Б.Очир: Сайжруулсан шахмал түлшний түүхий эд гаднаас хараат биш болох боломж байна

Үндэсний үйлдвэрлэгчдийн нэг “Баргил тех” компанийн ерөнхий захирал Б.Очиртой ярилцлаа.

-Танай компанийг инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр шинэ тутам байгуулагдсан гэж ойлголоо. Эндээс яриагаа эхлэх үү?

-"Баргил тех” компанийг бид 2017 онд байгуулсан. ХХААХҮЯ-ны харьяа хөнгөн үйлдвэр судалгааны “Армано” гэж төв байдаг юм. Тухайн төв дээр Шинжлэх ухаан технологийн сангийн төсөл хэрэгжсэн нь бөсгөсөн шохой буюу арьс ширний бохирдолтой холбоотой “Харгиа” болон төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулах судалгаа, инновацын хөтөлбөр байсан. Үүнд манай компани хөрөнгө оруулагчаар оролцож ажилласан юм. Үүний үр дүнд бөсгөсөн буюу гидратын шохой үйлдвэрлэх үйлдвэрийг 2017 онд Дарханд байгуулж байлаа. Улмаар арьс ширний үйлдвэрүүдийн боловсруулах технологид нэвтрүүлсэн нь томоохон дэвшил болсон. Өмнө нь хэрэглэж байсан шохойноос маш их лаг шавар үүсдэг байсан юм. Шороо, чулуу зэрэг байгалийн гаралтай материал их байдаг гэсэн үг. Харин бидний үйлдвэрлэсэн гидратын шохой нь энэ бүх хаягдлаас нь цэвэрлэсэн, 92-98 хувийн кальцын гидроксид юм. Энэ хэрээр “Харгиа” цэвэрлэх байгууламжид хуралдах лаг шавар багасаад төв цэвэрлэх байгууламж руу очих бохирын хэмжээ багасна шүү дээ.

 

-Богино хугацаанд ажиллаж байгаа гэхэд танай компанийн бүтээгдэхүүн салбар дотроо нэлээд танигдчихсан юм биш үү?

 

-Тийм. Манай компанийн бөсгөсөн шохой 2018 онд нийслэлийн “Инновацын шилдгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарсан. Бидний хийж байгаа гидратын шохой нь дэлхийн улс орнуудад аль эрт, 50- 60 жилийн өмнө практикт нэвтэрсэн бүтээгдэхүүн л дээ. Манайд л саяхнаас амьдралд хэрэглэсэн болохоос биш. Гэхдээ маш олон салбарт ашигладаг юм. Тухайлбал, арьс ширний боловсруулалт, халдваргүйжүүлэлт гэхчлэн. Ер нь шохой бол манай улсын халдваргүйжүүлэлтийн ажилд олон арван жил ашиглаж ирсэн бүтээгдэхүүн шүү дээ. Тийм ч болохоор бид гидратын шохойг яг энэ чиглэлээр ашиглах тусгай зөвшөөрлөө ЭМЯ-наас авчихсан. Цаашлаад бид хөрс, агаар, хүрээлэн байгаа орчны бохирдлын талаар судалгаа явуулж, үүнийг багасгахад өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглах талаар төсөл хөтөлбөр боловсруулж, холбогдох байгууллага, албан тушаалтанд нь танилцуулаад явж байна. Үүнд гэр хорооллын нүхэн жорлон, хаа нэгтээ хуримтлагдсан хур хог гээд монголчуудын маань хорт хавдрын суурь шалтгаан болсон олон асуудал хамаарна.

 

-Та бүхний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний давуу тал гэвэл юуг нэрлэх вэ?

 

-Юуны өмнө дотоодын үйлдвэрлэл учраас тээвэрлэлтийн зардал гэж бодоход л хямд тусна. Нөгөө талаар халдваргүйжүүлэх бодис хоёр янз л байдаг юм. Хлорын шохой ба идэвхт бактери гэж. Түүний дотор манай орон шиг эрс тэс уур амьсгалтай оронд шохой нь ямартай ч давуу чанартай.

 

Учир нь, идэвхт бактериуд +5-аас доош хэмд амьдрах чадваргүй байдаг. Манай нөхцөлд зургаадугаар сар нэлээд гарч байж +10 хэм болж байна. Тэгэхээр өмнө хийсэн ариутгал, халдваргүйжүүлэх ажил үр дүнгүй л болсон байх. Үүний оронд шохой хийсэн бол намар орой болсон ч хадгалагдаж байгаад хавар тэр чанараа барьсаар л байдаг. Ер нь гидратын шохойг Европын холбоо ч хүлээн зөвшөөрсөн бөгөөд бид нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж дээр туршсан нь амжилттай болсон. 

 

-Танай компанийн нэг чухал бүтээгдэхүүн нь шалмал түлшнии барьцалдуулагч бодис юм байна. Энэ талаар танилцуулна уу?

 

-Агаарын бохирдлыг бууруулах, үүнд нөлөө үзүүлэх шахмал түлшийг барьцалдуулагч бодисын талаар 2012 оноос судалж байлаа. Тухайн үед "Цэвэр агаар сан" байгуулагдаж, янз бүрийн зуух үйлдвэрлэж байсан шүү дээ. Тиймээс сайжруулсан шахмал түлш гэхээсээ илүүтэй түүний найрлага орцод ордог барьцалдуулагч бодисыг үйлдвэрлэвэл зүгээр юмуу гэсэн санаа төрж байлаа. Ер нь түүхий нүүрсийг нийслэлийн тодорхой бүсүүдэд хорьж, сайжруулсан шахмал түлшээр гэр хорооллыг хангаж эхэлсэн нь айл өрхийг орон сууцжуулахаас илүү богино хугацаанд утаанаас салах арга байсан. Одоо “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш нь “Эрдэнэс Тавантолгой"-гоос ирдэг угаасан нүүрсээр хийж байгаа бүтээгдэхүүн шүү дээ. Энэ нь угааж боловсруулсан учраас илчлэг өндөр, мананцар буюу дэгдэмхий бодис бага гээд олон давуу тал бий. Гэхдээ нүүрсний агууламж дахь хүхэр өндөр байдаг. Багануур, Налайхын нүүрснээс хоёр дахин өндөр гээд бод доо. Тэр хэрээр шаталтын явцад гарах хүхэрлэг хий нь их байх юм. Гэтэл бусад оронд одоо ч нүүрс хэрэглэсээр байдаг. Тэд нүүрснийхээ зэрэгцээ барьцалдуулагч бодис, хүхэр бууруулагч ашиглаж байна. Тэдгээрийг ашиглах 400 гаруй аргачлал байдаг аж. Түүнээс өөрийн оронд таарч тохирох, эдийн засгийн хэмнэлттэй, олдоцтой түүхий эдийн нөөцөө сонгодог. Манай улсын хувьд үүнд хамгийн боломжтой түүхий эд нь шохой. Учир нь, шохойг барьцалдуулагч болгож ашигласнаар шаталтын явцад хүхэрлэг хий нь түүнтэй нэгдэж энгийн гипс болоод үнсэндээ шингэж хоцордог юм.

 

-Үүнийгээ үйлдвэрлэл дээр туршиж үзсэн үү? Хэр үр дүнтэй байв?

 

-Өнгөрсөн онд “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэлийн явцад цөөнгүй туршилт хийсэн. Бүгд амжилттай болж, холбогдох лабораториудын шинжилгээнд хамруулсан. Гол нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх төв лабораторид утаанаас ялгарч байгаа дөрвөн бодисыг нарийвчлан судалдаг юм билээ. Тэнд хийсэн хэмжилтээр манай компанийн үйлдвэрлэсэн шохойгоор барьцалдуулсан шахмал түлшнээс ялгарах РМ-10 тоосонцор, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хий эрс буурсан байсан. Ялангуяа хүхэрлэг хий нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин буурсан үзүүлэлттэй гарсан байгаа юм. Өнгөрсөн өвөл нийслэлийн утаа маш их буурсан гэж байгаа ч нарийндаа хүхэрлэг хий нь стандартаас хэд дахин давчихсан л байсан. Яахав, харагдах талаасаа бол арай багассан, орчин тойрны юм үзэгдэхтэй л болсон байх. Гэхдээ хүхэрлэг хийн ялгарал буюу хоруу чанар нь багасаагүй шүү дээ.

 

-Танай компанид үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч бодисыг "Тавантолгой түлш”-д яагаад ашиглахгүй байна вэ?

 

-Уг нь тус компанийн үйлдвэрлэлийн явцад туршилт хийгээд манай компанийн шохой маш сайн барьцалдуулагч болж байна гэдгийг мэргэжлийн шинжээчид нь тодорхойлж дүгнээд бичээд өгчихсөн юм. Гэтэл яагаад авч хэрэглэхгүй байгааг мэдэхгүй. Хэрэв манай компанийн бүтээгдэхүүнийг аваад ашиглах юм бол сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл гаднаас хараат биш болох юм. Үүнээс гадна нүдэнд үл харагдах хүхэрлэг хийн хэмжээ эрс буурч, бат бөхийн чанар сайжрах бөгөөд үйлдвэрлэлийн процесс хурдан болно.

 

Одоо ашиглаж байгаа Хятадын барьцалдуулагч бодисоор үйлдвэрлэсэн шахмал түлшийг 50- 70 минут шарах шүүгээнд жигнэж хатаадаг бол манай бүтээгдэхүүнийг хольсон түлшийг 20-30 минутад л хатаана. Тэгэхээр үйлдвэрлэл 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн үг. Үүнийг дагаад өртөг нь буурна.

 

-Танай үйлдвэрийн хүчин чадал хэр байдаг юм бэ? Манайд одоогоор ажиллаж байгаа “Тавантолгой түлш” компанийн ганц үйлдвэр заримдаа түүхий эдээр тасарчихлаа гэж яриад байх юм. Одоо Налайхад нэг үйлдвзр барьж байгаа шүү дээ?

 

-Нийслэлд жилдээ 600 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэдэг. Налайхад барьж байгаа үйлдвэр ашиглалтад орлоо гэхэд нэг сая орчим л тонн болох байх. Түүний гурван хувьд нь барьцалдуулагч ордог гээд бодвол 30 мянган тонн л хэрэгтэй. Бүр нарийвчилбал өдөрт 60-70 тонн барьцалдуулагч бодис шаардлагатай. Манай үйлдвэрлэлийн гол цөм нь Дарханд байдаг. Цагт 20 тонн гидратын шохой үйлдвэрлэх хүчин чадалтай. Түүхий эдийн нөөц хангалттайн дээр Дархан болон нийслэлд байгаа хоёр үйлдвэрээ барих санхүүжилтийг бид дотоодын нөөц бололцоондоо түшиглэж босгосон гээд олон давуу тал бидэнд байна.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)