Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Балж, Хангай нурууны өврийн Байдраг, Таац, Завхан болон Сэлэнгэ мөрөн Орхон голын адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул, Сөгнөгөр, Ерөө, Хэрлэн, Түргэн , Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-50 см даван тус тус хүчтэй үерлэж байна. Цаашид Туул гол Алтанбулаг, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 20-45 см нэмэгдэж, үерийн түвшинг 30 см орчим даван үерлэх төлөвтэй байна.

  Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

   Мөн ихэнх нутгаар түр зуурын усархаг бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ.

 Үүнд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
  • Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)