Европын Холбооноос 37.5 сая еврог богино, дунд, урт хугацааны төслүүдээр дамжуулан олгоно
- 2020-07-22
- Эдийн засаг
- 0
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Элчин сайд Траян Христеа Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд баяр хүргээд, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд Европын Холбооны талаас бүхий л талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улсыг Европын Холбооны санхүүгийн тогтолцоонд аюул занал учруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай өндөр эрсдэл бүхий гуравдагч улсын жагсаалтад оруулсан явдал нь хоёр талын харилцаанд, тэр дундаа хөгжлийн хамтын ажиллагаанд нөлөөлөхгүйг нотлоод, Европын Холбооноос Монгол Улсад шинэ коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулан 37.5 сая еврог богино, дунд, урт хугацааны төслүүдээр дамжуулан олгох болсныг тэмдэглэв.
Н.Энхтайван сайд дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавируст цар тахлын үед Европын Холбооноос Монгол Улсад тусламж олгож байгаад талархал илэрхийлээд Европын Холбооны гишүүн улсуудад сурч, ажиллаж амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тусалж дэмжихийг Элчин сайдаас хүсэв.
Гадаад харилцааны сайд Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа дурдаад, Европын Холбооны тарифын хөнгөлөлттэй системийг бүрэн ашиглах хүрээнд Монгол Улсаас Европын Холбооны стандарт, шаардлагад нийцсэн бараа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах санал тавьсныг Элчин сайд судалж үзэхээ илэрхийлэв.
Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл (0)