Ц.Сүрэнжав: Коронавирус хүн төрөлхтний хувьд шинэ эхлэл бас сургамж болно

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хятад судлаач, орчуулагч Ц.СҮРЭНЖАВТАЙ ярилцлаа.

“ХЯТАДЫН ГУРВАН ХАЛУУН ТОГОО”-НЫ НЭГ НЬ УХАНЬ ХОТ

-БНХАУ-д олон жил сэтгүүлч, сурвалжлагчаар ажилласан тантай цар тахлын нөхцөл байдал болон бусад асуудлаар ярилцахаар зорьж ирлээ. Шинэ коронавирус анхлан гарсан Уханийг БНХАУ-ын хамгийн халуун гурван газрын нэг гэдэг. Цаг агаарын ийм нөхцөл байдал нь дэлхийг цочроосон цар тахал дэгдэх үндэс суурь болсон уу. Ер нь БНХАУ-ын хамгийн халуун газрууд хаана байдаг вэ?

 

-Би шинэ коронавирусийн талаар эмч эсвэл вируслогич шиг ярьж мэдэхгүй. Энэ “COVID-19” вирусээс өмнө гарч нэлээд аюул тарьсан SARS-ын талаар бол бага зэрэг гадарлана. Учир нь, 2003 онд SARS-ын голомт нь Бээжин болсон үед би тэнд байлаа. Аюулт өвчин гарсны дараа элчингийн ажилтнууд бүгд дайжиж гэр бүлийнхнийгээ аваад явсан. Элчин сайдын яамны Консулын газрыг генерал Амарболд /Одоо Казахстанд байгаа/ бид хоёр сахиж хоцорсон юм. Тиймээс хөл хорио гэж юу байдаг, халдвар тархвал ямар байдал үүсдэг талаар би гадарлана аа. Нөгөө талаар “Хятадын гурван халуун тогоо” гэж байдаг. Тэдгээрийн нэг нь БНХАУ-ын Хунань /Хунань гэдэг нь нуурын өмнөх гэсэн утгатай/ мужийн Ухань хот юм. Дараагийнх нь Сычуань мужийн Чунцин хот бол нөгөө нь Шинжааны Турфар. Эдгээр газарт зуны улиралд 40-өөс дээш хэм халдаг. Гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслээр БНХАУ-ын Уханьд яагаад цар тахал голомтлон гарсан талаар ярих болсон. Тэр дундаа Цагаан сарын өмнө идэвхтэй дэгдсэн тухай хөндөж ярьсан удаатай. Яагаад гэвэл, Цагаан сараар бүх хятадууд галт тэрэг, нисэх онгоцоор зорчиж хөдөлгөөнд ордог. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ-ын Гадаад явдлын яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Ухань хотод олон улсын цэргийн спартакиад болсон. Спартакиадад АНУ-ын цэргүүд ирж оролцсон. Магадгүй тэд энэ шинэ коронавирусийг авчирч тараасан байж болно” гэсэн. Гэхдээ одоо хүртэл энэ вирусийг тийм зүйлээс эхтэй гэж дэлхийн эрдэмтэн судлаачид тогтоож чадаагүй байна. Шинэ коронавирусийн гарал үүслийн талаарх маргаан ирэх хэдэн арван жилд ч үргэлжилнэ.

 

-Тиймээс улс орнууд шинэ коронавирусийн вакциныг гаргаж авахаар цаг хугацаатай уралдан ажиллаж байна. Зарим нь ч хүн дээр вакцинаа туршиж эхэлсэн мэдээ бий. Гэхдээ таны бодлоор аль улс вакциныг түрүүлж гарган авах магадлалтай гэж таамаглаж байна вэ?

 

-Шинэ коронавирусийн дэгдэлт хэзээ дуусах вэ гэвэл вакциныг нь гаргаж авсан цагт намжина. Вакцин гаргаж аваагүй байгаа үед аюул биднээс холдохгүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Гэхдээ вакцин хэзээ гарахыг хэлж мэдэхгүй юм. Одоогоор гурав, дөрвөн оронд хэд хэдэн хувилбараар шинэ коронавирусийн эсрэг вакциныг гаргаж авахаар туршиж байгаа тухай мэдээлэл бий. Вакцин үйлдвэрлэх нь анагаах ухааны салбарт явуулж буй уралдаан тэмцээн шиг боллоо. Энэ уралдааны манлайд БНХАУ явж байна. БНХАУ дөрвөн вакцин туршилтад оруулж, амьтан, хүн дээр туршаад байна. Энэ нь цаанаа эдийн засгийн хувьд асар их утга агуулгатай. Аль улс түрүүлж шинэ коронавирусийн вакцин гаргаж авна түүнийг нь дэлхий нийтээрээ хэрэглэнэ. Дэлхийн бүх улс орон гаргаж авсан вакциныг нь худалдаж авна гэсэн үг. Энэ нь цаад утгаараа эдийн засгийн өрсөлдөөн болж байгаа хэрэг. Вакцин гаргаж авах асуудал одоо дэлхий дахины анхаарлын төвд байна. Тиймээс коронавирусийн эсрэг тэмцэлд дэлхий нийтээрээ эв найртай байя. Нэг нэгэндээ тусалъя. Хүний ёсоор харилцъя гэж уриалаад байгаа юм.

 

-Цар тахал улс орны мэндэлж хүндлэх соёлоос эхлээд олон зүйлийг өөрчилж байна. Монголчууд бид ч гэсэн олон зүйлд суралцаж байна шүү дээ?

 

-Тийм ээ, дэлхий дахинд коронавирусийн халдварын тархалт маш олон зүйлийг шинээр авч үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Тэр байтугай үндэстэн угсаатнуудын хүн чанар, нийгмийн тогтолцооны мөн чанарын тухай асуудал урган гарч ирснийг бид харлаа. Капиталист орнууд хүний амь, ялангуяа өндөр настай хүмүүсээ хүн чинээ авч үзэхгүй байгааг олон зүйлээс мэдэрлээ. Гэтэл Азийн ард түмэн, тэр дундаа монгол хүн хэзээ ч тийм байдал үүсгэхгүйг бид нүдээр үзэж байна. Манай хөрш орнууд болох БНХАУ, ОХУ доллароос хүний амийг илүү чухалд тооцож байгааг бид харлаа. Өөрийнх нь улсад шинэ коронавирус тархчихаад байхад бусдад туслахын төлөө, туршлагаасаа хуваалцахын тулд хэрхэн хичээн чармайж байгааг нүдээрээ харлаа. Эцсийн эцэст коронавирусийн өмнө дэлхий ертөнц, хүн төрөлхтөн нэгдмэл байх ёстойг ойлгож ухаарлаа. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Шинэ коронавирус дэлхийн хамгийн хүчирхэг, өндөр хөгжилтэй орнуудад ихээхэн тархаж байна шүү дээ.

 

-Үүний шалтгаан нь юу вэ?

 

-Дэлхийн хүчирхэг орнуудын дийлэнх нь тэнгисийн эргээр байдаг юм. Коронавирус агаар дуслаар үрждэг, халддаг, халдварладаг гэж яриад байгаа биз дээ. Гэтэл манай улс уур амьсгалын хувьд чийглэг үү гээд бод. Эсрэгээрээ шинэ коронавирусийн халдвар хурдацтай тархсан улс орнуудыг хар. Тэдгээрийн дийлэнх нь хамгийн сайхан, хамгийн нам дор газар оршиж байгаа биз. Гэтэл манай улс далайн түвшнээс дээш 900-1500 метрийн өндөрт оршдог, үүнийгээ дагасан байгалийн зохилдлогоотой ард түмэн. Тиймээс бид бороошоод ирвэл анхаарал болгоомжоо илүү нэмэгдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, агаар чийг ихтэй болбол эрсдэл нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа юм. Ер нь цаашдаа бид энэ талын боловсон хүчин бэлтгэх шаардлагатайг олон зүйл харуулсан гэж бодож байна.

 

-Та ямар мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлагатай гэж бодож байгаа юм бэ?

 

-Манай улсаас гадаадад анагаахын чиглэлээр суралцаж байгаа оюутан олон бий. Тэднээс вирус, бактериологи судлалын мэргэжилтэнг сонгон бэлтгэх шаардлагатай. Чи дахиад яагаад гэж асуух байх. Үүний учир шалтгааныг нэгэн зүйлээр тайлбарлая. Зөнч Вангагаас бэр нь дэлхийн III дайн гарах эсэх талаар асуусан байдаг. Түүний хариуд их зөнч “Дэлхийн III дайн гарахаас наана вирусийн гаралтай аймшигт өвчин дэлхийг бүрхэнэ” гэж хэлсэн байдаг. Тэрбээр үргэлжлүүлэн вирусийн халдварт өвчин дэлхий даяар дэлгэрвэл хүмүүсийг хадуураар тариа хадаж байгаа юм шиг хяргах болно гэсэн. Энэ халдварт өвчнөөс хамгийн их хохирол хүлээх нь барууныхан байна. Тэр бүү хэл энэ вирусийг АНУ-д бүтээж тараана гэж хүртэл хэлсэн байдаг юм. Харин Ванга хэлэхдээ “Орос улс хэзээ ч сөхрөхгүй. Эцсийн бүлэг үлдэх нь Орос юм” гэж хэлсэн. Тэрбээр мөн “Надад Америк харагдахгүй байна. Цагаан ордонд хар арьстай хүн орж сууснаар Америк эргэлт буцалтгүй уруудах зам руугаа орно” гэсэн байдаг. Зөнч бас нэгэн сонирхолтой зүйл хэлсэн нь хүн төрөлхтөн XXI зууны дунд үеэс хорт хавдраас эгнэгт сална. Хорт хавдрыг анагааж эмнэдэг зүйлийг ширэнгэд ургадаг ургамлаас гарган авна гэж хүртэл зөгнөсөн байдаг юм.

 

-Таны ярьснаас улбаалан нэг зүйлийг сонирхон асууя. Шинэ коронавирусийг анх гарлаа гэхэд дэлхийн хамгийн эрсдэл өндөр улсаар Монголыг нэрлэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл бид урьдчилан сэргийлж, эмнэлэг, цагдаа, онцгойгийнхон бүхий л чадлаараа ажиллаж байна. Үүний адил Өвөрмонголд хэдийгээр шинэ коронавирус гарсан ч намжсан. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна вэ?

 

-БНХАУ-д шинэ коронавирус тархаагүй ганц хоёр тохиолдол гараад өнгөрсөн таван газар байна. Тэдгээрийн нэг нь Төвөд. Тэнд ганцхан хүн вирусээр өвчлөөд лам нар тан өгч илааршуулсан. Мөн Хөхнуур, Гансугаас гадна Өвөрмонгол ч гэсэн дотор газраа бодвол шинэ коронавирусээр өвчилсөн тохиолдол харьцангуй цөөн байсан. Шинжаанд нэг их олон тохиолдол гараагүй. Үүнээс улбаалан би монголчуудыг гадна талаас нь байгаль дэлхий хамгаалж байна. Эрс тэс уур амьсгал, цаг агаар маань биднийг ивээгээд байгаа юм байна. Дотор талаасаа бол монголчууд бид харьцангуй дархлаа сайтай. Энэ нь бидний хоол хүнстэй холбоотой гэж ойлговол үнэнд арай дөхнө. Мөн бид хамгаалдаг төр засагтай улс юм байна гэж бодсон. Бид бүгдээрээ хичээж нэр төртэйгөөр цар тахлын ард гарч чадвал дэлхий ертөнц биднийг өөр нүдээр харна.

 

ХЯТАД ХҮН ХАМГИЙН САЙН ОНОШИЛНО. МОНГОЛ ХҮН ХАМГИЙН САЙН ЭМЧИЛНЭ. ХАМГИЙН САЙН ЭМ ТАНГ ТӨВӨДӨД ХИЙНЭ.

-Сар гаруйн өмнө ДЭМБ Өвөрмонгол төдийгүй дэлхийн эрдэмтэдтэй цахимаар хуралдаж уламжлалт анагаах ухаанаар шинэ коронавирусийг илааршуулж болох эсэх асуудлаар хэлэлцсэн. Тухайн үед Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс тусгайлан бэлтгэсэн үрэл тараасан нь нэн сонирхол татсан. Эх орондоо ирээд удаагүй байгаа Монголын ламхай нараас “COVID-19”одоогоор илрээгүй байна. Энэ бүхэн Монголын уламжлалт анагаах ухаанд “COVID-19”-ийн ард гарах нөөц бололцоо, боломж байгаа юм шиг итгэл төрүүлж байна?

 

-Ардын уламжлалт эмнэл зүйн талаар Европт суурь өгөгдөл байхгүй. Харин тэд анагаах ухааныг хөгжүүлж вакцин гаргаж авах талаар бол мэднэ. Антибиотекоор хүнийг эмчилнэ.

 

Ази тивд хамгийн хүчирхэг уламжлалтай анагаах ухаан бол манай Монгол, тан барьдаг ардын эмнэл зүй юм. Орц найрлагын хувьд эрс тэс гэж хэлж болохоор ургамал амьтны гаралтай зүйл хэрэглэдэг. Зарим хүнийг галаар төөнөж анагаадаг. Амиа алдах гэж байгаа хүнийг малын гэдэс хагалж хийгээд авардаг элдэвтэй. Тэгэхээр эмнэл зүйн хувьд хамгийн гүн гүнзгий уламжлалтай ард түмэн бол Mонголчууд.

 

Тиймээс цар тахлын дараа анагаах ухааны хандлагад хүртэл өөрчлөлт орно. Нэгэн удаа Хөх хотод байхад өвөрмонгол эмч надад “Эмнэхийн сайныг монгол хүн чадна. Эм тангийн сайныг төвөд хүн хийнэ. Учир нь, Төвөдөд өвөл нь хорхой байж байгаад зун нь өвс ургамал болдог ховор зүйл байдаг. Хамгийн сайн тоног төхөөрөмж, лаборатори Хятадад л байгаа биз дээ. Тэгэхээр энэ ор үндэсгүй яриа биш юм.

 

-БНХАУ-д хэсэг хугацаанд намжих төлөвтэй байсан шинэ коронавирусийн халдвар дахин тархаад эхэллээ. Эрдэмтэд үүнийг дахин давлагаалах нь гэж байна. Уг нь “COVID-19”-тэй хамгийн сайн тэмцэж чадаж байгаа нь Хятад улс биш гэж үү?

 

-Дэлхий дахиныг хамарсан вирусийн ард гарсны дараа түүнээс ч аюултай вирусүүд гарсаар байх болно гэж 25 жилийн өмнө Ванга хэлсэн байдаг. Вируст дахин хөл алдаж давлагаанд нь өртөхгүй гэвэл дэлхий нийтээрээ тэвчээртэй байх хэрэгтэй. Вирусийн давлагаанд дахин өртөх эсэх нь үндэстэн угсаатнуудын тэсвэр тэвчээрийн асуудал юм.

 

-Шинэ коронавирус дэгдсэнийг БНХАУ нуун дарагдуулсан гэсэн мэдээллийг олон улсын хэвлэлүүд онцолсон. Мөн уг вирусийн улмаас амь эрсэдсэн хүмүүсийн тоог дарж хэлж байгаа гэж ч хүртэл хардсан. Нөхцөл байдал ийм байх боломж байсан уу?

 

-Анх ямар өвчин гарсан талаар хятадууд өөрсдөө ч мэдэхгүй байсан. Өвчин гарсныг мэдээд олон нийтийг хохироохгүйгээр дараад авч чадна гэж бодсон байх. Үүнээс болоод олон улсад хожимдож мэдээлснийг би хувьдаа үнэн гэж бодож байгаа. Учир нь Хятадын эмч мэргэжилтнүүд цар тахлын хэмжээнд хүртэл хамрах аюултай өвчин гэж мэдээгүй. Ухань хот 11 сая оршин суугчтай. Хятадын Хубэй муж 60 сая хүн амтай. Энэ олон хүний хөлийг хорьж байж шинэ коронавирусийг намжааж чадлаа шүү дээ. Ер нь өвчин, цар тахал бол ямар нэгэн байдлаар хэлэлцэж ярилцаад тохиролцчих боломжтой зүйл биш. Тэмцэж, тэсвэрлэж, харилцан ойлголцож, нэгнээ хайрлан хүндэлж байж цар тахлын ард хүн төрөлхтөн гарах юм. Үүнийг монголчууд бид үлгэрлэн үзүүлсэн гэж бодож байна. Манай улс шинэ коронавирусийн халдвар тээж ирсэн Францын иргэнийг эдгээгээд эх нутагт нь буцаасан. Үүнээс монголчуудын, азиудын мөн чанарыг дэлхий нийт харсан байх.

 

ШИНЭ КОРОНАВИРУС АНХ АМЕРИКТ ГАРСАН Ч ТЭД МЭДЭЭЛЛЭЭ НУУСАН

 

-“COVID-19” вирусийн тархалттай холбоотой бас нэгэн зүйл бол дэлхийн зарим улс орон БНХАУ-ыг зарлахаас өмнө иргэд нь шинэ коронавирусийн халдвар авсан байх магадлалтай байгаа талаар мэдээлэл цацсан явдал. Тухайлбал, АНУ байна. Мөн манай улсын хувьд ийм таамаг дэвшүүлсэн эмч байсан шүү дээ?

 

-Энэ бол үнэнд их ойртож очно. Шинэ коронавирус анх Америкт гарсан. Харин америкчууд тэр талаарх мэдээллээ нуусан.

 

-Та ямар эх сурвалжаас мэдээлэл авч шинэ коронавирус Америкт гарсан гэж итгэлтэйгээр хэлээд байгаа юм бэ?

 

-Оросын телевизээр тус улсын вируслогич, академич Виктор Зуев “Большая игра” мэтгэлцээний нэвтрүүлгийн үеэр хэлсэн. Тэр хүн “Уг вирусийг хүний гараар бүтсэн, зориуд гёзрыг нь сонгож санаатайгаар тараасан гэдэг нь тодорхой” гэсэн. Энэ талаар Америк шинэ коронавирусээс болж дэлхийд хоёр сая хүн амиа алдана. Вакцин гаргаж авахад наанадаж нэг жил гаруйн хугацаа шаардлагатай гэж мэдэгдсэн. Тэд энэ тооцооллыг гаргахдаа ямар судалгаа баримтад үндэслээд байгаа юм. Энэ асуултад одоо хүртэл тодорхой хариулт хэлээгүй байна. Ер нь эцсийн бүлэгт бүх бурууг сарьсан багваахайд л үүрүүлэх байх. Шинэ коронавирус Хятадыг зарлахаас өмнө Европт ч гарсан. Тэд ч гэсэн уг вирусийн талаар мэдээгүй. Үүнээс юу харагдаж байна гэхээр ирээдүйд дайн гарах бол танк пуужингаар зэвсэглэхгүй. Хамгийн бага зардалтай мөртлөө хамгийн их хор хөнөөлтэй бактериологийн дайн байх аюултайг бид харлаа.

 

-Та өмнө нь Монгол Улс вируслогич бэлтгэх шаардлагатай гэсэн. Гэвч тэднийг бэлтгэсэн ч манай улсад түүнд зориулсан лаборатори, ажлын байр байхгүй?

 

-Бид бэлтгэлтэй байх ёстой юм. Ийм зүйл тохиолдлоо гэхэд хотоос гадна хөл хорио тогтоодог эмнэлэгтэй, вируслогич эрдэмтэнтэй байх шаардлагатай. Оросууд ой модондоо эмнэлгүүд барьж байгуулж байна. Хятадууд хэдхэн хоногийн дотор эмнэлэг барьж байна. Үүний хүчинд тэд халдвар нийтийг хамрахаас сэргийлж чадлаа. Хэдийгээр бид хоёр ярьж байгаа ч энэ хөндсөн сэдэв төр засгийн бодлого болж, цаашид төсөвт шаардлагатай хөрөнгө мөнгийг тусгах хэрэгтэй юм.

 

-Цар тахлын дараа Хятад, Америк улсын харилцаа хурцадмал хэвээр байх болов уу?

 

-Энэ асуудал олон арван жил үргэлжилнэ. Миний хамгийн эмээж байгаа зүйл бол энэ вирусийн дайн их гүрнүүд дайтах шалтгаан битгий болчихоосой гэж хүсэж байна. Америкчууд үхэхдээ үхэр буугаа битгий тавьчихаасай л гэж бодох юм.

 

-Шинэ коронавирусээс шалтгаалан хятад хүмүүсийн хооллох соёлд ихээхэн өөрчлөлт гарчбайна. Зарим хот элдэв амьтны махыг хүнсэндээ хэрэглэхийг хориглолоо. Тэдний хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд өөрчлөлт оруулах нь хэр үр дүнтэй арга гэж бодож байна вэ?

 

-Дахиад хэлье, цар тахлын дараа бүх зүйл өөрчлөгдөнө. Шинэ коронавирус хүн төрөлхтний хувьд эхлэл бас сургамж болно. Эхлэл гэдэг нь коронавирусийн халдварын дараа хүн төрөлхтний шинэ эрин үеийн эхлэл болно гэдгийг хэлж буй хэрэг. Сургамж гэдэг нь тайлбарлалтгүйгээр ойлгомжтой байх. Би Ухань хотод очиж байгаагүй ч хятад хүн биологийн бүх зүйлийг хэрэглэдгийг мэднэ. Өөрөөр хэлбэл, тэд ганц хоёр зүйлээс бусдыг идэж чадна. Идэж чадахгүй зүйл нь юу гэхээр дээгүүр нисдэг зүйлээс онгоцыг идэж чадахгүй. Доогуур гүйдэг зүйлээс галт тэргийг идэж чадахгүй. Үүнээс хятадууд яагаад биологийн бүх зүйлийг иддэг вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Тайлбар нь, хятадууд хэдэн зуун жил өлсгөлөн амьдарсан ард түмэн. Дээр нь хүн ам ихтэй. Үүнээс болоод нүүрс хүртэл идчихдэг. Тэд Соёлын хувьсгалын үед нүүрс хүртэл идэж байсан ард түмэн.

 

-Монголчуудаас Хятадын ард түмэнд өгөх 30 мянган хонины талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Талуудын харилцааг энэхүү үйл явдал улам бататгасан гэж бодож байна. Харин хятадууд бидний өгье гэсэн сэтгэлийг хэрхэн ойлгож хүлээн авсан бол?

 

-Манай улсын Ерөнхийлөгч Хятадын ард түмний хүнд хэцүү үед нь, гадаад хүн “хятад вирус” явж байна гээд хятад хүн рүү нулимж байх үед нь очсон. Товчилбол, монгол хүний хүн чанар, хүнлэг ёсыг өвөртөлж очоод ирсэн юм. Энэ үйл явдлыг дэлхий дахинаараа ярьсан.

 

Ерөнхийлөгч маань очоод “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж хэлсэн. Үүний хариуд Ши Жиньпин дарга “Таны бидэнтэй ирж уулзаад хонь мал бэлэглэж байгаа явдал бол Хятадын хувьд далайд дусал шиг юм. Гэхдээ бид энэ дуслыг мөрөн гол болгон хариулж чадна” гэж хэлсэн. Манай Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр маш оновчтой байсан. Үүнд нь өвгөн би үнэхээр их баярласан.

 

 

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Монголчууд бид хичээвэл зорьсноо бүтээж чаддаг ард түмэн гэдгээ “COVID-19” вирустэй нүүр тулсан үед мэдлээ. Дотооддоо шинэ коронавирусийн халдвар алдаагүй Азийн цор ганц улс нь Монгол Улс болж чадлаа.

 

-Тийм шүү. Шинэ коронавирус бүх улс оронд тархсан. Тэдгээрээс дотоодод тархахаас бүрэн сэргийлж чадаж байгаа нь Монгол Улс байна. Тиймээс ингэж бүрэн сэргийлж чадаж байгаа төр засаг, хамгийн гол нь манай эмч мэргэжилтнүүд болон эрүүлийг хамгаалах салбарынхан, онцгой байдлынханд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа ярилцлагын төгсгөлд хэлье. Эдгээр хүмүүст талархах ч багадна. Аюулт цар тахлаас хамгаалж байгаа хүмүүстээ төр засаг хайр хишгээ харамгүй хүртээх ёстой гэж хувьдаа бодож байна.

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай