А.Амбасэлмаа: Эдгэрсэн 20 гаруй хүнээс сувилалд байхад дахин коронавирус илэрсэн

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Өчигдрийн мэдээллийн дараа коронавирус тусаад эдгэрч, тусгаарлалтаас гарсан иргэдийн шинжилгээ дахин эерэг гарсан тохиолдол Монгол Улсад бүртгэгдсэн үү гэдэг асуулт иргэдийн дунд бий болсон юм.

Тэрээр “Covid-19 бол урьд өмнө тохиолдож байгаагүй шинэ вирус учир бүрэн судлагдаж дуусаагүй байна. Гаднын орнуудад хэдий эмчлэгдэж, сөрөг шинжилгээний хариу авсан ч дахин коронавирус илрэх тохиолдол цөөнгүй гарч байгаа.

Манайд ч мөн ийм тохиолдол гарсан. Эдгэрсэн гэж үзэн дараагийн шатны сувилалд шилжүүлсэн иргэдээс 22, 23-д нь дахин коронавирус илэрсэн. Гэхдээ эдгээр иргэд нь дараагийн шатны сувилалд шилжсэн байсан тул санаа зовох, айх асуудал байхгүй” гэлээ.

Мөн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "VII сарын 20-ны өдөр дөрвөн лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. VII сарын 20-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинижлгээ, мөн тус эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулсан, тандалтын зорилгоор авсан гурван хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. Өнгөрсөн хугацаанд нийт 213 хүн эмчлэгдэн гарсан. Одоо 74 хүн эмчилгээнд байгаа. Тандалт судалгаа шинжилгээ үргэлжилж байна. 10, 11-р сард улирлын томуугийн вирус дэгдэнэ. Тэр үед улирлын томуу, коронавируст халдвартай хавсраад бидэнд ямар хэмжээний ачаалал дарамт авчрах вэ гэдэг дээр бид бэлтгэлтэй байх ёстой. Өндөр зохион байгуулалтын доор бид нэг хүн шиг нэгдэн ажиллаж байгаа. Үүнийгээ үргэлжлүүлэх ёстой" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай