Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталлаа
- 2020-07-07
- Үнэн
- 4
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.07) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны болон Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хууль тогтоомжийн төслүүдийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж дэмжсэн.
Улмаар хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжигдсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасны дагуу хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалгахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 47 нь буюу 78.3 хувь нь дэмжив.
Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд 44.2 дахь хэсэгт “Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж, нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө гишүүдэд тараасан байна”, мөн зүйлийн 44.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82.0 хувь нь дэмжив.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Ингээд Улсын Их Хурлын дарга эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн найруулгыг гишүүдэд уншиж танилцуулсан бөгөөд хууль тогтоомжийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл (4)
Иргэн976 (127.0.0.1)
УУХҮЯ шинэчлэлт хийх цаг нь болсон. Манайх жижиг орон уул уурхай хангалттай баялагтай байж бусдаас хараат байна гэдэг эмгэнэл. Иймд ЗТХЯ сайд асан Содбаатар-г энэхүү хүндтэй албанд дахин томилоосой хэмээн хүсч байна. Тэрээр ҮХЯаманд байхдаа уул уурхайн томоохон хуулиуд гаргаж байсан бөгөөд өөрөө ч физикч-инженер мэргэжилтэй хүн юм
uls tor sonirhogch (127.0.0.1)
Huuchin hvmvvsee solih heregtei. Mon tom toslvvd sanaachilsan ajlaa dutuu orhigduulsan hvniig ergen tawij gvitsetgvvleh heregtei. Chuhal heregtei zviolsiig sanaachilsan hvn baisan. Minii huwig Y.Sodbaatariig demjij baINA. Ene hvn ooroo injener mergejiltei uchir uul uurhai eswel zam teewer tal bvren hvrch ajillaj chadna gej vzdeg. Vildwer hudaldaanii yamand baihdaa uul uurhain tomoohon huuliudiig gargaj baisan. Ene hvniig saidaar tawih ni zvitei.
Иргэн555 (127.0.0.1)
Үнэхээр зөв шийдэл гаргажээ. Одоо харин сайд нарыг томилохдоо ард иргэдийн сайшаал, хүндэтгэлийг хүлээсэн ажлын туршлагатай мэргэжилдээ гарамгай хүмүүсээр томилох хэрэгтэй. Яамдууддаа мэргэшсэн мэргэжлийн хийж бүтээсэн зүйлтэй хүнийг нь томилоорой. Ард иргэд бид итгэж найдаж хүлээж байна
Иргэн555 (127.0.0.1)
Үнэхээр зөв шийдэл гаргажээ. Одоо харин сайд нарыг томилохдоо ард иргэдийн сайшаал, хүндэтгэлийг хүлээсэн ажлын туршлагатай мэргэжилдээ гарамгай хүмүүсээр томилох хэрэгтэй. Яамдууддаа мэргэшсэн мэргэжлийн хийж бүтээсэн зүйлтэй хүнийг нь томилоорой. Ард иргэд бид итгэж найдаж хүлээж байна
Хоосон байна
Хоосон байна