Дотоодын аялагчид өдөрт 2000 тонн хог хаядаг

Урин цаг ирэв үү, үгүй юү гэр бүл, найз нөхдөөрөө нийлэн хөдөөг зорих нь монголчууд бидний зуршил болсон. Ингэхдээ аль үзэсгэлэнтэйг нь онилдог. Очсон газар бүртээ хог хаяж, голын усанд машинаа угааж, энд тэндгүй бие засдаг нь тэдний хувьд гэм биш зан. “Ариун цэврийн байгууламж муу, хогийн сав ховор, жуулчны баазууд үнэтэй байна” гэж өөрсдийгөө зөвтгөх аялагч олон. Гэхдээ бүх аялагч ийм биш.

Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Дотоодын аялагч, аялал жуулчлалын салбарынхан ч өөрчлөгдөх цаг иржээ. Орчин үеийн залуус ухамсартай болсон. Тэд хогоо байгальд хаялгүй авч яваад, түүнийгээ цахим хуудсаараа дамжуулан бусдадаа уриалдаг. Олон хүн сайнтай, муутай гэгчээр байгальд дайсагнадаг, сэтгэлгүй хүмүүс ч бий. Тиймээс аялагчид байгаль дэлхийгээ хойч үедээ онгон дагшнаар нь үлдээхийн чухлыг ойлгуулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, жуулчны баазууд тав тухтай, соёлтой үйлчилгээг санал болгох шаардлагатай. Чанаргүй үйлчилгээ, тэнгэрт хадсан үнэ хэлэхээр нүүдэлчин сэтгэлгээтэй хүмүүс хүссэн газраа майхнаа барьж хоноод, хаа сайгүй хог хаях нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс жуулчны бааз, иргэдийн хамтын ажиллагаа чухал” гэв.

Нэг иргэн өдөрт дунджаар бараг нэг килограмм буюу 270-900 грамм хог хаядаг

Цар тахалтай холбоотойгоор гадаадын орноос жуулчид ирэхгүй тул аялал жуулчлалын компаниуд энэ жил дотоодын жуулчдыг тойглож байгаа. Энэ утгаараа тодорхой хямдрал зарлаж, зээлээр аялах боломжийг ч олгосон билээ. Гэвч дотоодын жуулчдад байгалийг бохирдуулалгүй, зөв аялах соёл байхгүй гэж хэлж болно. Идэж, уусан, хэрэглэсэн бүхнийхээ уут, сав үлдэгдлийг, ахуйн хэрэгцээний хогоо байгальд үлдээгээд явдаг нь зуршил болсон.

 

Нэлээд хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд “хоригдсон” нийслэлчүүд  амралтаа ая тухтай сайхан өнгөрүүлэхээр урьд жилүүдийнхээс түлхүү хөдөөг зорьж, аялж, зугаална. Ингэхдээ байгальд ээлтэй аялах шаардлагатай байна. Уг нь аялахдаа байгальд ширхэг ч хог үлдээлгүй, аялбал бүгдэд хэрэгтэй. Дотоод аялагчдын тоо 2016, 2017 онд давхардсан тоогоор хоёр саяд хүрчээ. Тухайлбал, 2017 онд гаргасан тоон мэдээллээр Хамрын хийдэд 54 мянга, Эрдэнэзуу хийдэд 40 мянга, Хустайн байгалийн цогцолбор газарт 20 мянга, Орхоны хөндийн Улаан цутгаланд 15 мянган дотоодын жуулчин аялжээ. Мөн Хөвсгөл нуурыг зорих аялагчдын тоо зөвхөн наадмаар гэхэд л 45 мянгад хүрдэг аж. Аглаг бүтээлийн хийд, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 2017 онд гэхэд тус бүр 500 мянга гаруй иргэн зочилжээ.

 

Нийслэл орчмын аялал жуулчлалын бүсэд аялсан жуулчдаас өдөрт хоёр тонн хог гардаг гэж байсан. Харин Хөвсгөл далайд аялсан  аялагчдын хаясан хогийг өдөрт 10 машинаар ачихад цаана нь уул овоо шиг хог үлддэг гэдгийг хөвсгөлчүүд ярьж байсан. Судалгаагаар нэг иргэн өдөрт дунджаар бараг нэг килограмм буюу 270-900 грамм хог хаядаг аж. Ингээд тооцвол хоёр сая дотоодын аялагч өдөрт хоёр мянган тонн хог үйлвэрлэж байна. Хэрэв байгальд зөв, соёлтой аялахгүй бол аялагч бүрийн тоогоор өдөрт энэ хэмжээний хог байгалийг сүйтгэнэ гэсэн үг.

 

Давхардсан тоогоор Нэг сая гаруй иргэн өнгөрсөн онд дотооддоо аялжээ

 

Манай улсын нэг сая гаруй иргэн давхардсан тоогоор өнгөрсөн онд дотооддоо аялсан гэсэн судалгаа бий. Нийт хүн амын тоотой харьцуулахад энэ тийм ч бага тоо биш. Тиймээс аялагчдын боловсролын асуудлыг тусгайлан авч үзэх зайлшгүй шаардлагатай. Харамсалтай нь манайхан аялагчдынхаа боловсролд огт анхаардаггүй. Дэлхий нийтээр аяллын боловсролын суурийг экологийн мэдлэг гэж үздэг. Гэвч манай боловсролын хөтөлбөрт экологийн асуудал, тэр дундаа аялагчдын боловсролын талаар хангалттай тусгаагүй. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Биологи, Хүн ба орчин хичээлийн хүрээнд мод услах төдийг л хийдэг гэхэд хилсдэхгүй. Уг нь тэдэнд байгальд хэрхэн зөв аялах талаар ойлголт өгөх шаардлагатай санагдана.

 

Цар тахал дэгдсэнээс үүдэн хөл хорио тогтоогоод долоон сар болжээ. Тиймээс дотоодын аялагчид өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдэнэ гэж аялал жуулчлалын салбарынхан үзэж буй. Хөл хорионд багагүй хугацаанд байсан иргэд долдугаар сар гарахтай зэрэгцэн аялалд гарлаа. Энэ жил дотоодын аялагчид Хөвсгөл нуур, Тэрэлж, Тайхар чулуу, Хоргын тогоо гэсэн аяллын гол бүс нутгаас гадна хүний хөлд бага өртсөн үзэсгэлэнт газруудыг онилжээ.

 

Үүний нэг нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Цагаан суварга. Энд ирсэн хүн бүр бахдан уулга алддаг. Говийн гайхамшигт энэ газрын талаар нэгэн иргэн өөрийн нүүр номдоо “Цагаан суваргыг байгалийн үзэсгэлэнт газар гэдэгтэй маргах хүн байхгүй. Хажууханд нь Дэл-Уул хэмээх эртний сүг зургийн дэлхийд байхгүй том галерей бий. Харамсалтай нь өдгөө энэ газрын ойр хавь хогийн цэг, жорлон болж, ариун цэврийн цаас, хоол, ундны хаягдал, архи, шар айргийн шилний хагархай хэлтэрхий, хаа сайгүй хөглөрч байна. Машины мөр, жимээр дүүрчээ. Монголын минь гайхамшигт олон газар ийм эмгэнэлт байдалд хүрсэн” хэмээн бичсэн байв.

 

Монголын говь нутагт эрт цагт оршиж байсан далайн ёроолын шаварлаг хөрс он цагийн эрхээр бороо, салхинд элэгдэж, өвөрмөц тогтоцтой Цагаан суваргыг бий болгосон гэдэг. Олон өнгөөр солонгорсон дээрх газарт машин зогсох нь битгий хэл, майхан барьж, хоол хийж, хоноглох иргэд гаарчээ. Манайхан хэдэн мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараа хөгжүүлнэ гэж улиг болтол ярьдаг ч тэдний боловсролд анхаарахгүй байгаа нь харамсалтай.

 

Н.Энхмагнай: Жил бүрийн долдугаар сард дотоодын аялагч ихэсдэг

Дотоодын жуулчдад аяллын боловсрол хэрхэн олгох талаар МҮИС-ийн Аялал жуулчлал, газрын харилцааны сургуулийн багш Н.Энхмагнай “Аялагчдыг жуулчны баазад амардаг, майхантай буюу хээр хонодог гэж хоёр ангилж болно. Компаниудаар дамжуулан аялдаг дотоодын жуулчдад аяллын боловсрол хялбар олгож болно. Харин майхантай аялагчдад боловсрол олгоход нэлээд цаг зарцуулах байх. Үүнийг жишээгээр тайлбарлая. Хустайн байгалийн цогцолборт газрыг аялал жуулчлалын хамгийн зөв менежменттэй гэж хэлж болно. Тэднийх үйлчлүүлж буй жуулчиддаа сургалт, танин мэдэхүйн хичээл ордог.

 

Цогцолборт газрын танилцуулга, ач холбогдлыг харуулсан баримтат кино, хог хаягдал, түүнийг дахин боловсруулах гэх мэт. Хичээлд суусан бүх жуулчинд хогийн уут тарааж, майхан барих, хоол хийх газрыг нь нэг бүрчлэн зааж өгдөг. Мөн гадаадын жуулчдаас гадна дотоодынхонд хөтөч, үйлчилгээгээр үйлчилдэг. Манайхан зөвхөн гадаадын жуулчид л хөтөч авдаг гэж ойлгодог. Хэрхэн эмх цэгцтэй аялах талаар хөтчүүд тогтмол зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлдэг учир компаниудаар дамжуулан аялдаг жуулчдад боловсрол олгох нь хялбар гээд байгаа юм. Харин майхантай аялагчдад аяллын боловсрол олгох, зааж зөвлөх, шахаж шаардах хөтөч байхгүй.

 

Тиймээс тэдэнд зориулж цахим сургалт зохион байгуулж, ухуулга сурталчилгаа тогтмол хийх хэрэгтэй. Тийм ажлыг төр зохицуулна гээд хойш сууж болохгүй. Бид нэг нэгэндээ шаардлага тавьж, байгалиа хамгаалах нь чухал. Мэдээж хэрэг хүүхдүүдэд аяллын боловсрол олгох хэрэгтэй. Үүнд томчуудын оролцоо чухал. Өдгөө цар тахал дэгдэж, дотоодын аялагчдаас өөр дэмжигчгүй болсон аялал жуулчлалын салбарынхан жуулчдад зөв шаардлага тавьж, зааж зөвлөх ёстой. Жил бүрийн долдугаар сард дотоодын аялагчид ихэсдэг юм. Үүний балгаар байгаль орчин хамгийн их доройтдог. Гадаадын жуулчид ирэхгүй учир манай дотоод аялагчдын боловсрол хэр байна вэ гэдэг энэ жил улам тод харагдах болов уу” гэлээ.

 

“Очсон газартаа нэг шүдэнзний мод үлдээхгүй авч явдаг болсон бол аялаж сурчээ”

 

Хоггүй газар руу л аялая гэдэг ч хүний мөр хүрсэн л бол хоггүй газар гэж үгүй болсон гэхэд хилсдэхгүй. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэд тав хоног үргэлжлэн амрахдаа эх орныхоо аль өнгөтэй, өөдтэй газрыг зорьж, дотоодын аялал жуулчлалдаа үнэтэй хувь нэмэр оруулдаг. Нөгөөтэйгүүр, дотоодын аялал жуулчлалын суурь сайн тавигдаагүйгээс иргэд хогоо хонож, буудалласан газрууддаа үлдээдэг. Нэг талаар аялал жуулчлалын дэд бүтэц сайн хөгжөөгүйг шүүмжилж иргэдийг ингэж өмөөрч болно.

Бие засах “00” байхгүй тул иргэд хүссэн газраа бие засаж ариун цэврийн цаас, хэрэглэлүүдийг бүдүүхэн модны ард нуусхийгээд орхидог нь нууц биш. Уртын амралтын дараа Хөвсгөл далай орчмын байгаль хамгаалагч, орчны цэвэрлэгээ хариуцсан ажилтнууд портерын ачаа дүүрэн ариун цэврийн цаас, хэрэглэл түүдэг гэдэг нь худал биш. Мөн хогоо түүж уутлаад бас л модны дор шомбойлгож тавьчихаад, хогоо цэвэрлэсэн гээд санаа амар явна.

 

Аргагүй шүү дээ, ойрхон том хэмжээний хогийн цэг, хогийн сав байдаг бол хүний ухаанд шууд л тэр бодогдохоос, орхиод явчихъя гэж бодогдохгүй нь мэдээж. Хумьж, цуглуулсан хогных нь хоолны үлдэгдэл сэлтийг удалгүй нохой шувуу онгичоод тараагаад хаячихна. Харин нөгөө талаар дэд бүтцийн хөгжлийг хүлээлгүй, хоггүй аялж сурах шаардлага бидэнд бий. Очсон газартаа нэг шүдэнзний мод үлдээхгүй авч явдаг сэтгэлтэй болсон бол та одоо аялж сурчээ гэсэн үг.

 

Б.Намуун

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)

    2020-07-10

    Ухамсаргүй пизда нараар өөрсдөөр нь хаясан хогийн түүлгэ. Дахиж амрах гээд ирэхэд нь хөөгөөд явуул.