Д.Бат-Эрдэнэ: Он гарснаас хойш үер усны ослоор 61 хүн амь насаа алдсан

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.БАТ-ЭРДЭНЭТЭЙ ярилцлаа.

-Онцгой байдлын алба хаагчид цаг нар, чөлөө завгүй ажиллаж, түмэн олныхоо эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалж байдагт талархдаг. Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд осол гамшиг хэр байв?

-Баяр наадмын амралтын өдрүүдэд үер, усны ослын холбогдолтой 38 дуудлага, мэдээлэл ирсний дагуу онцгой байдлын байгууллагын 222 алба хаагч 39 нэгж техниктэй ажиллаж 146 хүний амь насыг аварч, усанд осолдсон 17 хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч ажилласан байна. Он гарсаар 41 удаагийн тохиолдлоор 61 хүн үер, усны ослоор амь насаа алдсаны 16 нь хүүхэд байлаа. Усны осолд амь насаа алдсан 22 тохиолдол нь Улаанбаатар хотод, 39 нь орон нутагт болсон байна.

 

Онцгой байдлын байгууллага 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш “СOVID-19” цар тахалтай тэмцэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа. Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд албаны хэмжээнд үер, ус, зам тээврийн осол, байгалийн аюулт үзэгдэлтэй тэмцэх чиглэлээр, хүн хүч, техник, хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллалаа. Дээр дурдсан 38 удаагийн дуудлага мэдээллийг хүлээн авч, эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулсан.

 

-Энэ хугацаанд цөөнгүй хүний амь насыг аварсан гэж сонссон. Түүний заримаас нь дурдаж болох уу?

 

-Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт Буйр нууранд завьтай зугаалж явсан есөн хүн нуурын гүн рүү салхинд туугдан алга болсныг Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах ангиас аврах ажиллагааг зохион байгуулж таван том хүн, дөрвөн хүүхдийг нуурнаас эсэн мэнд гаргасан. Увс аймгийн Завхан сумын нутагт Хяргас нууранд хийлдэг завьтай, нэг хүүхэд эргээс холдон алга болсныг тус аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд олж авсан байдаг. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт 5-8 насны дөрвөн хүүхэд “Гүрэмийн нуур”-т завьтай зугаалж байгаад салхинд туугдан нуурын төв хэсэг рүү явж алга болсныг тус аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж эсэн мэнд аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

 

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Туул голд хүн живсэн тухай дуудлагаар нийслэлийн аврах анги-105 эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэнийг (32 настай, эрэгтэй) аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Нийслэлийн Багануур дүүрэг дэх Хэрлэн голд хүн урссан тухай дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат иргэн (49 настай, эрэгтэй)-ийг эсэн мэнд аварсан байна.

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт зорчиж явсан “Санни-15” загварын суудлын автомашин (гурван зорчигчтой) усанд боогдсон тухай дуудлагаар аймгийн Онцгой байдлын газраас ажиллаж, автомашиныг татан гаргаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн (29 настай, эрэгтэй) ухаан алдсан байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Мөн автомашинтай зорчиж яваад усанд суусан, саатсан тухай нийслэлийн Налайх дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт нэг, Хан-Уул дүүрэгт нэг дуудлага ирсэн. Онцгой байдлын байгууллагын 17 алба хаагч, дөрвөн автомашинтай ажиллаж, дөрвөн автомашиныг уснаас татан гаргаж, 25 иргэний амь насыг аварсан байна.

 

-Сүүлийн үед хур бороо, ихтэй байгаагаас үер усны аюул байнга түгшээж байна. Энэ үед иргэдэд хандан юуг анхааруулмаар байна вэ?

 

-Баяр наадмын амралтын өдрүүд дуусаж байгаа ч амралт зугаалгын улирал үргэлжилж хөдөө орон нутагт зорчих иргэдийн тоо буурахгүй байна. Наймдугаар сард Увс аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн баруун хэсгээр буюу амралт зугаалгын бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа юм.

 

Цаг уурын болон онцгой байдлын мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, сэрэмжлүүлгийг анхаарч дагаж мөрдөх, бусдад дамжуулах, үерийн эрсдэл бүхий газар болон өндөр хүчдэл, цахилгааны шугамны ойролцоо бууж, суурьшихгүй байхыг анхааруулж байна. Мөн үерээс хамгаалах далан, суваг, шуудуу татах, болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол, мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй байхыг зөвлөж байна.

 

 

 

Үүнээс гадна стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй (ялангуяа бага насны хүүхэд), согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчих, хүчтэй аадар бороо, үерийн дараагаар авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих, авто замд жолоочийн нүдэнд ил харагдахгүй эвдрэл, гэмтэл үүссэн байж болзошгүй тул боломжтой, автомашины хурдаа тохируулж явах нь чухал. Мал болон эд хөрөнгөө гэнэтийн ослын даатгалд хамруулах, хөдөө хээр амарч зугаалж явахдаа ангийн мах (тарваганы мах), баталгаагүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, аялал зугаалгаар зорчиж буй иргэд болон хол зам, малд явах үедээ харилцаа холбооны хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хэдийд хаана яваа талаараа ар гэртэйгээ байнга холбоотой байх, гэнэтийн аюул, осол учирсан тохиолдолд Онцгой байдлын байгууллагад цаг алдалгүй мэдэгдэх хэрэгтэй байна.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)