Германы оркестрт эгшиглэсэн монгол аялгуу буюу Гүнтэр Рафаэлын “Явна аа”

1948 он. Нацистуудын хавчлага мөрдлөг, хүнд хэцүү өвчнийг сэтгэлийн хатаар давсан Германы нэрт хөгжмийн зохиолч Гүнтэр Рафаэл тэр жил Франц Листийн нэрэмжит шагналыг хүртэж, хөгжмийн ертөнцөд эзлэх байсан (эзэлсэн байсан) байр сууриа эргэн олж авсан билээ. Шагнал хүртсэн жилээ эхнэртэйгээ хамт хос төгөлдөр хуураар тоглоно хэмээн хэд хэдэн монгол дууны аяыг оркестрт зориулан найрал хөгжмийн чуулбар болгон бичсэн ажээ. “Явна аа” буюу Jabonah хэмээн нэрийдсэн чуулбарынхаа төгөлдөр хуур, хийлд зориулсан хувилбарыг 1951 онд зохиов. Энэхүү нийтлэлд ямар монгол дууны ая, ямар замаар явсаар Германы алдарт хөгжмийн зохиолчийн бүтээлд шингэсэн тухай өгүүлэх юм. Үүний тул юуны өмнө нэгэн дани эрийн тухай өгүүлэх хэрэгтэй.

ХЭННИНГ ХАСЛУНД КРИСТЭНСЭН ГЭЖ ХЭН БЭ?

Монгол Улсад олон жил аж төрж, аялж, судалгаа хийж асан Дани улсын нэрт аялагч, аяллын зохиолч, угсаатан зүйч Хэннинг Хаслунд Кристэнсэн нь 1896 оны наймдугаар сарын 31-ний өдөр Копэнхагэн хотноо Вангийн дуурийн театрын жүжигчний гэр бүлд мэндэлжээ. Монгол дуу хуурыг хожмоо шимтэн судалсан нь хөгжмийн өндөр боловсролтой гэр бүлд төрж өссөнийх нь учир буй заа. Гимнази төгсөөд Данийн Цэргийн академид суралцаж, 1918 онд бага дэслэгч цолтой төгссөнөөр зэвсэгт хүчний шинэ залуу офицер болсон ажээ.

Хориод оны эхээр Хэннинг Хаслунд Олимпийн медальт гимнастикчин Карл Крэбстэй танилцсанаар амьдрал замнал нь Монголтой холбогдсон юм. Карл Крэбс гэж Хаслундаас хэдхэн ах залуу 1913 онд Анагаахын сургууль төгсөж эмч болоод, 1914 онд Хаслундаас дөрвөн жилийн өмнө цэрэгт татагдаж, мөн бага дэслэгч цолтой болоод байсан юм. Оюутан ахуйдаа 1912 оны Олимпод Данийн гимнастикийн эрэгтэй чөлөөт үзүүлбэрийн багийн гишүүнээр оролцож, хүрэл медаль хүртсэн ажээ. Крэбсийн санаачилсан “Булган тал” хэмээх төслийн шалгаруулалтад Хаслунд тэнцэж, хоёр залуу ганзага нийлэн, Монгол Улсыг зорьж, Хөвсгөл аймагт суурьшсан нь 1923 оны явдал билээ.

Крэбс Хаслунд нарын даничуудын ажил хэрэг бүтэмжтэй байж, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумдад мал аж ахуй, газар тариалан эрхлэхийн зэрэгцээ үслэг ангийн наймаа зэргийг ид хөгжүүлж байх тэр цагт Зөвлөлт Оросын нөлөө гүнзгийрч, Монголоос гадаадын бүх бизнесийг шахан гаргах, ганц өөрийн нөлөөн доор байлгах бодлого хэрэгжиж эхэлснээр 1926 онд ганцхан Карл Крэбс үлдэж, бусад бүх даничууд аж ахуйгаа орхин нутгаа зорьжээ.

Хаслунд харин Монголд, монгол ахуй соёлд, ялангуяа монгол дуу хөгжимд нэн хайртай болсон тул Монголоос тийм амар салсангүй, Шведийн нэрт аялагч, судлаач Свэн Хэдиний аяллын багт элсэж, 1927-1930 онд Өвөр Монгол, Шинжааны нутгаар аялан, голдуу монгол дуу хөгжим судалсан юм. 1936-1937 онд өөрөө харин аяллын ахлагч болж, Данийн үндэсний музей, дараа жил нь Данийн вангийн газар зүйн нийгэмлэгийн экспедицийг тус тус ахлан, Өмнөд Монголд ахин иржээ. Энэхүү аяллынхаа үр дүнг “Монголчуудын дуу хөгжим, I хэсэг, Зүүн Монгол” (The Music of the Mongols: Part I, Eastern Mongolia, TryckeriAktiebolaget Thule, 1943) хэмээх ном болгон 1943 онд гаргасан буй. Харамсалтай нь энэ номын хоёрдугаар хэсэг ер хэвлэгдээгүй, учир нь Хэннинг Хаслунд 1946 онд Афганистанаас Түвд хүрэхээр аялж яваад нас барсан юм.

ДУУНД ДУРТАЙ ХАСЛУНД

Хаслунд Монголд аж төрж байсан тухайгаа Jabonah хэмээх ном болгон хэвлүүлсэн, энэ номыг орчуулагч Б.Баярсайхан монгол хэлээр гаргасан буй, энд Б.Баярсайханы орчуулгаар эш татах болно. Номын чимэг болгон монгол дууны ноотыг хадсан нь сонирхолтой, мөн дуу, хөгжим, бүжгийн талаар олон сонирхолтой баримт оруулжээ. Жишээ нь морь уралдах тухай хэсэгтээ “Миний Монголд байх хугацаандаа цуглуулсан 42 дууны багадаа 17 нь морины тухай дуу байв. Эдгээр дуу нь “Зөөлөн ялдамхан харлаг”, “Соотон чихтэй хул” гэх мэт нэртэй агаад монголчуудын морио хайрлах чин сэтгэлийн илрэл юм” (Хеннинг Хаслунд Кристенсен, “Явна аа”, Travel Classic Book, Орчуулагч Б.Баярсайхан, 2013 он, 136-р тал, цаашид энэ номыг Хаслунд “Явна аа” хэмээн эш татах болно) гэжээ.

Түнхэнд явж байхад нь хоёр буриад охин хэдий үйлдвэржиж, хотожсон боловч “хүүхэд ахуйгаа арай мартсангүй, миний гуйлтаар уйтгар гунигтай дуугаа дуулж, уламжлалт бүжиг биелгээгээ намбалаг гоё хийж харуулсныг” (Хаслунд “Явна аа”, 268-р тал) олзуурхан дурдаад тэрхүү бүжгийн аялгууны ноотыг хавсаргажээ.

Хөгжмийн тухайд биш, зүгээр Монголд аялсан тухайгаа бичсэн номд нь энэ мэт сонин баримт олон байгаа бол монгол хөгжмийн талаар тухайлан бичсэн ном, ялангуяа олон сайхан дуу бичиж авсан, хөгжмийн зэмсэг цуглуулсан зэрэг нь гайхамшигтай. Манай судлаачид Хаслундын цуглуулгатай очиж танилцсан, дууных нь цуглуулгыг сэргээх төсөл хэрэгжүүлж буй гэнэ. Тиймээс энд тэр тухай дэлгэрэнгүй өгүүлэхгүй, харин Германы оркестрт эгшиглэсэн монгол аялгууны талаар одоо ярилцъя.

ГҮНТЭР РАФАЭЛ ГЭЖ ХЭН БЭ?

Германы нэрт хөгжмийн зохиолч Гүнтэр Рафаэл (Günther Raphael)1903 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Берлин хотноо мэндэлжээ. Эхийнх нь талын өвөө болох Албэрт Бэкэр (Albert Becker) Германы эзэнт гүрний нийслэлийн гол сүмийн хоорын удирдаач, нөлөө бүхий хөгжмийн зохиолч хүн байжээ. Бэкэр өвөөгийнх нь шавь нарын дотор алдарт хөгжимчин, удирдаач Карл Страубэ, Финландын нэрт хөгжмийн зохиолч, өнөө хөгжмийн ноот бичдэг программд нэрээрээ мөнхөрсөн Ян Сибэлиус, мөн Гүнтэрийн эцэг Георг Рафаэл нар байв. Гүнтэрийн эцэг Георг уг нь еврей худалдаачны гэрт төрсөн боловч Бахын хөгжимд дурласнаасаа болж, Лютерийн шашинд орж, Берлинд сүмийн хөгжимчин болсон ажээ.

Бага наснаасаа ээжээрээ хөгжим заалгаж, хөгжмийн онолыг бие даан үзсээр 18 насанд хүрэхдээ хэдийн хөгжмийн зохиолч болсон байлаа. 1922-1925 онд Берлиний Хөгжмийн коллежид суралцаж төгсөв. Өнөө өвөөгийнх нь шавь, алдарт Карл Страубэ Рафаэлын бүх бүтээл, тоглолтыг үзээд сэтгэл нь бүрнээ ханаж, хорин гуравхан настай залууг Лайпцигийн Улсын Консерваторийн багшаар авсан гэд эг. 1926 онд анхныхаа симфонийг гаргаж алдар нэр нь түгжээ.

Харамсалтай нь, Хитлэр 1933 онд засгийн эрхэнд гарснаар залуу уран бүтээлчийн амьдрал бүтээл нэн хүнд байдалд оров. Еврей эцэгтэй түүнийг Хитлэрийн засгийн газар хавчин шахаж, Консерваторийн багшийн ажлаас нь хөөлөө. Хувиараа хичээл заадаг байсныг нь хүртэл мөрдөн хяхсаар үгүй болгож дөнгөв. Цөллөгт шахуу амьдарч байхдаа 1937 онд сүрьеэ өвчинд нэрвэгдлээ. Үхэхийн даваан дээр алдарт хүргэсэн хөгжимчин, хөгжмийн зохиолч шавь нар нь арга чарга олж, 1944 онд мэс засал хийлгэн, амь насыг нь аварчээ. Энэ бүх хүнд хэцүү жилүүдэд Гүнтэр Рафаэл уран бүтээлээ огт орхиогүй, бүтээж туурвисаар байсан нь гайхалтай.

Дайн дуусаж, Гүнтэрийг нөмөрсөн хар хэлмэгдүүлэл сарнив. Өнөө хөөж байсан Лайпцигийн хөгжмийн сургуулиас ахин багшлаач хэмээсэн урилга ирсэнд хүлээн авсангүй, харин Дуйсбург хотын коллежид багшилжээ. Дахин нэг хагалгаанд орсноосоо хойш 1957 оноос Көлний хөгжмийн коллежид багшилж байгаад 1960 онд нас барсан байна.Сэтгэл санааны болоод эрүүл мэндийн хүнд бэрх зовлон бүхий богинохон насыг наслахдаа Гүнтэр Рафаэл таван бүтэн симфони, төгөлдөр хуур болон хийлд зориулсан концертууд, утсан хөгжмийн зургаан квартет, утсан болон үлээвэр хөгжмийн гоцлол хийгээд дуэт бүтээлүүд, богино хэмжээний олон арван бүтээл туурвиж үлдээжээ. (Гүнтэр Рафаэлын албан ёсны вэб сайтhttps:// www.guenter-raphael.de)

ГҮНТЭР РАФАЭЛ МОНГОЛ ХӨГЖИМТЭЙ ХОЛБОГДСОН НЬ

Алдарт хөгжмийн зохиолчийн монгол дуу хөгжимд дурласан шалтгаан нь эхнэртэй нь холбоотой юм. 1934 онд Гүнтэр төгөлдөр хуурч Паулинэ Ессэн хэмээх дани шавьтайгаа Копэнхагэн хотноо гэрлэжээ. Паулинэ тэгэхэд Германы Мэйнингэн хотноо багшилж байсан учраас хоёул тийшээ нүүж, Дагмар, Кристинэ гэж хоёр охинтой болсон байна. Дани хөгжимчин бүсгүй Паулинэ нутаг нэгт Хэннинг Хаслундын бүтээл цуглуулгатай анх танилцжээ. Тэгээд ихэд сонирхон хөгжмийн зохиолч нөхөртөө үзүүлсэнд Гүнтэрт ч Хаслундын бичиж авсан дуунууд машид таашаагдаж, хөгжмийн зохиолдоо оруулсан байна. Энд Гүнтэр Рафаэлын тэрхүү монгол дууны аялгуу бүхий 66а дугаартай чуулбарын талаар хөгжмийн шүүмжич Фрэдрик Пашлагийн бичсэнээс эш татъя: “Монголын бүжгийн хөгжмийн чуулбар Ябуна 66а бүтээлийн хийл төгөлдөр хуурт зориулсан хувилбарын тухайд бол тухайн үед Германд огт танигдаагүй байсан монгол хөгжмийг танилцуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан юм... Монгол хөгжим бол гайхамшигтай. Ямагт пэнтатоник (таван өнгийн) байх бөгөөд богино хэсгүүдийг олонтаа давтсан маягтай. Агуулгын хувьд тэр бүх дуу монгол ахуй амьдрал хийгээд монгол уламжлалыг илтгэнэ. Монголд хөгжмийн хамгийн чухал зэмсэг нь хоёр болон дөрвөн утастай хуур байжээ. Одоо хүртэл чухал хэвээрээ ч байж магадгүй юм. Рафаэл оркестрт зориулсан уугуул хувилбараа 1948 онд эхнэртэйгээ хамт тоглохоор хос төгөлдөр хуурт бичсэн бол 1951 онд төгөлдөр хуур хийлийн хослолоор мөн туурвижээ. Энэ сүүлийн хувилбар нь маш хэцүү, жишээ нь дөрвөн хуруугаар тоглох наймц оруулжээ” (Günter Raphael Violin Concerto No.2 Works for Violin, 24-р тал) гэжээ.

МОНГОЛ АЯЛГУУГААР ОРКЕСТРТ ЗОРИУЛАН БҮТЭЭСЭН БҮЖГИЙН ЧУУЛБАР 66А (1948) чуулбарыг ноот тайлбарын хамт герман англи тэл хэлээр хэвлэн гаргажээ. Дөрвөн сэдэв хэсгээс бүтсэн нийт 12 минут 24 секундын урттай энэхүү чуулбарыг хэвлэн нийтлэгчид оршилдоо ийн тайлбарлаж:

“Ябона буюу Явна аа хэмээсэн монгол үг нь “Хөдөлцгөөе” гэсэн утгатай бөгөөд монголчууд үүнийг бүхий л төрлийн ажил үйл, аян замыг эхлэхэд уриалан хашгирах дуун болгон хэрэглэдэг юм.

Эхний хэсэгт хоёр монгол аялгууг багтаасан нь:

1. Дээрэмчин гүнж

2. Илдтэй бүжиг

Хоёрдугаар хэсэгт хоорондоо төс бүхий хоёр аялгууг оруулсан нь:

1. Мөргөлчин

2. Хайрын дуу

Гуравдугаар хэсэг нь:

“Жаахан харлаг морь” гэсэн нэртэй бөгөөд бүрээн дуудлагаар эхэлнэ. Аязын темп, ритм аль аль нь Төвөд хүрэх жингийн хэмжээстэй хөгжмийн нэр томьёоны утгаараа дүйцэх бөгөөд тэрэгт хөллөсөн мал адгуус, сарлагийн газар дэвсэх чимээ, удаан боловч үргэлжид урагш тэмүүлэх хөдөлгөөнийг хөгжмийн хэлээр өгүүлсэн болно. Аязын явцад хоёр жин хоёр талаас тааран огтлолцох юм.

Дөрөвдүгээр хэсэгт

“Арван хоёр жил” дууны аяыг хэрэглэжээ. Энэ бүх дууны аяыг Данийн зохиолч, Монгол Төвөдөөр аялагч Хэннинг Хаслунд Кристэнсэний “Ябона” хэмээх номын Инсэл-Вэрлаг хэвлэлийн газраас гаргасан герман орчуулгаас авсан болно.

Чуулбарын дөрвөн салангид аязын гарчиг нь:

“Дээрэмчин гүнж”, “Мөргөлчин”, “Жин”, “Замд гарахуй”

(Raphael, Günter, Jabonah, eine Ballet-Suite nachm ongolischenWeisenfürOrche ster, op. 66 (1948) FürVioline und Klavier, op. 66a (1951) übertragenvomKomponisten. = A ballett suite on Mongolian melodies, for orchestra.Wiesbaden, Breitkopf&Härtel [1952], 1-р тал)

МАНАЙ СОНИНЫ ВАШИНГТОН ДАХЬ

ТУСГАЙ СУРВАЛЖЛАГЧ

М.САРУУЛЭРДЭНЭ, Х.ЭРХЭМБАЯР

Үргэлжлэл бий...

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)