: ИРГЭД ӨӨРСДИЙНХӨӨ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЭГТ ТАВИХ УЧИРТАЙ
Хууль бус, гэрээгүй хүн тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам тээврийн гэрээт цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа М.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Хууль бус тээвэрлэгчид гэж чухам ямар хүмүүсийг хэлж байна вэ?
-Хууль бус хүн тээвэр буюу гэрээгүй тээврийн үйлчилгээ эрхлэгчид нь стандартын бус, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилж, тэдний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Хүн тээврийн үйлчилгээнд зөвхөн зүүн гарын жолоотой мэргэшсэн жолооч явах ёстой. Гэтэл жирийн нэг иргэн жижиг тэрэг авч уначихаад хот хооронд хууль бус тээвэрлэлт хийж байна. Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран хууль бус тээвэрлэлтийг багасгах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа. Тодруулбал, зургаадугаар сарын 8-14-нд Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн гэрээт хэлтэс тээврийн гэрээт хэлтэс болон Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран “Хууль бус тээвэр” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
-Гэрээ, баталгаатай хүн тээврийн автобусны хангамж хэр байдаг вэ?
-“Драгон” авто вокзалаас 14 аймгийн 39 чиглэлд 51 аж ахуйн нэгжийн 700 орчим тээврийн хэрэгсэл иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлж байна. Гэрээ, амь даатгалтай том оврын автобусууд жилд хоёр удаа оношилгоонд ордог. Харин хууль бус тээврийнхний хувьд жилд ганц удаа л орсон байдаг. Мөн автобус бүр GPS-тэй. Орон нутгийн шалган нэвтрүүлэх товчоодод гэрээт автобусны хурдыг хэмжиж, хянадаг. Цагт 70 км-ээс хурдтай яваа тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцдог. Аж ахуйн нэгжүүдийг хот хооронд явуулснаар аливаа аюул ослоос урьдчилан сэргийлж байгаа хэрэг. Мөн осол эндэгдэл гарсан тохиолдолд иргэд нөхөн төлбөрийг тухайн үйлчлүүлсэн аж ахуйн нэгжээс гаргуулж авах боломжтой.
Коронавирусийн халдвар гарсантай холбоотой зорчигч тээврийн урсгал багассан. Бид ачаалал ихэссэн үед буюу зорчигчдын урсгал нэмэгдсэн үеэр тээврийн хэрэгслийн тоо болон цагийн давтамжаа нэмдэг. Ер нь аль ч чиглэлд тээврийн хэрэгсэл хангалттай, Дээр нь иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс чиглэл бүрт гарч байгаа автобусанд байнгын хяналт тавьдаг. Үйлчилгээнд гарахаас өмнө техникийн бүрэн бүтэн байдал, жолооч ажил амралтын дэглэм барьсан эсэх зэргийг нарийн хянадаг.
-Иргэд яагаад хууль бус тээврийг сонгодог юм бол?
-Хамгийн гол нь яарч хурдан явах гэсэн хүмүүс л хууль бус тээврийн хэрэгслийг сонгон, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Уг нь “Драгон” үйлчилгээний төвд ирээд автобусны билетээ бичүүлээд явах хэрэгтэй. Мөн ирж амжихгүй бол цахимаар ч билетээ бичүүлж зорчих боломжтой болсон шүү дээ. Гэтэл иргэд хурдан, үнэ бага гэх шалтгаанаар амь насаа эрсдэлд оруулж болохгүй. Баталгаа, гэрээтэй тээврийн хэрэгслээр орон нутгийн замд зорчиж хэвшихийг уриалж байна. Өнгөрсөн жил орон нутгийн замд 145 км цагийн хурдтай явж буй жолоочтой таарсан. Өөрийнх нь болон өрөөлийн амьд явах эрх энд хөндөгдөж байгааг зарим жолооч ойлгодоггүй.
-Хот хоорондын гэрээт тээвэрлэлтэд ямар жолооч нар явдаг вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нар жолооны үнэмлэхээс гадна мэргэшсэн жолоочийн үнэмлэх авдаг. АТҮТ-өөс зохион байгуулдаг сургалтад сууж, мэргэжсэн жолооч болон төгсдөг юм. Гэтэл хот хооронд хувиараа үйлчилгээ үзүүлдэг жолооч нар мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй. Баталгаатай жолооч биш гэсэн үг. Ийм тээврийн хэрэгслээр зорчсон иргэд хууль бус тээврийн хэрэгслээр явж байна гэсэн үг.
-Иргэдэд анхааруулж хэлэх өөр ямар зүйл байна вэ?
-Авто тээврийн тухай хуулийн 10.2.2-т “Ачаа, зорчигч, тээвэрлэлтийн техникийн шаардлага хангасан зориулалтын тээврийн хэрэгслээр иргэнийг тав тухтай аюулгүй тээвэрлэнэ” гэж заасан байдаг. Мөн Зөрчлийн тухай хуулийн 14.6.2-т тээвэрлэлтийн гэрээгүй, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн хүнийг 100 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 500 мянган нэгжтэй тэнцэх мөнгөн дүнгээр торгоно” гэсэн хуулийн зохицуулалттай. Баталгаат тээврийн хэрэгслээр зорчиж байгаад зам тээврийн осолд өртвөл тухайн аж ахуйн нэгж хариуцдаг. Гэтэл хувиараа тээвэр хийж байгаа хүмүүст даатгал гэж байхгүй. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)