Ч.Амарбаясгалан: Залуусын эх орон, өв соёлоо гэсэн сэтгэл нэмэгдэж, Ардын урлагийг сонирхон судалдаг болсон
- 2020-06-25
- Үнэн
- 0
Арван жилийн ойтойгоо золгож буй “Хөсөгтөн” хамтлагийнхан баяраа нижгэр тэмдэглэхээр төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшлуулж, хөгжимчид нь хувийн уран бүтээлдээ түлхүү анхаарал хандуулжээ. Энэхүү хамтлагийн содон сувд нь болж өөрийн гэсэн өнгө төрхөө бүрдүүлсэн Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ятгач Ч.АМАРБАЯСГАЛАНТАЙ уулзаж, түүний уран бүтээл, дотоод ертөнцөөр аялж, эрхэм уншигчдадаа мэдрүүлэхийг хүслээ. Авьяаслаг хөгжимчин маань энэ удаад ганзага дүүрэн иржээ. Олон жилийн өмнөөс төлөвлөсөн ажлынхаа ард гарч, “Memories" цомгоо өлгийдөн авснаа танилцуулсан юм.
-Таныг Их Британийн “Роял Альберт” танхимд “BBS Proms” наадамд оролцож байхыг харснаас хойш уулзаж ярилцах бодлыг дотроо тээсэн. Тэр бодол өнөөдөр биелж байна. Мөн “Memories” ятгын цомгийн анхны сонсогчдын нэг болсондоо туйлын баяртай байна.
-Баярлалаа. Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Цомгоо аваад удаагүй байхад бид ярилцахаар болсон нь их бэлгэшээлтэй юм. Би “Memories” цомгийн ажлаа 2017 оны есдүгээр сард эхлүүлсэн. Багшлахын зэрэгцээ хамтлагийн уран бүтээлдээ шамдан явсаар энэ жил цомгоо гаргах тохироо нь бүрдлээ. Цомогт орчин цагийн мэргэжлийн хөгжмийн зохиолчдын ятга хөгжимд зориулсан шинэ бүтээлүүдийг орууллаа.
-Шинэ цомгоо сонсогчдод танилцуулах ажил зохион байгуулахаар төлөвлөж байна уу?
-Цомгийн нээлтээ хийхээр төлөвлөсөн. Гэхдээ онлайнаар хийх үү эсвэл телевизээр сонсогчдодоо сайхан мэдээгээ дуулгах уу гэдгээ хараахан шийдээгүй байна.
-“Memories” цомгийг гаргахаас өмнө өөр нэгэн цомгийг хэвлүүлсэн. Түүнд ямар бүтээлүүд багтсан бэ?
-Ятга хөгжмийн сургалтын урын санд байгаа бүтээлээс аль болох сонсох материал байхгүй зохиолуудыг сонгон авч, төгөлдөр хууртай хамтран хөгжимдсөн. Энэ цомгоо ятга хөгжмөөр хичээллэж байгаа залууст зориулан гарын авлага болгон гаргасан юм.
-Богино хугацаанд хоёр ч томоохон бүтээлийн ард гарчээ. Цар тахал гараагүй байсан бол та өдийд хамтлагийнхантайгаа Европт аялан тоглолт хийгээд явж байх байсан уу?
-Тийм ээ. Арван жилийн ойн хүрээнд хийхээр төлөвлөсөн олон ажил байсан ч хойшлуулаад байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бидэнд хувийн уран бүтээлдээ түлхүү анхаарах цаг олдсон. Хамтлагийн ажлаа ч орхигдуулаагүй. “Хөсөгтөн” арван жилийн хугацаанд ганцхан цомог гаргасан. Харин өнгөрсөн хугацаанд хоёр дахь цомгийн бүх бичлэгээ хийж дуусгалаа.
-Цар тахлын үед уран бүтээлч, хамтлагууд онлайнаар үзэгчидтэйгээ уулзаж байна. Танай хамтлагт онлайн тоглолт хийх бодол бий юү. Битүүхэндээ үзэгчдээ санаж байгаа болов уу?
-Онлайн тоглолт хийхээр шийдээгүй ч ярилцаж байгаа. Таны хэлснээр “Хөсөгтөн” үзэгчидтэйгээ уулзалгүй нэлээд уджээ. Хөгжмийн зохиолч Чулуун, яруу найрагч Цэрэндорж нар манай хамтлагийнханд “Хангай хааны магтаал"-ыг дуулуулахаар өгсөн. Одоо бид энэ бүтээл дээрээ ажиллана.
-Сүүлийн үед хүмүүс монгол ахуй, соёл, дуу хөгжимдөө илүү дурлаж байна. Энэ нь үндэсний бүтээлээр уран бүтээл туурвидаг та бүхний гавьяа юм.
-Тийм ээ. Сүүлийн үед залуусын эх орон, өв соёлоо гэсэн сэтгэл нэмэгдэж, ардын урлагаа сонирхон судалж байна. Үүнд манай хамтлагийнхан ч тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна.
-Та хамтлагийнхаа ганц эмэгтэй хөгжимчин. Анх хамтлагийн нэг эд эс нь болж, дасан зохицоход ямар сэтгэгдэл төрж байсан бол?
-Би гурван ах, дөрвөн эгчтэй айлын отгон хүүхэд. Эрэгтэй хүнээс хол өссөн болоод ч тэр үү их жийрхдэг байсан. Хамтлагийн таван залуу маань юм ярихаар ганцаараа л байж байдаг, зожиг талдаа байв. Хамтлагийн гишүүн болсон эхний жил тийм байсан. Магадгүй хөдөөнөөс орж ирсэн хүүхэд байсан болохоор ичимхий байсан байх. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрч тэр байдал аяндаа өөрчлөгджээ. Одоо тэд маань харагдахгүй бол үгүйлэх байх шүү.
"ХӨСӨГТӨН"-ИЙ ХӨГЖИМЧИД ЯМАР УР ЧАДВАРТАЙГ ГАНЦААРЧИЛСАН УРАН БҮТЭЭЛЭЭР ТҮЛХҮҮ ХАРУУЛАХЫГ ЗОРИНО
-“Хөсөгтөн” хамтлагийн эрэгтэй таван хөгжимчин хөөмийлдэг. Харин таны дуулахыг ганц нэг удаа харсан. Ер нь та хэр сайн дуучин бэ?
-Өөртөө эргэлзэн байж хоёр удаа дуулсан. Дуулахыг хүсдэг ч хүн бүрд бурхнаас гайхалтай дуу хоолой заяадаггүй. Би хувьдаа өөрийгөө хоолойны цар хүрээ муутай гэж боддог. Гэхдээ дууг эвлэгхэн аялчихна. Хамтлагийнхан сүүлийн үед намайг “Дуул, дуул” гээд шахаад л байгаа. Ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй юм.
Хамтлагийн хувьд цаашид хөгжимчид нь ямар ур чадвартайг ганцаарчилсан уран бүтээлээр түлхүү харуулахыг зорино. Мөн хөгжмийн бүтээл, тэр дундаа дунд нь хөөмийгөө шигтгэн оруулах тал дээр илүү анхаарч ажиллана.
-Танай хамтлагийн сонсогчийн хувьд нэг зүйлийг хүсмээр байна. “Хөсөгтөн" өнгөрсөн хугацаанд гадаад ертөнцөд өөрсдийнхөө юу чаддаг, ямар авьяастайгаа түлхүү харуулсан. Одоо та бүхэн орчин цагийн Монголынхоо үзэгчдэд 10 жилийн хугацаанд хийж бүтээснээ харуулах цаг нь болсон байх?
-Бидний уран бүтээл илүү гадаад ертөнцийг чиглэж байсан нь үнэн. Үүний зэрэгцээ Монгол Улсынхаа нэрийг гаргаж олон тоглолт, үйл ажиллагаанд ч оролцсон. Монгол Улсын ГХЯ-тай хамтран ажилладаг байсан юм. Тиймээс одоо 10 жилийн ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөөд байна. Манай хамтлаг анхны тоглолтоо зохион байгуулахад дэмжлэг туслалцаа дутмаг байсан. Тухайн үед бид маркетинг, сурталчилгаа, зардал гээд бүх зүйлийг өөрсдөө зохицуулдаг байлаа. Одоо бол энэ байдал өөрчлөгджээ.
АХДАА ЗОРИУЛАН НЭГЭН БҮТЭЭЛЭЭР СУВАРГА БҮТЭЭСЭН НЬ "MEMORIES" ЦОМОГТ БАГТСАН
-Хамтлагийн тухай асуултаа өндөрлөөд таны хэрхэн ятга хөгжимд дурласан талаар асууж ярилцлагаа үргэлжлүүлье. Ятга хөгжимтэй нөхөрлөх замыг танд хэн тавьж өгсөн бэ?
-Миний төрсөн ах маш сайхан дуулж, ятга хөгжим тоглодог хүн байсан. Ах маань намайг долоон настайд ятга хөгжимтэй танилцуулсан. Хуруу цэврүүтэж шаналгаатай байсан ч тоглож сурахыг үнэхээр хүссэн. Би Ховд аймгийн Булган сумын уугуул. Ах маань Хөгжим бүжгийн коллежид элсэлт авч байгааг Монголын радиогоор сонсчээ. Тэр холоос намайг дагуулан Хөгжим бүжгийн коллежийг зорин ирж шалгуулаад сургуульдаа элссэн юм. Түүнээс хойш ятга хөгжимтэй илүү нарийн танилцаж, нөхөрлөж байна. Намайг ятгатай нөхөрлүүлсэн ах маань хоёр жилийн өмнө бурхны оронд явсан. Уран бүтээлч хүний хувьд ахдаа зориулан нэгэн бүтээлээр суварга бүтээсэн нь “Memories” цомогт багтсан. Тун удахгүй энэ бүтээлээ дүрсжүүлэн үзэгч, сонсогчдодоо хүргэнэ.
-Үеийн хүүхдүүд гадаа тоглож байхад хичээлээ хийж, цаг л гарвал хөгжмөө давтдаг хөгжимчин хүний амьдралд чөлөөт цаг ховор. Хүүхэд байхдаа энэ бүхнээс шантрах үе байв уу. Тэр үедээ өөрийнхөө эрч хүчийг хэрхэн “цэнэглэдэг” байсан бэ?
-Би зожиг хүүхэд шиг байгаа юм. Ер нь цаг зав гарвал хөгжмөө бариад суучихдаг. Заримдаа бухимдахаараа сатаарахын тулд ятгаа бариад суучихна. Учир нь, хөгжим тоглохоороо тайвширдаг байсан юм.
-Их дотогшоо хүүхэд байжээ?
-Магадгүй. Тийм ч нээлттэй хүүхэд байгаагүй. Дотнын ганц хоёрхон найзтай. Одоо ч ялгаагүй.
-Хэрвээ хөгжимчин болоогүй байсан бол гэж бодож байв уу?
-Дуу оруулдаг жүжигчин болох байсан болов уу. Манай ээж сумын наадмыг хөтөлдөг, маш гоё хоолойн өнгөтэй. Тэгэхээр би ээжийгээ дуурайсан байж магадгүй.
-Таны охинд ээжийн урлагийн өгөгдөл байна уу. Ер нь охин тань дуу хөгжимд сонирхолтой юу?
-Охин маань надаас илүү нээлттэй, чөлөөтэй зан чанартай. Дуулах дуртай. Түүнээс биш одоогоор хөгжим сонирхож байгаа нь харагддаггүй. Ирээдүйд охиныхоо сонголтыг хүндэлнэ, заавал хөгжимчин бол гэхгүй. Миний хань хууль, эрхзүйн мэргэжилтэй хүн байдаг. Урлагийн хүний амьдралыг маш сайн ойлгож, дэмждэг.
-Танд ятганаас өөр чөлөөт цагаа зориулдаг зүйл бий юү?
-Би волейбол тоглох дуртай. Бага байхад ах, эгч нартайгаа тоглодог байлаа. Дуртай учраас одоо ч гэсэн хааяа хамт тоглоно. Гэхдээ гар хөхрөх, чангарах гээд байдаг учраас тэр болгон волейбол тоглож чаддаггүй. Хөгжимчин хүн гараа хайрлах ёстой. Тиймээс ах, эгч нарынхаа тоглохыг харж сайхан мэдрэмж авдаг.
ШАВЬ МААНЬ НАДАД ЗОРИУЛАН МИНИЙ ЗУРАГТАЙ ЯТГА ЗАХИАЛЖ ХИЙЛГЭСНЭЭ ӨГСӨН
- Ятга хөгжим ур хийцээрээ олон янз. Тэдгээрээс танд хэд нь байгаа вэ?
-13 утастайгаас гадна их гарын ятгын олон төрөл бий. Хамгийн сүүлд шавь маань надад зориулан миний зурагтай ятга захиалж хийлгэснээ өгсөн.
-Тэдгээрийн дунд хамгийн дурсгалтай нандин нь...?
-Миний хамгийн анх тоглож сурсан 13 утастай ятга байгаа юм. Хүүхэд байхад ах маань банзыг нь аваад утас татаж өгсөн. Дурсгалтай ятга л даа. Мөн саяхан, япон ятга авсан. Ятгыг энгийн нэг сувинер шиг худалдан авах боломжгүй. Үнэ цэнтэйгээс гадна өндөр өртөгтэй байдаг.
-Алтайн ятгыг тоглож үзсэн үү. Ер нь ятга судлал тай дээр ямар бодолтой явдаг вэ?
-Ятга хөгжмийн талаар түүхэн олон барймт байдаг. СУИС нь судалгаа, уран бүтээлийс хослуулан сургадаг онцлогтой. Иймдээ ч манай сургууль дээр сүүлийн үеийн бүхий л судалгаа шинжилгээний ажил өрнөж байдаг. Сургуулийн дэргэдэх Дорно дахины хөгжим судлалыг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч С.Соронзонболд тэргүүлдэг бөгөөд түүний судалж гаргасан ятгын судалгаан дээр үндэслэн шинээр XIII зууны үеийн ордны ятгыг сэргээн бүтээсэн. Алтайн ятгын хувьд наадмын нээлтийн үрэр хөгжимдөж л байлаа. Магтаал, тууль хайлах үед хөгжимдөхөд илүү тохиромжтой мэт санагдсан.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)