Хүнсний ногооны үнэтэй холбоотой уулзалт, шалгалтыг зохион байгууллаа
- 2020-07-09
- Эдийн засаг
- 1
Цар тахлын үед аливаа бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах үүднээс манай байгууллагын зүгээс байнгын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байгаа билээ. Сүүлийн үед Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүнсний ногоо тэр дундаа төмсний үнэ өссөнтэй холбоотой гомдол санал ихээр ирж байна. Гомдлын дагуу манай байгууллагаас энэ сарын 6-нд шуурхай ажлын хэсэг гарган холбогдох зах, худалдааны төвүүдэд тандалт судалгаа, хяналтыг явууллаа.
Хяналт шалгалтаар “Барс” захын бөөний агуулахад хүнсний ногооны үнэ буурч эхэлсэн байсан.Тус захын хувьд бөөний төв учраас бусад худалдааны төвийг бодвол үнийн хувьд харьцангуй хямд байсан ба Монгол төмс 1300, хятад төмс 1100 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин бусад зах, худалдааны төвүүд ихэнх нь “Барс” худалдааны төвөөс бөөндөн, жижиглэнгээр зардаг гэх тайлбарыг өгсөн. Бидний шалгалт хийсэн газруудад Монгол төмс 1900-2000, Хятад төмс 1600-1800 төгрөгөөр худалдаалагдаж байлаа.
Үнийн тандалт судалгааны дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ХХААХҮЯам болон “Барс” “Бөмбөгөр” худалдааны төвийн захирал, менежер зэрэг холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлээ. Тус уулзалтаар хүнсний ногооны үнэ өссөн шалтгаан болон хүнсний ногооны нөөцийн асуудлыг хөндөж ярилцсан.
Уулзалтын үед ХХААХҮЯамны өгсөн мэдээллээр одоогийн байдлаар Монгол улсад 2800 тонн гаруй төмсний нөөц байна. Хүнсний ногооны нөөц дуусах болоогүй, импорт хэвийн явагдаж байгаа учир үнэ өсөх шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн. Мөн энэ сарын 15-наас шинэ ургацын ногоо худалдаанд гарч эхэлнэ гэдгийг давхар дурдлаа.
Харин худалдааны төвүүдийн зүгээс хүнсний ногооны үнэ нэг хэсэг нэмэгдсэн ч импорт өссөнөөр ногооны үнэ бууж байгаа гэсэн тайлбарыг өглөө.
Одоогийн байдлаар хүнсний ногоо тэр дундаа төмсний үнэ тогтворжин, буурч байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөөнт үнээр тодорхойлогддог. Гэвч аливаа худалдааны хууль бус үйл ажиллагааны улмаас хэрэглэгч хохирч болохгүй гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зүгээс уулзалтад оролцсон төлөөлөгч нарт анхаарууллаа. Мөн худалдааны төвүүд болон жижиглэнгээр худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд хүнсний ногооны үнийг нэмэхгүй, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг сануулсан юм.
ШӨХТГ
Сэтгэгдэл (1)
Иргэн (127.0.0.1)
Засаг төр нь эдгээр нөхдүүдэд хөнгөлөлттэй зээл олгон гэж хошгируулаад 3 сар өнгөрлөө. Энэ зээлийг хараад зарим нь юм хийж чадаагүй байх. Энэ үнэ дахин өсөн хулхи төрийн балаг