Г.Энхбаатар: Манай тамирчид олимпын эрх авах түвшинд хүрсэн
- 2020-06-22
- Үнэн
- 0
Хөл хорионы улмаас нутагтаа ирж чадахгүй байсан Монголын пара хөнгөн атлетикийн баг тамирчид эх орондоо ирээд удаагүй байна. Монголын пара хөнгөн атлетикийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Энхбаатартай утсаар холбогдож нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Монголын пара хөнгөн атлетикийн тамирчид Япон улсад бэлтгэл хийхээр өнгөрсөн хоёрдугаар сард хилийн дээс алхсанаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрч, хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирлээ. Та бүхэн цар тахал гараад эхэлсэн байх үед тус улсыг зорьсон нь тэмцээнд оролцох зорилготой байв уу?
-Биднийг хоёрдугаар сарын 14-нд Япон руу явахад шинэ коронавирус дөнгөж гарч эхэлж байсан. Учир нь, гуравдугаар сарын 15-нд Дубайд олимпын эрхийн тэмцээнд оролцох байсан тул нэг сарын хугацаанд Япон улсад бэлтгэл хийх зорилготой явсан юм. Монголын паралимпын холбооноос Үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин, хоёр багш нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр хилийн дээс алхсан. Гуравдугаар сарын 11-нд Дубайг зорино гэж төлөвлөсөн ч түүний өмнөхөн бидний оролцох тэмцээнийг цуцалсан. Тэр үйл явдлын өмнө Токиогийн олимпыг хойшлуулах шийдвэр гарчихсан байлаа. Нөхцөл байдалтай холбогдуулан цаашид яах талаар шийдвэрлэх шаардлагатай болсон. Уг нь бид гуравдугаар сарын 15-17-нд зохион байгуулах тэмцээндээ оролцчихоод Истанбулаар дамжаад баруун талаасаа эх орондоо ирэхээр төлөвлөж байсан юм. Энэ төлөвлөгөөний дагуу онгоцны тасалбараа захиалчихсан байсан учраас тэр болгоныг зохицуулах шаардлагатай болсон. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрынхан болон Монголын паралимпын хороо, Монгол үндэсний пара хөнгөн атлетикийн холбооныхонтой холбоо барьж үүссэн нөхцөл байдлын талаар хэлсэн. Үүний үр дүнд манай холбооны удирдлагууд асуудлыг шийдвэрлэж чадсан. Тэд биднийг дөрөвдүгээр сарын 3-нд ирүүлэхээр зохицуулж тэр хүртэл хаана байх эсэхээ шийдвэрлэх асуудал тулгарсан юм.
-Тэр үед дахин Монгол руугаа холбогдсон уу?
-Тийм ээ. Биеийн тамир, спортын газар, Монголын паралимпын хорооноос бидний байсан Японы Яйзү хотын захиргааныхантай ярьж “Манай тамирчдыг эх орондоо буцаж ирэх хүртэл тусална уу” гэсэн хүсэлтээ уламжилсан. Японы Яйзү хот олимпын наадам хүртэл манай улсын хэд хэдэн багийг ивээн тэтгэж олимпод оролцоход туслах тусгай хөтөлбөртэй. Яйзү хот биднээс гадна 3*3 сагсан бөмбөгийн багийн тамирчид, чөлөөт бөхийн шигшээ баг, пара таэквондогийн холбооны тамирчдыг дэмжин ажилладаг хот байгаа юм. Тус хотын дарга манай Биеийн тамир, спортын газар, Монголын паралимпын хорооноос холбогдсоны дараа биднийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр “Нутаг буцах хүртэл санаа зовох хэрэггүй, бэлтгэл сургуулилалтаа үргэлжлүүлэн хийж болно” гэсэн. Үүнийг сонсоод манай тамирчид маш их баярласан. Бидний зарим нь гэр рүүгээ буцахаар сандарсан тохиолдол бий. Тиймээс тэр дор нь хурал хийж бусдадаа нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа тухай хэлсэн. Бид хувиараа, эмчилгээгээр тус улсад очсон хүмүүсээс нөхцөл боломжийн хувьд дээр явж байгаа гэдэг утгаараа боломжийг үр дүн болгох ёстой гэж бодсон. Үүний дүнд олимпын эрх авах боломжтой талаар тамирчидтайгаа ярилцсан. Бид ингэж л бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх боломжтой болсон юм.
-Та Японыг зорьсон баг бүрэлдэхүүнээ тодорхой танилцуулж болох уу?
-Пара хөнгөн атлетикийн тэмцээн ямар хөгжлийн бэрхшээлтэйгээс шалтгаалан янз янзын ангилалтай байдаг. Тэмцээний F57 ангилалд шидэлтийн тамирчин Г.Цогтгэрэл өрсөлддөг. Энэ тамирчин Бразилын паралимпод оролцож шагналт тавдугаар байрт шалгарч байсан. Мөн F40 ангилалд өрсөлддөг Д.Саруултөгс, Э.Өнөрмаа нар бидэнтэй явсан. Дөрөв дэх тамирчин нь T46 ангилалд оролцдог Б.Гармаабазар. Түүнээс гадна туслах дасгалжуулагчаар С.Батболд өнгөрсөн хугацаанд бидэнтэй ажиллалаа.
-Яйзү хотын иргэдийн сэтгэлийн өглөгөөр та бүхнийг эх орондоо ирсэн гэж ойлгосон. Гэвч Биеийн тамир, спортын газраас гаргасан мэдэгдэлд Монгол руу ирэх зардал болон тусгаарлалтад байлгахад шаардлагатай мөнгийг тус газар хариуцсан гэж мэдлээ. Та энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Манай Биеийн тамир, спортын газар Яйзү хотын хооронд хийсэн гэрээний дагуу олимпын наадам хүртэл бидний тус улсад байхад шаардагдах бүх зардлыг Японы тал хариуцна. Харин ирж, очих зардлыг манай Биеийн тамир, спортын газар хариуцна гэсэн гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу зардлыг зохицуулсан. Японд бэлтгэл сургуулилалт хийх явцад тэндхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бидний талаар мэдээлж байсан. Яйзү хотын дарга маш их анхаарал тавьж дөрвөн удаа биднийг хүлээн авч уулзаж, сэтгэл санаагаар дэмжиж байсныг дурдах нь зүйтэй байх. Түүнээс гадна тус хотын ард иргэд бидний талаар мэдээд янз бүрээр дэмжиж байгаагаа илэрхийлдэг байсан. Тухайлбал, бэлтгэлийн үеэр ирж баяр хүргэх, өөрсдийн урласан гар урлалын зүйлсээ дурсгах зэргээр тус хотын иргэд биднийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Иргэдийн зарим нь тарьж ургуулсан жимснийхээ дээжийг хүртэл авчирч өгсөн удаа бий. Бид Япон улс, тэр дундаа Яйзү хотын иргэдэд маш их талархаж байна. Түүнчлэн Яйзү хотын дарга Хиромичи Наканод талархсанаа илэрхийлье. Биднийг ийнхүү тусалж дэмжсэн нь Монгол, Япон улс хоорондын хамтын ажиллагаа төдийгүй дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед хамтарч ажиллах үлгэр жишээ арга хэмжээ болсон гэж би хувьдаа үнэлж, дүгнэж байгаа юм. Түүнчлэн Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Б.Батдорж нарт баярлаж талархсанаа танай сониноор дамжуулан уламжилъя.
-Та бүхний Яйзү хотод байрлаж байсан зочид буудал манай тамирчин, дасгалжуулагчийн аюулгүй байдлыг хангах үүднээс гаднаас хүн авахгүй байх зохицуулалт хийсэн гэсэн. Энэ үнэн үү. Ер нь Яйзү хотод шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн байсан уу?
-Биднийг байхад Яйзү хотод шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ бусад хотоос ирэх шилжилт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байсан. Тиймээс зочид буудлын захиргаанаас биднийг нэг давхарт тусгаарлаж өгсөн. Өөрөөр хэлбэл, бидний байрлаж байгаа давхарт хүн хүлээж авахгүйгээр зохицуулалт хийсэн. Мөн хооллох өрөөг тусад нь гаргаж өгсөн. Дээр нь биднийг хооллох үед тодорхой хязгаарлалт хийсэн. Тодруулбал, тухайн цагт биднээс өөр хүнийг хооллуулахгүй байхаар тохируулсан. Бэлтгэл хийх талбайд ч өөр хүнийг оруулдаггүй байсан юм.
-Та бүхэн төлөвлөсөн бэлтгэлээ бүрэн дүүрэн хийж чадсан уу?
-Манай тамирчдын оролцохоор төлөвлөсөн томоохон тэмцээний эхнийх нь Дубайд болох байлаа. Дараа нь Европт зохион байгуулагдах хоёр тэмцээн байсан юм. Энэ төлөвлөгөөгөөр манай тамирчдын тэмцээн тавдугаар сарын 15 гэхэд дуусах байсан. Гэвч байдал өөрчлөгдсөн учир Дубайд болох тэмцээний бэлтгэлээ зогсоож дараагийн үе шат руугаа шилжсэн. Өөрөөр хэлбэл, бэлтгэлийнхээ ачааллыг нэмэгдүүлсэн. Үндсэндээ долоо хоногийн зургаан өдөр 10 удаагийн бэлтгэл хийсэн. Тиймээс бэлтгэлээ нэлээд сайн базааж чадсан гэж ойлгож болно. Тэнд байхдаа зургаан удаагийн хяналт, сорилтод орсон. Сорилтын дүнд тамирчид бүгд хувийн дээд амжилтаа ахиулснаа мэдсэн. Хэрвээ олимпын эрх олгох тэмцээнийг зохион байгуулсан бол эрх авах түвшинд тамирчид маань хүрсэн. Манай тамирчид өнгөрсөн оны дэлхийн чансаагаар 12-13,16-17 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан. Үүнтэй харьцуулахад 12 дугаар байрт жагсаж байсан тамирчин долоо, 13-т эрэмбэтэй байсан тамирчин ес, 16 байрт явж байсан тамирчин 12-т эрэмбэлэгдэхээр амжилтад хүрээд байна. Одоо бид амжилтаа бууруулахгүйн тулд онлайнаар холбогдож өрөө өрөөндөө бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байна. Үүний дараа гэрийн нөхцөлд бэлтгэлээ хэрхэн хийхээ туршиж төлөвлөгөө гаргаад явах юм.
-Паралимпын төрөлд манай улсаас таван тамирчин Токиог зорих эрхээ аваад байна. Энэ тоог та бүхэн хэдээр нэмж чадна гэж бодож байна вэ?
-Багадаа хоёр тамирчин паралимпын эрх авна гэсэн зорилготойгоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Энэ бэлтгэлийнхээ эрчмийг алдагдуулахгүй бол зорилгоо биелүүлэх бүрэн боломжтой.
-Одоо та бүхнийг хаана тусгаарлаж байна. Биеийн байдал ямархуу байна вэ?
-25 дугаар эмийн сангийн урд талд “Тайж” зочид буудалд тусгаарлагдаж байна. Бүх тамирчны биеийн байдал сайн. Өглөө оройдоо биеийн халуунаа үзүүлж байгаа. Монголд ирснийхээ дараах өдөр нь анхны шинжилгээгээ өгсөн. Дахин хоёр удаа шинжилгээ авна гэж бидэнд хэл
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)