Э.Эрдэнэбаатар: Хөдөлгөөнт завьт эргүүл зургаан хүний амь насыг аварсан

Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.ЭРДЭНЭБААТАРТАЙ ярилцлаа.

-Сүүлийн үед нийслэл хотод бороо их орж байна. Үүнтэй холбогдуулан үер усны гамшгийн дуудлага хэр хүлээн авч байна вэ?

-Энэ сарын 24 буюу сонгуулийн өдөр нийслэлд хоёр удаагийн хүчтэй аадар бороо орсон. Энэ үеэр 72 удаагийн дуудлага хүлээн авсан. Үүнээс 15 дуудлагад газар дээр нь очиж ажилласан. Ихэвчлэн айлын хашаанд ус орох, нийтийн эзэмшлийн зам тайлбайд их хэмжээний ус тогтох гэх зэрэг дуудлага ирсэн. Ойрын өдрүүдэд хур бороо ихтэй учраас Цаг уур, орчны шинжилгээний газар болон Нийслэлийн онцгой байдлын газраас иргэдэд үер усны аюулаас сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.

-Он гарсаар гол усанд живж эндсэн хүний тоо хэд хүрээд байна вэ?

 

-Он гарсаар 13 хүн усанд осолдож нас барсан. Үүнээс зургаан хүүхэд нас барсан байна. Гол усны дагуу урьдчилан сэргийлэх үүднээс анхааруулах самбар гаргаж байна. Энэ жилийн хувьд хүмүүс осолдож байсан хэсэг болон цүнхээл гүнзгий хэсгүүдээрээ яг метрийг нь заагаад ойролцоогоор 280 эсвэл 270 метр ч гэдэг юм уу хэмжээг нь тавьж байгаад 10 ширхэг самбарыг байрлуулсан.

 

Үүн дээр нэмэлтээр дүүргүүд мөн тодорхой хэмжээний самбарыг байрлуулахаар ажиллаж байна. Сэрэмжлүүлэх самбар байсаар байтал иргэд үл тоомсорлон ус руу орж, амь насаа алдаж байгаа нь харамсалтай. Өнгөрсөн хугацаанд гол усны дагуу хөдөлгөөнт завьт эрүүлж ажиллуулж, иргэдийнхээ амь нас эд хөрөнгийг авран хамгаалахаар ажиллаж байна.

 

-Нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнт завьт эргүүл ажиллаж эхэлсэн гэсэн. Завьт эргүүл ажиллахын ач холбогдол?

 

-Ер нь бол усанд осолдлоо гэсэн дуудлага ирвэл шуурхай очно. Бид иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн Засаг даргын захирамж гаргаад зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Туул, Хэрлэн, Тэрэлж гол дагуу завьт, болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Яагаад ажиллуулж байна гэхээр сүүлийн хэдэн жил уламжлал болоод гарчихсан, урьдчилан сэргийлэх байдлаар иргэддээ анхаарал тавьдаг. Ялангуяа зуны улирал эхэлчихсэн, өдөрт 25 хэмээс дээш халсан үед бол иргэд ихэвчлэн гол руу явдаг. Тэнд очиж сэрүүцэх гэж, зарим нэг нь зугаалгаар явдаг. Мөн бага насны хүүхдээ салхинд гаргах нэрийдлээр дагуулж явна. Тийм болохоор бид урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэн ажиллуулж байгаа. Үүнийг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон манай НОБГ хамтран хөдөлгөөнт эргүүлд ажиллуулж байна. Завьт эргүүлд Нийслэлийн аврах 105 дугаар ангийн хөдөлгөөнт эргүүлийн хоёр бүлэг ажиллаж байгаа. Хар усан тохойгоос Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Хадан хясаа гэсэн ийм маршрутаар Туул гол дагуу, Хэрлэн гол дагуух 25 км орчим, Тэрэлж голын 25-35 км орчим газарт хөдөлгөөнт, завьт эргүүлүүдийг ажиллуулж байна. Өмнө нь бол ялгаа байгаагүй.

Сүүлийн таван жил ингзж явж байгаа юм. Захирамж гараад урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдээ хөдөлгөөнт болон завьт эргүүлээр хянана. Амарч байгаа хүмүүстээ урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгээ өгнө. Чанга яригчаар урьдчилж хэлнэ. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй байлгахгүй, голын усанд оруулахгүй шүү гэх зэргээр хяналт тавин ажиллаж байна.

 

Хөдөлгөөнт эргүүл иргэдийн амь насыг авран хамгаалсан хэдэн тохиолдол байна вэ?

-Хөдөлгөөнт завьт эргүүл ажиллаж, өнгөрсөн хугацаанд зургаан иргэний амь насыг аварсан. Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор долоон маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 283 алба хаагч 33 техниктэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 10 мянга орчим иргэдэд сэрэмжлүүлэг яриа хийж, 1764 ширхэг санамж материал тараан, 1069 автомашиныг голын ногоон бүсээс холдуулж, 15 автомашиныг голоос татаж гаргасан. Түүнчлэн нийслэлийн аврах анги 105-ийн алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Баянзүрх дүүргийн XI хороо Адам Евагийн Хөшөөний баруун талд Загас үржүүлгийн орчимд хоёр иргэн живж байсныг шуурхай ажиллан амь насыг авран хамгаалсан. Амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэд гол, усны дагуу зорчихдоо бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгаж, автомашинаар гол гатлахгүй байх, аюулгүйн гарц, самбар, тэмдэг тэмдэглэгээтэй газарт усанд орохгүй байж аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

 

-Хүмүүсийн гол усанд эндэж буй шалтгаан юу байна вэ. Өөрсдийнх нь хэнэггүй байдалтай холбоотой байна уу?

 

-Олон шалтгаан байгаа. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Нийт ослын 80 орчим хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд осолдсон байдаг. Иймд гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралг зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

-Үерийн аюултай бүсэд хэчнээн айл өрх амьдарч байна вэ?

 

- Өнгөрсөн онд 3000 орчим айл өрх байсан. Энэ жилийн хувьд 2300 орчим айл амьдарч байна. Үүнээс 1200 орчим нь зөвшөөрөлтэй. Аюултай бүсээс нүүх заавар зөвлөгөөг иргэдэд байнга өгдөг.

 

-Ой хээрийн түймэр хэр гарсан бэ. Өнгөрсөн онтой харьцуулбал?

 

-Өнгөрсөн хавар ногоон бүсэд таван удаагийн ой хээрийн түймэр гарсан бүртгэл бий. Өнжмөл өвс шатаасан дуудлагын тоо 20 орчим хувиар буурсан.

 

-УИД, Үндэсний соёл амралтын хүрээлэнд ойрхон гал гарсан. Юунаас үүдэлтэй байсан бэ?

 

-УИД шатсан шалтгаан нөхцлийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хувьд ил галаас үүдэн өнжмөл өвс шатсан. Тэндэхийн тэнэмэл орон гэргүй улс гал гарган, хоёр га орчим газар шатсан. Үүнд холбогдох арга хэмжээг шуурхай авч, ажилласан.

 

 

Г.Сүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)