Монгол Улс хурдтай шинэчлэгдэж байгаа ч эртний уламжлалаа хадгалсан орон
- 2020-07-22
- Үнэн
- 0
"The Diplomat" сэтгүүлд Антонио Грейсфо монгол наадмын тухай нийтлэл бичжээ. Тэрбээр Америкийн эдийн засагч бөгөөд Улаанбаатар хотод амьдардаг аж. Уг нийтлэлд "Жил бүрийн долоодугаар сард Монгол орон мянга мянган хурдан хөлгийн тоосонд дарагдан уламжлалт баяраа тэмдэглэдэг. Энэ баяраар 512 бөх хүч үзэж, үндэсний хувцсаа өмссөн харваачид цэц мэргэнээ сорьдог. Энэ жил түүхэндээ анх удаа наадмаа үзэгчгүйгээр цахимаар шууд дамжуулсан юм.
Монгол Улсад коронавирусийн 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гаднаас ирсэн иргэдээс илэрчээ. Ингэхдээ нэг ч хүн амь насаа алдаагүйг онцлох хэрэгтэй. Энэ жилийн баяр наадмыг Монголын анхны төр улсыг байгуулсны 2222 жилийн ой, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойд зориулсан байв. Үндэсний их баяр наадмаа үзэж чадаагүй зарим нь сэтгэл дундуур байсан ч ихэнх монголчууд Засгийн газрын шийдвэрээ ойлгож, дэмжиж байлаа.
Санхүү эдийн засгийн их сургуулийн профессор Э.Хаварцэцэг "Өнөөгийн нөхцөлд бид өөрсдийгөө эрсдлээс хамгаалах нь чухал. Баяраа шууд үзэх нь онлайнаар үзэхээс хамаагүй сэтгэл хөдлөм байдаг” гэсэн юм. Наадмаар монголчууд үндэсний дээл хувцсаараа гангардаг аж. Энэ утгаараа наадам бол гэр бүлийн нэгдэл бөгөөд соёлын арга хэмжээ юм. Мөн монгол хүн гэдгээрээ бахархан омогшдог. Сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэлд оршин суугчдын эзлэх хувь бараг хоёр дахин нэмэгджээ. Монголчууд 1990 оныг хүртэл хаалттай байсан улсын иргэд гэхэд өдгөө технологи, фейсбүүк, твиттерийн үнэнч хэрэглэгчид болжээ. Хүн амын дундаж орлого жилд ойролцоогоор 300-400 ам.доллар хүртэл өссөн гэж үздэг. Товчхондоо, Монгол Улс маш хурдан шинэчлэгдэж байгаа ч эртний уламжлалаа хадгалсан орон юм. Монгол наадам нь баяр цэнгэл ч даяаршсан дэлхий дээрх монголчуудын үндэс угсаагаа мартахаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт юм” гэсэн байна.
Төв аймагт хурдан морины уяан дээр. Монголд 7-13 насны охид, хөвгүүд морь унаж уралддаг.
Бөхчүүд үндэсний их баяр наадмын бэлтгэлээ хөдөө базаадаг. Уламжлал ёсоор зөвхөн эрчүүд л барилддаг бөгөөд жингийн хязгаарлалт байдаггүй.
https://thediplomat.com/2020/07/mongolias-virtual-naadam/
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)