Ж.Цолмон: Ковид-19 цар тахлын эсрэг хүчээ нэгтгэе
- 2020-06-22
- Үнэн
- 0
-АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.ЦОЛМОНГ зочноор урьж оролцууллаа.
-КОВИД-19 вирусийн цар тахал дэлхий нийтийг бүрхэж улс орны төдийгүй хувь хүний амьдралд асар их өөрчлөлтийг оруулж амьдралын хэмнэл тэр чигээрээ алдагдлаа. Монгол улс дотооддоо халдваргүй цөөхөн улс орны тоонд орж байна. Энэ байдлаа хэр удаан хадгалж чадах бол?
- Ковид-19-ийн цар тахал нь коронавирүсээр үүсгэгдсэн анхны цар тахал бөгөөд дэлхий нийтэд нийгмийн эрүүл мэндийн болон эдийн засгийн ноцтой хохирол учруулаад байгаа талаар бид өдөр болгон сэтгэл түгшүүлсэн мэдээ сонсож байна.
Анх дэгдэлт эхэлснээс хойшхи үйл явдлыг тоймлон авч үзье л дээ. КОВИД-19 ийн анхны халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш 3 сарын хугацаанд цар тахлын хэмжээнд хүрсэн нь 2009 оны Н1N1 томуугийн цар тахалтай ойролцоо байгаа боловч H1N1-ийн цар тахал нь1 жил 2 сар үргэлжлэхдээ 214 улсыг хамарч байсан бол КОВИД-19 нь 5 сарын хугацаанд дэлхийн 217 улс, бүс нутагт тархаж, өнөөдрийн байдлаар 8,7 сая хүн өвчилж,462 мянган хүн нас бараад байна.
2019 оны 12-р сарын нэгэнд үл мэдэгдэх уушгины хатгаа өвчин гарч, сарын дараа буюу нэгдүгээр сарын долооны өдөр өвчин үүсгэгчийг шинэ Коронавирүс болохыг тогтоож, 2020 оны 3 сарын 11-ний өдөр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебрейесус шинэ коронавирүсийн халдварыг цар тахал гэж зарлан ДЭМБ-ын гишүүн орны удирдагч нарыг Нийгмийн эрүүл мэндийн болон онц байдлын хариу арга хэмжээ, тандалт, урьдчилан сэргийлэлт, тохиолдлын илрүүлэг, хавьтлын илрүүлгийн менежмент зэрэг 6 төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалсан. Коронавирүст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, ЭМЯ болон холбогдох байгууллагуудаас үе шаттайгаар тушаал журам шийдвэр гарч орон даяар нэгэн зэрэг, жигд зохион байгуулалттай, цаг алдалгүй мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлж ирсэн нь Монголчуудынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалж, КОВИД-19 цар тахлын эхний давалгааг ямар ч халдваргүй давж дотооддоо халдваргүй ДЭМБ-ын жишиг орон өнөөдрийг хүртэл болж байгаа нь бахархалтай юм.
Төрийн чанд бодлого, мэргэжлийн өндөр ур чадвар КОВИД-19 цар тахлыг тогтоон барьж байна. Бид улам сайн хэрэгжүүлж, одоо л яг жинхэнэ ДЭМБ-аас өгч байгаа заавар, зөвлөмжийг урьд урьдынхаасаа ч илүүтэй дагаж мөрдөх ёстой үе дээрээ ирээд байна даа. Анхаарал, дэглэмээ хувь хүн бүр сайн барьж чадвал энэ байдлаа бид хадгалж чадна. Төрийн бодлогоос гадна, байгууллага, хувь хүний оролцоо хүчин зүтгэл маш чухал.
-Улс орон бүр ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу арга хэмжээг аваад байсан. Харин ч бүүр өндөр хөгжилтэй улс орнууд илүүтэй өртөөд байгаа нь яг юунд байгаа юм бол?
-Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу дэлхийн улс орнуудад халдварт өвчний дэгдэлт гарч Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэхэд ДЭМБ-аас боловсруулсан удирдамж, зөвлөмжийг баримтлан ажиллах шаардлагатай байдаг. ДЭМБ дэлхийн улс орнуудыг халдвар тархсан байдлаар нь 4 ангилж нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг 9 чиглэлд нарийн тодорхойлсон байгаа. Оксфордын Их Сургууль дэлхийн улс орнуудын КОВИД-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа байдалд дүн шинжилгээ хийж, ихэнх улс орнууд дараах 3 үндсэн чиглэлд 17 арга хэмжээг ихэвчлэн авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээллийн нэгдсэн санг үүсгэсэн байна билээ. Үүнд: нэгт, хаах, хязгаарлах, хориглох арга хэмжээ, хоёрт эдийн засгийн хариу арга хэмжээ, гуравт эрүүл мэндийн тогтолцооны хариу арга хэмжээ орж байна. Хаах, хязгаарлах, хориглох арга хэмжээ, тэр дундаа сургууль цэцэрлэгээ хаах, олон нийтийн үйл ажиллагааг зогсоох, гэртээ байхыг шаардах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлсэн цаг хугацааг КОВИД-19-ийн өвчлөл, нас баралттай нь харьцуулан судлахад тухайн улс арга хэмжээгээ хожуу авч хэрэгжүүлэх тусам өвчлөл, нас баралт өндөр байгаа хандлага ажиглагдаж байсан. Тухайлбал, АНУ, Итали зэрэг 100,000-аас дээш өвчлөл бүртгэгдсэн орнууд нь КОВИД-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш ойролцоогоор нэг сараас дээш хугацааны дараа хаах хязгаарлах хориглох арга хэмжээнүүдийг авсан нь халдвар хурдан хугацаанд тархаж, нас баралт нэмэгдэхэд нөлөөлсөн байх магадлал өндөр байна. Харин манай улсын хувд хамгийн анхны зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол 3-р сарын 10-нд бүртгэгдсэн байхад бид өвчний тохиолдол бүртгэгдэхээс өмнө аль хэдийнэ 1-р сарын 21-нд олон нийтийн үйл ажиллагааг зогсоож, дотоод шилжилт хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цэцэрлэг сургуулийг 26-аас эхэлж хаасан, эдгээр хариу арга хэмжээг эрт хэрэгжүүлсэн нь дотоодын халдвар гарахгүй байхад нөлөөлөх нэг гол хүчин зүйл болсон. Тухайлбал, КОВИД-19-ийн анхны тохиолдол бүртгэгдэхээс өмнө сургууль, цэцэрлэгээ хаасан улс орнуудад харилцан хамааралтайгаар КОВИД-19-ийн тохиолдлын тоо бага байгаа юм. Иймд оновчтой хариу арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь өвчлөл, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хөгжсөн хөгжингүй орнууд эрүүл мэндийн тогтолцооны хариу арга хэмжээг хэдийгээр шуурхай авч байсан ч өвчлөл их байгаа нь бусад хариу арга хэмжээг оройтуулсантай холбоотой байж болох юм. Манай орны хувьд оношилгоо, хавьтлын илрүүлэг зэрэг арга хэмжээг анхны зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдлоос хойш авч хэрэгжүүлж байна.
-ДЭМБ дэлхийн улс орнуудыг халдвар тархсан байдлаар нь 4 ангилж байна гэж Та түрүүн хэллээ. Манай улс ямар ангилалд нь орж байгаа юм бол? Манай улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадамж хэр байгаа вэ?
-КОВИД-19-ийн халдварын тархалтад үндэслэн Дэлхийн улс орнуудыг тохиолдол илрээгүй, алаг цоог тохиолдолтой, кластер тохиолдолтой, хүн амд өргөн тархсан гэсэн 4 бүлэгт хуваан үзэж байна. Манай орон алаг цоог тохиолдолтой, дотоод халдваргүй орны тоонд орж байгаа ч өндөр эрсдэлтэй орон гэдгийг мартаж болохгүй. Хойд хөрш болох ОХУ дэлхийд халдвараараа тэргүүлж байна. Урд хөрш БНХАУ хэдийгээр халдварын голомтыг дарж чадсан боловч Бээжин хотод хоёр дахь халдварууд гарч онц байдал тогтоогдон нөхцөл байдал хүнд байна. Мөн тохиолдлын тоогоор нь зуун мянгаас дээш, арван мянгаас зуун мянгын хооронд, мянгаас арван мянга хүртэлх, зуугаас мянга хүртэлх, зуугаас бага гэсэн таван бүлэгт хувааж байна. Манай улс 100-1000 тохиолдолтой орны тоонд орж байна. Монгол Улсын Засгийн газар өөрийн иргэдээ хүний нутаг, гүний газар орхилгүй өөрийн бүхий л боломжоороо иргэдээ эх орондоо авчирч байгаа цөөхөн орны нэг. Хорин дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэгээр 5485 иргэнээ эх орондоо авчирснаас 96 тохиолдол илэрсэн. Бүр нэгдүгээр сарын зургаанаас хойш бүх нислэгийг оруулбал 349 нислэгээр 40554 хүн ирснээс 5862 хүнийг ажиглалтад авч, үүнээс 354 хүнийг тусгаарласан байна. Үүнээс гадна таван удаагийн вагоноор 1246 хүнээ авчирснаас 94 тохиолдол илэрсэн. Өнөөдрийн байдлаар 206 тохиолдол зөөвөрлөгдөж орж ирснээс 146 хүнээ эдгээгээд байна.Энэ цар тахлын аюулыг мэдсэн цагаасаа хойш тасралтгүй ажиллаж байгаа нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ЭМЯ-ны Д.Сарангэрэл сайдтай удирдлага хамт олон, Халдвартын өвчин судлалын үндэсний төвийн эмч, ажилтнууд, вирус судлаач нарын асар их хөдөлмөр, гавьяа юм. Дашрамд хэлэхэд манай сургуулийн төгсөгчид, бид бахархаж байна. ДЭМБ-аас цар тахлыг 8 үе шаттай, одоогийн байдлаар КОВИД-19-ийн цар тахал оргил үедээ явж байгаа талаар мэдээлсэн. Цаашид хэдий хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй мөн оргил үеийн дараах үе шатад дэгдэлт дахин сэргэх магадлал өндөр, харин цар тахлын дараах үе шатад халдвар улирлын шинж чанартай томуу маягаар идэвхижиж болзошгүй талаар эрдэмтэд таамаглаж байна.
2019 онд Жонс Хопкинсийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн аюулгүй байдлын индексийг тооцож эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадамжийг үнэлсэн. Энэ үнэлгээгээр Монгол улс нь судалгаанд орсон нийт 195 орноос 46-д эрэмбэлэгдсэн байна.Тус эрүүл мэндийн аюулгүй байдлын индексийг 6-н бүлэг үзүүлэлтүүдээр тооцож гаргасан бөгөөд Монгол улсын дундаж оноо 49,5 байна. Бүлэг бүрээр авч үзвэл Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний илрүүлэг, мэдээлэлтийн байдал харьцангуй сайн харин урьдчилан сэргийлэлт болон Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шуурхай арга хэмжээний үзүүлэлтүүд дээрээ анхаарахаар байсан. КОВИД-19-ийн халдвар дэгдэлт нь бусад улс орнуудын нэгэн адил манай улсад 2020 оны 01 сараас эхлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадамж, тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэлт, тусламж үйлчилгээний шуурхай байдлаа сайжруулах боломжийг олгож КОВИД 19-ийн болзошгүй дэгдэлтийн бэлтгэл ханган ажиллаж байгаа ч халдварын оношилгоог илүү өргөн хүрээнд олон хүнд зэрэг хийх, хүндэрсэн тохиолдолд эрчимт эмчилгээний тасаг, эмнэлэг байгуулах шаардлага гарах өндөр магадлалтай байгаа энэ үед эрсдэлээс урьдчилан сэргийлж оношилгооны лабораториудыг шинэчлэн зохион байгуулах, түргэвчилсэн оношилгооны цомгийг их хэмжээгээр нөөцлөх, амьсгалын аппаратуудыг импортолж оруулж ирэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Энэ өвчинд газар нутаг, гарал үүсэл, албан тушаал, эд хөрөнгө огт хамаагүй гэдгийг бэлхнээ харуулж байна. Хэдийгээр КОВИД-19 вирүсийн халдварын онцлогоос шалтгаалж халдварын тархалтыг зогсооход төвөгтэй байгаа ч Улс үндэстэн бүр КОВИД-19 цар тахлын эсрэг бүхий л бололцоотой арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авахын тулд хичээж ажиллаж байна. Шинэ Коронавирүсийн цар тахал нь зөвхөн аль нэг улс орны асуудал бус дэлхий нийтийн асуудал болсон тул хүрсэн амжилт, шинэ ололтоо цаг алдалгүй түгээж мэдлэгээ хуваалцаж, улс орон бүр дотроо эв нэгдэл, нэгдсэн санаа, нэгдмэл хүчээр тэмцэж, тэр хичээл зүтгэл нь цааш дэлхий нийтэд улс орнуудын хэмжээнд нэгдэж байж бид хамтдаа энэ цар тахлын ард гарна гэж түрүүчийн нэг ярилцлагад хэлж байсан. Бидний өдөр тутмын амьдрал дээр нотлогдож байна. “аливаа хүнд хямралыг зүгээр өнгөрөөж огт болохгүй. Харин ч урд өмнө нь хийж амжихгүй, чадахгүй байсан зүйлээ хийх боломж гэж харах хэрэгтэй” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Рам Эмануель хэлсэн байдаг. Энэ ч утгаараа ард түмэн маскаа зүүж хэвшлээ, гараа ариутгаж угаадаг боллоо, эрүүл мэнддээ анхаардаг боллоо, халдвар хамгааллын дэглэм гэдгийг мэддэг боллоо. Энэ сэтгэлгээний өөрчлөлтийг бид богино хугацаанд хийж чадлаа. Эрүүл мэндийн салбарын чадавхаа дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг ахиулах олон боломжууд бүрдлээ, ахиуллаа. Хамгийн гол нь ард түмэн эвлэлдэн нэгдэж хамтдаа тэмцэж байна. Тийм учир бидний цөөхөн монголчууд ХҮЧЭЭ НЭГТГЭХ нь чухал юм.
-Шинэ Корона вирүсийн халдварт өвчнийг бүрэн гүйцэт судалж чадсан юм болов уу? Вирус мутацид ороод хувь тавилангаа өөрчлөөд байгаа гэх юм. Танай сургууль манай улсын тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага. Энэ талаар эрдэмтэд юу гэж үзэж байгаа юм бол?
-Өнөөдөр хүн төрөлхтөн Коронавирүс гэгч нүдэнд үл үзэгдэх өчүүхэн вирүсийн эрхэнд орох дөхөж улс орнууд хилээ хааж, хүн төрөлхтний хөгжил өөрчлөгдөж, улс орны байтугай дэлхий эдийн засаг эргэлтгүй болж, гэр бүл хаалга үүдээ барьж, хүн ёсны харьцаа үгүй болох дөхөж, хувь хүний амьдралын хэмнэл алдагдахад хүрч байна. Хамгийн нэр хүнд бүхий сэтгүүлүүд болох “Лансет”, “Сайнс”, “Нэйчюр” зэрэг сэтгүүлүүд дээр хэвлэгдсэн бүтээлүүдээс манай сургуулийн эрдэмтэд дэлхийн эрдэмтдийн үйлдэл, үйл ажиллагааг маш анхааралтай ажиж, анализ хийж байна. Вирүс судлал өндөр хөгжиж 9240 вирүсийг хиймлээр гаргаж авсны нэг нь химер коронавирүс-SHC014 юм. Хүн төрөлхтөнд вирүсээр халдварлагддаг гоц халдварт өвчнүүдийг эрчимтэй, лавшруулан судлах шаардлага улам нэмэгдэж байна. Генетик, молекул биологийн салбарын хөгжил вирүс судлалыг ахисан түвшинд хүргэж үүний үр дүнд вирүсийн хувьслын ерөнхий механизмуудыг тайлбарлаж, шинэ төрлийн вирүсүүдийг нээж эхэлж байна. Жишээлбэл вирүс санамсаргүй мутацид орж шинэ генетикийн материал үүсгэдэг. Мутаци гэдэг нь уг вирүсийн генетикийн материал буюу ДНХ, РНХ нь эргэж засагдахааргүй өөрчлөлтөнд орохыг хэлдэг. Ерөнхийдөө РНХ вирүсүүд мутацид илүүтэй ордог. Учир нь РНХ вирүс амьд эсийн дотор оронгуутаа уг эсийн РНХ/ДНХ ба уураг үйлдвэрлэдэг рибосомыг ашиглан өөрийгөө хуулбарлан олшруулж эхлүүлдэг. Энэ механизм нь вирүсын РНХ полимераза гэдэг энзимээр зохицуулагддаг бөгөөд уг энзим нь хуулбарлалтын явцад гаргасан алдааг засаж чаддаггүй. Коронавирүс нь дотроо 30 мянга гаруй рибонуклеотид агуулсан РНХ вирүс юм. Хүнд халддаг 7 янзын коронавирүс байгаагын гурав нь гоц халдварт өвчин үүсгэгчид. САРС, МЭРС, САРС-КоВ-2 буюу КОВИД-19 юм. Саяхан би “Euro news” үзэж байсан чинь Франц улсад БНХАУ-аас ирсэн Франц улсын иргэд бүр 8 сард өвчилсөн байж магадгүй, 11-р сарын 16-нд Францын От Рин гэдэг газар КОВИД-19-ийн гаж хэлбэр илэрч байсан талаар ярьж байх юм. КОВИД-19 вирүсийн титэм хэлбэрийн үзүүрүүд хүний эс дотроос уушигны цулцангийн эс буюу амьсгалд оролцдог эсүүдтэй амархан холбогдож цааш эс рүү нэвчин орж өөрийгөө хуулбарлах чадвартай. Хуулбарлагдан олон болсон вирүс эсийг задлан гарахад уг үхсэн эсийг тойрч дархлааны эсүүд үрэвсэл үүсгэж, уушги үхжиж эхэлдэг байна. Чөлөөлөгдсөн вирүсүүд цааш дараагийн эс рүүгээ халдварлана. Энэ процесс нэг бол уг хүнийг үхэлд хүргэж дуусна эсвэл вирүсүүдийг дархлааны эсүүд дийлж устгаж дуусдаг. Вирүсийн үүсгэж байгаа үрэвсэл нь хүндэрснээр амьсгалын дутагдалд хүргэж байгаа нь үхэлд хүргэх гол шалтгаан болж байгаа талаар эрдэмтэд тайлбарласан. Тийм учир уг вирүс нь мутацид орж өвчний хувь тавилан өөрчлөгдөхийг үгүйсгэх арга байхгүй. Тийм учраас одоог хүртэл төгс эмчлэх эм, урьдчилан сэргийлэх вакцин хараахан гараагүй байна.
-Хэзээнээс эмчилгээ гарах юм бол? Шинэ эм, эмчилгээ гартал орлох эмчилгээ байна уу?
-Дэлхий нийтийн донсолгоод байгаа КОВИД-19 вирүсийн халдвар авсан тохиолдолд ямар эм уух вэ гэдэг асуудал одоо болтол олны хүсэн хүлээж буй асуудал юм. Эрүүл мэндийн салбарын өмнө анх удаагаа нотлогдсон эм байхгүй ийм тохиолдол гарч байна. Дэлхий эмч нар нолиос нь эмчилж, гар мухардаж байна гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр өвчтөнүүд таниулан мэдүүлэх хуудсыг бөглөж ямарч хамаагүй эмчилгээ авахыг зөвшөөрч байна. Корона вирүсийн халдварын үед “Jama NETWORK” сэтгүүлд дэлхийн эрдэмтэд эмчилгээнд хэрэглэж болох эмнүүдийн үйлчлэх механизмыг маш ойлгомжтойгоор гаргаж ирсэн байсныг уншсан. Гидроксихлорофен үйлчилдэг үйлчилдэггүй гээд олон янзын саналууд дэмжигдэж версүүд гарч байсныг бүгд санаж байгаа. Гидроксихлорохин нь плаквинил мөн бөгөөд өнөөдөр хамгийн их өргөн хэрэглэгдэж байгаа эм юм. Маш эртний эмнүүдийн нэг. Эрдэмтэд хагас жил КОВИД-19 вирүсийг судалж байна. Нэг ёсондоо дэлхийн шинжлэх ухааны салбар тэр чигээрээ хөдөлж байж маш богинохон хугацаанд үйлчлэх механизмыг нь гаргаж ирж чадлаа. Плаквинил эм нь эхлээд хийгдэхдээ хумхаагийн эсрэг зориулагдаж хийгдсэн. Энэ эмийг КОВИД-19-ээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэнэ гэсэн ойлголт байна. Гэтэл сөрөг нөлөө нь илүү аюултай байх талаар бас ярьж байна.Зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлж үхэлд хүргэх нь вирүсийн халдвараар үхэхээс мянга дахин илүү гэж тайлбарласан байна лээ. Тийм учир зөвхөн эмнэлэгт зүрх судасны эмчийн хяналтад хэрэглэхийг зөвлөж байна. ХДХВ-ийн үед хэрэглэж байсан хоёр эмийн нэгдлээс үүссэн лапинавир гэдэг эмийг вирусийн үржилтэнд нөлөөлдөг учир зарим тохиолдолд хэрэглэж байгаа юм байна. Рибавирин \ремдеземир\, Арбидол \унифимавир\, Тоцилизумаб, сарилюмаб зэрэг эмүүдийг хэрэгэж байгаа талаар мэдээлэл байна. Одоо байгаа үйлчлэх механизмыг нь тодорхой болгоод байгаа САРС-ын үед хэрэглээд үзсэн хуучин эмүүд юм. Шинэ эм гарталшинж тэмдэг хөнгөн байх үед хэрэглэж байгаа эмнүүд. Өөр нэг дэвшилтэт эмчилгээний арга бол генийн инженерчлэл ашигладаг КРИСПР зэрэг арга нээгдсэн байгаа юм. Бактерид халдварлаж чаддаг бактериофаг зэрэг вирүсийн геномыг эсийн дотор хуулбарлагдахаас нь өмнө таньж устгаж чаддаг шат дараалсан систем юм. Харин саяхан Харвардын их сургуулийн эрдэмтэд шинэ коронавирусын хуулбарлалтыг хариуцдаг генүүдийг /ORF1, S/ болон өвөрмөц 10 пептидийн генийг сонгомлоор олж устгадаг CRISPR-CAS13D системийг зохиосон гэдгээ зарласан байна. Халдварлахаас урьчилан сэргийлэх вакцин гаргаж авах нь маш чухал байна. Яг одоо Герман, АНУ, БНХАУ-ын хэд хэдэн компани РНХ, ДНХ ашигладаг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд төгс үр дүнтэй нь батлагдсан тохиолдолд л үйлдвэрлэж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ёстой учраас цаг хугацаа шаардагдаж байна. Үүнээс гадна коронавирүс нь РНХ вирус учир маш хурдан мутацид ордог учраас вакцин гаргахад хүндрэлүүд гараад байгаа юм байна билээ. Вакцин гаргаж авахад дор хаяж 12 сар шаардлагатай байдаг гэхдээ дөхөж байгаа талаар эрдэмтэд мэдээллэж л байна. Вирүсийн геномын дараалал, өсгөвөрлөл, дархлааны хариу урвал, патогенезийг судлах, тохирох вакцины хэв шинжийг олох, эсийн өсгөвөр ба лабораторийн амьтан дээр турших, хүн дээр эмнэлзүйн туршилт хийж баталгаажуулах, үйлдвэрлэх, түгээх зэрэг дэс дараалсан нарийн үйлдлүүдийг зөв зохион байгуулах шаардлагатай байдагтай холбоотой хугацааг яах аргагүй туулахаас өөр арга байдаггүй юм билээ.
-Төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээгээрээ манай улс бусад улс орнуудтай харьцуулахад ямар хэмжээнд байгаа юм бол? Хямралыг бид хэрхэн давж гарах бол?
-КОВИД-19-ийн цар тахлын үед иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахын зэрэгцээ эдийн засгийн хямралаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх зэрэг 5.1 их наяд төгрөгийн багц хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Авч хэрэгжүүлж буй гол арга хэмжээнүүд нь ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгал, орлогын албан татвараас зургаан сарын хугацаанд чөлөөлөх, хүүхдийн мөнгийг 100000 болгон нэмэгдүүлсэн, Аж ахуйн нэгжүүдэд ажилтныхаа орон тоог хадгалахад зориулж 200 мянган төгрөгийн тэтгэмж олгосон нь ард түмнээ энэ цар тахлаас хамгаалахад чиглэгдсэн том арга хэмжээ, төрийн зөв оролцоо, эдийн засгийн том дэмжлэг гэж бодож байна. Манай их сургууль ч бас өөрийн оролцоог хангаж 19 тушаал, албан даалгаврыг гарган 7 чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэн ажиллалаа. Иргэдэд ЭМ-ийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ЭМЯ-тай хамтарсан 70 гаруй ярилцлага, мэдээллийг 20 гаруй мэдээллийн хэрэгслээр түгээсэн. АШУҮИС-ийн цаг нэвтрүүлгийн 14 дугаар хийгдэж, олон нийтийн цахим сүлжээ, АШУҮИС-ийн цахим хуудсаар дамжуулан КОВИД-19-ийн талаарх нотолгоонд суурилсан мэдээллийг тасралтгүй түгээн ажиллалаа.АШУҮИС-ийн 60 гаруй багш, эрдэмтэд ЭМЯ-ны 34 төрлийн мэргэжлийн салбар зөвлөлд дарга болон гишүүнээр ажиллаж, Эрүүл Мэндийн тухай хууль, тогтоомж, журмын хэрэгжилтийг хангах, Эрүүл Мэндийн салбарын бодлого тодорхойлоход дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгөн ажиллаж байна. КОВИД-19-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор ЭМЯ-ны дэргэд байгуулагдсан “Эмнэлзүй”, “Тархвар судлал”-ын ажлын хэсэгт манай багш нар ажиллаж байгаагаас гадна КОВИД-19-ийн халдварыг Уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх эмнэлзүйн түр зааврыг хамтран боловсруулсан. НЭМС-ийн багш нар иргэдэд Эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл түгээх ажлуудад хамтран ажиллаж байна. АШУҮИС-ийн 332 резидент оюутан УБ хотын 5 шалган нэвтрүүлэх цэг дээр, Сувилахуйн сургуулийн 828 оюутан 21 аймаг, УБ хотын эмнэлгүүдэд сайн дураараа туслан ажиллаж байна. АШУҮИС-аас Ковид19-той холбоотой эмнэлзүй, тархвар судлал, дарлаа судлал, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр нийт 8 төслийн саналыг БСШУСЯ-д хүргүүлээд байна. Цахим сургалтаар 1800+ онлайн хичээлийг явагдаж, 370 мянган файлд, оюутнууд 90 сая 200 сая хандалт хийсэн, оюутнуудаас 3.7 сая и-мэйл хүлээн авч , 8000 цахим уулзалт хийж, 23 мэргэжлээр 1800 орчим оюутны төгсөлтийн шалгалтыг амжилттай зохион байгуулж, бакалавр, магистр, докторын урьдчилсан болон жинхэнэ хамгаалалтын хурлууд дотооддоо болон олон улсын хэмжээнд онлайн хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж байна. Манай сургууль КОВИД-19 вирүсээс урьдчилан сэргийлэх болон эмчилгээ, оношилгооны арав гаруй шинэ бүтээгдэхүүнийг гаргалаа. Багш ажилчдынхаа цалинг 2020 оны нэгдүгээр сараас нэмлээ гээд олон ажлыг дурдаад барахгүй юм.
Манай улс салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлж, олон шинжлэх ухааны уулзвар дээр олон мэргэжлийн оролцоотойгоор КОВИД-19 ийн эсрэг хүчээ нэгтгэн тэмцсээр байна.
-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан: Б.Хишиг-Ундрал