"Ковид-19"-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-22
- 2020-06-19
- Дэлхий
- 0
"Ковид-19"-ийн эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-22
1. Улиас модны хөвөн буюу унгирал коронавирусийн тархалтыг нэмэгдүүлж болзошгүй учраас Энэтхэгийн Кашмир мужийн эрх баригчид мод тайрах шийдвэр гаргажээ. Энэ модны хөвөн харшил сэдрээн ханиаж найтаахыг нэмэгдүүлж улмаар халдвар тараах эрсдэлтэй гэж үзжээ. Кашмир мужийн хүн амын 92% нь тоос, 73% нь ургамлын харшилтай гэж судалгаанд дурджээ. Улиас модны хөвөнгийн харшил нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй адил тул Ковид-19-тэй андуурагдаж болзошгүй гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. Улиас мод 6-р сарын сүүлээс эхлэн хөвөнгөө хаядаг байна.
2. БНХАУ-д хийсэн судалгаагаар коронавирус нохой, гахай, тахиа, галуу зэрэг гэрийн тэжээвэр амьтдаас мууранд илүүтэй халдварлаж байна гэж үзжээ. Тиймээс муур коронавируст халдварыг амьсгалын замаар тарааж болзошгүй гэж анхааруулжээ.
3. Кембрижийн их сургуулийн эрдэмтэд амны хаалт зүүж, хөл хорио тогтоох нь коронавируст халдварын дараагийн давалгаа гарахаас сэргийлнэ гэж мэдэгджээ.
4. Шведийн эрдэмтэд Ковид-19-ийн халдвараар өвчилж эдгэрсэн хүний цусны ийлдсийг эмчилгээнд хэрэглэхэд залуу хүмүүс 7 хоногт эдгэрсэн бол 60-аас дээш насны хүмүүст энэ хугацаа илүү урт байжээ.
5. Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд коронавируст халдвар авсан өвчтний цээжний рентген зургийн оношилгоо, эмчилгээнд 2D, 3D ухаалаг аппарат ашиглахаар болжээ. Үүний үр дүнд оноштой уялдсан эмчилгээг энэ аппарат шууд санал болгоно.
6. АНУ-д хийгдсэн судалгаагаар усан тамхи хэрэглэх нь Ковид-19-ийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн дүн гарчээ.
7. 16 оронд хийсэн 172 судалгаагаар амны хаалт 85%, нүүрний хаалт 78% Коронавируст халдвараас сэргийлнэ гэж үзжээ.
8. БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн судлаачид Бээжингийн Шинфади хүнсний захад илэрсэн коронавирус Уханьд гарсан вирустэй харьцуулахад халдварлах чадвар өндөр байна гэж мэдэгдлээ.