Дундговь аймагт үйл ажиллагаа явуулж буй ураны компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурвансайхан, Өндөршил сумын иргэд, удирдлагууд УИХ-ын гишүүн С.Батболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж тус сумуудын нутаг дэвсгэрт ураны ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗТЭЙ АЖ АХУЙН НЭГЖИЙН үйл ажиллагааг ШАЛГАХ хүсэлтийг 2020 оны 05 дугаар сард гаргасан билээ. 

Нутгийн иргэдийн гаргасан тус хүсэлт, санал гомдлын дагуу МХЕГ арга хэмжээ авлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон бусад байгууллагын цөмийн болон цацрагийн хяналтын улсын ахлах байцаагчдаас бүрдсэн хяналт шалгалтын баг энэ долоо хоногт Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Өндөршил сумын нутагт ураны ашиглалтын 3 ширхэг лиценз эзэмшиж буй “Гурвансайхан” ХХК-д ажиллав. 

Эдгээр байцаагчид “Гурвансайхан” ХХК-ийг цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой аюулгүй ажиллагааны шаардлагыг зөрчсөн гэж үзэн үйл ажиллагааг нь зогсоож зөрчил дутагдал арилгах албан шаардлага хүргүүллээ. Энэхүү албан шаардлагын дагуу ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Гурвансайхан” ХХК зөрчил дутагдалаа арилгах, байгаль орчны менежмент, аюулгүй ажиллагааны талаар нутгийн иргэд, оршин суугчид, орон нутгийн засаг захиргаанд танилцуулах үүрэг хүлээлээ. 

Ийнхүү Дундговь аймгийн Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Өндөршил сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг хайгуулын лиценз бүхий тус компанийн үйл ажиллагааг шалгаж өмнөх жилүүдэд удаа дараа тавьсан нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу төрийн холбогдох байгууллагууд арга хэмжээ авлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)